Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1183

 

 

 

 

   2024            10           24                                        2024/ДШМ/1183

 

                                                Г.Г-од холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2403003390432 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г-,

 

Шүүгдэгч Г.Г- нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун урд уулзвар дээр “Нino” загварын ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэж, 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэж, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Ц.М-гийн жолоодон явсан “Nissan note” загварын **** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч М.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Г-ыг  “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд  тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Г.Г- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-оос 9.620.266 (есөн сая зургаан зуун хорин мянга хоёр зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулан хохирогч С.Э-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-оос 9.384.008 (есөн сая гурван зуун наян дөрвөн мянга найм) төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.М-д тус тус олгож, шүүгдэгч Г.Г-од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн анхаарал болгоомжгүй, санаандгүй үйлдлээсээ болж зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулж, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нь надад хүнд тусаж байгаа тул ялыг багасгаж өгнө үү. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зам тээврийн осол болох үед хамт явсан иргэн С.Э-д эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол болох шүүхээс тогтоох 9.620.266 төгрөгийг, Ц.М-д учруулсан эд хөрөнгийн хохирол болох 9.384.008 төгрөгийг төлж барагдуулж хохиролгүй болгоно. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Г- нь Хөдөө аж ахуйн их сургуулийн 5 дугаар курсийн оюутан. Энэ жил төгсөх курст суралцдаг. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан нь төгсөх курсийн оюутанд тохиромжгүй, хичээлээ давтах, шалгалтаа өгөх хугацаатай нь давхцаж байна Г.Г- нь хөдөө орон нутагт оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод сурдаг. Мөн суралцахын хажуугаар ажил хийж сургалтын төлбөрөө өөрөө олдог. Иймд нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар сольж өөрчилж өгнө үү. Г.Г- нь гэм буруу дээрээ маргаагүй. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Хохирлыг яагаад төлөөгүй гэхээр хохирогчоос эхлээд машин авч өг гэсэн. Хохирогчид машиныг нь авч өгсний дараа хохирогчийн талаас энэ машиныг чинь авахгүй гэснээс асуудал үүссэн. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассаныг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Г- нь хэргийн газрыг орхиж зугтаасан. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй. Тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн орлогогүй тул торгох ял оногдуулах боломжгүй. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийдвэр гүйцэтгэгчтэйгээ ярилцаад хичээл орох цагаасаа зөрүүлээд зохицуулах боломжтой. Анхан шатны шүүх үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Г-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Г- нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун урд уулзвар дээр “Нino” загварын ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” , 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” г, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Ц.М-гийн жолоодон явсан “Nissan note” загварын **** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч М.Э-гийн эрүүл мэндэд баруун хацар, ясны хугарал, зүүн чамархайн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хоёр бугалга, хоёр шуу, баруун хөх, хэвлий, хоёр шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Э-гийн “..Гэмтлийн эмнэлгийн доод гэрлэн дохион дээр ирээд уулзвар нэвтрээд ортол урдаасаа хойшоо чиглэлтэй нэг том оврын тээврийн хэрэгсэл гарч ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн зүүн тал руу мөргөсөн. Нэг сэрсэн түргэн тусламж ирчихсэн байсан. ...Осол болох үед тухайн тээврийн хэрэгслийг хараагүй. ...” /хх 15/,

 

иргэний нэхэмжлэгч Ц.М-гийн “...1 дүгээр хорооллын арын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байгаад ГССҮТ-н баруун урд гэрлэн дохиотой уулзвар дээр ирж ...3 машины ард зогсоод ногоон гэрэл асахаар нь зогсож байсан машинуудын араас хөдөлсөн чинь уулзварын гол хэсэгт ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй ачааны машин гэрэл дохио зөрчөөд ороод ирэхээр нь тоормос гишгээд зогсоох арга хэмжээ авсан чинь тухайн ачааны машин миний машины урд хэсгийг мөргөөд шууд яваад өгсөн. ... Ослын улмаас миний машины буруу талын урд суудал дээр сууж явсан манай эхнэр Э- урд талын салхины шил мөргөж гэмтсэн. ...” /хх 29/,

 

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Ц-ы “...миний төрсөн эгчийн хүү А аав, ээж нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авч өгөх үедээ миний нэр дээр авч байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхгүй хүн. ...манай дүү А Г- гэх хүнд жолоодох зөвшөөрөл олгосон гэж байсан. ...” /хх 36, 39/,

 

гэрч Б.А-ийн “...манай найз Г.Г- нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны 19 цагийн үед надаас юм зөөх гэсэн юм гээд миний “Нino” загварын ******** улсын дугаартай  ачааны машиныг гуйж авсан. 05 дугаар сарын 24-ний өглөө Г.Г- над руу залгаад “чиний машинтай явж байгаад машин шүргэчихлээ” гэж хэлэхээр нь “гайгүй юу” гэж асуухад “гайгүй байхаа” гэхээр нь би “за за” гэж хэлээд утсаа тасалсан. ... “Нino” загварын ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай эгч Ц-ы нэр дээр байдаг боловч эзэн нь би байгаа юм.  ...” /хх 44/,

 

Г.Г-ын яллагдагчаар өгсөн “..уулзвар нэвтрэхэд гэрлэн дохио шар өнгөтэй байсан. ...Харагдах орчин муу бөгөөд гэрэлтүүлэг унтарсан байсан. ...Миний зүгээс он адил машин авч өгөхөөр тохиролцож, очиж үзүүлэхэд өөрөө зөвшөөрсөн. Нөгөө машиныг нь авчихаад байж байтал би хүнд үзүүлье гэж хэлээд хажууд байсан засварын хүнд үзүүлэхэд манайх үзэх боломжгүй гэж хэлэхээр нь нөгөө хүн авахгүй гэж хэлээд яваад өгсөн. ...” /хх 112/,

 

“...С.Э-гийн биед баруун хацар, ясны хугарал, зүүн чамархайн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хоёр бугалга, хоёр шуу, баруун хөх, хэвлий, хоёр шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 7270 дугаар дүгнэлт /хх 59-60/,

“...Жолооч Г.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9, 12.3.1.3-т тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоосон. ...” Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 966 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 99/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/, тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийн талаарх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 70-71, 80-81/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Г- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Г.Г- нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.М-гийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хохирогч М.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Г- “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөг хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг 720 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Учир нь, шүүгдэгч Г.Г- нь шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 19.004.274 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч тухайн илэрхийлэл нь бодитой хэрэгжих эсэх, шүүгдэгчийн уг хүсэл зориг, хандлага хэрхэн нотлогдож буйг хангалттай нотлож чадаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл хохирлыг хэрхэн төлөх эсэх нь тодорхойгүй, шийтгэх тогтоол гарснаас хойш хохирол, хор уршгийг бүрэн арилгах арга хэмжээ аваагүй, идэвхи санаачилга гаргаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Т.ШИНЭБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН