2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05900

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 04 191/ШШ2025/05900

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суух, Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт оршин суух, Т.Д,

 

Хариуцагч:  хаягт оршин суух, Т.Б нарт холбогдох,

 

27,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Хариуцагч Т.Д-ийн өмгөөлөгч Э.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.******* миний бие 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Т., Т.******* нартай Тоёота Клугер маркийн авто машиныг 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож хариуцагч нар авто машины урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 17,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож автомашиныг биетээр хүлээн авч зээлийн гэрээ байгуулсан.

Хариуцагч нараас авто машины төлбөр төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч үүргээ биелүүлэхгүй байсан тул Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/Ш32015/29952 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нар хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагч Т.тай уулзахад удахгүй өгнө гээд утасны дугаараа өгсөн боловч удалгүй утас нь холбогдохгүй болсон бөгөөд 2018 оны 10 дугаар сараас эхлэн хариуцагч Т.*******тэй уулзаж удаа дараа холбогдоход тэрээр Т. ах Герман улсад байгаа, тэндээс энд хүрэх эд зүйл явуулж мөнгөө төлье гэж байна, эсвэл энэ ондоо багтааж Сүхбаатар дүүргийн дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй 600 мкв газар, ГД:000265086, 88 м.кв орон сууцыг барьцааны гэрээ байгуулж бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэсэн боловч сүүлдээ утсаа авахаа больсон.

Т.*******ийг 2019 оны 09 дүгээр сард олж уулзахад ах Т.тай ярилцаад бид хоёр 220 вольтын гагнуурын аппаратыг 1,5 сая төгрөгт хүүндээ тооцож өгөхөөр тохиролцсон гээд гагнуурын аппарат хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш удаа дараа Т.*******ээс төлбөрөө нэхэмжилж байсан.

Мөн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжуулах хүсэлт шүүхэд гаргасан, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас оршин суугаа бүртгэлийн лавлагааг 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдар гаргуулахад тэдний шинэчилсэн оршин суух хаягийг тогтоосон тул тэдгээрийг эрэн сурвалжуулах шаардлага үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Талуудын хооронд зээлийн гэрээ гэдэг нэртэй гэрээ байгуулагдсан боловч агуулга нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ бөгөөд 2022 онд нэхэмжлэл гаргасан боловч Ц.******* нь өөрийнхөө буруугаас болоод нэхэмжлэлийг буцаалгасан.

Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Дэлгэрцэцэийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөрийг төлнө гэсэн тайлбарыг шүүхэд өгч байсан боловч өмгөөлөгч орж ирээд зохиож бичсэн нэхэмжлэл гэж байгааг зөвшөөрөхгүй. Харин ч хариуцагчийн тайлбарыг зохиож бичсэн гэж харж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдаж, худалдан авах гэрээний дагуу хүү болон анзыг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь харуицагч Т.ыг таньдаг, ойр дотно харилцаатай байсан. Т. нь өөрийн дүүг машин авах гэж байгаа, зээлээр машин өгөөч гэж Ц.*******од хандсан. Тэгэхэд нь дүүг чинь танихгүй учраас гэрээ байгуулаад машинаа хүлээж ав гэж хэлсэн, түүнээс биш Т.*******ийн таньдаг байгаагүй юм. Газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч нар эх хувиар нь өгснийг хэрэгт гаргаж өгсөн.

Нэгэнт Т. нь гадаад улсад байгаа тул түүнд холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж байгаа бөгөөд тэрээр Т.*******т машин авч өгөхөөр тохиролцсон.

Иймд Т.*******ээс 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний үндсэн төлбөр 17,000,000 төгрөг, 2 сарын хүү 850,000 төгрөг, алданги 8,500,000 төгрөг, нийт 26,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үүнээс 1,500,000 төгрөгт тооцож гагнуурын аппарат өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон, 24,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Т.******* болон түүний өмгөөлөгч нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.*******ын 26,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие нэхэмжлэгч гэх Цэдэв овогтой *******ыг танихгүй, мөн Ц.******* гэх хүнээс Тоёота клугер гэдэг авто машин огт худалдан авч байгаагүй, машин авна гэж утсаар ярьсан удаа байхгүй, мөн 17,000,000 төгрөг бэлнээр болон дансаар авч байсан түүх байхгүй болно.

Тухайн үед 2014 онд миний бие Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэр Кино үйлдвэрийн урд талын автобусны буудлын баруун талд байрлах Оросын худалдааны төвд байрладаг "Милая" гэдэг нэртэй хоолны газарт тогоочоор ажилладаг байсан. Тэр үед хавар миний төрсөн ах Т. утсаар надруу залгаж танай ажлын газрын ойрхон нотариатын газар байна, хүрээд ир гээд дуудаж Ц.******* болон Т. нарын хооронд байгуулсан гэсэн зээлийн гэрээнд нэмж надаар гарын үсэг зуруулж байсан. Тухайн үед ахыг мөнгө зээлж гэж ойлгосон болно.

Гэтэл шүүхээс намайг хариуцагчаар татсанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахад 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан дугаар 1325 гэрээний дагуу Ц.******* нь миний ах Т.д 17,000,000 төгрөг өгөөгүй юм байна.

Мөн нэхэмжлэл дээрээ Ц.******* нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Т., Т.******* нарт Тоёота клугер гэдэг маркын авто машиныг 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 8,000,000 төгрөгийн урьдчилгаа авч, үлдэх 17,000,000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан гэж худлаа бичсэн байна. Т.******* миний бие 2014 оны 03 сарын 04-ний өдөр Ц.******* гэх хүнтэй ямар нэгэн машин авна гэж огт ярьж байгаагүй, машин тэрэг худалдаж авсан гэрээ хэлцэл хийж байгаагүй, Тоёота клугэр гэж ямар машин байдгийг мэдэхгүй.

Машин тэрэг авах талаар ярьж байгаагүй, Ц.*******оос машин авч байгаагүй, мөнгө аваагүй байхад их хэмжээний мөнгө нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Ц.******* нь 2014.03.04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч гэрээний 1.1-т Ц.******* нь 17,000,000 төгрөгийг Ц.д зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу 17,000,000 төгрөгийг өгөөгүй гэдэг нь түүний 2014.03.04-ний өдөр Үржинбадам гэдэг хүнээс гэдэг хүнд 10,000,000 төгрөгөөр тухайн авто машиныг худалдан борлуулахаар харилцан тохиролцож, төлбөрийг төлж дуусгасан гэснээс тогтоогдож байна.

Түүнээс гадна Үржинбадам гэдэг хүнээс *******од авто машины төлбөрийг нэхэмжилж авах талаарх итгэмжлэл олгогдоогүй байх бөгөөд ямар нэгэн байдлаар авто машин худалдах, худалдан авах гэж байгаа бол гэрээний талуудын хүсэл зорилго байх ёстой. Гэтэл Т.******* нь зээлийн гэрээнд нэмэлтээр гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч Ц.******* нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлийн гэрээгээр мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг хүлээлгэж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, гэтэл зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчтай уулзаж байсан, машин хүлээлгэж өгсөн гэж баримтаар нотлогдохгүй зүйлийн талаар зохиож бичсэн байсан. Т.*******т ах нь Ц.******* гэдэг хүнээс 17,000,000 төгрөг зээлж байгаа, үүн дээр гарын үсэг зур гэсэн болохоос биш Т., н.Үржинбадам болон авто машинтай холбоотой асуудлыг огт мэдэхгүй. Ажлынх нь цагаар ах нь дуудаад гэрээнд гарын үсэг зуруулсан, нэхэмжлэл гардаж авснаас хойш энэ асуудлын талаар мэдсэн гэж хэлсэн.

Нэхэмжлэгч нь 2 хариуцагч татсан, шүүхийн архиваас гаргуулсан баримт хэрэгт авагдсан боловч Т.аас итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Т.Батмягмарт олгосон итгэмжлэл байхгүйгээс гадна Т. энэ хэрэгт тайлбар өгөөгүй, зөвхөн өмнөх хэрэгт авагдсан баримт байдаг. Иргэний хуулийн 189 зүйлд заасны дагуу гэрээний оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл огт байхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаас үзэхэд Ц.******* болон Т.******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Хэрэв Т. шүүх хуралдаанд оролцсон бол машины үлдэгдэл төлбөрийн талаар тодруулах боломжтой байсан гэж үзэж байна.

Т.*******ээс ах Т. нь зээлийн гэрээний барьцаанд газрын гэрчилгээг тавих гэж байгаа гээд авсан гэсэн.

Иймд Т.******* нь автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ороогүй, зээлийн гэрээний харилцаанд зээл авна гэж орсон болохоос машины төлбөрийг төлнө гэсэн үүрэг хүлээгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Түүнээс гадна гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батмягмарын 2022.11.28-ны өдөр гаргасан хариу тайлбарын хуулбар, Т.*******ээс 2022.11.14-ний өдөр с Т.Батмягмарт олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2022.10.19-ний өдрийн 101/ШЗ2022/24198 дугаар Хариуцагч албадан ирүүлэх тухай захирамжийн хуулбар, Ц.*******, Т., Т.******* нарын хооронд 2014.03.04-ний өдөр байгуулагдсан №1325 тоот зээлийн гэрээний хуулбар, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, Т.*******, Т. нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.06-ны өдрийн 101/ШШ2021/00405 тоот шийдвэрийн хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийн хуулбар, Цагдаагийн байгууллагын ажилтны илтгэх хуудас, Ц.*******оос 2024.04.18-ны өдөр Л.д олгосон итгэмжлэл, Т.аас татгалзсан хүсэлт, 2013.04.15-ны өдөр Ц.Энхбаатар болон Т.******* нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2014.03.04-нйи өдөр Б.Үржинбадам болон Т. нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, Б.Үржинбадамын тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, Ц.Энхбаатарт 2009.11.03-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Т.*******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар /хх 1-24, 27,41-42, 55-58, 65-66/,

3б. Хариуцагчаас ирүүлсэн: Т.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч Э.тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Т.*******ийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, хариу тайлбар /хх 37, 45-47, 51-53/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Т.*******, Т. нарт холбогдуулан 26,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Т.д холбогдох шаардлагаас татгалзсан.

 

2. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Хэрэгт, Ц.******* болон Т., Т.******* нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр №1325 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Ц.******* нь 17,000,000 төгрөгийг, 2014.03.04-2014.05.04-ний өдөр хүртэлх хугацаанд 7 /долоо/ хоногийн 2.5 хувийн хүүтэй зээлдүүлэх,

Зээлдэгч Т. нь тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, тохиролцсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоно тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, гэрээний оролцогчид гэрээнд гарын үсэг зурсан.

 

4б. Гэрээний 4-т  88 мкв хувийн сууцыг барьцаанд авав. Сар бүрийн 4-д 8,500,000 төгрөгөөр хувааж төлж дуусгана гэжээ. /хх 11/

 

4в. Зохигч нь 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №1325 тоот зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний дагуу зээлдүүлэгч Ц.******* нь зээлдэгч Т., Т.******* нарын өмчлөлд 17,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй гэж тайлбарласан, энэ талаар талууд маргаагүй болно.

 

4г. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ....талуудын хооронд Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үүнээс 8,000,000 төгрөг төлсөн, үлдэх төлбөр 17,000,000 төгрөгийг 2014.05.04-ний өдөр төлж дуусгах, 7 /хоногийн/ 2.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон, хуульд заасан хугацааны дотор гэрээний үүрэг шаардаж байсан учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тодорхойлсон.

 

6. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ .... талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, 2014.03.04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 17,000,000 төгрөгийг өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргасан.

 

7. Хэрэгт, нэхэмжлэгчээс ирүүлсэн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.Үржинбадам болон Т. нарын хооронд байгуулагдсан №1324 тоот автомашин худалдах, худалдан авах гэрээ, Б.Үржинбадамын гэх тайлбар, Т.ыг 35-57 УНҮ улсын дугаартай Toyata Kluger V маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, 2013.04.15-ны өдөр Ц.Энхбаатар болон Т.******* нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,  88 мкв хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь авагдсан. /хх 55-58/

 

7а. Эдгээр баримтаар Ц.******* болон Т., Т.******* нарын хооронд 2014.03.04-ний өдөр Toyata Kluger V маркийн тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний төлбөрт 8,000,000 төгрөг төлсөн, үлдэх 17,000,000 төгрөгийг 2014.05.04-ний өдөр төлөхөөр тохиролцсон, гэрээний үүргийг хангах арга болгож газар эзэмших эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

7б. Дээрх гэрээ байгуулагдсан талаар болон гэрээний дагуу үлдэгдэл төлбөр төлөхийг зөвшөөрсөн талаарх хариу тайлбарыг хариуцагч Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батмягмар нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба Т.*******ээс 2022.11.14-ний өдөр Т.Батмягмарт 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгогдсон байна. /хх 5-7/

 

7в. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

8. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т:Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ,

242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан.

 

8а. Үүнээс үзэхэд талуудын хооронд 2014.03.04-ний өдөр байгуулагдсан гэрээний оролцогч Т., Т.******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь Т.*******ээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

 

9. Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, талуудын хооронд Toyata Kluger V маркийн тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч нь гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг төлсөн, үлдэх 17,000,000 төгрөгийг 2014.05.04-ний өдөр төлөхөөр тохиролцсон, үүнээс 2019 оны 9 сард 1,500,000 төгрөг төлсөн, үлдэх 15,500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

9а. Түүнээс гадна Б.Үржинбадам болон Т. нарын хооронд байгуулагдсан №1324 тоот автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь дээрх тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 төгрөгийг Б.Үржинбадамд төлснөөр уг тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн болохыг баримтаар нотолсонгүй.

 

9б. Хариуцагч нь дээрх тогтоогдож буй үйл баримтыг баримтаар няцаагаагүй, өөрөөр хэлбэл татгалзлын үндэслэлээ, тодруулбал нэхэмжлэгч шаардах эрхгүй гэдгийг, түүнчлэн 2019 оны 9 сард төлбөрт тооцож шилжүүлсэн гэх гагнуурын аппарат 4,000,000 төгрөгийн үнэтэй гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

10. Харин талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, тодруулбал талууд мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэрэг хэлбэрийн шаардлага хангасан гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй.

 

11. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Т.*******ээс 15,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.

 

12а. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Т., Т.******* нарт холбогдуулан гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг 2015.09.03-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2015.11.05-ны өдрийн 29952 дугаар захирамжаар, хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Үүний дараа хариуцагч нарын оршин суух хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасныг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.06-ны өдрийн 405 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон,

2022.06.29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 26,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023.02.14-ний өдрийн 4670 тоот захирамжаар буцаасан,

Түүний дээрх нэхэмжлэлийг шүүх 2024.02.05-ны өдөр хүлээн авсан нь нэхэмжлэлд дарагдсан шүүхийн дардсаар тус тус тогтоогдож байна. /хх 2 хуудасны ар тал, 8-10, 14-22/

12б. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дортор нэхэмжлэл гаргасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн хариуцагч нарын оршин суух хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан, харуицагчийн зүгээс 2019 оны 9 сард 1,500,000 төгрөгийн гагнуурын аппаратыг төлбөр тооцож хүлээлгэн өгсөн, нэхэмжлэлийг буцаасан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана,

79.2Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ,

мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасантай нийцсэн, гэрээний хугацаа түр зогссон, мөн түр тасалдаж, шинээр тоологдсон, гэрээний үүргийг мөн хугацаагаар шаардах эрхтэй байна.

 

13. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид  235,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******од олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Т.*******ээс 15,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч Т.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ц.******* татгалзсныг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 235,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******од олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ