2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/05865

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 03 191/ШШ2025/05865

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, М.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Г.Н-д холбогдох,

 

44,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,

Хариуцагч Г.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Г. /№3298/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

М.******* миний бие 2 хүүхдийн хамт амьдардаг, өөрийн хүч хөдөлмөрөөрөө ажил хөдөлмөр эрхлэн амьдардаг жирийн нэгэн эцэг хүн бөгөөд өөрийн эхнэр Б. 2016 онд албан ёсоор шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулж, өөрийн хүүхдүүдийн боловсрол, хичээл сурлагад нь анхаарал хандуулсаар ганц бие амьдралаар амьдарч ирсэн.

Хариуцагч Г.******* гэх эмэгтэй нь манай байранд амьдардаг байсан бөгөөд бид зүс таних л хүмүүс байсан. Улмаар 2023 онд танилцаж 2023 оны 07 сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд уулзаж байсан. Анх Г.******* нь өөрийгөө танилцуулахдаа ганц бие, нөхөр маань намайг хавдар туссан гэх сургаар хаяад Америк явсан одоо 3 хүүхдийн хамт амьдардаг гэж хэлдэг байсан тул надтай адил амьдралд үр хүүхдийнхээ төлөө хичээж байгаа бүсгүй хүн байна хэмээн итгэж байсан.

Г.******* нь надаас хавдрын дараах эмчилгээний эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэх шалтгаан хэлж удаа дараа мөнгө гуйдаг байсан бөгөөд буцааж өгнө гэж хэлдэг байсан тул итгэж, тус болох үүднээс мөнгө зээлдэг байсан. Гэвч ерөөсөө буцааж өгөөгүй. Энэ хугацаанд миний бие *******д зөвхөн дансаар /дансны дугаар 5021211241/ шилжүүлэн зээлүүлсэн төлбөр маань 5,690,000 /таван сая зургаан зуун ерэн мянга/ төгрөг бөгөөд баримтгүйгээр олон удаа тусалж дэмжиж байсан.

Ингээд 2023 оны 08 сард Г.******* нь "машин худалдаж авах гэсэн юм, өөрийн гэсэн унаатай болохгүй бол хэцүү байна, найздаа машин олоод өгөөч хө, гэхдээ яг одоо мөнгө маань бэлэн байхгүй байгаа юм, удахгүй найзаасаа мөнгө авна, чи надад хэдэн төгрөг зээлээд, машин олоод өгөөч, болохгүй бол өөрийн нэрээр худалдах, худалдан авах гэрээг байгуулаад өгөөч, чиний мөнгийг удаахгүй өгнө, найзаасаа 10 сард мөнгөө авчихна, асуудалгүй гэж гуйгаад байхаар нь түүнд итгэн зөвшөөрсөн.

Тэгээд автомашин зардаг Д. гэдэг залуутай холбогдож манай нэг танил машин авах гэж байгаа юм. Машин олоод өгөөч гэсэн юм. Гэрээг нь найз нь хийчихье, одоохондоо мөнгө байхгүй гэсэн болохоор найз нь эхлээд төлөөд дараа нь мөнгөө авчихъя гэж ярьсан бөгөөд түүнээс 40,000,000 төгрөгний үнэтэй 2015 оны Кровн маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцсон, намайг урьдчилгаа төлбөрөө төлөөд машинаа аваарай гэсэн.

Г.******* нь өвчинтэй зовлонтой хэцүү байна, найз нь удахгүй мөнгийг нь өгчихнө гэсэн учир түүнд итгэн урьдчилгаа болгож миний бие өөрийн 88118292 дугаарыг барьцаалан 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад Д.Тулгын 5024539528 дугаарын ХААН банкны дансанд шилжүүлээд машиныг худалдан авахаар болж, Кровн маркын автомашиныг Г.*******гийн нэр дээр шууд шилжүүлж өгсөн.

Тус тээврийн хэрэгслийн үлдэгдэл мөнгийг Г.******* цаашид төлж дуусгана, мөн урьдчилгаанд өгсөн миний мөнгийг өгнө гэж хэлсэн ч ямар ч төлбөр төлөхгүй байсан учраас хэсэг хугацааны дараа машины эзэн Д. гэх залуу надаас үлдэгдэл мөнгөө нэхэх болсон. Тэгээд Г.*******д хэлэхэд удахгүй найзаасаа мөнгө аваад төлчихнө, чиний урьдчилгаанд өгсөн мөнгийг хамт төлнө гэдэг байснаа сүүлдээ утсаа авахаа болж намайг бүх сошиал хаягаасаа блок хийж холбогдох боломжгүй болгосон.

Ингээд автомашиныг худалдан авах ажиллагааг миний бие хийсэн учраас Д. надаас төлбөрөө нэхээд байсан учир миний бие 34,840,000 /гучин дөрвөн сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг түүний 5024539528 дугаарын ХААН банкны дансанд шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр 5,160,000 /таван сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг бэлнээр увуулж цувуулж төлсөөр дуусгасан.

Энэ автомашиныг Д.ас авсан өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Г.*******гийн нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд Г.******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд автомашины төлбөрийг төлөөгүй байна.

Сүүлд Г.*******тэй очиж уулзахад би чамд мөнгө төлөхгүй, машиныг чи надад бэлэглэсэн гэж ойлгосон, тиймээс надад хамааралгүй, төлөхгүй гэх болсонд гайхаж учир явдлыг тодруулахад Г.*******гийн нөхөр гэх залуу хаяж явсан гэдэг нь ч худлаа, анхнаасаа худал хэлэн мөнгө зээлж, надаар дамжуулан автомашин авч маш их хохироож байна.

Нэгэнт чи надад худлаа хэлж байсан юм бол чамд зээлсэн мөнгө, тээврийн хэрэгсэлд зарцуулсан 40 сая төгрөгөө авъяа гэхэд би чамайг Фэйсфүүк болон сошиалд эхнэртэй байж, намайг нууц амрагаа болгох гэж мөнгө өгсөн гэж зураг хөрөгтэй чинь тавина онигоо болгоно гэх зэргээр сүрдүүлэх болсон.

Миний бие хариуцагч Г.******* нь намайг залилж мөнгө авсан, автомашин худалдан авна гэж надаар төлбөрийг нь төлүүлчихээд мөнгөө өгөхгүй байгаа талаар эрүүгийн цагдаагийн газар гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн учраас түүний оршин суух Баянзүрх дүүргийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягтаа оршин суудаггүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Тэгээд түүнийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргасан боловч Г.******* нь шүүхэд өөрийн оршин суух хаягийг тодорхойлон өгсний дагуу дахин нэхэмжлэл гаргасан.

Г.******* нь нөхрөөсөө салсан, хүүхдүүдийнхээ хамт байгаа, эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байна гээд машиныг зээлээр авч өгөөч гэж гуйсан мөртлөө нөхрөөсөө салаагүй байсан учир хоёудаа байж хуурсан гэж ойлгосон гэсэн. Хэрэв хүчирхийлсэн асуудлаар нь цагдаагийн байгууллагад хандах гэхэд машин авч өгнө гэсэн гэж тайлбарлаж байгаа боловч үнэхээр ийм асуудал байсан бол эрүүгийн журмаар шалгуулах нь зүйтэй байх гэж үзэж байна.

Г.******* нь 2023.09.11-ний өдөр 200,000 төгрөг, 2023.09.28-ны өдөр 500,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн байх тул үүнийг хасч тооцно.

Иймд хариуцагч Г.*******гээс зээлийн төлбөр 5,690,000 төгрөгөөс буцааж шилжүүлсэн 700,000 төгрөгийг хасч, үлдэх 4,990,000 төгрөг, авто машины төлбөр 40,000,000 төгрөг, нийт 44,990,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч, түүний өмгөөлөгч нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

М.******* нь миний салсан нөхөр Ч.Шинэбаяртай 2014 онд удирдлагын академийн ангид нэг ангид сурч байсан, бид нэг хороололд амьдардаг байсан учраас гэр бүлийн найзууд болсон. Тэгтэл над руу 2023 оны 6 сард Хятадаас утсаар залгаад Чамайг зүүдлээд бие нь яаж байна гэж асуусан.

Тухайн үед миний бие нь 2023.06.21-ний өдөр тархины хавдар авахуулсан, биеийн байдал муу, нөхрөөсөө салаад 3 хүүхдийнхээ хамт гэртээ байдаг гэдгээ хэлсэн. Тэгэхэд танай амралтын газар үнэгүй очиж амардаг байсан болохоор төлбөр гэж тооцоод мөнгө шилжүүлэх гэхэд нь татгалзахад хүлээж авалгүй данс руу маань 500,000 төгрөг шилжүүлж байсан. Ингээд бид хоёр 2023.07.21-ний өдөр хүртэл чатаар их харилцдаг байсан, түүнийг би найз гэж бодож байсан. Бид 2021.07.21-ний өдөр анх уулзахад М.******* гэмтсэн байсан учир чамайг их ойлгож байна, би 2 хүүхэдтэйгээ үлдсэн, эхнэр маань өөр хүнтэй суугаад охинтой болсон, Дарханд амьдардаг гэж хэлсэн. Тэгээд хоолонд урьсан, тэрээр Ланд 300 маркийн машин унасан байсан, 17 давхар байр барьж байгаа, мөнгөтэй болсон болохоор чамд тусална, дэмжинэ гэж хэлсэн.

Энэ үед миний бие тэнцвэрээ сайн олж чадахгүй, сайн явж чаддаггүй, хагалагнаад ороод удаагүй байсан. Тэгэхэд М.******* 10 шил пиво худалдаж аваад найзуудтайгаа модны доор очиж сууцгаасан. Эхний 2 шил пиво уугаад миний биеийн байдал муудаад байсан учраас М.*******оос хүргээд өгөхийг гуйсан, тэгээд замдаа согтоод намайг унтсан байх үед Зайсанд байдаг байрнаас нэг зүйл авах хэрэгтэй байна гэж хэлээд аягатай зүйл өгснийг нь уусан, түүнийг уугаад ухаан алдсан байсан. Тэгтэл нэг сэрэхэд М.******* намайг хүчиндэж байсан бөгөөд шөнө юу болсныг сайн мэдэхгүй байгаа юм. Учир нь өглөө 7 цагт ухаан ороод такси дуудаад гэр рүүгээ явсан, тэр үед М.******* миний араас залгаад 7 жил ганцаараа байсан учраас бие барьж чадсангүй гэж хэлснээс хойш орой болгон манай гэрийн гадаа ирж уучлалт гуйдаг байсан.

Түүнийг 2021 оноос хойш байнга чат бичдэг байсан болохоор нь гэр бүлээсээ салсан гэдэгт итгэж байсан бөгөөд амьдралдаа нэг удаа алдсан учраас ахиж алдахгүй гэж хоорондоо ярилцдаг байсан. Тухайн үед туяа эмчилгээ хийлгэдэг байхад М.******* нь барилга дээр ажил ихтэй байна, нааш цааш нь зөөгөөд байж чадахгүй, өөрийгөө хариуцлагагүй, уучлаарай гэж хэлж байсан.

Тэгтэл 2023.08.28-ны өдөр бие өвдөж эмнэлэгт үзүүлэхэд жирэмсэн болсон гэдгээ мэдсэн, эмч хавдар бүрэн эдгээгүй, туяа эмчилгээнд орж байгаа тул жирэмсэлж болохгүй гэсэн тул М.******* бид ярилцаад үр хөндүүлсэн.

2023.08.28-ны өдрөөс 2023.09.28-ны өдөр хүртэл эмэгтэйчүүдийн эмнэлэгт хяналтад орсон, нүүрний саажилтад давхар зүү тавихаар болсон үед М.******* нь эмнэлгээр байнга нааш цааш нь дагуулаад явж чадахгүй байгаа болохоор машин авч өгнө гэж хэлсэн. Тухайн үед би найз залуудаа баярлаж байсан, бидний харилцаа хэвийн байсан.

Гэтэл 2023.11.17-ны өдөр М.*******ийн эхнэр Отгоо над руу залгаад Чиний талаар *******ийн утсан дээрээс мэдсэн, надад бүх зүйлээ хэлсэн, бид наймаа хийж, өрөнд орж, надад гар хүрсэн учир 2017 онд салсан, тэгээд намайг гуйсан учир гэртээ буцааж ирсэн. Бид 2 хүүхдийн хамт дөрвүүлээ амьдарч байна гэж хэлсэн. Ингэхэд нь М.*******ийн надад хэлснийг түүнд бүгдийг хэлэхэд түүнийг хэцүү хүн, бүх хүмүүст надаас салсан гэж хэлдэг, тогтворгүй хүн шүү гэж хэлсэн. Тэгээд түүнд М.*******оос холдоод зайгаа тавьж өгнө гэдгээ хэлсэн.

Үүнээс хойш М.*******ид сална гэдгээ хэлснээс хойш намайг дарамталж эхэлсэн, өдөрт дугаараа нууцлаад 20-30 удаа залгадаг, тэрээр барьж байгаа 17 давхар байрныхаа 15 давхарт 5 өрөө байранд амьдралаа эхлүүлнэ гэж хэлж байсан. Түүнд намайг биеэ удирдах боломжгүй байхад хүчиндсэн гэдгийг нь хэлэхэд үүний төлбөр болгож машин авч өгсөн гэж хэлсэн.

Гэтэл тэрээр намайг дөнгөж таних төдий, машин авахуулаад мөнгийг нь өгнө гэсэн боловч өгөхгүй залилсан гэж өргөдөл өгсөн гэдгээр цагдаагийн газарт дуудагдсан. Цагдаагийн газарт болсон бүх зүйлийг хэлээд өөрт байсан бидний хоорондоо болон түүний эхнэр Отгоотой чаталсан чатыг гаргаж өгснөөр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

М.*******ийг надтай хамт амьдардаг байсан гэдгийг би өөрийн гэр бүлийн хүмүүс найз нөхдөдөө хэлж танилцуулсан байсан, гэтэл тэрээр намайг нөхөртэйгөө нийлж худлаа ярьсан гэдгийг ойлгохгүй байна. Учир нь 2021 онд Ч.Шинэбаяр бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан, тэрээр гадаадад олон жил амьдарч байгаа болно.

Гэтэл энэ бүгдийг М.******* мэдэж байсан мөртлөө өөрийн гэр бүлээ нууж надтай яагаад харилцсан болохыг ойлгохгүй байна.

Миний бие тархины хагалгаанд орсон, байнгын эмчилгээ хийлгэдэг, бусад шалтгааны улмаас зайлшгүй эмчилгээ хийлгэх хүнд нөхцөл байдалтай байгаа учир машиныг тавьдаг хүндээ шилжүүлэн өгч мөнгө зээлж эмчилгээнд явдаг болсон.

Уг машиныг М.******* надад бэлэглэсэн, түүнийг гомдоосон үйлдэл гаргаагүй гэж бодож байна. Түүнээс гадна бидний хооронд ямар нэгэн байдлаар мөнгө зээлэх талаар ярьсан зүйл байхгүй.

Тэрээр 2023.07.01-ний амьдрал хайр дээр гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөгийг, 2023.07.07-ны өдөр 3 хүүхдэд бэлэг гэсэн гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн, тэрээр миний 3 хүүхдийг таньдаг байсан. 2023.07.27-ны өдөр эмнэлэг рүү хамтдаа явж байгаад хоол идье, чиний данс руу мөнгө шилжүүлье гээд 100,000 төгрөг шилжүүлсэн, 2023.08.18-ны өдөр миний төрсөн өдрийн дараа д гэсэн гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн. Амралтад хамт явахад ах нь хамт явсан. Карт байхгүй гээд миний данс руу мөнгө шилжүүлээд амралтын газрын тооцоог хийлгээд хоол, хүнс, уух зүйлс авсан. 2023.08.27-ны 300,000 төгрөгийг хэрэглээнд гэсэн утгатай мөнгө шилжүүлснийг хамтдаа үрцгээсэн. 2023.09.06-ны өдөр 800,000 төгрөгийг з утгатай мөнгө шилжүүлсэн бөгөөд үр хөндүүлж байхад гадаа байсан учраас төлбөрийг шилжүүлсэн юм.

Би өөрт байгаа бүх баримтыг бүгдийг нэгтгэж байж хэргийг шийдэх байх гэж бодоод зарим баримтаа өгөөгүй байсан юм.

Миний бие 2023.08.09-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 200,000 төгрөг, 2023..12.09-ний өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс гадна бид эхнэр нөхөр болно гэж бодож байсан учраас нэг нэг рүүгээ мөнгө шилжүүлдэг байсан. Гүйлгээний утга дээр нэг хуудас байхгүй байна. Энэ хуудсанд би М.******* руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ байх ёстой.

Өвөл болж байсан учраас грашны төлбөр 1,500,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. 2023.09.21-ний өдөр Хамрын хийд явахдаа замын бензин, хоол, хүнс, буудлын мөнгө, вискиний мөнгө гэж шилжүүлсэн.

2023.10.23-ны өдөр д гэсэн утгатай 150,000 төгрөгийг хүүхдүүдэд бэлэг гэж шилжүүлсэн, 2023.11.06-ны өдөр М.******* ханиад хүрсэн, өвчин намдаагчийг Багшийн дээдэд байдаг аптек эмчийн бичиггүй өгдөг болохоор аваад ирээч гэсний дагуу түүнийг гэрт нь аваачиж ч өгөөд буцаад гэр лүүгээ авахад таксины мөнгөгүй болсон. Тэгээд М.******* 50,000 төгрөг шилжүүлсэн юм.

2023.11.24-ний өдөр М.******* өөртөө ажлын гутал авахдаа миний данс руу 500,000 төгрөг шилжүүлээд гутлаа авсан.

Уг нь би бүх дансны хуулгаа банкнаас шүүгээд гаргаж өгч болох байх гэж бодоод хүлээж байсан боловч баримтаа дутуу гаргаж өгч хуралдаанд оролцож байна.

Иймд М.*******оос мөнгө зээлж авсан гэдэг нь худлаа бөгөөд бид хоёр хосын харилцаатай байсан, миний хувьд бэлэглэгчийг гомдоосон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.08.21-ний өдөр С.Нарангарадв болон М.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, М.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.*******гийн орошин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтын хуулбар, Г.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний тайлбарын хуулбар, М.*******оос 2024.05.29-ний өдөр Ц.*******д олгосон итгэмжлэл, 2025.03.25-ны өдрийн Д. гэх тодорхойлолт /хх 1-22, 37/,

3б. Хариуцагчаас ирүүлсэн: Г.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, өмгөөлөгч Г.тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, /хх 25,32, ...../,

3в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 30-33 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 41-43/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 45,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь буцааж шилжүүлсэн гэх 700,000 төгрөгийг хасч, үлдэх 44,990,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгчээс, Хаан банк ХК-ийн 5212155539 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн, уг баримтад 2023.07.01-ний өдөр хариуцагчийн тус банкны 5021211241 тоот дансанд amidral, hair deer утгаар 500,000 төгрөг, 2023.07.07-ны өдөр 3 хүүхдэд бэлэг утгаар 500,000 төгрөг, 2023.07.27-ны өдөр d утгаар 100,000 төгрөг, 2023.08.18-ны өдөр d утгаар 700,000 төгрөг, 2023.08.27-ны өдөр heregleend утгаар 390,000 төгрөг, 2023.09.06-ны өдөр z утгаар 800,000 төгрөг, 2023.09.08-ны өдөр d утгаар 500,000 төгрөг, 2023.09.21-ний өдөр graash tulbur утгаар 1,500,000 төгрөг, 2023.10.23-ны өдөр d утгаар 150,000 төгрөг, 2023.11.06-ны өдөр taxi утгаар 50,000 төгрөг, 2023.11.24-ний өдөр gutal tulbur утгаар 500,000 төгрөг, нийт 5,690,000 төгрөгийн гүйлгээ,

Хариуцагчаас 2023.09.11-ний өдөр ******* Гүрбазар утгаар 200,000 төгрөг, 2023.09.28-ны өдөр n утгаар 500,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийн гүйлгээ,

2023.08.21-ний өдөр 5024539528 тоот дансанд mashinii tulbur утгаар 10,000,000 төгрөг, 2023.08.08-ны өдөр mashinii mungu shiljvvlsen утгаар 20,000,000 төгрөг, 2023.09.12-ны өдөр d утгаар 630,000 төгрөг, 2023.09.12-ны өдөр mashinii vldegdel tulburuus утгаар 1,000,000 төгрөг, 2023.11.01-ний өдөр d утгаар 1,000,000 төгрөг, 2023.12.11-ний өдөр mashinii tulbur утгаар 2,210,000 төгрөг, нийт 34,840,000 төгрөгийн гүйлгээ тус тус тусгагдсан. /хх 8-18/

 

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг....5,690,000 төгрөгийг зээлдүүлсэн, буцааж өгөх үүргээ биелүүлээгүй, Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн үнэ 40,000,000 төгрөгийг бусдад төлүүлсэн мөртлөө үнийг төлөөгүй тул буцаан шаардсан гэж тодорхойлсон.

 

5.Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...хосын харилцаатай байсан учраас мөнгө зээлж аваагүй, өөрсдийн хэрэглээнд хамтдаа зарцуулсан, Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийг тодорхой үйлдлийн нөхөн төлбөр болгож бэлэглэсэн, түүнийг гомдоосон үйлдэл гаргаагүй, тээврийн хэрэгслийг эмчилгээний зардалд зарцуулах зорилгоор барьцаалах зорилгоор найздаа түр шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж тус тус заасан.

 

6а. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

 

Харин аливаа бэлэг нь хариу төлбөргүй байхыг шаардана.

 

6б. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу нэхэмжлэгчээс ирүүлсэн Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгад amidral, hair deer, 3 хүүхдэд бэлэг, d, heregleend, z, graash tulbur, taxi, gutal tulbur гэж тусгагдсан байгааг талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

 

6в. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаар, Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл нь 2021.12.06-ны өдөр Д.Тулгын, 2023.09.11-ний өдөр хариуцагч Г.*******гийн, 2024.03.04-ний өдөр Н.Сүхбаатарын өмчлөлд тус тус бүртгэгдсэн, нэхэмжлэгч нь 2023.08.21-2023.12.11-ний өдрийн хооронд Д.Тулгын гэх 5024539528 тоот дансанд mashinii tulbur, mashinii mungu shiljvvlsen, mashinii vldegdel tulburuus гэх утгаар 34,840,000 төгрөг шилжүүлжээ. /хх 41-43/

 

7. Хариуцагч нь дээрх тээврийн хэрэгслийг тодорхой үйлдлийн нөхөн төлбөр болгож, хариу төлбөргүйгээр өмчлөлд шилжүүлсэн, түүнчлэн 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж тайлбарласан боловч энэхүү тайлбарынхаа үндэслэл буюу бэлэглэгч нь түүний өмчлөлд хариу төлбөргүйгээр тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн гэдгийг, мөн 2,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болохыг баримтаар нотолсонгүй.

 

8. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 5,690,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөхөөр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх, түүнчлэн талуудын хооронд Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдсонгүй гэж үзэв.

 

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.

 

9а. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчээс amidral, hair deer, 3 хүүхдэд бэлэг, d , z утгаар шилжүүлсэн 3,250,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож,

харин 2023.08.27-ны өдөр heregleend утгаар шилжүүлсэн 390,000 төгрөг, 2023.09.21-ний өдөр graash tulbur утгаар шилжүүлсэн 1,500,000 төгрөг, 2023.11.06-ны өдөр taxi утгаар шилжүүлсэн 50,000 төгрөг, 2023.11.24-ний өдөр gutal tulbur утгаар шилжүүлсэн 500,000 төгрөг, нийт 2,440,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

9б. Нэхэмжлэгч нь Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн үнэ 40,000,000 төгрөгийг Д.д төлсөн болох хэрэгт авагдсан түүний гэх тодорхойлолтоор тогтоогдоно гэж тайлбарласан боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу нотолгооны хэрэгслээр тогтоогдохгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байхаас гадна 5,160,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэдгээ баримтаар нотолсонгүй.

 

Харин нэхэмжлэгчийн Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 34,940,000 төгрөгийг Д.д машины төлбөр гэсэн утгаар шилжүүлжээ.

 

. Дээр дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй хэдий боловч Г.******* нь 2,440,000 төгрөгийг М.*******оос хүлээн авсан, М.******* нь Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн үнэнд 34,940,000 төгрөгийг төлснөөр Г.*******гийн өмчлөлд тээврийн хэрэгсэл шилжсэн үйл баримт тогтоогдож байна.

 

10. Иймд хариуцагч Г.*******гээс 37,280,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Батдорижд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,710,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 344,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116.118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.*******гээс 37,280,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,710,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 344,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******ид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ