Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00681

 

“В” СӨХ-ны  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00353 дугаар шийдвэртэй

“В” СӨХ-ны  нэхэмжлэлтэй хариуцагч П.Од холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,889,102 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогтбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Угийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: П.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, В хотхоны 478 дугаар байрны 45 тоот орон сууцны өмчлөгч, оршин суугч бөгөөд, 2020 оны 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөр болох 2,889,102.65 төгрөгийг төлөөгүй болно. “В” СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн тогтоолоор 2020, 2021 онд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг бууруулж баталсан. Иймээс уг бууруулсан зардлын хэмжээгээр П.Оээс СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт 2,889,102.65 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогтбаярын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Тус СӨХ дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоогүй. Нийт 155 айлын орон сууц атал ашиглалтад ороогүй орон сууц, талбайд ногдох төлбөрийг анхнаасаа 81 орон сууц өмчлөгчид тооцсон. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тухайн асуудлыг бүх гишүүдийн хурлаар өнөөдрийг хүртэл хэлэлцэн шийдвэрлээгүй. Мөн тус хуулийн 7.2.2-д зааснаар холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж баталж байгаагүй. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр СӨХ-ны 2020 оны 08 дугаар сарын 31-ний байдлаарх айл өрхөөс авах авлага, тайлан гэсэн мэдээллийг бас СӨХ-ны “homebook”-ээр өгсөн, уг тайланд байгаа айл өрхийн төлбөл зохих төлбөрийг 155 айлд хуваахад нэг айл өрхөд дунджаар 92,656 төгрөг гарч байгаа. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасан баталгааны хугацаанд дундын өмчлөлийн хуримтлал авах үндэслэл байхгүй, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын холбогдох хуулийн 9.5 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн хурлын шийдвэр гаргаж байгаагүй. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар СӨХ-оос манайхыг төлбөрийн зөрчилгүй айл өрхөд байгааг мэдээлж байсан. СӨХ-ны “homebook”-ыг шинэчилж байна гээд 2021 оны 07 дугаар сард мэдээллийг устгасан. Тэгээд 2021 оны 10 дугаар сард сууц өмчлөгчид бид 95 хүний гарын үсэгтэй, бүх гишүүдийн хурал хуралдуулах, төсөв, тайлан, зардлыг хэлэлцэх тухай албан шаардлагыг тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл бүх гишүүдийн хурлыг хуралдуулахгүй байсаар байна. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй.  Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл хэдийгээр зардлыг бууруулсан гэх тогтоолыг гаргаж зардал нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, уг төлбөрийг төлөх хууль эрх зүйн үндэс бүрдээгүй болохыг тайлбарлаж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Од холбогдуулан Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,889,102.65 төгрөг гаргуулах тухай В СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,176 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч “В” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Зтын давж заалдах гомдлын агуулга: ... Нэхэмжлэгч “В” СӨХ-оос П.Од холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,889,102.65 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “В” хотхоны оршин суугчдын анхдугаар хурлын 19/03 дугаар тогтоолоор баталсан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын дагуу нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг тайлбарлах нь зүйтэй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна. Өөрөөр хэлбэл бид нэхэмжлэлийн шаардлага гаргаад хэргээ шийдүүлсэн атал шүүхийн шийдвэр дээр “дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй” гэж бичсэн үндэслэлээр бидний нэхэмжлэлийг анхан шатны шүүх дахин хүлээн авах нь эргэлзээтэй, дээрх хуулийн заалт саад болох буюу хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч талаас шударгаар хандаж оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар тогтоосон өндөр үнийн дүнг буулгах оршин суугчдын хүсэлтүүдийг үндэслэн ковид цар тахлын үед 2 удаа СӨХ-ны төлбөрийг бууруулсан шийдвэрийг үндэслэн багасгасан үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасан байхад шүүх хариуцагчаас анх тогтоосон үнийн дүн буюу өндөр үнийн дүнгээр нэхэмжлээрэй гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь шүүхийн хуульд нийцээгүй, хууль зөрчсөн гэж дүгнэсэн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн тогтоолуудтай хэн ч маргаагүй буюу эдгээр шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага ч гаргаагүй байхад шүүх санаачилгаараа хууль бус болох талаар дүгнэх нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогтбаярын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:... “В” СӨХ үүсгэн байгуулагдсанаас хойш анхны хурал болон өнөөдрийг хүртэлх байдлаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал болон нийтийн орон сууцны дундын өмчлөл эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 9 дүгээр зүйлийн 9.5, 16 дугаар зүйлд заасны дагуу СӨХ-ны үйл ажиллагааны төсөв, тайлан өнөөдрийг хүртэл хэлэлцэж батлагдаагүй, тогтоол шийдвэр байхгүй байгаа. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр СӨХ-ны дүрэм, гэрчилгээ, анхны хурлын тэмдэглэл, ирцийн мэдээ зэргийг гаргаж өгсөн материал хавтас хэрэгт авагдсан болохоос албан ёсны тогтоол, шийдвэрүүд байхгүй. Хэрэгт авагдсан тогтоол, шийдвэрүүд нь он, сар, өдөр болон тоо дугаарын хувьд бүгд зөрүүтэй байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцээгүй. Удирдах зөвлөлийн шийдвэр гэж хоёр шийдвэрийг гаргасан. Удирдах зөвлөл нь одоогоор хуульд заасан бүрэн эрхээр энэ хуваарилах зардлыг тогтоох бүрэн эрхгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасан мөрдлөг болгосон зардал мөнгө одоогоор тогтоогдоогүй, бүх гишүүдийн хурлын шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Иймд анхан шатны шүүхийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1903 тоот тогтоолоор баталсан, нэхэмжлэлд дурдсан зардлыг гаргахад уг шийдвэрт саад болохгүй гэсэн тайлбар байгаа. Энэ тайлбарыг нэмж хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          1.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            3. Нэхэмжлэгч “В” СӨХ нь хариуцагч П.Од холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,889,102 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1, 30, 61/

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч засвар, үйлчилгээний зардалд 2020 оны 7-12, 2021 оны 1-8 дугаар сар хүртэлх хугацааны 2,889,102.65 төгрөгийг төлөөгүй” гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн зардлыг бууруулсан гэх тогтоолоор зардал нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй” гэж тус тус тайлбарласан байна.

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т “ сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох эрхтэй” гэж тус тус заасан.

6. Хэргийн 42 дугаар талд “В” СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/01 дугаар тогтоол авагдсан, уг тогтоолд “...сууц өмчлөгчдийн холбооний тогтмол зардал 147,000 төгрөг, хувьсах зардал 180 төгрөг, нэг авто зогсоолд ногдох төлбөр 15,000 төгрөг байхаар тогтоож үйл ажиллахаа явуулах, ...ирц 80%, санал 75%-р баталгаажив” гэж заасан байна.

7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

8. Дээрх тогтоол нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт нийцээгүй байна. Тодруулбал, “В” СӨХ-ны Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд зардал хуваарилах эрх хуулиар олгогдоогүй байхад засварын зардлыг сууц өмчлөгчдөд хуваарилсан нь хууль зөрчсөн гэж үзнэ.

9. Иймд анхан шатны шүүх “В” СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч П.Од холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,889,102.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

10. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, хууль зөрчсөн гэж дүгнэсэн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн тогтоолуудтай хэн ч маргаагүй буюу эдгээр шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага ч гаргаагүй байхад шүүх санаачилгаараа хууль бус болох талаар дүгнэсэн” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,176 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ОЮУНХАНД

 

                                                 ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

             Ц.ИЧИНХОРЛОО