Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 223/ДШМ/47

 

 

 

 

 

 

   2024           5               30                                                  2024/ДШМ/47

 

 

 

Ц.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Прокурор Л.Солонго,

Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Б,

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгдэгч Ц.Дд  холбогдох 2309000001240 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х......... овгийн Ц.............. Д............., .............. аймгийн ............. суманд ............ оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ............ аймгийн .................. сумын Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш ажилтай, ам бүл 1, ...........аймгийн .......... сумын ........дүгээр баг ...........дугаар гудамж ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:ЧП69051160.

Шүүгдэгч Ц.Д нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургуулийг Монгол-Англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2012 онд төгссөн гэх D201215707 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хээх овгийн Цэндсүрэнгийн Дэлгэрмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Шүүгдэгч Хээх овгийн Цэндсүрэнгийн Дэлгэрмааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х...... овгийн Ц........ Д............1 /нэг/ сарын хугацаагаар Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоож,

  Шүүгдэгч Х......... овгийн Ц......... Д............ зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

  Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

  Эрүүгийн 2309000001240 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х........... овгийн Ц......... Д............ энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дгаас 56,929,520 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D201215707 дугаартай диплом нэг ширхийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

  Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хэ.......... овгийн Ц............ Д........... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Би 2004 онд “Удирдлагын Академи”-ийг төгсөж 2005 онд Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд “Нийгмийн ажилтан”-аар ажилд орох хүсэлт тавьсны дагуу тус сургуулийн удирдлага орон нутагт Англи хэлний багшийн орон тоо дутагдалтай, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны зөвшөөрлөөр аймгийн Боловсрол Соёлын газрын дэргэд багш бэлтгэх 1 жилийн эрчимжүүлсэн сургалт зохион байгуулах гэж байгаа тул та тэр сургалтад сурч ирээд Англи хэлний багшаар ажиллах санал тавихад нь би сургалтад суралцан 2006 онд төгсөж ирээд 2007-2009 онуудад Англи хэлний багшаар ажилласан. Англи хэлний багшаар ажиллах хугацаандаа “Англи дууг хэн сайн дуулах вэ” аймгийн аварга шалгаруулах уралдаанд оролцож 10 дугаар ангийн сурагч Л.Тогоодорж 1-р байр, хамтлаг дуу 4-р байр тус тус эзэлсэн. 2012 онд сургуулийн захирал Д.Чулуунбат хэлэхдээ 1 дүгээр ангид элсэн орох хүүхдийн тоо цөөхөн тул 2 бүлэг нээгдэхгүй болох гээд байгаа, чи англи хэл заах эрхтэй учир англи хэлний багшаа хийгээд бага ангийн багш Ц.Дуламсүрэнд “Нийгмийн ажилтан” ажлаа өгчих, захирал нь ийм зохицуулалт дотооддоо хийлээ гэсэн. Тэр үед би 6 жил нийгмийн ажилтан хийчихсэн, “Аймгийн Тэргүүний сурагчдын зөвлөл”-өөр шалгарсан, мөн 2012 онд “Аймгийн Тэргүүний хамт олон”-оор шалгарчихсан би ажилдаа сэтгэл хангалуун байсан. Захирал харин чи яваандаа бакалаврын түргэвчилсэн эчнээ сургалтад суучих гэж хэлсэн. Тэр үед би 2 дахиад дараалаад сурсан болохоор гэр бүлээ орхиод суралцахад хүндрэлтэй байсан тул за би багшлах эрхтэй юм чинь бакалавр зэрэг хэзээ ч хэрэг болоо билээ гэж байтал “Диплом гаргаж өгнө” гэсэн зарууд тухайн үед их явдаг байсан. Худалдаж авах санаа төрж хожим хойно нь ийм үр дагавар гарна гэж хэзээ ч төсөөлөөгүй, энэ үйлдэл нь миний туйлын буруу байсныг ойлгож байгаа. Өнөөдөр би ирэх 5 сард тэтгэвэрт гарах 36 сарын тэтгэмж, 5 жилийн урамшуулал болох 7,500,000 төгрөг, Боловсролын үнэлгээний төвөөс улс орон даяар сурагчдыг нь шалгаж, багшийн ажлын үр дүнг үнэлж, урамшуулал олгох шалгалтад 3-р түвшинд шалгагдсаны 2,000,000 төгрөг зэрэг дээрх санхүүгийн дэмжлэгүүдийг авч чадаагүй. Ажиллах хугацаандаа багшийн мэргэжил дээшлүүлэх орон нутгийн болон үндэсний хэмжээний бүх сургалтад хамрагдаж, мэргэжил арга зүйгээ дээшлүүлж “Заах аргач” зэрэг, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан. 3 удаа ерөнхий элсэлтийн шалгалтад сурагчдаа бэлдэж дундаж оноог 467-502 болгон байнга ахиулж ирсэн, 3 сурагч маань Олон улсын харилцаа чиглэлээр Англи, Герман хэлний ангид, Солонгос, Япон улсад суралцаж байна. Би хоёргүй сэтгэлээр чин сэтгэлээсээ хүүхдийн төлөө ажиллаж байгааг минь сурагчид, эцэг, эхээс авсан сэтгэл ханамжийн судалгаагаар багш нараас 2-т эрэмбэлэгдэж байсан. Миний хамгийн хүнд цохилт бол хоёргүй сэтгэлээр ажиллаж, хүүхэд хохироогоогүй, цалингаас өөр нэмэлт орлогогүй, өрх толгойлсон эмэгтэй зэрэг энэхүү байдал нь 56,000,000 төгрөг төлөх ямар ч боломжгүй үнэн бодит байдлыг минь харгалзан үзнэ үү” гэв.  

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Дгийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Дгаас гаргуулахаар шийдвэрлэсэн 56,929,520 төгрөгийг багасгаж өгнө үү. Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн гомдол саналгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Дд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах шатны гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

4. Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

5. Өмнө нь Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ДШМ/87 дугаар магадлал гарч Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон.

Уг магадлалд мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн хэрэг бүртгэлтийн 220200535 дугаар “хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолоор /1хх-н 01/  бүртгэлийн Г-425 дугаар гомдол, мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2202005352205 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор  Ц.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /1хх-н 123-126/ байх тул түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа хэрэг бүртгэлтийн 220200535 дугаар хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.

Мөн шүүгдэгч Ц.Дгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоох боломжгүй, анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчээс хохирол гаргуулсан нь тодорхойгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс бодит хохиролд тооцон гаргуулсан хохирлын дүн зөв эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдаагүй талаар дүгнэж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр шүүгдэгч Ц.Дд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаасан.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй.

Шүүгдэгч Ц.Дд холбогдох эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд буцаж ирснээс хойш Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 50 хоногийн хугацаагаар хойшлуулж, нотлох баримт цуглуулах, яллах дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгажээ.

Гэтэл прокурор нь өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүйгээр дахин яллах дүгнэлт үйлдсэн байна.

7. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтийн 220200535 дугаар хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эсэх нь тодорхойгүй байгаа нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тодорхой болгож ирүүлэхээр давж заалдах шатны шүүх даалгасныг хийж ирүүлээгүй байна.

8. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дгийн санаатай үйлдлийн улмаас Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд 56,929,520 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэсэн. Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тогтоохдоо ямар нотлох баримтыг үндэслэсэн нь ойлгомжгүй, хохирлыг хэдийгээс хэдий хүртэл тооцсон зэрэг нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг хэрхэн харгалзаж шийдвэрлэсэн, энэ нь үндэслэл бүхий болсон эсэх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

9. Магадлалд заасан мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дгийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

10. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ц.Дгийн гаргасан давж заалдах гомдолд шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

 

                                     ШҮҮГЧИД                                    А.ЦЭРЭНХАНД

                                                                                                  

                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ