| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00527/И |
| Дугаар | 302/ШШ2025/00636 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 302/ШШ2025/00636
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж ХХК /гүйцэтгэх захирал О /. Хаяг: У хот, Х дүүрэг, 3-р хороо,200/19, Ж ХХК-ийн байрт үйл ажиллагаа явуулдаг,
Хариуцагч: С . Хаяг: Б аймаг, Ө сум, 2 дугаар багт оршин суух,
Хамтран хариуцагч: Б . Хаяг: Б аймаг, Ө сум, 11 дүгээр багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: З дэлгүүрт авсан барааны үнээс үлдсэн 1,876,260 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ,
Хариуцагч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Хамтран хариуцагч Б д шүүх хуралдааны товыг шүүхээс шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч С , хамтран хариуцагч Б нарт холбогдуулан З дэлгүүрт авсан барааны үнээс үлдсэн 1,876,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч С нь нэхэмжлэгч Ж ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч З нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Энэхүү барааны төлбөр нь хариуцагч С ы 2024 онд авсан барааны төлбөр байсан.
1.2 Авсан барааны төлбөрийн талаар 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч С тай тооцоо нийлэхэд үлдэгдэл нь 1,876,260 төгрөг гарсан. Уг тооцоог тооцооны үлдэгдлийг баталгаагаар хоёр тал харилцан тохиролцож С аас 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлж дуусгахаар болж гарын үсэг зурсан.
1.3 Гэвч хариуцагч С нь тооцооны үлдэгдэл 1,876,260 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй бидний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Тухайн З дэлгүүрийг одоо эхнэр нь болох хамтран хариуцагч Б ажиллуулж байгаа би төлөхгүй, би гэрээс 2025 оны 02 дугаар сард эхнэртэй таарч тохироогүй тусдаа явсан гэж тайлбарлаж байгаа боловч бид нарын нэхэмжилж байгаа барааны үлдэгдэл 2024 онд авсан барааны үлдэгдэл төлбөр байгаа тул хамтран хариуцагч Б аас нэхэмжлэхгүй.
1.4 Манайхаас бараа хүлээж авч, тооцоо хийж байсан хариуцагч С аас барааны үлдэгдэл төлбөр болох 1,876,260 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв.
2.Хариуцагч С ы хариу тайлбар, татгалзал:
2.1.Нэхэмжлэгч Ж ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь надад хамааралгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлдээ дурдсан 1,876,260 төгрөгийн үнэтэй барааг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр З нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр авсан. Тус дэлгүүр нь миний эхнэр Б ы нэр дээр бүртгэлтэй дэлүүр байгаа.
2.2 Нэхэмжлэгчээс авсан барааг хүлээн авч дэлгүүрт байрлуулсны дараа Б бид хоёр хоорондоо муудалцаж одоо тусдаа амьдарч байгаа. 2025 оны 3 дугаар сарын эхээр би гэрээсээ явсан ба одоо эцэг, эхийн гэрт амьдарч байна. Тэрнээс хойш дээрх дэлгүүрийг Б ы ээж Ш ажиллуулж байна. Би гэр орноос явахдаа дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл авч яваагүй дээрх баргааг дэлгүүрт үлдээсэн. Уг нь авсан барааг борлуулж орлогоос нь үнийг төлөх ёстой боловч Б , түүний ээж Ш нар мөнгийг шилжүүлэхгүй байгаагаас дээрх маргаан үүсээд байгаа юм. Өмнө нь дэлгүүрийг миний бие ажиллуулж орсон орлогоос барааны үнийг тухай бүрд нь төлж явдаг байсан.
2.3 Би дээр дурдсан шалтгаанаар гэр орноос явснаас хойш дэлгүүрээс нэг ч төгрөг аваагүй. Анх дээрх барааг авахдаа З дэлгүүрийн нэрээр авсан зарлагын баримтад З дэлгүүрийн нэр бичигдсэн учир үнийг би төлөх ёсгүй. Нэхэмжлэгчээс З дэлгүүрийн нэрээр нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хамтран хариуцагч Б ы хариу тайлбар, татгалзал:
3.1.Миний бие Б нь Ө сумын 11 дүгээр багт байрлах З нэртэй хүнсний дэлгүүрийн эзэн болох нь үнэн болно.
3.2.Тухайн дэлгүүрт холбогдуулан гаргасан Ж компанийн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Уг дэлгүүрийг миний нөхөр болох С д худалдаж авч өгснөөс хойш тасралтгүй сүүлийн хоёр жил орлого, зарлага бараа хүлээн авах, буцаах зэргийг өөрөөр хариуцаж ажиллуулдаг байсан. Би өөрөө төрийн албан хаагч цаг, амралт зэргийг харгалзахгүй (хагас цэргийн зохион байгуулалттай) гэхэд буруутгахгүй байх онцлогтой байгууллагад ажилладаг. Дэлгүүрт анхаарал тавьж орлого зарлага зэргийг мэдээж ханилсан хань минь болохоор хянадаггүй байсан, хянах ч цаг завгүй байсан.
3.3 Өөрийнхөө цалингаасаа байрны зээл, бизнесийн зээлийг тус тус төлдөг байсан. Нөхөр С нь миний дэлгүүрийнхээ л барааг хариуцдаг байсан. 2025 оны 2-р сарын 28-ны өдөр нөхөр гадуур хонодог өдөр дэлгүүрт О бараа гэдэг газраас нэг хүүхэн ирж өнгөрсөн оны 9-р сарын мөнгийг асуусан. Тэгэхэд нөхөр ирэх үед бүх орлого зарлагын падааныг гаргаж тулгалт хийхэд баахан газрын өгөөгүй 20-иод сая төгрөгийн мөнгө байсан. Мөн миний машиныг 10 /арван сая/ төгрөгт барьцаанд тавьсан байсан. Энэ их мөнгийг хашаа үрэн таран хийснийг асуусныхаа төлөө 2 сартай хүүхдээ зулбатал зодуулж, хүү охин хоёртойгоо хаягдсан. Түүнээс хойш хагас жил боллоо. Банк бусад тавьсан машиныхаа 10 сая төгрөг өөрөө төлж машинаа авсан, бас бусад жижиг зээлүүдийг өөрөө төлсөн. Төлсөөр байна.
3.4 Ажлын ачаалал багассан болохоор салах өргөдөлтэйгөө, хоорондын мөнгөнийхөө асуудлыг шийдүүлэхээр шүүхэд өгнө. Тиймээс Ж компаниас нэхэмжилж байгаа мөнгийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
4.Нэхэмжлэгчээс Ж ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус компанийн гүйцэтгэх захирал О ээс 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 171/25 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, хариуцагчаас 2025.06.25-ны өдөр хурлыг хойшлуулах тухай хүсэлт, хамтран хариуцагчаас 2025.07.18-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч С аас барааны үнээс үлдсэн 1,876,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэгчийн хамтран хариуцагч Б д холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч Ж ХХК-иас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч С нь нэхэмжлэгч Ж ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, З нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Авсан барааны төлбөрийн талаар 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч С тай тооцоо нийлэхэд үлдэгдэл нь 1,876,260 төгрөг гарсан. Тухайн З дэлгүүрийг одоо эхнэр нь болох хамтран хариуцагч Б ажиллуулж байгаа тул би төлөхгүй, би гэрээс 2025 оны 02 дугаар сард эхнэртэй таарч тохироогүй тусдаа явсан гэж тайлбарлаж байгаа боловч бид нарын нэхэмжилж байгаа барааны үлдэгдэл 2024 онд авсан барааны үлдэгдэл төлбөр байгаа тул хамтран хариуцагч Б аас нэхэмжлэхгүй. Манайхаас бараа хүлээж авч, тооцоо хийж байсан хариуцагч С аас барааны үлдэгдэл төлбөр болох 1,876,260 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэж тодорхойлжээ.
8.Хариуцагч С нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ....нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 1,876,260 төгрөгийн барааг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр З нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр авсан. Тус дэлгүүр нь миний эхнэр Б ы нэр дээр бүртгэлтэй дэлүүр байгаа. Нэхэмжлэгчээс авсан барааг хүлээн авч дэлгүүрт байрлуулсны дараа Б бид хоёр хоорондоо муудалцаж одоо тусдаа амьдарч байгаа. 2025 оны 3 дугаар сарын эхээр би гэрээсээ явсан ба одоо эцэг, эхийн гэрт амьдарч байна. Тэрнээс хойш дээрх дэлгүүрийг Б ы ээж Ш ажиллуулж байна. Би гэр орноос явахдаа дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл авч яваагүй дээрх баргааг дэлгүүрт үлдээсэн. Би дээрх шалтгаанаар гэр орноос явснаас хойш дэлгүүрээс нэг ч төгрөг аваагүй. Анх дээрх барааг авахдаа З дэлгүүрийн нэрээр авсан зарлагын баримтад З дэлгүүрийн нэр бичигдсэн учир үнийг би төлөх ёсгүй. Нэхэмжлэгчээс З дэлгүүрийн нэрээр нэхэмжлэх ёстой гэж маргажээ.
9.Хамтран хариуцагч Б нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагч С ы тайлбарыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... З нэртэй дэлгүүр нээсэн цагаас хойш нөхөр болох С бараагаа татах, буцаалт, төлөлт зэргийг 100 хувь хариуцаж ажиллуулдаг байсан. 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс гэр бүлийн маргаанаас болж намайг хаяад явсан ба түүнээс хойш нэг ч удаа холбоо бариагүй. Дэлгүүрийг хариуцаж ажиллуулж байсны хувьд бүх асуудлыг хариуцах ёстой тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
10.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ж ХХК-иас хариуцагч С д холбогдуулан нэхэмжилсэн барааны үнээс үлдсэн 1,876,260 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
10.1 Нэхэмжлэгч Ж ХХК-ний Б тооцооны газраас хариуцагч С нь гэр бүлийн З нэртэй дэлгүүрт 2024 оны 01 дүгээр сараас эхэлж бараа худалдан авч, үүнийг дараа нь төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Б ТГ-00 тоот дансны харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон.
10.2 Улмаар талууд 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлэхэд хариуцагч С нь 1,876,260 төгрөгийн өглөгтэй гарсан ба уг мөнгийг 2024 оны 9 дүгээр сарын 03-нд тооцоо хийхээр болж зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож байна.
11.Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Ж ХХК болон хариуцагч С нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Худалдагч Ж ХХК нь бараа худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,876,260 төгрөгийн барааг худалдан авагч С ы өмчлөлд шилжүүлж, эд хөрөнгийг хариуцагч С хүлээн авсан нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.
12.Иймээс худалдан авагч С нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч Ж ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдсан барааны үнээс үлдсэн үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
13.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэж заажээ. Хариуцагч С нь нэхэмжлэгч Ж ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр бараа хүлээн авч, барааны үнээс 1,876,260 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байх тул С болон Ж ХХК нарын хооронд хэлцэл бичгээр хийгдэж эрх үүрэг үүсэн байна гэж шүүх үзлээ.
14.Харин нэхэмжлэгч Ж ХХК нь хамтран хариуцагч Б тай харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хөрөнгө шилжүүлсэн эсэх, мөн хариуцагч С аас З дэлгүүрийн эзэн Б ыг төлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбарын үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдохгүй байна.
15.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С аас худалдан авсан барааны үнээс үлдсэн 1,876,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, хамтран хариуцагч Б д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
16.Нэхэмжлэгч Ж ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,970 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С аас 44,970 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С аас худалдан авсан барааны үнээс үлдсэн 1,876,260 (нэг сая найман зуун далан зургаан мянган хоёр зуун жаран) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жем трейд ХХК-д олгож, нэхэмжлэгчийн хамтран хариуцагч Б д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,970 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С аас улсын тэмдэгтийн хураамжид 44.970 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ