Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2025/00602

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А . Хаяг: Б аймаг, Ц сум, 3 дугаар багт оршин суух,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төв /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н /. Хаяг: Б аймаг, Ц сумын төвд үйл ажиллагаа явуулах,

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын ЭМТөвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус төвийн эх баригчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч нар:

Нэхэмжлэгч А , түүний өмгөөлөгч А ,

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н ,

Орчуулагч Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

Хариуцагч Б аймгийн Ц сумын ЭМТөвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н ад шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад зааснаар түүний эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч А нь хариуцагч Б аймгийн Ц сумын ЭМТөвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н ад холбогдуулан түүний 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 26 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус төвийн эх баригчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие А нь АШУҮИСургуулийн Г аймаг дахь салбар сургуулиас 2016 онд бакалаврын зэрэгтэй, эх баригч мэргэжлээр төгссөн. Сургууль төгссөний дараа 2018 онд Ц сумын Сум дундын Эмнэлгийн эрхлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 41 тоот тушаалаар тус сумын 8 дугаар багийн бага эмчээр томилж, хөдөлмөрийн гэрээ хийж ажиллуулсан юм. Гэтэл 2022 онд тус сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог дахин баталж багийн бага эмчийн орон тоог 7 болгож, сумын төвийн багийн 2 бага эмчийн орон тоог хасаж намайг багийн бага эмчийн ажлаас чөлөөлсөн. Түүнийг эс зөвшөөрч сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

1.2 Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01079 дугаартай шийдвэрээр намайг Ц сумын 8 дугаар багийн бага эмчээр эргүүлэн тогтоосноор тус сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 53 тоот тушаалаар Ц сумын 8 дугаар багийн бага эмчээр эгүүлэн томилсон байсан юм.

1.3 Уг багийн бага эмчээр ажиллаж байхдаа тус төвийн эх баригч А өндөр насны тэтгэвэрт гарсан учир намайг мэргэжлийн дагуу тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 44 тоот тушаалаар эх баригчаар томилсон юм. Би эх баригчаар томилогдоод 1 жил 5 сарын хугацаанд ажиллахдаа ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж байгаагүй, хүүхдийн эндэгдэлгүй ажилласан.

1.4 Хариуцагч Б аймгийн Ц сумын ЭМТөвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаал гарган намайг тус сумын 8-р багийн бага эмчээр томилсон байна. Би тушаал гарсныг огт мэдээгүй, чамайг багийн эмчээр томилсон тухай хэлээгүй, эх баригчаар 2025 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл ажилласан. Тэгээд тухайн хугацаа болоход та эх баригчаар ажиллахгүй тус сумын 8 дугаар багийн бага эмчээр ажиллах ёстой гэсний дагуу одоо багийн бага эмчээр ажиллаж байна. Ер нь намайг тус сумын 8 дугаар багийн бага эмчээр томилсон тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд би 4 сартай хүүхэдтэй юм. Багийн эмчээр ажиллахад дуудлага маш их ирдэг. Бага насны хүүхэдтэй учраас өдөр, шөнө дуудлагад явж чадахгүй. Эх баригчийн ажил нь тогтсон ажлын цагтай учраас мэргэжлийн дагуу ажиллах хүсэлттэй байна. Харин эх баригч А би эх баригчаар ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийн 123.2.1, 123.2.2, 123.2.3, 123.2.4 дэх заалтуудад заасан сахилгын арга хэмжээ авхуулж байгаагүй. Гэтэл миний сэтгэл санаагаар тоглож, ажлын байрны дарамт үзүүлж, үндэслэлгүйгээр багийн бага эмчээр томилсонд гомдолтой байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.5 Уг тушаалыг гардан авсны дараа Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан ба уг хорооноос гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн юм. Би эх баригчаар ажиллаж байхад ТҮЭМ-5-аар цалинжиж байсан ба одоо ТҮЭМ-4-ээр цалинжиж цалин авч байгаа ба миний эрх зүйн байдлыг доордуулж байгаад гомдолтой байна.

1.6 Иймд Б аймгийн Ц сумын ЭМТөвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус төвийн эх баригчийн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлттэй байна гэв.

2.Хариуцагч Б аймгийн Ц сумын ЭМТөвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н ын хариу тайлбар, татгалзал:

2.1 Ц сумын ЭМТ-д эх баригчаар ажиллаж байсан А нь 2017 оны 4-р сарын 17-ны өдөр байгууллагын даргын 12 тоот тушаалаар тус сумын 8-р багийн эмчээр түр, 2018 оноос байгууллагын даргын 41 тоот тушаалаар бүр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 14-ний А/51 тоот тушаалаар бүтэц орон тоо танагдсан шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн.

2.2 Улмаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ээлжийн эх баригч А өндөр насны тэтгэвэрт гарсан тул оронд нь нэхэмжлэгч А ыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс сонгон шалгаруулалтгүйгээр томилсон. Томилогдсон ажилдаа хариуцлагагүй ханддаг, цахим системд ажиллах чадваргүй, үйлчлэгч нараас байнга гомдол ирдэг. Эмэгтэйчүүдийн их эмч С нь удаа дараа биеэр надад гомдол гаргаж байсан. Иймд би А т нэг бус удаа анхааруулж, тухайн ажлын байрны шаардлагыг хангахгүй байгааг нь хэлж байсан.

2.3 Байгууллагын дотоод зөрчлийг арилгахын тулд өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б аймгийн ЭМГ-н даргын албыг түр орлон гүйцэтгэгчийн орон тооны хязгаар баталсан А/13 тоот тушаалын дагуу ажил горилж материал өгсөн хүмүүсийн дотор бага эмч мэргэжилтэй хүн байгаагүй тул эх барих бага эмч мэргэжилтэй А ыг хуучин ажиллаж байсан 8 дугаар багийн эмчээр эгүүлэн томилсон болно.

2.4 Иймд миний бие нэхэмжлэгч А ыг ямар нэгэн хохиролгүйгээр өөр ажлын байранд шилжүүлэн томилсон болно гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А ыг ажилд томилох тухай 41 дүгээр тушаал, Б сумын Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А ыг ажилд томилон тухай 53 дугаар, мөн төвийн даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А ыг ажилд томилох тухай 44 дүгээр, мөн даргын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А ыг зохицуулан ажиллуулах тухай тушаалууд, 2018.09.12-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 2024.04.10-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, А ын эх баригч бакалаврын диплом, Эрүүл мэндийн яамнаас олгосон Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №21 дүгээр тэмдэглэл, нэхэмжлэгчээс өмгөөлөгч А тэй 2025.05.19-ний өдөр байгуулсан иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01/119 дүгээр албан бичгээр гаргасан хариу тайлбар, Ал гэх хүнээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлт, Б аймгийн Ц сумын ЭМТ даргын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Ал г ажилд томилох тухай тушаал, өмгөөлөгч Н ын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...тус төвийн эх баригч А өндөр насны тэтгэвэрт гарснаар би мэргэжлийн дагуу тус төвийн даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 44 тоот тушаалаар эх баригчаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаалаар намайг тус сумын 8 дугаар багийн бага эмчээр томилсон байна. Миний бие уг тушаал гарсныг огт мэдээгүй, чамайг багийн эмчээр томилсон гэж хэлээгүй, тушаал өгөөгүй ба би 2025 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл эх баригчаар ажиллаж байсан. Харин 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс та тус сумын 8 дугаар багийн бага эмчээр ажиллаарай гэж хэлэх үед мэдсэн. Эх баригчаар ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж байгаагүй ба эх хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж ирсэн. Ажил олгогч надаас зөвшөөрөл авахгүйгээр өөр ажилд томилсныг би зөвшөөрөхгүй. Намайг багийн бага эмчээр томилсноор миний эрх ашиг зөрчигдөж цалин хөлс маань буурсан бөгөөд уг албан тушаалыг зөвшөөрөхгүй байна. Ажил олгогчоос миний сэтгэл санаагаар тоглож, ажлын байрны дарамт үзүүлж, үндэслэлгүйгээр багийн бага эмчээр томилсонд гомдолтой байгаа тул шүүхэд хандсан гэж тодорхойлжээ.

7.Хариуцагч Б аймгийн Ц сумын ЭМТөвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч А нь сонгон шалгаруулалтгүйгээр өндөр насны тэтгэвэрт гарсан эх баригч А гэх хүний оронд эх баригчаар томилогдсон. Томилогдсон ажилдаа хариуцлагагүй хандаг, цахим системд ажиллах чадваргүй, үйлчлүүлэгч нараас байнга гомдол ирдэг. Мөн эмэгтэйчүүдийн их эмч С нь удаа дараа биеэр надад гомдол гаргаж байсан. Энэ талаар удаа дараа анхааруулж байсан. Байгууллагын дотоод зөрчлийг арилгахын тулд өөрийн бүрэн эрхийн хүрээнд эх барих бага эмч мэргэжилтэй А ыг хуучин ажиллаж байсан 8-р багийн эмчээр эгүүлэн томилсон. Ямар нэгэн хохиролгүйгээр өөр ажлын байранд шилжүүлэн томилсон гэж маргажээ.

8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл ажилтан буюу нэхэмжлэгч А ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар өөр ажилд шилжүүлэн томилсон үндэслэлүүдтэй холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов:

8.1 Нэхэмжлэгч А нь Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль Г аймаг дахь салбар анагаах ухааны сургуулиас 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эх баригч мэргэжлээр төгссөн болох нь тус сургуулиас олгосон D00 дугаартай Бакалаврын диплом, түүний хавсралтаар, мөн түүнд Эрүүл мэндийн яамны сайдын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/161 дугаар тушаалаар Эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2022 оны 3 сарын 24-ний өдрөөс 2027 оны 3 сарын 24-ний хүртэл 5 жилийн хугацаатай олгосон нь 00 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон.

8.2 Ажил олгогч Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 41 дугаартай тушаалаар 8 дугаар багийн бага эмч Ш нас барсан тул оронд нь бага эмч мэргэжилтэй А ыг томилж, мөн өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлс нь ТҮЭМ-3-аар буюу цалингийн хэмжээ нь 503,338 төгрөг байсан байна.

8.3 Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 53 тоот тушаалаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 00 дугаар шийдвэрийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 8 дугаар багийн бага эмчээр эгүүлэн томилжээ.

8.4 Улмаар нэхэмжлэгч А ыг тус төвийн даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр тушаалаар ээлжийн эх баригч А өндөр насны тэтгэвэрт гарсан тул тухайн өдрөөс эхлэн түүний оронд эх баригчаар томилж, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлс нь ТҮЭМ-5-аар буюу цалингийн хэмжээ нь 1,400,000 төгрөг байсан байна.

8.5 Гэтэл ажил олгогч буюу хариуцагч Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, Эмнэлгийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 3.5, 3.7 дахь заалт, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 3-р сарын 07-ны өдрийн А/13 тоот тушаалыг тус тус үндэслэн эх баригчаар ажиллаж байгаа А ыг 8-р багийн бага эмчээр томилсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр тэмдэглэлээр урьдчилан шийдвэрлүүлсний дараа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргасан байна.

9.Дээрх хэрэгт авагдсан ажил олгогч Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн дарга болон ажилтан А нарын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ... энэхүү гэрээгээр ажил олгогч, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулна гэсэн байна.

-Уг гэрээний 1.1 дэх заалтад эрхлэх ажил, албан тушаалын нэр: Эх баригч, 1.2 дахь заалтад ажиллах нэгж, хэсэг буюу ажил үүргээ гүйцэтгэх газар Б аймаг, Ц сумын Эрүүл мэндийн төв, 1.4 дэх заалтад Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ 1,400,000, ТҮЭМ-5, 3.1 дэх заалтад Хөдөлмөрийн гэрээний хугацаа заасны а/ байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байна гэж тус тус заасан.

-Мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх заалтад талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт өөрчлөлт оруулах бөгөөд энэ тохиолдолд талууд тэгш эрх эдэлнэ. Оруулсан нэмэлт өөрчлөлтийг гэрээнд хавсаргаснаар нэмэлт, өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд салшгүй хэсэг болно гэж талууд тус тус харилцан тохиролцсон байжээ.

10.Ажил олгогч буюу хариуцагч Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Н нь ажилтан Ал 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар түүнтэй харилцан тохиролцохгүйгээр дангаараа ажилтан А ыг тус сумын 8 дугаар багийн бага эмчээр томилсон 26 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтад өөрчлөлт оруулах талаар ажил олгогч болон ажилтнаас ямар нэгэн санал гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалтад талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно гэж заасныг ажил олгогч зөрчсөн байна.

11.Хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс нэхэмжлэгч А ыг тус төвийн эх баригчийн ажлаас чөлөөлөөгүй, ажил олгогчоос зохицуулан томилон ажиллуулсан ба түүний хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргажээ.

12.Ажил олгогчоос ажилтан А ыг тус аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн эх баригчийн ажлаас чөлөөлсөн тухай эрхийн акт гаргаагүй байгаа хэдий боловч 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр түүнийг тус сумын 8 дугаар багийн бага эмчээр томилсон тухай 26 тоот тушаал гаргаж байгаа үйлдэл нь өөрөө ажлаас халсантай адилхан ойлголт учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол нь үндэслэлтэй байна.

13.Нөгөөтээгүүр хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бичгээр гаргасан ... эх барих бага эмч мэргэжилтэй А ыг ямар нэгэн хохиролгүйгээр хуучин ажиллаж байсан 8-р багийн эмчээр буюу өөр ажлын байранд шилжүүлэн томилсон гэх тайлбараар мөн тухайн эх баригчийн орон тоонд ажил олгогчоос Ал гэх хүнийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот тушаалаар томилсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул хариуцагч байгууллагын өмгөөлөгч нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэх тайлбар нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гаргасан тайлбар байна гэж шүүх үзлээ.

14.Иймээс ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсоны үндсэн ажлаас өөр ажил үүрэг хийж гүйцэтгүүлэхээр томилсон ажил олгогчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаал нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалтад тус тус заасныг зөрчиж мөн нэхэмжлэгч А ын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж шүүх дүгнэлээ.

15.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс маргаан бүхий 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаалд Эмнэлгийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 3.5, 3.7 дахь заалт, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 3-р сарын 07-ны өдрийн А/13 тоот тушаалыг тус тус үндэслэн эх баригчаар ажиллаж байгаа А ыг 8-р багийн бага эмчээр томилсон боловч дээрх үндэслэл болгосон эрхийн актуудаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байх тул түүнд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.

16.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа боловч түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, татгалзлын үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байна.

17.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А ыг урьд эрхэлж байсан тус төвийн эх баригчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А ыг. энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ