Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Д.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Захд овгийн Доржбатын Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 1711002270421 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овгийн Д.Э, 1969 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Таван сум ХХК-д хамгаалагч ажилтай, Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 45/1 байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 45-17 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ69010112.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр байрны хажууд Д.Сормуусын гар утсан дээрх зургаа үзүүлэх гэж өгсөн Айфоне 5 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн, одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

   Хохирогч Д.Сормуус нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...архи уугаад юм яриад сууж байтал миний утас дугараад утсаар ярьчхаад өөрийнхөө утсан дээрээс аавынхаа нутагт боссон хөшөөний зургийг гаргаад Эрдэнэ-Очирт өгсөн юм. Тэгээд би юм ярьж байгаад Эрдэнэ-Очироос алив ахынхаа утсыг өг гэсэн чинь утас чинь байхгүй ш дээ гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, би сая чамд өгсөн ш дээ гээд гар болон хувцсыг нь барьж үзэхэд Эрдэнэ-Очир гараа ардаа бариад Хангалд дамжуулаад өгчих шиг болсон. Би Эрдэнэ-Очирт утсаа зураг үзүүлэх гэж өгсөн. Хангал харсан үгүйг мэдэхгүй байна. Эрдэнэ-Очир зураг үзээд дууг нь сонсож байсан. Хэсэг хугацааны дараа би Эрдэнэ-Очироос утсаа авах гэтэл тараад явсан. Эрдэнэ-Очирт л би утсаа өгсөн. Эрдэнэ-Очироос л уг утсаа нэхэмжилж байна...” гэжээ /хх-18-20/.

Эд зүйлийн үнэлгээ /хх-13/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37-38/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 124 дүгээр тогтоол /хх-66/, шүүгдэгч Д.Эын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-61/, хохирогч Д.Сормуусын “...Д.Э-оос гар утасны төлбөр буюу хохирлын мөнгө болох 270.000 төгрөг хүлээн авч хохиролгүй болсон. Иймээс Д.Эт холбогд хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх  Чингэлтэй дүүрэг Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр байрны хажууд Д.Сормуусын гар утсан дээрх зургаа үзүүлэх гэж өгсөн Айфоне 5 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Д.Э-ыг бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Д.Э-т ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй болсон буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой байна.

Хохирогч Д.Сормуус нь Чингэлтэй дүүрэг Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлтдээ “...Д.Эоос гар утасны төлбөр буюу хохирлын мөнгө болох 270.000 төгрөг хүлээн авч хохиролгүй болсон. Иймээс Д.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овгийн Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Эт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН