Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1182

 

 

 

 

 

   2024            10            24                                         2024/ДШМ/1182                   

 

Н.У-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх

хохирогч Д.Э-гийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн,

шүүгдэгч Н.У-а, түүний өмгөөлөгч Б.Ургамалцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/665 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Ургамалцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.У-ад холбогдох 2205011981977 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У,

 

Шүүгдэгч Н.У-а нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж-” лоунжид Д.Э-тай маргалдаж, толгой хэсэгт нь цохих, үсдэх, дарж унах зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.У-аас 677.263 (зургаан зуун далан долоон мянга хоёр зуун жаран гурав) төгрөгийг гаргуулан хохирогч Д.Э-д олгож, шүүгдэгч Н.У-ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Ургамалцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх Н.У-ад холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодитоор дүгнэж чадаагүй, прокурорын зүгээс түүнийг буруутгасан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох...”, “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд ...хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох...” зэрэг зарчимд нийцээгүй байхад тэдгээрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлд нийцээгүй.

Энэ хэргийн тухайд хэрэг “хаана”, “яаж” үйлдэгдсэн байдлыг тогтоож чадаагүй. Тодруулбал, хохирогч Д.Э- шүүгдэгч Н.У-атай барьцалдаж, давхралдан унах үед хугарсан гэж мэдүүлдэг ба тэд барьцалдан давхралдан унасан гэх үйл явдал хаана болсныг тогтоох нь хохирогчид учирсан гэмтэл ийнхүү давхарлан унах үед үүссэн үү? Эсхүл Н.У-а болон Т.Т- нарын мэдүүлснээр гэрч Б.О- Э- нар Лоунжын гадаа давхралдан унах үед үүссэн үү?, гэрч Т.Т- шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгт “Б.О- болон хохирогч Д.Э- нар Ж- лоунжаас гарч явахдаа ямар нэгэн гэмтэл аваагүй байсан” гэж мэдүүлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа энэ байдлыг тодруулах хүсэлт гаргасан боловч хохирогч “хаана”, “яаж” гэмтэл авсан талаар тогтоосон баримт хэргийн материалд байхгүй. Учир нь хохирогч Д.Э-г хаана, яаж гэмтсэн бэ гэх үйл баримтыг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Хэрэгт авагдаад байгаа хохирогч гэх Д.Э-, түүний танил гэрч Б.О-, шүүгдэгч Н.У-а, түүний нөхөр гэрч Т.Т- нарын мэдүүлгээс өөр “хохирогчийн хөл хаана, хэзээ хугарсан” байж болохыг нотлох баримт байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээр дурдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг нь нотлох баримтын хувьд адил хүчин чадал бүхий нотлох баримтууд юм. Шүүгдэгч Н.У-а, гэрч Т.Т- нарын мэдүүлгээр “...Д.Э-, Н.У-а нар Ж- лоунжийн дотор барьцалдаж, давхралдан унасангээд байршлыг заадаг. “Д.Э-, Н.У-а нар хаана, хэзээ барьцалдаж, давхралдан унасан”-ыг тогтоосноор шүүгдэгч Н.У-а, гэрч Т.Т- болон хохирогч Д.Э-, гэрч Б.О- нарын хэнийх нь мэдүүлэг бодит байдалд нийцсэн үнэн зөв мэдүүлэг болохыг тогтоох учиртай байсан. Гэрч О-ын мэдүүлгээр “Т- бид 2 лоунжийн хаалганаас нэлээн зайтай баруун тийш буух шатны ойролцоо явж байсан” гэж мэдүүлдэг. Харин хохирогч Д.Э- “01:30 минутын үед болъё, өндөрлөе гээд бид 4 лоунжны хаалгаар гарсан. Тэгээд би Т-тай хаалганы зүүн талд баахан ширээ сандал хураасан байсны хажууд хэрэлдэж маргалдаад алхаж байсан чинь миний өсгийтэй гутал тухайн модон шалны завсраар ороод гацчихсан зогсож байхад У-а намайг өмсөж байсан куртикээр заамдахад салгах гээд өөрийн хувцаснаас зуурахад хөл гацсан байсан тул хөдлөхгүй миний дээр унасан” гэж тус тус мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх нотлох баримтын хувьд гэрч О-, хохирогч Д.Э- мэдүүлгийг чухал ач холбогдолтойд авч үзсэн. Гэтэл дээрх мэдүүлгүүд нь Т-тай яг хэн, хаана явж байсан, У-а хаана байсан гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Гэтэл шүүгч эргүүлийн цагдаа Бибишийн мэдүүлснээр хохирогч гадаа сууж байсан, гэрч О-ын мэдүүлснээр “гадаа террас дээр хаалганы хажууд дарж унасан”, хохирогч Э-гийн мэдүүлснээр “ зүүн талын сандал ширээ хураасан байсны хажууд байсан”, шинжээч эмч Болороогийн “хөдөлгөөн хийх боломжгүй” гэх байршил тодорхой заах боломжгүй мэдүүлгүүдийг нэг газар байсан мэтээр ойлгож, тайлбарлан яллах дүгнэлт үйлдсэн. Мөн гэрч Т.Т-ын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Золжаргал гэх хүнээр ахлуулсан бүрэлдэхүүн Гэмтлийн эмнэлэг болон хэрэг гарсан гэх Ж- лоунжид очсон байдаг. Энэ хэрэгт хэргийн газрын үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, дуудлагаар болон бүрэлдэхүүнээр очсон цагдаагийн ажилтнууд зургийн аппарат, камераар зураг авч тухайн үеийн нөхцөл байдлыг баримтжуулан авсан гэдэг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу үзлэг хийгээгүй, уг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өмгөөлөх талаас хохирогч болон гэрч Б.О- нар мөрдөн шалгах ажиллагааны явцад “Н.У-а Т.Т- нар хэргийн газрыг орхин зугтаасан, эргүүлийн цагдаа 103-т дуудлага өгсөн гэх” зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үздэг бөгөөд энэхүү үндэслэлээ нотлох баримтын хамт /103-т дуудлага өгсөн лавлагаа, сиди дээр бичсэн дуудлага өгсөн яриа бичлэг/ шүүхэд гарган өгч, шинжлэн судлуулсан боловч шүүх энэхүү нотлох баримт болон өмгөөлөх талын үндэслэлийг үгүйсгэсэн, няцаасан үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Өмгөөлөгч миний зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийг оролцуулах, гэрчүүдийг оролцуулах, гомдол мэдээллийг хүлээн авсан мөрдөгч Э.Золжаргалыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Хэрэгт авагдсанаар гомдол мэдээллийг хүлээн авсан мөрдөгч, ахлах дэслэгч Э.Золжаргалын үйлдсэн тэмдэглэлд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны паб дотор бусдад хөлөө хугалуулсан гэх тэмдэглэл үйлдэн Д.Э- 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гомдол гарган гарын үсэг зурсан байдаг. Гэтэл шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгт гадаа хугарсан гэж зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн газарт нэгэнт үзлэг хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байдлыг нэг мөр тодорхой болгохын тулд хохирогч Д.Э-гаас хэрэг гарсан өдөр өмсөж явсан гутлын талаар буюу 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаар Улсын Дээд Шүүхийн Тогтоолд дурдсан хохирогчид учирсан хохирлын нөлөөллийг тогтоохын тулд гутлын өсгийг тодруулахад хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгөхдөө “...өсгийтэй гутал Ж- лоунжийн гадна талд шатны завсар гацсан байх гэж бодсон...” гэж мэдүүлсэн бөгөөд гутлын өсгийн өндрийг асуухад “...6-7 см орчим өндөр хавар намрын гутал байсан, гутлын өсгий шатны завсар гацсан гэж бодож байна...” гэх мэдүүлгийг өгсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн оролцоогүйгээр хохирогч өөрөө согтууруулах ундаа хэрэглэж, биеэ хянах чадваргүй байх үедээ унаж, бэртсэний улмаас хүндэвтэр хохирол учирсан байж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдүүлсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Н.У-ын үйлдэл нь онолын хувьд гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүгч хэт нэг талыг буюу яллах байх сууринаас буруутган онолыг мушгин халдсан үйлдэл нь тус хүндэвтэр гэмтэл учрахад нөлөөлсөн гэж Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж дүгнэсэн байна. Гэрч Т- луу хохирогч Д.Э- дайрч хоорондоо маш их муудалцаж салахгүй байсан үйлдлийг У-а салгах үйлдэл хийхэд Э- хөл хальтран унасан, энэ нь лоунж дотор дарж унасан процесс болсон талаар Н.У-а мэдүүлсэн байдаг. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо эргүүлийн цагдаа Бибишийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа гэж дурджээ. Эргүүлийн цагдаа очих үед пабын гадна талын террас дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг эмэгтэй хагас суугаа байдалтай хөл нь хугарчихсан мөн нэг эрэгтэй, найз нь гэх эмэгтэй хажуу талд нь байж байсан. Очоод юу болсон талаар асуухад “манай найз хальтираад уначихлаа” гэж хэлж байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл тухайн үед гэрч О- хажууд нь байсан боловч энэ талаар юу ч яриагүй нь тухайн үед Н.У-а хөлийг нь хугалаагүй болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.У-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.У-а тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надаас ганц удаа гэрчийн мэдүүлэг аваад хэргийг шийдвэрлэсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүйн улмаас өнөөдөр би хэрэгтэн болоод явж байна. Хэрэг шийдвэрлэгдэхгүй 2 жил 8 сарын хугацаанд гадагшаа болон хөдөө орон нутаг руу явахдаа хүртэл хотоос гарч болох эсэхээ мэдэхгүй, санаа зовсон байдалтай өдий хүрсэн. Шат шатны шүүх миний гаргаж буй гомдлыг харгалзан үзэж бодитой шийдвэр гаргаж өгөх байх. ...” гэв.

 

Хохирогч Д.Э-гийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт цугларсан нотлох баримтаар У-а нь хохирогч Э-гийн биед хүндэвтэр гэмтэл, хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч О-, Т-, шүүгдэгч У-а, хохирогч Э- нарын мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй гэдэг. Гэтэл хэрэг гарах үед эдгээр хүмүүсээс өөр хүн байгаагүй тул эдгээр хүмүүсийн мэдүүлгийг үнэлэхээс өөр арга байхгүй. Шинжээч эмч хоёр дүгнэлт гаргасан. Эдгээр дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Гэмт хэрэг гарсан газрын талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хангалттай мэтгэлцэж анхан шатны шүүх тодорхой дүгнэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.У-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Ургамалцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Н.У-а нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж-” лоунжны гадна хохирогч Д.Э-тай “хүүхдүүдийг минь доромжиллоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, заамдах, үсдэх зэргээр хохирогчийг дарж унаган улмаар үйлдлээ үргэлжлүүлэн толгойн ар хэсгийг нь шаланд хавсарч цохих зэргээр эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Э-гийн “...би Т-тай хэрэлдэж, маргалдаад алхаж байсан чинь миний өмссөн өсгийтэй гутлын өсгий модон шалны завсраар ороод гацчихсан зогсож байгаад У-а руу харахад намайг өмсөж байсан куртикээр хоолой заамдахаар нь салгах гээд өөрийнх нь хувцаснаас зуурахад хөл гацсан байсан тул хөдлөхгүй миний дээр унасан. Миний баруун хөл шилбэ хэсгээрээ маш хүчтэй өвдсөн. У-а миний гацсан байсан баруун хөл дээр гишгэсэн байх гэж бодож байна. ...давхралдаад газар унасан. У-а дээр гарсан байсан учир хоолойг минь боогоод эхэлсэн. О- бид хоёрыг ирж салгах гэхэд Т- О-ын араас нь тэврээд явуулахгүй байсан. Тэгээд хувцсаар энгэр зөрүүлж боогоод байхаар нь би өөдөөс нь тэмцэлдээд гарыг нь тавиулахад миний үснээс зуураад шаланд толгойн ар хэсгийг минь хавсарч цохиж байхдаа маш чангаар орилоод байсан. ... миний баруун хөл хөдөлгөөнгүй болсон байсан Тэр байдлаа У-ад хэлэхэд миний хөлийг хугарсан гэдгийг мэдээд Т-тай гараад явчихсан. Тухайн үед миний гар утас олдохгүй, О-ын утас цэнэггүй байсан. ...ойр хавийн хүмүүс цагдаа дуудсан юм шиг байсан, цагдаа нар орж ирээд түргэн тусламж дуудсан. ...” /1хх 14-16/,

гэрч Б.О-ын “... Э- эгч Т-тай муудалцаад хэрэлдээд л, урьдын асуудлаа яриад байсан. ...цагийг нь сайн санахгүй байна хувцсаа өмсөөд дөрвүүлээ зэрэг гарсан. Яг пабнаас гарах явцад Э-, Т- нар дахин хоорондоо хэрэлдээд байсан. Нэг ойлгомжгүй согтуу яриагаар хэрэлдээд яваад байсан. ...би Т-ын хамт баруун талд нь гарч зогссон. Араас У-а Э-гийн хамт хаалгаа түгжих гээд гарч ирсэн. Тэгсэн гэнэт У-а эгч “чи миний хүүхдүүдийг хараадаг хэн бэ” гэж орилсон. Намайг эргэж харахад У-а эгч Э-гийн дээр хувцасны хоолой хэсгээс нь зүүн гараараа заамдаад баруун гараараа зүүн чихний арын хэсгийн толгойны үснээс татаад дээр нь унаж байсан. Тэгээд дээрээс нь 2 гараараа дараад “чи миний хүүхдийг хараадаг хэн бэ” гэх үгсийг давтаж хэлээд орилоод байхаар нь би салгах гээд ойртоход миний араас У-а эгчийн нөхөр Т- намайг тэврээд явуулахгүй байсан. Би Т-т “энэ хоёрыг салгая” гэхэд “байж бай, Э- шангаа хүртэж байгаа юм” гээд байсан. Би гарыг нь тавиулах гээд зууралдаж байхдаа Э- эгчийг харахад У-а дээр нь хэвтсэн байрлалтай, модон шалан дээр толгойн арын хэсгээр нь хавсарч 15-20 секундийн хугацаатай цохиод байсан. Гэтэл Э- эгч “хөөш У-а, миний хөл хугарчихаад байна шүү дээ” гээд хэвтээд байсан. ...Би очиж У-ыг хойш нь татаж салгаад холдуулсан. Э- эгч “миний хөл хугарчихлаа, чи яаж байгаа юм бэ У-аа түргэн дуудаарай” гэж орилсон. Би түргэн дуудах гэсэн боловч миний гар утас унтарсан, Э- эгч утсаа олохгүй байсан. Тэр хооронд Т-, У-а нар гараад явчихсан. 5-10 минутын дараа цагдаа орж ирсэн. ...” /1хх 19-21, 231-232/,

гэрч Д.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...дуудлага өгсөн газар очиход тухайн пабын гадна талын террас дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг эмэгтэй хагас суугаа байдалтай хөл нь хугарчихсан /эргэчихсэн/ мөн нэг эрэгтэй, найз нь гэх эмэгтэй хажуу талд нь байж байсан. ...” /2хх 150-152/,

шинжээч О.Болороогийн “...баруун шилбэний шаант болон тахилзуур ясны гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Шилбэний шаант тахилзуур ясны улмаас цус хуралт үүснэ. ...Баруун шаантын хугарал, шилбэ, тавхайн цус хуралт нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Харин тархи доргилт гэмтэл нь дангаараа нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” /2хх 122-123/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Д.Э-гийн биед учирсан баруун шилбэ, тавхайн цус хуралт нь шаант болон тахилзуур ясны хугаралтай хамт нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102 дугаар дүгнэлт /2хх 152-154/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.У-а ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Н.У-ын хохирогч Д.Э-г заамдах, үсдэх явцдаа түүнийг дарж унаган толгойн ар хэсгийг нь шаланд хавсарч цохих зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Ургамалцэцэгийн “...Н.У-а нь хохирогч Д.Э-гийн хөлийг хугалаагүй, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдээгүй тул Н.У-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Д.Э-гийн “...миний өмссөн өсгийтэй гутал модон шалны завсраар ороод гацчихсан зогсож байгаад У-а руу харахад У-а намайг өмсөж байсан куртикээр хоолой заамдсан. Тэгэхээр нь салгах гээд өөрийнхөө хувцаснаас зуурахад хөл гацсан байсан тул хөдлөхгүй миний дээрээс унасан. Тэгээд баруун хөлийн шилбэ хэсгээр маш хүчтэй өвдсөн. У-а миний гацсан баруун хөл дээр гишгэсэн байх гэж бодож байна. ...” /1хх 14-16/, гэрч Б.О-ын “...У-а эгч Э-гийн дээр хувцасны хоолой хэсгээс нь зүүн гараараа заамдаад баруун гараараа зүүн чихний ар хэсгийн үснээс татаад дээр нь унаж байсан. ...Т- намайг тэврээд явуулахгүй байсан. ...У-а эгч орилоод заамдаж дээрээс нь дарж унасан, тэгээд баруун хөл нь шилбээрээ хугарсан. ...” /1хх 19-21/, гэрч Т.Т-ын “...гараараа хувцаснаас нь татахад Э- газар унахад эхнэр дээрээс нь давхралдаж унасан. ...” /1хх 29-31/, Н.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...гал тогооны хаалганы гадна талд би Э-гийн энгэрээс зуурсан чигээрээ унасан, тухайн үед Э- өсгийтэй гуталтай байсан учир хальт гишгэсэн байх, би энгэрээс нь заамдсан байдалтай унасан.  ...” гэсэн мэдүүлгүүд, “...Д.Э-гийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл, баруун шаант ясны хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4501 дүгээр дүгнэлт /1хх 34-35/, “...Д.Э-гийн биед учирсан баруун шилбэ, тавхайн цус хуралт нь шаант болон тахилзуур ясны хугаралтай хамт нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102 дугаар дүгнэлт /2хх 152-154/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудтай тохирсон ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Н.У-а, хохирогч Д.Э- нар нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Д.Э-гийн гутлын өсгий шалны завсар гацсан байхад Д.У-а түүн рүү дайрч хувцсаар хоолойг нь боож заамдан дарж унан Д.Э-гийн эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтогдож байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогч руу довтлохдоо хувцаснаас нь зуурах, заамдах зэргээр хүч хэрэглэснээс тэнцвэр алдан унагаасан үйлдэл, үүний улмаас хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй шалтгаан холбоотой гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.У-ын өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол, хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн, мөн уг гэмт хэрэг “Ж-” лоунжийн гадна үйлдэгдсэн болох нь хохирогч Д.Э-, гэрч Б.О-, Д.Б шинжээч эмч О.Болороогийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд хэрэв лоунжийн дотор талд хохирогчийг дарж унагаан тус гэмтлийг учруулсан тохиолдолд хохирогч босож явах хөдөлгөөн хийхгүй буюу лоунжны гадна талд гарах боломжгүй ба хэргийн газар анх очсон цагдаагийн алба хаагчийн “лоунжны гадна талд хохирогч хагас суугаа байдалтай хөл нь хугарчихсан байж байсан. ...” гэсэн мэдүүлэгтэй нийцэж байгааг дурдсан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ургамалцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Ургамалцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/665 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Ургамалцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Т.ШИНЭБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН