Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00605

 

Ц.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00075 дугаар шийдвэртэй

Ц.Огийн  нэхэмжлэлтэй хариуцагч “Ү” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,430,174 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ц.О нь “Ү” ХХК-д холбогдуулж 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/155 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг эс зөвшөөрч урьд эрхэлж байсан хянагч нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,430,174 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага гаргасан. Би 2017 оны 4 дүгээр сараас хойш “Ү” ХХК-д 4 жил гаруй ажилласан бөгөөд энэ хугацаанд нярав болон хянагч нярваар ажиллаж ирсэн. Гэтэл банкны бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсаны дагуу миний ажиллаж байсан төлбөр тооцооны албаны хянагч нярав орон тоо цомхотголд орсон, гэрээ цуцлах болсон талаар мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн. Би тус банканд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн дотоод журамд заасанчлан ажилтны эрх үүргийг ягштал биелүүлж ирсэн. Банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, банкны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу би банкны бүх теллерт бэлэн мөнгөний ба валютын нууцлалын тухай сургалт явуулж, тоологч машинуудын шинэчлэл, балансын гадуурх дансны гүйлгээ илүүдэл дутагдал, бүртгэлийн эмх цэгцийг ханган банкны ашигт ажиллагаанд хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. Би нэг жил гаруй хугацааны дараа тэтгэвэр тогтоолгох насанд хүрч байх үед хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг надад өгснөөр би цаашид ажиллах боломжгүй болж, тэтгэвэр тогтоолгоход хохирч миний эрх хөндөгдөөд байна. Дээрх мэдэгдэл, гэрээ цуцалсан тушаал болоод бүтцийн өөрчлөлтийн тухай тушаалыг ажилтныг томилох чөлөөлөх эрхгүй этгээдээс гаргасан гэж үзэж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус банкны гүйцэтгэх захирал Ж.Ц байх бөгөөд энэ бүртгэлд өөрчлөлт ороогүй тул хүчинтэй. Хэрэгт баримтаар Ж.Цг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, гүйцэтгэх захирлын орлогчоор Г.Тыг томилсон төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол авагдсан боловч гүйцэтгэх захирал ТУЗ-тай байгуулсан гэрээний үндсэн дээр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг заахаар Банкны тухай хуульд заасан. Түүнчлэн Г.Тын итгэмжлэлээр оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хэрэгт оролцох эрхгүй. Тус банкны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ-ын тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан хянагч нярвын орон тоо хасагдсан гэж тайлбарладаг боловч бодитоор орон тоо хасагдаагүй, харин нэршил өөрчлөгдсөн. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан төлбөр тооцооны алба нь 6 орон тоотой, үүнээс хянагч нярав, тоологч нярав тус бүр нэг, мөнгө хураагч 2 орон тоотой байсан. Шинэчилж батлахдаа 3 орон тоотой болсон ч нярав, мөнгө хураагч нарын орон тоог аж ахуйн албанд шилжүүлж, хянагч нярав, тоологч нярав гэсэн орон тоог кассын нярав болгож, шинээр төлбөр тооцооны албанд дотоод, бүртгэлийн нягтлан бодогч гэсэн орон тоог шинээр бий болгосон. Хэрэгт баримтаар ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтуудаас харвал дотоод бүртгэлийн нягтлан бодогчоор шинээр томилогдсон н.Эрдэнэтуяагийн тодорхойлолтод нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан 5 чиг үүрэг тэр чигтээ байна. Нийтдээ нэхэмжлэгчээс бусад ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийг чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Шинэ хуулиар маргаанд хамаарах энэ тохиолдолд ажилтныг ажлаас шууд чөлөөлөхийг хориглосон хуулийн зохицуулалт шинээр орсон. Иймд гүйцэтгэх захирлын орлогч Г.Тын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/155 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, Ц.Ог “Ү” ХХК-д урьд эрхэлж байсан хянагч нярвын ажилд эгүүлэн тогтоож, тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацааны олговорт 5,430,174 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Ц.О манай банктай 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хг-33/17 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж төлбөр тооцооны албаны нярвын албан тушаалд томилогдон ажилласан. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр талууд харилцан тохиролцож гэрээг цуцалж, мөн өдрөөс эхлэн Банкны санхүү удирдлагын газрын төлбөр тооцооны хэлтсийн хянагч нярвын албан тушаалд томилогдон Хг-27/19 тоот “Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулан 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд ажилласан. Банкны төлөөлөн удирдах зөвлөл нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Үны дүрмийн 10 дугаар зүйлийн 10.17.2-д заасан эрхийнхээ хүрээнд үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ/21-28 тоот тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Гүйцэтгэх захирлын орлогч ТУЗ-ын энэ тогтоолын хэрэгжилтийг хангах үүргийнхээ хүрээнд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/131 тоот тушаалаар банкны ажилтнуудын орон тооны төлөвлөлтийг шинэчлэн баталж нийтдээ 138 орон тоотой байснаас 81 орон тоотой болсон. 2019 онд Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар манай банкны үйл ажиллагааг хязгаарлаж, орон тоог бууруулах, Улаанбаатар хотод байгаа бүх салбар тооцооны нэгжийг татан буулгах үүрэг өгсөн. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх бүтэц, зохион байгуулалт, орон тоонд нэхэмжлэгч Ц.Огийн хянагч нярвын албан тушаал багтаж байсан бол банкны Улаанбаатар хот дахь бүх салбаруудыг татан буулгасан, бэлэн мөнгөний машинуудыг татсан гэх мэт шалтгаанаар түүний албан тушаалын үндсэн чиг үүрэг шаардлагагүй болсон тул энэ орон тоог хассан. Хянагч нярвын ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болох АТМ-ын кассетыг захиалгын дагуу цэнэглэх бэлэн мөнгийг тоологч няравт хүлээлгэн өгөх, зузаатгалын гүйлгээг хийх, гэсэн ажил үүргүүдийг гүйцэтгүүлэх шаардлагагүй болсон. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан нэмэлт чиг үүргүүд болох өдөр тутам касс дахь бэлэн мөнгөний үлдэгдлийг грейпбанк программын үлдэгдэлтэй тохирч байгаа эсэхэд хяналт тавих, тухайн өдрийн гүйлгээний баримтуудыг бүрдүүлэн үдэж, цэгцлэн хянуулах, тоолон таслах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих зэрэг ажлыг үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын газрын аж ахуйн албаны кассын няравт, төв кассыг нээж, хаах, бараа баримт бүрдүүлбэр, үлдэгдлийг тулгах ажлыг санхүү бүртгэл, тайлагналын газрын төлбөр тооцооны албаны дотоод бүртгэлийн нягтлан бодогч нар тус тус дангаараа гүйцэтгэхээр болсон. Бусад ерөнхий чиг үүргийг зарим хэсгийг төлбөр тооцооны албаны ахлах нягтлан бодогч, гадаад, дотоод төлбөр тооцооны нягтлан бодогч тус тус хариуцах болж ажил үүргийг нягтруулсан. Нэхэмжлэгч шинээр ажилтан авсан гэж тайлбарлаж байгаа ч бүтцээр шинээр бий болгосон дотоод бүртгэлийн нягтлан бодогч-д өмнө нь төв салбарт харилцааны менежерээр ажиллаж байсан Э.Эрдэнэтуяаг шилжүүлэн томилсон. Өмнөх бүтцэд байсан хянагч нярав, тоологч нярав гэсэн хоёр орон тоог хасч, аж ахуйн албанд бий болсон кассын нярав орон тоонд тоологч нярваар ажиллаж байсан Б.Алтантуяаг томилсон. Учир нь кассын нярав-ын үндсэн суурь хийх ажил тоологч нярвын хийж байсан ажил байсан тул түүнийг томилсон. Тус банкны гүйцэтгэх захирал Ж.Цг ТУЗ-ын тогтоолоор 2021 оны 07 дугаар сард чөлөөлсөн тул, Г.Тыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс гүйцэтгэх захирлын орлогчоор томилсон. Тус банкны дүрмээр гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд ТУЗ-аас баталсан зардлын хэмжээнд ажилтны орон тоог тогтоох, ажилтныг томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байгаа. Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг түүнийг орлож байгаа гүйцэтгэх захирлын орлогч хэрэгжүүлэх эрхтэй. Банкны тухай хуулиар гүйцэтгэх захирлыг Монгол банкны ерөнхийлөгчтэй зөвшилцөж томилохоор заасан тул улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу Ц.Отай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Ү” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,430,174 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын давж заалдах гомдлын агуулга: ... Үны итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох Г.Т гэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 27-нь өдөр Б/155 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал гаргах хууль зүйн үндэслэлгүй байсан талаарх асуудлыг анхан шатны шүүх ойлгомжгүй, тусгай хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.17.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлагыг зөвхөн банкны ТУЗ нь Монгол банкны ерөнхийлөгчтэй зөвшилцөж томилох эрхтэй байдаг зохицуулалттай. Банк нь өөрөө тусгай хууль буюу банкны тухай хуулиар эрх зүйн байдал нь тодорхойлогддог онцгой аж ахуйн нэгж юм. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5 дахь хэсэгт заасан байхад шүүх тухайн хуулийг огт дурдаагүй. Тиймээс гүйцэтгэх захирлын орлогч гэх Г.Т нь банкны хууль ёсны удирдлага байж чадахгүй хуулийн этгээдийг төлөөлөх чадваргүй этгээд гэж үзэж байгаа бөгөөд аливаа тушаал шийдвэрийг банкны нэрийн өмнөөс гаргах хууль зүйн боломжгүй. Банкны гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Ж.Цг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлсэн байна. Мөн хэрэгт авагдсан ТУЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Ог томилсон тогтоол итгэмжлэлд хамаарна гэж үзэх бөгөөд итгэмжлэлийн хугацаа нь дуусгавар болсон байна. ҮХОБ-ны дүрмийн 10.19-д ТУЗ-ийн дарга, эсхүл ТУЗ нь орлогчийг томилж, шийдвэрлэнэ гэж заасан. ҮХОБ-ны ТУЗ-өөс Г.Тт олгосон итгэмжлэл нь зөвхөн шүүхэд хариуцагчийг төлөөлж оролцох итгэмжлэл байсан боловч Г.Т нь энэ итгэмжлэлээ бусдад шилжүүлсэн нотариатын албан ёсны итгэмжлэл хэрэгт байхгүй байгаа юм. Мөн анхан шатны шүүх Ц.Ог ажлаас халах тушаалд хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн гэрээг үндэслээгүй байгаа дээр огт дүгнэлт хийсэнгүй. Ц.О нь удахгүй жил гаран хугацааны дараа өндөр насны тэтгэвэртээ суух байсан, гэтэл банк нь шууд халахын оронд өөр ажлын байр огт саад болгоогүй үзэмжээрээ шийдвэр гаргасан. ТУЗ-ийн тогтоолоор бүтэц, зохион байгуулалт хийж Ц.Огийн албан тушаал, үүрэг нь хасагдсан гэх боловч түүний ажлыг өөр хүмүүст шилжүүлсэн байна. Улсын Дээд шүүхийн 2012 оны тайлбар, зөвлөмжид орон тоо хасагдсан гэдгийг тухайн ажил, албан тушаалын байр байхгүй болсныг ойлгодог байхад анхан шатны шүүх энэ ойлголтыг нарийн ойлгомжтой тайлбарлаагүй, огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг нэг талд шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5, 12 дугаар зүйлийн 12.3, 43 дугаар зүйлийн 43.2.4-т тус тус заасан зохицуулалтаар хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан боловч шүүх уг Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, өмнөх хуулиар асуудлыг шийдвэрлэснээр ажилтан Ц.Огийн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, цаашлаад тэтгэвэр, тэтгэмж авах эрхэд ноцтой хохирол учрах нөхцөл байдлыг үүсгээд байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд заасан суурь эрхээ эдлэх боломжийг олгож анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... ТУЗ нь гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, сонгох, өөрчлөх эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэх захирал н.Цг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гүйцэтгэх захирлын орлогч нь манай байгууллагын дүрэмд заасан гүйцэтгэх захирлын хэрэгжүүлдэг бүх эрхийг мөн адил хэрэгжүүлэх эрхтэй гэж үзэж байгаа. ТУЗ нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт заасны дагуу банкинд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн байдаг. Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №А192 тоот тушаалын хавсралт 3.3-т банкны төвийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог 30 хувиар бууруулах, хэрэгжүүлэх хугацааг нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэж заасан. Манай Ү ХХК нь Монгол банкны тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд үйл ажиллагааны зардлыг бууруулах, газар, нэгжийг цомхотгох чиг үүргийг Монгол банкны өмнө хүлээсэн байсан. Манай байгууллагын зүгээс Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №А192 тоот тушаалыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр өөрсдийн салбар, нэгжийг татан буулгах ёстой байсан боловч 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр банкны төв салбарт орон тооны цомхотгол хийсэн байгаа. Одоо манай банк Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймагт тус тус нэг салбартай үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт 138 ажилтан байснаас 81 ажилтан болж цөөрсөн. Үүнээс 6 орон тоог бүр мөсөн хассан байгаа. Үйл ажиллагаа хүний нөөцийн удирдлагын газар, аж ахуйн хэлтэс гэж байгуулагдаж кассын няравын албан тушаал бий болсон. Уг албан тушаал нь хянагч болон тоологч нарын хийдэг ажил үүргийг давхар хийж гүйцэтгэдэг байгаа. Яагаад хянагч нарын албан тушаалыг хасах болсон бэ гэхээр Улаанбаатар хотод байрлах бүх АТМ-ийг татан буулгасан. Хянагч нарын албан тушаал нь АТМ-ийн касетийг цэнэглэх, бэлэн мөнгийг тоологч нарт хүлээлгэн өгөх, зузаатгал хийх, салбар нэгжүүдийн мөнгөнөөс гарсан илүүдэл, дутагдлын судалгааг сар тутам гаргах чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн, үүнтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,430,174 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч “Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/155 дугаартай тушаалаар Ц.Отай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хг-20/47 тоот “Хөдөлмөрийн гэрээ”-г 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр цуцалсан байна.

4а. Ажил олгогч дээрх тушаалдаа тус банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэлт батлагдсаны улмаас Санхүү бүртгэл, тайлагналын газрын төлбөр тооцооны албаны хянагч нярвын орон тоо хасагдсан гэсэн үндэслэл зааж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ/21-28 тоот тогтоол, гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/131 тоот тушаалыг тус тус баримталжээ. /хх.3/

5. Хэрэгт авагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ/21-28 тоот тогтоолоор тус банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталжээ. Улмаар гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/131 тоот тушаалаар банкны нэгж дэх ажилтнуудын орон тоог шинэчлэн баталснаар өмнөх бүтцээр 138 орон тоотой байсныг 81 орон тоотой болгосон байна. /хх.33-36, 39-40, 41-47/

5а. Дээрх бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан төлбөр тооцооны албанд гадаад төлбөр тооцооны нягтлан бодогч-1, хянагч нярав-1, тоологч нярав-1, мөнгө хураагч-2, харин аж ахуйн албанд аж ахуйн ажилтан, нярав-1 гэсэн орон тоо байсныг “гадаад төлбөр тооцооны нягтлан бодогч”-ын ажлын байрны нэршлийг гадаад, дотоод төлбөр тооцооны нягтлан бодогч болгож өөрчилсөн, орон тоо нэг болсон талаар зохигчид маргаагүй. /хх.33-35, 45, 109, 110/

5б. Дээрх тогтоолуудаас үзэхэд ажил олгогч нэхэмжлэгчийн ажиллаж байсан хянагч нярвын гүйцэтгэх чиг үүргийг бүхэлд нь дотоод бүртгэлийн нягтлан бодогчид эсхүл кассын няравт шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасан.

7. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Ү” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ТУЗ-21-22 тоот тогтоолоор “Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Цг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ТУЗ/21-25 тоот тогтоолоор Г.Тыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын орлон албан тушаалд нэг жилийн хугацаатайгаар томилсон байна. /хх.76-77/

8. Анхан шатны шүүх Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2-т “Төлөөлөн удирдах зөвлөл Монгол банкны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилохоор” заасан ч маргааны энэ тохиолдолд Г.Тыг банкны гүйцэтгэх захирлаар шууд томилоогүй, харин гүйцэтгэх захирлыг чөлөөлсөнтэй холбоотой ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлснийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Г.Т ажил олгогчийг төлөөлөх эрхгүй” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

9. Нэхэмжлэгч Ц.Огийн “Ү” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,430,174 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                 

 

                

                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

                                                        Ц.ИЧИНХОРЛОО