Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Э.Анхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Бөөр овогт Энхбатын Анхтуяаг эрүүгийн “1811006620462” дугаартай, 186/2018/0373/э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, АОС-н 3-22 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Бөөр овогт Энхбатын Анхтуяа /РД:ИЦ79070861/,

 

Холбогдсон хэргийн талаар;

Э.Анхтуяа нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудлын орчим хохирогч М.Мөнхзаяаг маажиж, биед нь зүүн чамархайн хуйх, хүзүүнд  зулгаралт, цээжинд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Э.Анхтуяа нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:....мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

  2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Мөнхзаяагийн:..Миний бие 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 цаг 30 минутын  орчим хамтран амьдрагч Хонгорзулын хамт 64-09 улсын дугаартай хар өнгийн Приус маркийн авто машинтай явж байгаад "Бөмбөгөр" худалдааны төвийн автобусны буудал дээр зогсоод машинаасаа буугаад Баянхошуу 1000-аар гэж орилоод тийшээ явах 2 хүнийг 1 зүс таних эгчийн хамт авахад тэнд зогсож байсан микро автобусны жолооч яахаараа эндээс чи хүн ачдаг юм бэ гэхээр нь би тэр жолоочтой маргалдчихаад машиндаа суугаад хаалгаа хаах гэтэл тэр микро автобусны кондуктор нь гэх эмэгтэй хүрч ирээд намайг шууд алгадсан. Тэгэхээр нь би машинаас буугаад нөгөө эмэгтэйг цааш нь түлхтэл жолооч залуу нь ирээд бариад авсан. Жолооч нь миний гарыг барьчихсан байх үед нөгөө эмэгтэй нь миний хүзүүний зүүн тал болон зүүн шанаанд хумсаараа маажиж гэмтээсэн. Тэр үед Хонгорзул машинаасаа бууж ирээд салгах гэтэл эхнэрийг үсдэж аваад өшиглөсөн байсан. Тэгээд бид нар машиндаа суугаад явцгаасан. Ийм зүйл болсон гэх мэдүүлэг. /хх 10-11/,

   2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Мөнхзаяа гэрчээр мэдүүлэхдээ:..2018 оны 02 дугаар 23-ны өдөр 19 цаг өнгөрч байхад эхнэр Хонгорзулын хамт Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо хуучин Бөмбөгөр худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд байдаг автомашины ил зогсоол дээр манай ахын эзэмшлийн 64-09 УБИ улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн хар өнгийн автомашинтай явж байсан. Тэгээд Бөмбөгөр худалдааны төвөөс манай гэрийн ойролцоо амьдардаг эгчийг аваад Баянхошуу руу явах 2 эмэгтэй хүнийг аваад хөдлөх гэтэл 43-36 УНЛ улсын дугаартай микроны кондуктор нэг эмэгтэй хүрч ирээд шууд миний талын хаалгыг онгойлгоод намайг шууд цохисон. Чи явахаараа эндээс хүн авч явдаг юм гэж хэлээд миний нүүрлүү цохиж, алагдаж, майжсан. Тэгээд би машинаасаа буугаад тэр эмэгтэйг холдуулах гэтэл микроны жолооч эрэгтэй, хүрч ирж миний гарнаас бариад зуураад байсан. Тэр хооронд кондуктор эмэгтэй нь миний нүүрлүү цохиж, хүзүүнээс майжаад байсан. Манай эхнэр машинаас бууж бид нар дээр хүрч иртэл нөгөө эмэгтэй манай эхнэрийг үсдэж, өшиглөсөн гэсэн. Тэр үед ойр орчимд явж байсан хүмүүс бид нарыг салгаад нөгөө 2 хүн микрондоо суугаад явцгаасан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-13/,

  2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Хонгорзул гэрчээр мэдүүлэхдээ:.. Би машинаасаа буугаад тэр 2 дээр очтол тэр эмэгтэй шууд намайг битгий хуцаад бай гээд миний үснээс зулгааж, баруун талын гуя руу өшиглөсөн. Тэгтэл тэр орчим явж байсан нэг эрэгтэй хүн ирж тэр эмэгтэйг салгасан. Жолооч нь бололтой эрэгтэй хүн бас хүрч ирээд манай нөхрийг заамдсан. Бид 2-ыг тэр эмэгтэй арчаагүй гуйлгачид, зээлээр машинаа аваа юу, мөнгөө төлж чадахгүй болохоор замын хүн авч мөнгө олж байгаа юм уу гэх зэргээр хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-14/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Энхболд гэрчээр мэдүүлэхдээ:.. Тухайн өдрийн оройхон болсон хойно "Бөмбөгөр" худалдааны төвийн автобусны буудлын ар талын зогсоол дээр өөрийн 43-36 УНЛ улсын дугаартай микро автобустайгаа Баянхошуу чиглэлд хүн ачаад найз эмэгтэй Анхтуяагийн хамт зогсож  байсан. Тэгэхэд автобусны буудал дээр "Приус 30" маркийн саарал өнгийн авто машины зогсоолд жолооч залуу нь буугаад Баянхошуу мянгаар гээд орилохоор нь би ачиж байна шүү дээ, чи больчихооч гэхэд нөгөө залуу чи юу юм бэ, чамайг би Чингэлтэй дүүргийн нутгаар явуулахгүй, чамайг ална шүү гээд хэл амаар доромжлоод байсан. Бид хоёр барилцаж аваад салцгаасан. Тэгтэл нөгөө залуу машиндаа суучихаад надтай хамт явсан Анхтуяаг чи ямар олигтойдоо кондуктор хийж явдгын, янхан, банзал минь гэж хэл амаар доромжилсон. Тэр үед Анхтуяа хаалган дээр нь явж очиход нөгөө залуу буугаад ирэхээр нь би очоод бид хоёр мөн барилцаж, заамдалцсан бөгөөд би хойшоо болоод юманд тээглээд унахад миний дээрээс дарж унасан. Тэр үед Анхтуяа дундуур орж ирж салгасан ба тэр залуу машиндаа суугаад яваад өгсөн. Ийм зүйл л болсон гэх мэдүүлэг. /хх-15/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Анхтуяа гэрчээр мэдүүлэхдээ:..: 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой 20-21 цагийн орчим л байх Энхболдын 43-36 УНЛ улсын дугаартай микро автобустай нь Баянхошууны чиглэлд ачихаар Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудлынх нь зүүн урд талын зогсоол дээр зогсоод Энхболд бид хоёр буугаад Баянхошуу гээд орилж байтал Энхболд саарал цамцтай нүдний шилтэй залуу жижиг "Приус 30" маркийн саарал өнгийн машинтай залуу мөн орилоод хүн ачсан ба Энхболд тэр хоёр маргалдаад намайг харахад нөгөө залуу нь гараа далайгаад маргалдаад зогсож байсан. Тэгээд залуугийн машинд хүн нь дүүрсэн ба би машиныхаа хойгуур тойроод явж байхад нөгөө залуу явж байхдаа Энхболдыг заналхийлээд үстэй хорхой, чамайг би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  алхуулахгүй дээ, харж байгаарай гэсэн ба би машиных нь хажууд очоод тэр залууд хандан чи зөв яваачээ, яах гэж ингэж хүнийг заналхийлдэг юм бэ гэхэд намайг чи янхан, машины бор, зайл энэ тэр гэж хэлсэн бөгөөд бид хоёрын дунд маргаан болсон тэр залуу машинаасаа бууж ирээд намайг мөр хэсэг рүү цохисон ба би зөрүүлээд энгэрээс нь хоёр гараараа бариад авсан. Тэгээд Энхболд салгаад тэр залуу машин суугаад явсан. Ийм зүйл болсон гэх мэдүүлэг. /хх-16/,

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Шинэбаяр гэрчээр мэдүүлэхдээ:..

Би өдрийг нь сайн санахгүй байна, сар шинийн баярын яг дараахан байх орой харанхуй болсон байх үед кафе руугаа явах гээд "Бөмбөгөр" төв дээр ирж зогсоол дээр нь Энхболдын машин байхаар нь урд талд нь орж суугаад хүлээж байхад төв зам дээр саарал өнгийн "Приус" маркийн машин зогсоод жолооч залуу нь Баянхошуу гээд орилсон. Тэгэхэд Энхболд би ачиж байна шүү дээ гэхэд нөгөө залуу нь өөдөөс маргалдаад хоёулаа хэрэлдээд байсан. Би машин ирээд зогсохыг нь толинд нь харсан. Жолооч залууг нь сайн анзаарч хараагүй. Энхболдын машин зүүн тийш хараад зогсож байсан юм. Тэгээд нөгөө жолооч залуу Энхболд хоёр хэрэлдээд нэгийгээ янз бүрээр хэлээд байсан. Тэгэж байтал машинд сууж байсан эмэгтэй /сүүлд нэрийг сонсоход Анхтуяа/ буугаад тэр хоёр дээр очоод удаагүй байж байгаад буцаад хоёулаа машин дээрээ хүрч ирсэн ба нөгөө машин ч яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-17/,

 

2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Жаргалбаяр гэрчээр мэдүүлэхдээ:.. Тухайн өдөр ажлаа тараад 20 цагийн орчим л байх гарч Баяхошууныхаа микронд суухад дээрх хоёр хүний микро автобус байсан бөгөөд замынхаа зүүн талд автобусны буудлын харалдаа зүүн зүгрүү харчихсан зогсож байсан. Би ороод хамгийн урд талд нь ороод сууж байхад жолооч нь байхгүй байсан яачихваа явъя гэтэл жолооч залуу нэг залуутай барьцалдаад авчихсан харагдсан. Тэгээд явъя гэтэл жолооч хүрч ирээд явах гэтэл кондуктор эмэгтэй байхгүй болчихсон байсан ба харахад нөгөө залуугийн хажууд буюу нэг саарал машины дотор байсан. Тэгээд намайг харахад нөгөө залуу нь тэр эмэгтэйг машин дотор гэдэсрүү нь өшиглөж харагдсан ба кондуктор наашаа хүрч ирээд нөгөө машин хөдлөөд явсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг. /хх-18/,

 2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2924 тоот актанд:

         1. М.Мөнхзаяагийн биед зүүн чамархайн хуйх, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт, хэвлийнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

         4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт. /хх-20/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-7/, шүүгдэгч Э.Анхтуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-23/, хохирогч М.Мөнхзаяа гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-40, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Э.Анхтуяа нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудлын орчим хохирогч М.Мөнхзаяаг маажиж, биед нь зүүн чамархайн хуйх, хүзүүнд  зулгаралт, цээжинд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Мөнхзаяа, гэрч М.Хонгорзул, З.Энхболд, Э.Анхтуяа, Б.Шинэбаяр, П.Жаргалбаяр нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2924 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Анхтуяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.Мөнхзаяа нь шүүгдэгч Э.Анхтуяагаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөөр овогт Энхбатын Анхтуяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Анхтуяаг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхтуяад оногдуулсан торгох ялыг  2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхтуяа нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5.  Шүүгдэгч Э.Анхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Анхтуяад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ