Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00604

 

Л.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/04013 дугаар шийдвэртэй

Л.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Оад холбогдох

1,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Л.Б, Э.О нар Тоёота хайлукс маркийн авто машиныг 45,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг бэлнээр төлж, ББСБ-аас 30,000,000 төгрөгийн зээл авч төлбөрийг өдөрт нь хийсэн. Тухайн үед машиныг худалдан авахдаа явах эд ангийн оношилгоонд оруулаад, жижиг хашаан дотор машиныг унаж үзээд авсан байдаг. Үүнээс хойш 10 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч машинаа унаад Архангай аймаг руу явахаар шулуун зам дээр тодорхой замыг туулж байтал машины урд талаас уур савсаж доголдол илэрсэн. Тухайн үед засварын газарт очоод үзүүлэхэд машины радиатор, таг хоёр нь гэмтэлтэй байна, үүнийг солиулчихвал зүгээр болох байх гэж хэлснийг нь Г.Оад мэдэгдэхэд за тэгье, засуулчих гээд 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд радиатор, таг хоёрыг солиулсан боловч зүгээр болоогүй. Л.Бын очсон хоёр газар нь моторын блок цуурсан гэсэн хариуг өгсөн, Г.Оын очсон газар нь гавлын жийрэг цуурсан байна гэдэг. Гэрээний зүйл болох Toyota Hilux маркийн авто машиныг худалдан авсны дараа гэмтэлтэй болохыг мэдсэн даруй хариуцагч Г.Оад машиныг засаж өгөхийг удаа дараа шаардсан боловч хүлээж аваагүй тул гэрээнээс татгалзах мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сард хүргүүлж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан тул 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Авто машины гэмтлийг тодруулахаар шүүхээр албан ёсоор шинжээч томилуулах хүсэл гаргасан. Зохигчид шинжээчийн хамт “Ван ундрал” ХХК-ийн авто машины засварын газарт очиж машины моторыг задлуулж үзсэн. Моторыг задлуулж үзэхэд гавлын жийрэг цуурсан байна гэсэн учир бид дахин мотор задлуулах хүндрэлтэй болохоор тухайн үед нь шууд гавлын жийргийг солиулсан. Машины мотор задлуулж машинд үүссэн байсан гэмтэл болох гавлын жийргийг солиулахад нийт 1,710,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б төлсөн. Иймд машины гэмтлийг нэхэмжлэгч өөрөө засуулсан тул 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 2935 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, машины мотор задлуулах болон гавлын жийрэг солиулсны төлбөр нийт 1,710,000 төгрөгийг хариуцагч Г.Оаас гаргуулж өгнө үү гэжээ.   

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оы шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Г.О нар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр авто машин худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсан тал дээр маргах зүйл байхгүй. Тоёота хайлукс маркийн авто машиныг 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулагдсан. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 1,710,000 гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагчийн зүгээс тус автомашиныг 2009 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн манай улсад орж ирээд шууд Л.Бод худалдсан төдийгүй худалдах үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд бүрэн хамруулан хүлээлгэн өгсөн. Хариуцагч Г.О анхнаасаа эвдрэлтэй машин Л.Бод хүлээлгэн өгөөгүй тул тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Toyota Hilux маркийн автомашинд автотехникийн шинжилгээ хийсэн бөгөөд тус шинжээчийн дүгнэлтэнд Toyota Hilux автомашины хөдөлгүүрийн цилиндрийн гавлын жийрэг цуурсан гэмтэлтэй, автомашины хөдөлгүүрт гарсан дээрх гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ гэж тогтоосон байна. Шинжээчийн дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч тал тухайн автомашиныг худалдан авснаас хойш ашиглаж байгаад ашиглалтын явцад үүссэн гэмтлээ ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний 6.1-т Худалдсан тээврийн хэрэгсэлийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон худалдан авагчийн буруугаас гарах аливаа эвдрэл, гэмтэл, урсгал зардал, уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсний эрсдэл дагаж шилжинэ гэж заасны дагуу худалдан авагч тал автомашины ашиглалтын явцад үүссэн эрсдлийг өөрөө хүлээхээр заасан байтал хариуцагч Г.Оаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал өөрсдөө тухайн авто машиныг ашиглах явцдаа эвдрэл, гэмтлийг үүсгэсэн учир эрсдэлийг манайх хүлээхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Оаас 1,410,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Оаас 42,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бод олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оы давж заалдах гомдлын агуулга: ... Хариуцагч талаас тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд бүрэн хамруулж нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн байдаг. Шүүх хуралдааны үед шинжээч тухайн үзлэгийн хуудсанд дурдсан хөдөлгүүр+ гэж тэмдэглэсэнг тухайн автомашины мотор гэмтэл байхгүй үзлэгт тэнцсэн гэдгийг тэмдэглэсэнг тайлбарласаар байтал доголдолтой байсан гэж шүүх үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2271 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тухайн гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ, үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч тал тухайн автомашиныг худалдан авснаас хойш хэрхэн унаж хэрэглэж байсан нь тодорхойгүй ийм нөхцөл хариуцагч тал доголдолгүй тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч талд шилжүүлсэн тухай техникийн хяналтын үзлэгийн хуудсаар нотлогдсоор байсаар байтал хариуцагчаас 1,410,000 төгрөгийн засварын зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:... Хариуцагч талаас хөдөлгүүрт нэмэх гэж тэмдэглэсэн байна. Иймд асуудалгүй байсан үзлэг, оношилгоонд оруулаад худалдсан гэх тайлбарыг гаргаж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээчээс асуухад, тухайн үзлэгт илэрсэн гэж байгаа гавлын жийрэг цуурсан гэдэг нь тухайн автомашиныг моторыг задалж үзэхээс нааш ямар ч оношилгоонд оруулаад илрэхгүй, задалж үзэж байж цуурсан эсэхийг мэднэ гэх тайлбарыг хэлдэг. Үүнээс үзэхэд тухайн автомашин үзлэг, оношилгоонд ороод мэдэгдэх боломжгүй гэдэг нь нотлогддог. Тухайн автомашиныг худалдаж авснаас хойш 10 хоногийн дараа холын замд явахад автомашинаас уур савсаж гэмтэл илэрсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч Г.Оад хэлхэд тухайн үед Г.О хүлээн зөвшөөрч 300,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Иймд тухайн автомашиныг хол замд явахдаа энэ гэмтлийг мэдэж илрүүлээд үүний дагуу шүүхэд хуульд заасан хугацааны дагуу нэхэмжлэл гаргасан. Тухайн автомашиныг хэзээ эвдэрсэн хугацааг тодорхойлох боломжгүй гэж хэлдэг. Тус автомашин нь цоо шинэ биш ашиглаж байсан автомашин юм. Г.Оыг автомашины ченж гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хэлсэн байдаг. Иймд Г.О тухайн автомашиныг хуучин гэдгийг мэдэж байсан, хуучин автомашин зарах үед ямар байдаг талаар өөрөө сайн мэдэж байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Г.Оад холбогдуулан засварын зардалд 1,710,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Л.Б, Г.О нар нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж хариуцагч Г.О нэхэмжлэгч Л.Бод 0000000000 арлын дугаартай, Тоyoта Hilux маркийн, 2009 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн суудлын автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдсан байна. /хх.4/

5. Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

6. Гэрээний талууд худалдах, худалдан авах гэрээний үнэ 45,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлсэн, явах эд ангийн оношилгоонд орсон автомашиныг унаж үзээд хүлээн авсан талаар маргаагүй байна.

7. Хэргийн 65-77 дугаар талд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2271 дугаар шинжээчийн дүгнэлт авагдсан, уг дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн Тоүoта Hilux маркийн 00-00 УАМ улсын дугаартай автомашины хөдөлгүүрийн цилиндрийн гавлын жийрэг цуурсан гэмтэлтэй байна. Автомашины хөдөлгүүрт гарсан дээрх гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ, үүсэх цаг хугацааг тогтоох боломжгүй” гэж дүгнэжээ.

8. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан. Талууд автомашины чанарын талаар гэрээндээ тусгайлан тохиролцоогүй, уг зүйлийг тээврийн хэрэгслийн зориулалтаар ашиглах боломжтой байна. Иймд хариуцагч буюу худалдагчийг Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

9. Тодруулбал, нэхэмжлэгч Л.Б нь хуучин тээврийн хэрэгсэл худалдаж авсан уг тээврийн хэрэгслийн тодорхой эд ангиудын элэгдлээс шалтгаалж тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй тээврийн хэрэгсэл шилжүүлж өгсөн буюу доголдолтой зүйл шилжүүлж өгсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/04013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Л.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Оад холбогдох 1,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

 

            Ц.ИЧИНХОРЛОО