Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00650

 

“И” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00112 дугаар шийдвэртэй

“И” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ц.Мөнхбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Хариуцагч байгууллага Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4, 92 дугаар зүйлийн 92.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 14.3, 14.5, 44.2.1, 44.2.5, 44.2.9, 55.2.2, 55.2.6 дахь заалтуудыг зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг албан бичиг болон мэдэгдлээр манай байгууллагад мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч “И” ХХК-ийн буюу барьцаа хөрөнгийн эзэмшигч компанийн үнийн саналыг албан ёсоор аваагүй. Шинжээч томилох тухай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/294 тоот тогтоолд “Д” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжээч хэн болох, шүүхийн шинжилгээний тухай болон хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн эрх үүргийг тус тус танилцуулаагүй, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, танилцсан хэсэгт шинжээч нь гарын үсэг зураагүй, тамга тэмдэг байхгүй. Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэлд гарын үсэг зуран тэмдэг дарсан боловч он, сар, өдөр, төлбөр төлөгчийн мэдээлэл байхгүй. Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх актад мөн адил он, сар, өдөр, төлбөр төлөгчийн мэдээлэл байхгүй. “С” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчийн үнэлсэн үнэлгээг танилцуулсан мэдэгдлийг өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхзул, Б.Оюунчимэг нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 679 дугаар захирамжаар “С ХХК”, “И” ХХК нараас 927 421 784 төгрөгийг гаргуулж “М” ХХК, “Б” ХХК нарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, гэрчилгээний дугаар 00321459, нэгж талбарын 146001/0073, 18642310947061 дугаартай 1300 м.кв газрыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 21290720/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21290720/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нарт үнийн санал гаргахыг мэдэгдэхэд “С” ХХК, “И” ХХК нараас 10,000,000,000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч 1,000,000,000 төгрөгөөр үнэлж талууд харилцан тохироогүй тул шинжээчээр үнэлүүлэхэд 692 102 616 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад мэдэгдсэн. Шинжээчид эрх үүргийг тайлбарласан. Нэхэмжлэгч “И” ХХК-д үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд компанийн тамга байхгүй гэж тайлбарлаад бичгээр үнийн санал ирүүлээгүй талаар тэмдэглэл үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, гэрчилгээний дугаар 00321459, нэгж талбарын 146001/0073, 18642310947061 дугаартай 1300 м.кв газрыг үнэлсэн “Д” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ц.Мөнхбаатарын давж заалдах гомдлын агуулга: ...Нэхэмжлэгч талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байтал хүсэлтийг хангаагүй, шүүх хуралдааны товыг жич мэдэгдээгүй, мэдээгүй байхад шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэн шийдвэр гаргасан байна. Анх нэхэмжлэл гарган Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн Шинжээч томилох тухай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/294 тоот тогтоол болон холбогдох баримт бичигт “Д” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжээч хэн болох, шүүхийн шинжилгээний тухай болон хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн эрх үүргийг тус тус танилцуулаагүй, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, танилцсан хэсэгт шинжээч нь гарын үсэг зураагүй, тамга тэмдэг байхгүй. Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэлд гарын үсэг зуран тэмдэг дарсан боловч он сар өдөр, төлбөр төлөгчийн мэдээлэл байхгүй. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлэхэд бүгд гарын үсэг, тамга тэмдэг, эрх үүрэг танилцуулсан, 186 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг 221 дүгээр тойрог болгон өөрчилсөн байсан. Мөн шүүх хуралдааны шийдвэртэй танилцахад шүүх хуралдаанд гэрч Ц.Т хэмээн оролцсон байна. Энэ хүн хэн болох, яагаад шүүх хуралдаанд оролцож байгаа талаар тайлбар холбоотой баримт шүүхийн шийдвэрт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ажиллагааг зөвтгөн явуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:... “И” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагдсан хөрөнгийг битүүмжилж, хураан авч, үнийн санал авах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч тус компани тамга, тэмдэг байхгүй гэх шалтгаанаар бичгээр үнийн санал өгөөгүй, амаар саналаа өгсөн. Тус үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг тодруулж өгөх хүсэлт гаргасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Д” ХХК-ийг шинжээчээр томилсон. “Д” ХХК-ийн шинжээч н.Тд эрх, үүрэг тайлбарласан баримт хэрэгт авагдсан ба үнэлгээг хуульд заасны талууп төлбөр төлөгчид мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Нт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ. /хх.1-3, 41-42/

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/00679 дугаар захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК, “Б” ХХК-уудын нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК, “И” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 994,033,334 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч байгууллага 944,033,334 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд, тохиролцсон хуваарийн дагуу төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.60/

 

5. Дээрх захирамжийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 21290720/01 тоот тогтоолоор нэрлэн заагдсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Эд хөрөнгө хураах тухай” 21290720/02 тоот тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураажээ. /хх.66-69/

6. Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, гэрчилгээний дугаар 00321459, нэгж талбарын 146001/0073, 18642310947061 дугаартай 1300 м.кв газар нь “И” ХХК-ийн эзэмшил болох тогтоогдож байна.

7. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч “С” ХХК 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “...Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, гэрчилгээний дугаар 00321459, нэгж талбарын 146001/0073, 18642310947061 дугаартай 1300 м.кв газрыг 10,000,000,000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн албан бичгийг хүргүүлжээ. /хх.70/

8. Хэргийн 71 дүгээр талд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд “...төлбөр авагч “М” ХХК “Б” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, гэрчилгээний дугаар 00321459, нэгж талбарын 146001/0073, 18642310947061 дугаартай 1300 м.кв газрыг 1,000,000,000 төгрөгөөр үнэлсэн” бичгийн баримт авагджээ.

9. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ. /хх.79-87/

 

10. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... “Д” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжээч хэн болох, Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн эрх үүргийг тус тус танилцуулаагүй, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, танилцсан хэсэгт шинжээч нь гарын үсэг зураагүй, тамга тэмдэг байхгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/29 тоот тогтоолоор “Д” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан, мөн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл үйлдэж шинжээч гарын үсэг зурсан байна.  /хх.74-77/

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч шинжээчийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2021/15457 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн, /хх.127-131/ 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд “Д” ХХК-ийн шинжээч Ц.Т гэрчээр оролцсон байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...Шүүх хуралдааны шийдвэртэй танилцахад шүүх хуралдаанд гэрч Ц.Т оролцсон байна. Энэ хүн хэн болох, яагаад шүүх хуралдаанд оролцож байгаа талаар тайлбар, баримт шүүхийн шийдвэрт байхгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

12. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2022/00120 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт үйлдсэн байна. /хх.136-138/ Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, өмгөөлөгч авах эрхийг хангаагүй” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

13. Анхан шатны шүүх Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, гэрчилгээний дугаар 00321459, нэгж талбарын 146001/0073, 18642310947061 дугаартай 1300 м.кв газрыг үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

14. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                 

 

  

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

 

                                             ШҮҮГЧИД                                 Д.БЯМБАСҮРЭН

 

                                                     Ц.ИЧИНХОРЛОО