| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00489/И |
| Дугаар | 321/ШШ2025/00389 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 321/ШШ2025/00389
| 2025 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 321/ШШ2025/00389 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн. 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* сумын Ерөнхий боловсролын сургууль буюу одоогийн Хан Хэнтий цогцолбор сургуульд дуу хөгжмийн багшаар ажилласан. Би одоо өндөр насны тэтгэвэрт гаргах гэтэл ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал архивт байхгүй тухай надад мэдэгдсэн. Иймд намайг 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 04 хуудас),
2.Хэнтий аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаартай ..Д.******* тус багт оршин суудаг нь үнэн тухай тодорхойлолт (хх-ийн 05 хуудас),
3.Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08/69 дугаартай албан бичгээр олгосон ...тус архивын сан хөмрөгт Хан Хэнтий цогцолбор сургуулийн 1989, 1993 оны удирдлагын баримт шилжиж ирээгүй тул лавлагаа олгох боломжгүй .. гэх тодорхойлолт (хх-ийн 06 хуудас),
4.Хэнтий аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай Шинээр томилогдсон багш нарыг хуваарилах тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулыар (хх-ийн 07-08 хуудас),
5.Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 09 хуудас)
6.Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 130 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 10-11 хуудас)
7. Хэнтий аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоол 1987 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай (хх-ийн 12 дугаар хуудас)
8. Хэнтий аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 13 хуудас)
9. Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08/164 дүгээр албан бичгээр олгосон цэргийн алба хаасан тухай лавлагаа (хх-ийн 14 хуудас)
10. Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Хан Хэнтий сургуулийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 64 дүгээр албан бичгээр олгосон тодорхойлолт хавсралт цалингийн түүвэр (хх-ийн 15-38 хуудас)
11. Нэхэмжлэгч Д.*******гийн нэр дээрх 005363 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-ийн 40-43 хуудас)
12. Хэнтий аймгийн Хан Хэнтий цогцолбор сургуулийн Хүслээр жигүүрлэсэн сургууль минь гэх номны хуулбар (хх-ийн 51-54 хуудас)
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан
Гэрч 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... Би 1989 оноос одоог хүртэл Хан Хэнтий цогцолбор сургуульд багшаар ажиллаж байна, ******* нь 1989 онд сургууль төгсөж ирээд тус сургуульд дуу хөгжмийн багшаар 1993 он хүртэл ажилласан нь үнэн.. гэх мэдүүлэг, тухай үед ажиллаж байсан болохыг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 45-47, 64-65 хуудас)
Гэрч 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... Би 1991 оноос одоо хүртэл Хан Хэнтий цогцолбор сургуульд биологи, эрүүл мэндий багшаар ажиллаж байна, намайг 1991 онд ажилд ороход ******* багш ажиллаж байсан, 1993 он хүртэл ажилласан нь үнэн ... гэх мэдүүлэг, тухай үед ажиллаж байсан болохыг нотолсон хөдөлмөрийн дэютрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 48-49, 66-67 хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болох нэхэмжлэгч Д.*******гийн нэр дээрх 005363 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хан Хэнтий цогцолбор сургуулиас олгосон цалингийн түүвэр, холбогдох тушаал шийдвэр, гэрч , нарын мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч Д.*******г 1989 оны 7 дугаар сарын 05-гы өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Хан Хэнтий цогцолбор сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1989 оны 7 дугаар сарын 05-гы өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Хан Хэнтий цогцолбор сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА