Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 768

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Б.А, Б.П, тэдгээрийн өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Б.П нарт холбогдох 1706 00000 0145 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 19  оны 09 сарын 22-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй “Форвард моторс” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн  хороо, Алтан-Өлгийн  дугаар гудамжны  тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б А /РД:НУ

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 0 сарын -ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Т аймгийн  сумын  дугаар баг, Тамга нуурын 3 дугаар гудамжны 64 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 507 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 13 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1411 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Шөвгөр гэх хочтой, Б овогт Б П /РД:

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.А, Б.П нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 1 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух Б.Амаржаргалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж гэрт нэвтрэн орж 32 инчийн Самсунг маркийн Лед зурагт, Самсунг маркийн ДВД тоглуулагч, агаарын олон суваг баригч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг хулгайлан авч нийт 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пын өгсөн: “Б.П: 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр энэ хэрэг үйлдэгдсэн. Тухайн өдөр өөрийн төрсөн дүү Б.Атэй 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад нэлээн согтсон байсан. Согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Яллах дүгнэлттэй маргах зүйл байхгүй байна. Энэ хэргийг би хийгээгүй гэж маргах зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.5-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амаржаргалын өгсөн: “... 2017оны 10 сарын 12-ны өдөр намайг гадуур ажилтай явж байхад манай хажуу айлын охин Алтанчимэг над руу утсаар яриад танай гэрийн хаалгыг эрэгтэй, эмэгтэй 2 хүн эвдээд гэрээс чинь зурагт, ДВД тоглуулагч, зэргийг хулгайлаад аваад явах гэж байна... цагдаа бариад авлаа гэж надад хэлсэн... Эд зүйлсээ хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.21-23, 97/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтанчимэгийн өгсөн: “... 2017 оны 10 сарын 12-ны өдөр 15-16 цагийн орчим гэртээ байж байхад манай 4 настай хүүхэд орж ирээд ямар нэгэн зүйл дохиогоор ээжээ хаалга гээд хаалга заагаад байсан, тэгэхээр нь гадагшаа гартал манай баруун талын хөрш айл Амаржаргалын гэрт цэнхэр өнгийн дээлтэй 50 орчим насны эрэгтэй, мөн 50 орчим насны бор өнгийн куртиктэй, хар өнгийн цүнхтэй 2 хүн орчихсон зурагт болон ДВД тоглуулагч суваг баригчийг нь аваад гарч байсан... цагдаа дуудчихсан шүү гэхэд авсан эд зүйлээ шидчихээд хашаанаас гараад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.32-33/,    

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.44-45/,

Шинээр гаргаж өгсөн эмнэлэгийн тодорхойлолт, Б.Аийн 2 хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбарууд, нийт 4 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.А, Б.П нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 1 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух Б.Амаржаргалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж гэрт нэвтрэн орж 32 инчийн Самсунг маркийн Лед зурагт, Самсунг маркийн ДВД тоглуулагч, агаарын олон суваг баригч төхөөрөмж зэрэг 340,000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг хулгайлж авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амаржаргалын өгсөн: “... 2017оны 10 сарын 12-ны өдөр намайг гадуур ажилтай явж байхад манай хажуу айлын охин Алтанчимэг над руу утсаар яриад танай гэрийн хаалгыг эрэгтэй, эмэгтэй 2 хүн эвдээд гэрээс чинь зурагт, ДВД тоглуулагч, зэргийг хулгайлаад аваад явах гэж байна... цагдаа бариад авлаа гэж надад хэлсэн... Эд зүйлсээ хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.21-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтанчимэгийн өгсөн: “... 2017 оны 10 сарын 12-ны өдөр 15-16 цагийн орчим гэртээ байж байхад манай 4 настай хүүхэд орж ирээд ямар нэгэн зүйл дохиогоор ээжээ хаалга гээд хаалга заагаад байсан, тэгэхээр нь гадагшаа гартал манай баруун талын хөрш айл Амаржаргалын гэрт цэнхэр өнгийн дээлтэй 50 орчим насны эрэгтэй, мөн 50 орчим насны бор өнгийн куртиктэй, хар өнгийн цүнхтэй 2 хүн орчихсон зурагт болон ДВД тоглуулагч суваг баригчийг нь аваад гарч байсан... цагдаа дуудчихсан шүү гэхэд авсан эд зүйлээ шидчихээд хашаанаас гараад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.44-45/,

Шүүгдэгч Б.А, Б.П нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.А, Б.П нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхээр завдсан байх бөгөөд тэдгээрийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.А, Б.П нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.А, Б.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдах” гэмт хэргийн үндсэн шинж болон “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Б.Амаржаргал нь гэмт хэргийн улмаас хулгайд алдсан эд зүйлсээ биет байдлаар нь хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.А, Б.П нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.А, Б.П нарын “Бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч бүлэглэн хулгайлахыг завдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.А, Б.П нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Б.Ат тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хэмжээний хорих ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Пт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Б.А, Б.П нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Б.П нь 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1411 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан боловч 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан уг ялаас өршөөн хэлтрүүлсэн гэж үзэхээр байна.

Б.Ат оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Б.Пт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Б.Пын 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулж тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Б.Аийн асрамжинд байгаа түүний төрсөн 2 охин буюу 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, 14 настай, Боржигон овогт Алтанцэцэгийн Анужин, 2008 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эмэгтэй, 10 настай, Олхонууд овогт Цогтсайханы Нандин-Эрдэнэ нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Б овогт Б А, Боржигон овогт Б П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч бүлэглэн хулгайлахыг завдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ат 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Пт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Ат оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Б.Пт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Пын урьд нь цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулж тооцсугай.

5. Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Б.А урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Амаржаргал нь хулгайд алдсан эд зүйлсээ биет байдлаар нь хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар, Б.Аийн асрамжинд байгаа түүний төрсөн 2 охин буюу 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, 14 настай, Боржигон овогт Алтанцэцэгийн Анужин, 2008 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эмэгтэй, 10 настай, Олхонууд овогт Цогтсайханы Нандин-Эрдэнэ нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А, Б.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР