| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0399/э |
| Дугаар | 431 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч А.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ядамдорж овогт Аюурсэдийн Анхбаярт холбогдох эрүүгийн “1811006250441” дугаартай, 186/2018/0399/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, аавын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 11-145 тоотод оршин суух бүртгэлтэй, 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Ядамдорж овогт Аюурсэдийн Анхбаяр /РД: ХИ86083075/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч А.Анхбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдрөөс 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжинд иргэн Э.Цэвээн-Очиртой маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж биед нь дээд уруул, дух, баруун нүдний зовхинд хаван, цус хуралт, шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч А.Анхбаяр нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:....мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Цэвээн-Очирын:..Би ганцаараа гараад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 18 дугаар гудамжинд байдаг гэрлүүгээ харих гээд алхсан. Ингээд гудамжинд явж байтал нэг залуу хажуугаар зөрж өнгөрсөн. Тэгтэл гэр залуугийн араас нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирээд би эрэгтэй залуутай нь маргалдсан. Би нилээд их согтолттой байсан болохоор яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан тэр залуу ирээд миний нүүрлүү алгадаад намайг газар унагаасан. Ингээд би босоод зугтаасан ба дээшээ очоод би согтуу байсан болохоор арай араас хүрээд ирэхгүй байх гэж бодоод тэгээд ч жаахан айлгах санаатай газраас чулуу аваад нөгөө залууруу шидсэн. Тэгсэн чинь нөгөө залуу миний араас хөөгөөд гүйгээд ирсэн. Ирээд мөн л намайг нүүрлүү цохиод газар унагаагаад зодсон. Тэгтэл араас нь мөн нэг залуу нь хүрээд ирсэн, гэхдээ тэр сүүлд ирсэн залуу нь намайг зодсон эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан нөгөө намайг хөөж ирээд зодсон залууг одоо яв гээд салгаад явуулсан. Ингээд нөгөө сүүлд ирсэн залуу намайг хөөж, ирээд зодсон залууг аваад явсан ба би босоод хажуу айлдаа ороод цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх 13-15/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Батцэцэгийн:...Би нөхөртэйгээ хамт алхаж байтал урдаас хар хөх өнгийн куртиктэй. куртикнийхээ малгайг өмссөн нэг эрэггэй гараад ирсэн. Тэр залуу бид хоёртой зөрөхдөө миний зүүн талыг мөрлөөд гарсан. Гэтэл манай нөхөр тэр залууг чи яаж яваад байгаа юм, тойроод гарахгүй юу гээд хоорондоо маргалдсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаад авчихсан болохоор нь би салгасан. Гэтэл нөгөө залуу гудамжны дээшээ яваад өгсөн. тэгээд бид хоёрын араас чулуу шидээд байсан чинь манай нөхөр араас нь очсон. Тэгэхээр нь би Шинэбаярыг дуудаад араас очсон. Шинэбаяр, Анхбаярыг салгаад гудамж уруудаад ирсэн. Бид 3 төв замруу ороод такси бариад Нарантуул-2 захын зүүн талд байх Хурцгэрэлийн гэрт очсон гэх мэдүүлэг. /хх 29-30/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3053 тоот актанд:
1. Э.Цэвээн-Очирын биед дээд уруул, дух, баруун нүдний зовхинд хаван, цус хуралт, шархтай гэмтэл тогтоогдлоо.
2. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг гэсэн дүгнэлт. /хх-34/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-8/, шүүгдэгч А.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, хохирогч Э.Цэвээн-Очирын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх 13-14/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч А.Анхбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдрөөс 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжинд иргэн Э.Цэвээн-Очиртой маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж биед нь дээд уруул, дух, баруун нүдний зовхинд хаван, цус хуралт, шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Цэвээн-Очир, гэрч Б.Зоригоо, Р.Шинэбаяр, яллагдагч А.Анхбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3053 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Анхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.Цэвээн-Очир нь шүүгдэгч А.Анхбаяраас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Анхбаярын цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хорих ялын 1 хоногийг 15000 төгрөгөөр тооцож түүнд оногдуулах хорих ялаас 30.000 төгрөгийг хасч тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ядамдорж овогт Аюурсэдийн Анхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Анхбаярыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Анхбаярыг шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож түүний ялаас 30.000 төгрөгийг хасч тооцон нийт 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Анхбаярт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Анхбаяр нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч А.Анхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Анхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ