Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/42

 

*******т холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Бамбадорж                                  Нарийн бичгийн дарга                                            Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2421000000191 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2000 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, “*******”-ний ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дулаан” зочид буудалд хохирогч *******тай маргалдан улмаар толгойн тус газар нь шилэн аяга шидэж түүний эрүүл мэндэд чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 88,050 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөг нийт 3,388,050 /гурван сая гурван зуун наян найман мянга тавин/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож,

Хохирогч ******* нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөх болно. Миний ээж ******* нь тахир дутуу, осолд орж хөл муутай болсноос хойш даралт нь байнга ихсэж, байнгын эмчийн хяналтанд байдаг. Хол явах чадваргүй, уначих гээд байдаг. Ах маань асардаг байснаа больж Улаанбаатарт барилгын компанид туслах ажилтнаар ажиллаж байгаа. Миний бие дэлгүүрт худалдагчаар ажиллаж ээжийгээ асардаг. Их хэмжээний төлбөр төлөх болсон. Сардаа 800,000 төгрөгийн цалинтай.

Иймд 240 цаг нийтэд тустай ажил хийх ялыг өөрчилж торгуулийн ялаар сольж өгнө үү. Миний бие хохирогчдоо 3,388,050 төгрөг бас төлөх ёстой. Нэг сар ч гэсэн ажлаа хийж өр төлбөрөө төлөх зорилготой байна. Торгуулийн ялыг багаар оногдуулж өгнө үү. Би ямар ч байсан ял хариуцлагаа эдэлж хохирлоо төлнө.

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, өөртөө дүгнэлт хийж, дахин ийм асуудал хэзээ ч гаргахгүй байх болно. Надад итгэж ялыг минь өөрчлөн надад боломж олгоно уу.” гэжээ.  

Прокурор М.Бамбадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх үед ч байнга архи ууж мөрдөгч, төрсөн ээж хоёр нь хайж явдаг байсан. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа байдал ажиглагдсан учраас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Хохирогчоос уучлалт гуйдаггүй, хохирол төлбөрөө төлдөггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүндрэл учруулж ирсэн. Тиймээс прокурорын зүгээс ёс суртахуунд нь тохирсон ялаар шийтгэх саналыг гаргаж, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд нь тохирсон гэж үзэж байна. Давж заалдах журмаар гаргасан гомдолдоо бусдад 3,388,050 төгрөгийн төлбөртэй талаар дурдсан. Энэ төлбөрөө ч төлж барагдуулаагүй байж дахин торгуулийн ялаар шийтгүүлэх санал гаргаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******т холбогдох эрүүгийн 2421000000191 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дулаан” зочид буудалд хохирогч *******тай маргалдан улмаар толгойн тус газар нь шилэн аяга шидэж, түүний эрүүл мэндэд чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

- хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ ...2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ******* гэгч нь Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дулаан” зочид буудлын 6 тоот өрөөнд миний толгойн тус газарт шилэн аяга шидэж миний биед хөнгөн зэргийн хохирол учруулсан. Харин гэмтлийн зэрэгт хамаарахгүй бусад гэмтлүүдийг *******, нар нь учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14х/,

- гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд найз , нарын хамт “Дулаан” гэх буудалд орсон. Ингээд бид ганц пиво уусан. Гаднаас миний зүс таних хүүхэн архи уусан байдалтай ганцаараа орж ирсэн. Ингээд пивоноос нэг татчихаад гараад явсан. Тэгснээ удаагүй дахиад 2 хүүхэн дагуулаад ороод ирсэн. Тэгээд хамт пиво уугаад сууж байснаа дахиад тай маргалдаад байхаар нь цагдаа дуудчихаад буцаад орж ирэхэд гийн толгойноос цус гарч байсан бөгөөд над руу хар футволктой бүдүүн хүүхэн стакан шидчихлээ гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

- гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Бид нар дахин “Дулаан” буудлын 6 тоотод очиход , , нар байж байсан бөгөөд нь бид нарыг хэл амаар доромжлоод байхаар нь ******* хуванцар аяга аваад руу шидсэн боловч оноогүй. Тэгээд шаазан аяга аваад гийн толгой руу нь шидсэн. Ингээд бид нар бөөндөө гадагшаа гараад хэсэг маргалдсан бөгөөд нь намайг үсдээд байсан. Тэгээд цагдаа ирээд бид нарыг салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-22-23х/,

- гэрч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... гэгчтэй дахин маргаан үүсгэх үед ******* эгчийн толгойн тус газарт шилэн аяга шидчихсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,

- Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Миний хувьд Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дулаан” гэх зочид буудлын өрөөнд хохирогч *******гийн толгойн тус газарт шилэн аяга шидэж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь үнэн. Маргааны үед алга болсон гэх ээмэг, гар утасны дэлгэцний хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоосон тэмдэглэлтэй санал нийлж байна. Хохирогч *******тай уулзаж хохирлыг нь барагдуулах талаар харилцан тохиролцоно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44х/,

- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 263 тоот дүгнэлт. /хх-ийн 34-35х/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6х/,

- хохирогч *******гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 7х/,

- хөрөнгийн үнэлгээний “Бан хас” ХХК-ийн монетон ээмэг, гар утасны дэлгэцний үнэлгээ /хх-ийн 26-30х/,

- эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33х/,

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50-52х/,

- хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 56х/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

4. Шүүгдэгч *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дулаан” зочид буудлын 6 тоот өрөөнд хохирогч *******тай маргалдан улмаар түүний толгойн тус газар нь шилэн аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын газраас шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

7. Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөг, баримтаар нэхэмжилсэн хохирогчийн эмчилгээний зардалд 88,050 төгрөг, нийт 3,388,050 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******д олгож, гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8. Шүүгдэгч ******* “ ... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, өөртөө дүгнэлт хийж, дахин ийм асуудал хэзээ ч гаргахгүй байх болно. Надад итгэж анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг торгох ялаар солихгүй.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ГАНЧИМЭГ

 

                 ШҮҮГЧИД                                                         Г.УРТНАСАН

 

                                                                                         Ц.ЭРДЭНЭЗУУ