| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/04123/И |
| Дугаар | 191/ШШ2025/02699 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/02699
2025 04 01 191/ШШ2025/02699
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, дугаар хороо, Сургуулийн гудамж, тоотод оршин суух бүртгэлтэй боловч Б Н С У Г аймаг, У хот, Г гудамж, б тоотод оршин суух, Ца овогт Чу-ын Өл /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У хот, Ч дүүрэг, дугаар хороо, С гудамж, тоотод оршин суух, Бо овогт Ба-ын Ба /РД:....../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНСУ-ын иргэн YUN CHANEUN, С.На
Хариуцагч Б.Ба
Хариуцагчийн өмгөөлөгч А.Ба
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Өл нь хариуцагч Б.Ба-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ч.Өл нь Б.Ба-тай анх 2009-2010 оны хооронд танилцаж хамтран амьдрах болсон. Хамтран амьдарч байх хугацаанд бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бидний хүү Б.Тө төрсөн.
2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хүү маань 13 настай ерөнхий боловсролын сургуулийн сурагч бөгөөд аавтайгаа хамт амьдардаг. Миний бие 2019 оны 02 дугаар сараас БНСУ-д суралцахаар явсан бөгөөд өнөөдрийг хүртэл БНСУ-д ажиллаж амьдарч байна. Тусдаа байх хугацаанд маш их хэрүүл, маргаан гардаг байсан төдийгүй БНСУ руу явснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа биеэр уулзаагүй.
Цаашид миний бие БНСУ-д үргэлжлүүлэн амьдрах төлөвлөгөөтэй байгаа. Нэгэнт эхнэр, нөхрийн харилцаагүй, бие сэтгэл холдсон тус тусдаа амьдраад 5 жилийн хугацаа өнгөрсөн тул миний бие тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаанд хийсэн уулзалтууд үр дүнд хүрээгүй, цаашид эвлэрэх боломжгүй байсан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28.1.2, 28.1.4-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчид сэтгэл байсан бол холбоо барьж болох л байсан. Уг хүнд сэтгэл байхгүй учраас шалтаг хайж салж байгаа нь үнэн. Болгоё, бүтээе гэсэн бол бүх юм бүтэх байсан. Шалтаг хайгаад салж байгаа хүнийг хорих шаардлагагүй. Элэг бүтэн амьдраад үзье гэж бодож байсан. Өөрөө хичээх хүсэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
3. Хариуцагч Б.Ба нь нэхэмжлэгч Ч.Өл-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид 2009-2010 оны хооронд танилцсан. Талуудын дундаас хамтран амьдрах хугацаанд буюу 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Тө төрсөн. 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн. Хүүхдийн хувьд 14 нас хүрч байна. Амьдралын шаардлагаар эхнэрийгээ БНСУ-д явуулж суралцуулъя, мэдлэг боловсрол олгоё гэдэг асуудлаар бид харилцан ярилцаад явуулсан.
Ч.Өл нь БНСУ-д 5,6 жил болсон. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр ганц нэг удаа ирж, очин байсан. Хүүхэд маань БНСУ руу очиж, ирэх үедээ ирж байсан. Нэгэнт гэрлэлт цуцлуулах шаардлагыг гаргаж байгаа бол хүүхдийн асрамжийг өөртөө авч, хүүхдийн тэтгэлгийг гаргуулах шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
4. Нэхэмжлэгч Ч.Өл нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оноос хойш хүүхэд эцгийн асрамжид байгаа гэдэг дээр маргаангүй. Хүүхэд ээжтэйгээ хэвийн харилцаатай байдаг. Хүү маань амралтаараа БНСУ руу ирж ээжтэйгээ уулзах бүрэн боломжтой. Өөрийнхөө асрамжид авах боломжгүй.
Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлнө. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
5.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-3/
5.2 Эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл /хх-7-8/ зэрэг баримт авагдсан байна.
6. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
6.1 Б.Төийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-42/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Өл нь хариуцагч Б.Ба-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Ба зөвшөөрч, нэхэмжлэгч Ч.Өл-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Өл, хариуцагч Б.Ба-ын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ...Бид 2009-2010 оны хооронд танилцаж хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Тө төрсөн. 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хүү маань 13 настай ерөнхий боловсролын сургуулийн сурагч бөгөөд аавтайгаа хамт амьдардаг. Миний бие 2019 оны 02 дугаар сараас БНСУ-д суралцахаар явсан бөгөөд өнөөдрийг хүртэл БНСУ-д ажиллаж амьдарч байна. Тусдаа байх хугацаанд маш их хэрүүл, маргаан гардаг байсан төдийгүй БНСУ руу явснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа биеэр уулзаагүй. Цаашид миний бие БНСУ-д үргэлжлүүлэн амьдрах төлөвлөгөөтэй байгаа. Нэгэнт эхнэр, нөхрийн харилцаагүй, бие сэтгэл холдсон тус тусдаа амьдраад 5 жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан бол
хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2019 оноос хойш хүүхэд маань эцгийн асрамжид байгаа гэдэг дээр маргаангүй. Хүүхэд ээжтэйгээ хэвийн харилцаатай байдаг. Хүү маань амралтаараа БНСУ руу ирж ээжтэйгээ уулзах бүрэн боломжтой. Өөрийнхөө асрамжид авах боломжгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэж тайлбарлав.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Нэхэмжлэгчид сэтгэл байхгүй учраас шалтаг хайж салж байгаа нь үнэн. Болгоё, бүтээе гэсэн бол бүх юм бүтэх байсан. Шалтаг хайгаад салж байгаа хүнийг хорих шаардлагагүй. Элэг бүтэн амьдраад үзье гэж бодож байсан. Өөрөө хичээх хүсэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэх тайлбар гаргаж,
нэхэмжлэгч талд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Амьдралын шаардлагаар эхнэрийгээ БНСУ-д явуулж суралцуулъя, мэдлэг боловсрол олгоё гэдэг асуудлаар бид харилцан ярилцаад явуулсан. Ч.Өл нь БНСУ-д 5,6 жил болсон. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр ганц нэг удаа ирж, очин байсан. Хүүхэд маань БНСУ руу очиж, ирэх үедээ ирж байсан. Хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлгийг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Ба, Ч.Өл нар нь 2010 онд танилцаж, 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Бо овогт Ба-ын Тө төрж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарсан болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх үүргээ биелүүлээгүй, хоорондын таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оноос тусдаа амьдрах болсон нь гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.
Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй болох нь Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 117 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл болон Б, С, Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 49 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж заажээ.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүйг хэн аль нь илэрхийлж байх тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох боломжтой.
Хариуцагч Б.Ба нь хүү Б.Тө-ийг өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Ч.Өл нь хүлээн зөвшөөрч, тайлбар гаргасан байх тул хүү Б.Тө-ийг эцэг Б.Ба-ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эх Ч.Өл энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг Б.Ба нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг даалгав.
6. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ч.Өл нь дээрх хуулийн дурдсан заалтын дагуу хүү Б.Тө-ийг тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр хүү Б.Тө-т тэтгэлэг тогтоож, эх Ч.Өл-аар сар бүр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгч Ч.Өл болон хариуцагч Б.Ба-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Өл-аас хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 110,067 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасантай нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бо овогт Ба-ын Ба /РД:....../, Ца овогт Чу-ын Өл /РД:......./ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Бо овогт Ба-ын Тө /РД:......./-ийг эцэг Б.Ба-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Б.Төт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эх Ч.Өлаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Өл болон хариуцагч Б.Ба-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Өлаас хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 110,067 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Ч.Өл, хариуцагч Б.Ба нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ