Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 403

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч А.Нямсүрэн,

  шүүгдэгч Б.А/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Цэвээнжав овгийн Бямбасүрэнгийн Амартүвшинд холбогдох эрүүгийн 1811000000459 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овгийн Б.А, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн сүлжээний инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Могул сервис энд саппорт ХХК-д системийн админ ажилтай байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 42 дугаар байрны 41 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар УХ91122739.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо нутаг дэвсгэр Доргио баарны орчимд эргүүлийн цагдаа Х.Амантайг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Х.Амантайгийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Х.Амантай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгээд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Доргио баарны зүүн хойд тал эргүүлийн жолооч, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Одбаярын хамт машинт эргүүл хийж явахад 5 залуу хоорондоо зодолдоод байхаар нь машинаасаа буугаад хүүе юу болж байна гэхийн завдалгүй очих гэтэл зодуулж байсан хар фудволктой, бараан өнгийн өмдтэй, хүзүүн дээрээ шивээстэй залуу босч ирээд муу сайн цагдаа нар гээл шууд миний уруул руу цохихоор нь би хойшоо болоод зайгаа барьсан чинь ахиж үсэрч ирээд миний уруул руу цохихоор нь хамт явж байсан цагдаа Б.Одбаяр бид хоёр нийлж байгаад дээрээс нь дарж авсан. Түүнтэй ноцолдож байгаад баруун гарын дунд хуруу, ядам хурууг тулгаж гэмтээсэн. Тэгээд саатуулахад хүлээлгэж өгчхөөд гомдолтой байгаа өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед тэр залууг наашаа чиглээд гүйхээр нь эхлээд авраарай гээд гүйж байна гэж бодтол муу сайн цагдаа нар, та нарыг бүгдийг нь ална гээд духны баруун талд гараа атгаж байгаад нэг удаа, ам руу нэг удаа цохиж, дээд урд талын шүднүүдийг гэмтээсэн. Миний духны баруун талд хавдсан, урагдсан, дээд шүднүүд хөдөлчихсөн, дээд уруулын дотор тал сэтэрсэн байна...” гэжээ /хх-7-8/.

              Гэрч А.Ууганбаяр мэдүүлэхдээ: “...Мөнх-Очир, Амартүвшин, Энх-Амар, Батзориг бид нар гараад барилгачдын талбай чиглээд явж байтал та нар намайг цагдаад барьж өгөх гэж дуудсан юм байна гээд Мөнх-Очир руу дайрахаар нь би хойноос нь татаад газар суулгахад цагдаа нар машинаас бууж ирэхэд та нар намайг барь барь гээд гараа цагдаагийн өмнөөс өгсөн. Энэ үед би гар утсаа үлдээчихсэн болохоор караоке руу орчихоод ирэхэд цагдаа машинд суу гээд цагдаагийн байгууллагад авчирсан. Амартүвшин нэг цагдааг зодсон гэсэн. Тэр цагдааг харахад уруул нь бага зэргийн хавдсан байсан...” гэжээ /хх-10-11/.

              Гэрч Б.Мөнх-Очир мэдүүлэхдээ: “...Амартүвшин, Ууганбаяр, Энх-Амар нар барилгачдын талбай руу, цаана нь цагдаагийн машин зогсож байсан газар руу чиглээд явж байхаар нь араас нь Батзоригтой очиход Амартүвшин надаас тамхи байна уу гэхээр нь би бухимдуу байхгүй гэж хэлэхэд өөдөөс май шүү гээд салаавч гарахаар нь зөрүүлээд салаавч өгсөн. Намайг эрүү хэсэгт цохиход Амартүвшинг Ууганбаяр ах татаад хавирч унагаад араас өвдөглөөд газар суулгачихсан байхад цагдаагийн машинаас хоёр цагдаа гарч ирээд юу болж байна гэтэл Амартүвшин газраас босч ирээд хоёр цагдаагийн нэгийг нь шууд цохиод авсан. Тэгтэл хажууд байсан цагдаа нь шаардлага тавихад шаардлагыг нь биелүүлээгүй. Энэ үед Амартүвшинг цагдааг цохихоор нь яаж байгаа юм болдоо гээд гайхаад зогсож байсан. Тэгтэл дахиад бүхээгтэй машинтай цагдаа нар ирээд Амартүвшинтэй нилээн ноцолдож байгаад авч яваад саатуулсан...” гэжээ /хх-13-14/.

              Гэрч Г.Батзориг мэдүүлэхдээ: “...Цаанаас хоёр цагдаа ирээд Ууганбаярын гараас барихад Амартүвшин газраас босч ирээд нэг цагдааг шууд цохиод хоёр цагдаагийн үгэнд орохгүй ноцолдоод байсан. Дахин нэмэлтээр цагдаа нар ирээд Амартүвшин, Ууганбаяр, Энх-Амар нарыг аваад явсан. Амартүвшин цагдаа нарын үгэнд орохгүй нэг цагдаагийн нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон...” гэжээ /хх-15/.

              Гэрч Б.Энх-Амар мэдүүлэхдээ: “...цагдаа нарыг ирэхэд Амартүвшин газраас босоод нэг цагдаагийн нүүр хэсэгт цохиод авсан. Амартүвшин цагдаа нартай ноцолдоод тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байхдаа цагдаагийн хаана нь цохьсныг мэдэхгүй байна...” гэжээ /хх-16/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №5832 дугаар дүгнэлтэд: 

“1. Х.Амантайгийн биед дух, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэжээ /хх-19/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ань 2018 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо нутаг дэвсгэр Доргио баарны орчимд эргүүлийн цагдаа Х.Амантайг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Х.Амантайгийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №5832 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Б.Амартүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Мөн шүүгдэгч Б.Аял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3.150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Х.Амантай нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт “...Эмчилгээний зардал болох 600.000 төгрөг авсан нь үнэн болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүсэж байна...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Амартүвшинг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ань энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц  овгийн Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Амартүвшинд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН