Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч О.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Оюунцэцэгийн Тэмүүжинд холбогдох эрүүгийн “1811009870419” дугаартай, 186/2018/0374/э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо, Нуурын 23-12-11 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оюунцэцэгийн Тэмүүжин /РД:УЗ92010633/,

 

Холбогдсон хэргийн талаар;

О.Тэмүүжин нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Хишиг ундрах дэлгүүрийн орчим Б.Батнямын баруун гуян тус газарт хутгалж, биед нь баруун гуянд шарх бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч О.Тэмүүжин нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

  2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Батнямын:..2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд хүчит шонхор захын орчимд Тэмүүжин, Өлзий, Сүхээнээ ах нартай тааралдсан. Тэгээд нэг шил архи уухаар болоод Тэмүүжин Өлзий бид гурав гудамжинд 1 шил архи уусан Сухээнээ ах уугаагүй. Тэд нартай тааралдахаас өмнө би пиво уусан байсан бөгөөд нипээд согтсон байсан Тэгээд нэг ухаан ороход 12 дугаар хорооноос доошоо 32-р луу нэвт гардаг гудамжинд байсан. Тэгээд тэр үед юунаас болоод Тэмүүжинтэй маргалдсанаа сайн санахгүй байна ямар ч байсан маргалдсан. Тэгээд нэг ухаан ороход би нөгөө гудамжинд худгийн ойролцоо хашаа налаад зогсож байхад Тэмүүжин гүйгээд ирж байсан. Тэгээд би босоод гүйсэн чинь миний баруун гуянаас цус гарч байсан. Би тухайн үед хутгалуулснаа мэдээгүй. Тэгээд Тэмүүжин намайг эмнэлэг явъя гэхээр нь би харьлаа гээд яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-13/,

   2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Тэмүүжин гэрчээр мэдүүлэхдээ:..2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр багын найз болох Батнямтай хүнсний захын дээр тааралдсан. Батням нэг шил архи авсан бөгөөд тухай үед тэр архийг Аглаг-Эрдэнэ гээд дэлгүүрийн ард Батням болон Батнямтай хамт шоронд байсан залуу нар би шоронд ийм болсон тийм ч байсан гэх яриа өгүүлэл гарч байсан. Тэгээд 32-ын буудал орж дахин нэг шил архи аваад буцаад дээшээ явж байх замдаа Хишиг-Ундрах дэлгүүрийн орчимд Батнямын шоронд  ийм байсан тийм байсан гэх яриа таалдагдаагүй  байсан болохоор Батнямтай маргалдсан. Батням миний мөрөн дээрээс барьж аваад шавхай руу шидчихсэн юм. Тэгээд миний уур хүрээд ойрхон байдаг ээжийнхээ гэрт  орсон. Тухайн үед ээж унтаж байсан бөгөөд би шургуулгыг нь онгойлготол хар иштэй жижиг хутга байхаар нь аваад гарсан. Тэгээд эргээд Хишиг-Ундрах дэлгүүрийн орчимд очиход Батням нөгөө хоёр залуутай байж байсан бөгөөд би очоод Батнямын баруун гуя орчимд нь хутгалсан. Тэгээд Батням зугтаасан бөгөөд би Батнямыг барьж аваад эмнэлэг орьё гэхэд Батням зүгээр би харьлаа гээд яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-14/

       2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5142 тоот актанд:

               1. Б.Батнямын биед баруун гуянд сорви /шарх/ гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуилах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

              5. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг нарийчлан тогтоох боломжгүй байна. Шинжээч эмч М.Золжаргал гэх  дүгнэлт. /хх-18/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, шүүгдэгч О.Тэмүүжингийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, хохирогч Б.Батнямын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

О.Тэмүүжин нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Хишиг ундрах дэлгүүрийн орчим Б.Батнямын баруун гуя нь тус газарт хутгалж, биед нь баруун гуянд шарх бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Батням, гэрч О.Тэмүүжин, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5142 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Тэмүүжинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Батням нь шүүгдэгч О.Тэмүүжингээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Тэмүүжинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Тэмүүжинг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Тэмүүжинд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Тэмүүжин нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч О.Тэмүүжин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тэмүүжинд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ