| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2026/0223/З |
| Дугаар | 128/ШШ2026/0459 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2026/0459
2026 05 11 128/ШШ2026/0459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.О******* /РД:ИЦ*******/;
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хооронд үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, С.Э*******, Б.У*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн М.О*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* тоот тушаалыг хууль бус тул хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговрыг нөхөн олгуулах” гэж тодорхойлсон.
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн М.О*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* тоот тушаалыг хууль бус тул хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж тодруулсан.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/202 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дотоод хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хяналт шалгалтыг хийсэн.
2.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэхэд Ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч М.О*******ыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, Ёс зүйн дэд хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 6.12.5-д заасны дагуу мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 7.1.9, 7.1.10, 8.2.4, Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.8.1, 2.10.6 дахь заалтыг тус тус зөрчсөн тул ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэжээ.
2.3.Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар М.О*******ыг холбогдох хуульд заасан хориглох заалтыг зөрчиж удирдлагаас өгсөн үүргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй нь дотоод хяналт шалгалт болон байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгож төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
2.4.Ингээд нэхэмжлэгч нь хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн "М.О*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай" ******* тоот тушаалыг хууль бус тул дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно" заасны дагуу шууд шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр хандаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газын даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн "Албан томилолтоор ажиллуулах тухай" А/202 тушаал гарсан гээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 12 дугаар сарын 01, 02-ны өдөр гэнэт ирж хяналт шалгалт хийсэн. Дээрх албан томилолтоор ажиллуулах болсон шийдвэр болон удирдамжийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас огт мэдэгдэж танилцуулаагүй, ямар хэмжээ хязгаарын дотор хяналт шалгалтыг хийх талаараа огт мэдэгдэлгүйгээр 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шалгалтын бүрэлдэхүүн гэнэт орж ирсэн.
Дээрх маргаан бүхий ******* тоот тушаалын үндэслэл болсон "... удирдлагаас өгсөн үүргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй нь дотоод хяналт шалгалт болон байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон" гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн болно.
2026 оны 01 сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хороонд ажлаас чөлөөлөх болсон үндэслэл тус бүрт доорх няцаалт, тайлбарыг гаргасан.
1.Миний бие М.О******* нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хууль, журамд заасны дагуу өргөдөл хүсэлтээ гаргахдаа Хятад Улсын Хөх хотод эмчилгээ оношилгоонд хамрагдах тухай бичиж хууль ёсны дагуу чөлөө авсан.
2.Намайг үзлэг оношилгоонд явах тухай албан хаагчид мэдсэн байсан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хэлтсийн шуурхай зөвлөгөөн дээр хэсэг албан хаагчдаас бүртгэлийн байгууллагын 85 жилийн ойн хүрээнд үзлэг оношилгоонд хамрагдъя гэсэн хүсэлт гаргасан. /тэмдэглэлийг хавсаргав/
3.Албан хаагчдын санал хүсэлтийг судалж, ажил үүрэг нь тасалдахгүй хэвийн үргэлжлэх боломжтой эсэхийг нягталж танилцуулах үүргийг 2 тасгийн дарга бөгөөд ахлах бүртгэгч нарт өгсөн.
4.Тасгийн дарга нар ажил тасалдаж чирэгдэл учрахгүй, ажлаа хэвийн явуулах орлон ажиллах албан хаагчид байгаа тухай танилцуулсан.
5.Байгууллагын "Хөдөлмөрийн дотоод журам"-д заасны дагуу эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах хүсэлт гаргасан албан хаагчдад 5 хоногийн чөлөөг, чөлөө олгох хуудсаар олгосон./Хөдөлмөрийн дотоод журмын 8.9/
6.Бүртгэлийн байгууллагын 85 жилийн ой, Улсын бүртгэлийн байгууллагын төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр, хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болон албан хаагчдын хүсэлтийн дагуу албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулсан.
7.Албан хаагчдыг үзлэг оношилгоонд хамруулах хугацаанд ажил үүргийн чирэгдэл гарсан эсэх, ажил тасалдаж хэн нэгнийг чирэгдүүлсэн эсэхэд хяналт тавихад тийм зүйл болоогүй.
8. аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хийсэн дотоод хяналт шалгалтын мэдээлэлд дурдсан шиг нуусан мэдээлэл байгаагүй, аялал зугаалгаар яваагүй бөгөөд хэт нэг талыг барьсан ташаа мэдээлэл байна.
9.Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2585 дугаартай "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтийг танилцуулаагүй гэдэг үндэслэлээр намайг буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэг албан тушаалтны эрх, үүрэгт хэлтсийн дарга шууд оролцож Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг танилцуулах үүрэг хүлээгээгүй байдаг. Дүгнэлтийг нуусан дарсан гэдэг өрөөсгөл дүгнэлт нотолгоог өгсөн албан хаагч нь худал мэдээ мэдээллийг өгсөн байхад, нягталж шалгахгүйгээр хэт нэг талыг барьсан урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Миний бие хууль тогтоомжийг баримтлан ажил үүргээ гүйцэтгэдэг болно.
10.Албан хаагчдын чөлөөний хуудас, эрүүл мэндийн оношилгооны хуудас, хэлтсийн шуурхай хурлын тэмдэглэл, даргын эзгүйд орлон гүйцэтгэх ажилтны хийх ажлын удирдамж хавсаргав.
Жич. Үзлэг шинжилгээний хуудас нь албан хаагч бүрд харилцан адилгүй /18-32/ хуудас учир ерөнхий хэсгийг хавсаргав
11.Эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдсан албан хаагчид нь сэтгэл зүйн ханамжтай бөгөөд эрүүл мэндийн хувьд санаа зовнилгүй болсон байна.
12.Манай хэлтэс удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар олон хуулийг мөрдөж ажилладаг. аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2009 оноос эхлэн ажилласан бөгөөд, 2015 оноос даргаар томилогдон ажиллахдаа хуулиар хүлээлгэсэн үүрэг болон удирдлагаас өгсөн үүргийг ягштал биелүүлж ажиллаж байсан бөгөөд жил бүрийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 87 хувиас дээш хувиар үнэлэгдэж ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн."... удирдлагаас өгсөн үүргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно.
Мөн, дотоод хяналт шалгалтаар ирсэн шалгалтын бүрэлдэхүүн нь хэт 1 талыг барьж, хэн ямар зорилгоор хэзээ бичиж явуулсан нь тодорхойгүй, утасны бичлэг сонсгож, хүний хувийн нууцад хууль бусаар халдаж, сэтгэл зүйн дарамт учруулсан төдийгүй цайны цаггүйгээр хяналт шалгалт явуулсныг эс зөвшөөрч, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалуулсан "хүний хувийн халдашгүй эрх"-д халдаж нууцаар бичлэг хийсэн үйл баримтыг /тухайн утасны бичлэгийг хэн хийж Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан тухай эх сурвалжийг заахгүйгээр/ үндэслэл болгон хяналт шалгалт явуулсныг эс зөвшөөрч аймгийн Цагдаагийн газарт хандсан байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Иймд дээрх маргааныг Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар шударга шүүхээр шүүлгэхээр хандаж байна” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрвээ нэхэмжлэгч алдаа дутагдал гаргасан байна гэж үзлээ гэхэд шууд ажлаас халах хэмжээний нөхцөл тооцогдохгүй. Нотлох баримт шинжлэн судлахтай холбоотойгоор нэхэмжлэгч өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй, холбогдох хууль болон төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд 2 ба түүнээс дээш анх болон давтан гаргасныг харгалзан үзэж гэсэн байдаг. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон журамд үүнийг заасан байдаг. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, тасралтгүй үйлчлэх зарчимтай байдаг. Мөн төрийн албаны залгамж халаа гэж байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, эрх бүхий этгээд солигдох болгонд бусад хэлтсийн удирдах албан тушаалтан солигдох ёсгүй гэж үзэж байна. Тогтвортой байх ёстой. Анхнаасаа нэхэмжлэгч энэ шалгалт орж ирнэ гэдгийг мэдэж байсан. Энэ шалгалт нэхэмжлэгч рүү чиглэнэ гэдгийг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, ийм зүйл болно, ажлаас халах гэж байна гэдэг мэдэж байсан. Ийм зүйл төлөвлөгдсөн байсан. Нэхэмжлэгчид 55 нас хүрээд тэтгэвэрт гарах эрх нь үүсэж, өөрөөр хэлбэл, 60 нас хүртэл ажиллах эрхтэй. Эрүүл мэндийн шалтгаантай байсан тул тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөхийг хэлж байсан. Үүнтэй холбоотой маргаан бүхий тушаал гарснаар нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох, төрийн албаны нэмэлт баталгаа, холбогдох үндсэн баталгаа, 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах эрхүүд нь хөндөгдөж байна. Үүнийг хариуцагч анхаарч үзэлгүйгээр шууд шийдвэр гаргасан. Хариуцагч талаас маргаан бүхий тушаалтай холбоотой нэг шийдвэрүүдийг ярьж байна. Хүсэлт болон холбогдох баримтууд нь маргаан бүхий тушаалаас хойш гарсан байна. Шүүхээр нөхөн гүйцэтгүүлэх гэсэн холбогдох баримтууд байгаа. Маргаан бүхий тушаалд алдаа гаргасан тул үүнийг өөрчилж алдаагаа зассан байна. Энэ нь аудитын дүгнэлтүүдээр тогтдог. Үүнийг маргаан бүхий акт гарсны дараа шалгалтаар тогтоосон. Хэрвээ холбогдох хяналт шалгалт хийгээд шүүгчийн тодруулсан, асуусан зөрчлүүд гарсан байсан бол энэнтэй холбоотой хяналт шалгалтыг хийх ёстой. Холбогдох журмын заалтууд байгаа гэж хэлж байсан. Холбогдох тайлбар, мэдүүлэг, энэнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөх боломж бололцоог нь олгож, бодит нөхцөл байдлыг буюу Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлээс 27 дугаар зүйл хүртэлх ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийх ёстой. Хяналт шалгалтыг хийхдээ нэхэмжлэгчээс дурдсан гурван зөрчлөөр асуулт асууж байгаа. Үүнтэй холбоотой хэрэгт авагдсан бүх нотлох баримт шинжлэгдсэн судалсан. Илтгэх хуудас, удирдлагын шийдвэр гэж байдаг. Илтгэх хуудасны ард талын хэсэг дээр мөн тушаалын үндэслэлүүд дээр байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын чиглэлүүд байдаг. Түр чөлөө олгохгүй гэсэн заалт нь нотлох баримт шинжлэн судлахад гарч ирээгүй. Хэрвээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын чиглэл байлаа гэж бодоход энэ нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль холбогдох журамтай нийцсэн байх ёстой. Энэ журамтай нийцээгүй чиглэл буюу хүнд түр чөлөө олгох эрхийг нь хязгаарласан бол үүнийг биелүүлэх шаардлагагүй байдаг. Ёс зүйн дэд хорооны дүгнэлт анхнаасаа хууль бус, гишүүдээ анхнаасаа сонгоогүй байсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актыг шинжийг агуулж байна. Бид нар хөөн хэлэлцэх хугацаатай байгаа тул маргахгүй байгаа. 30 хоногтоо буюу хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэхээр бол тэр дүгнэлтийг эхлүүлсэн дүгнэлтүүдийг өөрсдөө хийх бүрэн боломжтой болсон байгаа. Холбогдох шийдвэрүүд нь анхнаасаа гарах ёсгүй байсан. Мөн процедурын алдаа гарсан. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрүүдийг гарсан байгаа талаар би хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаал, үндэслэлийн тухайд:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны А/202 дугаар тушаалаар баталсан Ажлын хэсгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн " аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дотоод хяналт шалгалт хийсэн тухай" 1/440 дугаартай илтгэх хуудсаар дараах үйл баримтуудыг илрүүлсэн байна.
1. аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.О******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 8.8, 8.9-т заасны дагуу хувийн чөлөө авах хүсэлтээ бичгээр холбогдох албан хаагчид гаргасан байх ба энэ өргөдөл, хүсэлтдээ албан үүргийг нь орлон гүйцэтгэгч болох О. Ү нь "хамт явна" гэх зэрэг тайлбарыг тайлбарлаагүй бөгөөд Тамгын газрын дарга түүнд дээрх журмыг баримтлан Чөлөөний хуудсаар 5 хоногийн цалинтай чөлөөг 2025 оны 10 дугаар сарын .... өдөр баталгаажуулж олгосон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны ******* дугаар "Албан хаагчийг түр эзгүйд түүний албан үүргийг орлон гүйцэтгэх албан хаагчийн нэрсийн жагсаалтыг батлах тухай" тушаалын хавсралтаар тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.О*******ыг түр эзгүйд тус хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч О.Ү нь албан үүргийг орлон гүйцэтгэх үүрэг хүлээсэн байдаг.
Тус хэлтсийн хамт олны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан хуралд "Улсын бүртгэлийн байгууллагын 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Хөх хотод очиж эмнэлэгт үзүүлэх" санал гаргасныг хамт олон зөвшөөрч, нэр бүхий 12 албан хаагчид 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 5 хоногийн хугацаатайгаар БНХАУ-ын Хөх хот эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар явсны нэг нь тус хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч О.Үгийн чөлөөний хуудсыг М.О******* баталгаажуулсан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын дээрх тушаалыг зөрчиж М.О*******, О.Ү нар нь хамтдаа улсын хилээр нэвтэрсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", 39.1.2-т "албаны эрх мэдлээ хэтрүүлэх" гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.2 "Орон нутгийн газар, хэлтсийн дарга холбогдох хууль тогтоомж, байгууллагын даргын гаргасан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэхээр нэгжийн үйл ажиллагаатай холбоотой тушаал гаргаж, удирдамж, төлөвлөгөө батална", 3.4-т "Байгууллагын даргын гаргасан тушаал, албан даалгавар, үүрэг чиглэл, Даргын зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилтэд Тамгын газар болон орон нутгийн газар, хэлтсийн дарга хяналт тавьж, биелэлтийг байгууллагын даргад тухай бүр танилцуулна", 3.9-т "Байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ажлын байрны дэг журмыг хангах асуудлыг Тамгын газар, орон нутагт нэгжийн дарга хариуцан хэрэгжүүлнэ" гэж зохицуулсныг тус тус зөрчсөн байна.
Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Монгол Улс улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь төрийн өмч байна", 9.5-т "Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, цахим сүлжээ үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй байна", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т "Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивын хувийн хэрэгтэй улсын байцаагч, улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгчээс бусад этгээд танилцах, улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгчээс бусад этгээд өөрчлөлт, баяжилт хийхийг хориглоно" гэж хуулиар улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгчид улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн санд нэвтэрч өөрчлөлт, баяжилт хийх эрхтэй албан хаагч бөгөөд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн "Төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны нэрийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай" А/15 дугаар тушаалын хавсралтаар өөрийн хэлтсийн 17 албан хаагчдыг баталсны 10 албан хаагчид (улсын ахлах бүртгэгч О.Ү, С.Ж, улсын бүртгэгч Б.М, Н.Т, Г.Н, О.С, Д.Б, Б.Б, Ж.Д, Ж.Ө нар) чөлөөний хуудсаар чөлөөг олгосон нь доорх хууль, журмыг зөрчсөн байна.
Тус хэлтсийн нэр бүхий 10 албан хаагч (улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгч, Ахлах нягтлан бодогч)-д Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-т "хуульд өөрөөр заагаагүй бол хувийн хэргээр гадаад улсад зорчих тохиолдолд байгууллагадаа урьдчилан бичгээр мэдээлэх" хуульчилсныг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/841 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Улсын бүртгэлийн байгууллагын нууц хамгаалах журам"-ын 8.8.6-т заасны дагуу нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан "албаны болон хувийн хэргээр гадаад улсад зорчих тохиолдолд Ерөнхий газрын даргад Гадаад улсад зорчих хүсэлт Маягт 23-аар урьдчилан гаргаж, ирсний дараа Гадаад улсад зорчсон тухай илтгэх хуудас Маягт 24-ийг Нууц хамгаалах ажилтанд өгөх" гэж заасныг, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 6.4.19-т "гадаад улсад богино, урт хугацаагаар /албан ажлын болон хувийн хэргээр/ зорчих тохиолдолд нэгжийн дарга, байгууллагын нууц хамгаалах ажилтанд урьдчилан мэдэгдэх" гэж тус тус хууль тогтоомжид зохицуулсныг хэрэгжүүлээгүй байгааг онцолж байна. Энэ үйлдэл нь түүнийг Төрийн албаны тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.2-т "албаны эрх мэдлээ хэтрүүлэх" гэж заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл заалтыг зөрчсөн нь батлагдаж байгаа юм.
2.Хяналтын улсын байцаагч Б.Шын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2585 дугаартай "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтанд танилцуулаагүй нь тус хэлтсийн дарга М.О******* нь өөрийн авга дүү буюу өөрийн төрсөн ах Аын охин (Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч) А.Г Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахгүй байх зорилгоор албан тушаалын эрх мэдлээ ашиглан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлээгүй, А.Гт давуу байдал бий болгосон нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д "хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", 8 дугаар зүйлийн 8.2.4-д "албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах" гэснийг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, тус хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч А.Г нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж иргэн С.Б*******ын гадаад паспортын бүртгэлийг бүртгэхдээ өөр иргэний зурган мэдээллийг оруулан 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 0091 дугаарт бүртгэж, улсын бүртгэл хөтөлсөн бүртгэлийг хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2585 дугаар "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтээр тогтоож, энэ дүгнэлтийн 2-т "улсын бүртгэгч А.Гт Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчиж албан үүрэгтэй хайнга хандсан тул Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл оногдуулах саналыг хүргүүлж байна" гэсэн атлаа улсын байцаагчийн дүгнэлтийг хяналтын улсын байцаагч Б.Ш, хэлтсийн дарга М.О******* нар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газарт, Иргэний улсын бүртгэлийн газарт хүргүүлэхгүй нуун дарагдуулсан үйл баримтыг дотоод хяналт шалгалтаар тус тус илрүүлсэн.
аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.О*******, хяналтын улсын байцаагч Б.Ш нарыг ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлын талаарх байгууллагын дотоод хяналт, шалгалтаар илэрсэн мэдээ, баримтын мэдээллийг байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга С.Оээс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гишүүн Б.Д*******д Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 3.1.3 дахь заалтын дагуу дээрх мэдээллийг хуваарилсны дагуу шалгаад танилцуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар дүгнэлтээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.О*******ыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, Ёс зүйн дэд хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор баталсан "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-ын 6.12.5-д заасны дагуу мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 7.1.9, 7.1.10, 8.2.4, Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-ний 2.8.1, 2.10.6 дахь заалтыг тус тус зөрчсөн тул ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-т "Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 5.15-т "Албан хаагч энэхүү журамд заасан "зөрчил" гаргасан тохиолдолд Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулна." гэснийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т "төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
2.Иргэн М.О*******ын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан "... Улсын бүртгэлийн ерөнхий газраас 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр гэнэт ирж хяналт шалгалт хийсэн. шалгалтын бүрэлдэхүүн гэнэт орж ирсэн", “цайны цаггүйгээр хяналт шалгалт явуулсан" гэдэгт тайлбар:
1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын 2025 оны төлөвлөгөө"-г баталсан байдаг бөгөөд энэ төлөвлөгөөг Тамгын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2/3492 дугаартай "Аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарт" хавсралтаар 2 хуудас төлөвлөгөөг орон нутгийн 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, мэдэгдэх арга хэмжээг авсан байна.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/202 дугаар тушаалаар батлагдсан Дотоод хяналт шалгалтын хийх удирдамжийн хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд хийж дуусгахаар батлагдсан. Дээрх төлөвлөгөөний дагуу байгууллагын дотоод үйл ажиллагаа (санхүү, төсвийн хязгаарлалттай нөхцөл байдал)-тай холбоотойгоор хяналт шалгалтын хугацааны хувьд хөдөлгөөн орсон тул М.О*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан "... гэнэт ирж шалгалт хийсэн" гэдэг нь үндэслэлгүй.
2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/202 дугаар тушаалаар батлагдсан Дотоод хяналт шалгалтын хийх удирдамжийн хүрээнд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Санхүү, үйлчилгээний хэлтсийн нягтлан бодогч Э.Оийн Хаан банкны 5 дугаар дансны хуулгаар "z" "hool e" гэх 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 13 минутад хийсэн гүйлгээгээр өдрийн цайны цагаар Ажлын хэсгийн гишүүд хооллосон талаарх нотлох баримтаар няцааж байна.
3.М.О*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бусад асуудлын хүрээнд:
1.Нэхэмжлэлдээ "Албан хаагчдын санал хүсэлтийг судалж, ажил үүрэг нь тасалдахгүй хэвийн үргэлжлэх боломжтой эсэхийг нягталж, танилцуулах үүргийг 2 тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч нарт өгсөн" гэж, мөн Тасгийн дарга нар ажил тасалдаж чирэгдэл учрахгүй, ажлаа хэвийн явуулах орлон ажиллах албан хаагчид байгаа тухай танилцуулсан" гэж дурджээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.7-т "Зохион байгуулалтын нэгжийн даргыг түр эзгүйд түүний албан үүргийг орлон гүйцэтгэх албан тушаалтны жагсаалт, ээлжийн амралтын хуваарийг байгууллагын дарга, орон нутгийн газар, хэлтсийн даргыг түр эзгүйд түүний албан үүргийг орлон гүйцэтгэх албан тушаалтны жагсаалт, ээлжийн амралтын хуваарийг аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга жил бүрийн 01 дүгээр сард баталж, Тамгын газарт ирүүлнэ" гэж журамласнаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга өөрөө баталж, Тамгын газарт ирүүлснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны ******* дугаар "Албан хаагчийг түр эзгүйд түүний албан үүргийг орлон гүйцэтгэх албан хаагчийн нэрсийн жагсаалтыг батлах тухай" тушаал байгууллагын хэмжээнд эцэслэж албажуулсан байх тул хэлтсийн ямар албан тушаалтныг хэн орлон ажиллах талаар мэдээгүй, мэдэхгүй байх үндэслэл байхгүй юм.
Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 278 дугаар тогтоолын 13 дугаар хавсралтаар батлагдсан "Албан тушаалын тодорхойлолт"-ын II-т заасныг хангалтгүй биелүүлж байгаа М.О******* нь тус хэлтсийн даргын хувьд өөрийн шууд удирдан зохион байгуулалтын нэгжийн албан хаагчдад үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулж байгууллагын удирдлагад тухай бүр тайлагнах чиг үүргийн дагуу танилцуулга, илтгэх хуудас буюу Албан хаагчдын санал хүсэлтийг нягталсан тухай, тус хэлтсийн 2 тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээс энэ талаар өөрт нь ирүүлсэн танилцуулга, илтгэх хуудас үйлдсэн тухай баримт нотолгоо байхгүй байгаа нь харуулж байна.
Мөн М.О******* нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэгч Ө.Гтой тамга, тэмдэг үйлдэж, эрх үүргийг хүлээлцсэн атал хэрхэн эрх үүргийг хангасан талаарх мэдээ, мэдээллийг баталгаажуулсан баримт байхгүй байна. Түүнчлэн түүний нэхэмжлэлд дурдсан "... 2015 оноос даргаар томилогдон ажиллахдаа хуулиар хүлээсэн үүрэг болон удирдлагаас өгсөн үүргийг ягштал биелүүлж ажиллаж байсан ..." гэх тайлбарыг дээр дурдсан хууль тогтоомж зөрчигдөж, биелэлтийг хангаагүй нөхцөл байдал үүссэн байгаагаар няцааж байна. Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг олон удаагийн үйлдлээр зөрчиж, албан үүргээ биелүүлээгүй болон тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна гэж заасны дагуу 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний зөрчлийн шинж байдалтай тохирсон үндэслэл бүхий шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмыг заахдаа дараах тусгай зарчмыг баримталсан байдаг. Үүнд хуульд үндэслэх, шуурхай, тасралтгүй байх, хуульд заасан төрийн болон албаны нөхцөлд хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гарах боломжоор хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудыг үндэслэл болгодог. Манай үйлчлүүлэгч байгууллагын гаргасан захиргааны акт нь захиргааны үйл ажиллагааны зарчмыг алдсан зүйл тогтоогдсонгүй гэж дүгнэж байна. Захиргааны акт хууль бус болон илт хууль бус байх хэв шинжийг хангахгүй байна. Тэр нөхцөл байдлууд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шалгалт ирэхийг нь бид нар урьдчилаад мэдэж байсан гэсэн. Ирэхийг нь мэдсэн боловч зөрчлөө арилгаагүй нөхцөл байдал байгаа. Алсын юмыг мэдэх боломжтой юм шиг ярьж байна. Дарга өөрчлөгдсөн тул би энэ талаар мэдэрсэн гэсэн утгатай зүйлийг ярьж байна. Хэрээ тийм байсан бол нэхэмжлэгч энэ олон зөрчлүүдээ арилгахгүй яасан бэ? Илтгэх хуудсаар маш олон зөрчил илэрсэн. Илэрсэн байгаа зөрчлүүдэд тохирсон шийдвэрийг захиргааны байгууллагаас гаргасан болох нь өнөөдрийн шүүх хуралдаанаар тогтоогдсон гэж үзэж байна. Энд сууж байгаа хоёр өмгөөлөгчөөс бусад нь төрийн албан хаагч нар байгаа. Төрийн албан хаагч нар тангараг өргөдөг. Төрийн албан хаагч тангараг өргөхдөө хуулийг чандлан сахих ёстой байдаг. Нэхэмжлэгч илтгэх хуудсаар илэрсэн бүх зөрчлүүдийг хийгээгүй гэсэн боловч хийгээгүй гэсэнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Хийгээгүй талаар хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Хангалттай нотлогдоогүй байгаа тул захиргааны шийдвэр гаргахдаа энэ тангаргаасаа няцсан. Тангарагтаа дурдаад байгаа хуулийг чандлан сахина гэсэн үүргээ голчилж биелүүлээгүй байгаа нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Чандлан сахиагүй хүн энэ хуулийн хариуцлагыг хүлээх ёстой байдаг.
Хуулийн хариуцлага нь юу байсан бэ гэвэл нэхэмжлэгчид захиргааны байгууллага сахилгын шийтгэл оногдуулаад ажлаас чөлөөлсөн шийдвэр нь өөрөө тухайн хүндээ тохирсон байх ёстой. Тохирсон гэдэг нь юугаар тогтоогдож байгаа юм бэ гэвэл зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалтай байх ёстой. Бодит нөхцөл байдлын тухайд бол илтгэх хуудсаар зөрчлүүд тогтоогдсон. Дараа нь илтгэх хуудсан дээр дарга тусгайлсан чиг үүргийг өгсөн. Тусгайлсан чиг үүргээрээ Ёс зүйн дэд хороонд нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргасан. Тэгээд энэ дүгнэлтийг сахилгын зөрчилтэйгөө нэгтгээд дүгнээрэй гээд дүгнэлт гаргаж, дүгнэлтийн дагуу сахилгын зөрчил ногдуулсан. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг бодоод давхардуулан нэг шийтгэлийг дахин нуух буюу захиргааны байгууллага инээдтэй акт гаргаж болохгүй юм. 2-3 акт гаргасан байна. Ёс зүйн зөрчилд тооцсон акт нь мөн сахилгын зөрчил гэж тооцсон актууд нь хоёулаа нэхэмжлэгчийг халсан шийдвэр гаргаж болохгүй юм. Захиргааны акт дээр тухайн захиргааны актын илэрхий алдааг зассан. Мөн түүнийг хүргүүлсэн талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. Ёс зүйн хорооны зөрчлийг ямар хуулийн заалтаар нэхэмжлэгчид ногдуулсан талаарх баримтыг ирүүлсэн. Ийм нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “төрийн албан хаагчид халах сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны актад холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч М.О******* нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ба түүний Албан тушаалтын тодорхойлолтод зааснаар албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-4, ахлах түшмэл байна. /ХХ-1-ийн 87-92 дахь тал/
2.2.Нэхэмжлэгч М.О*******ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар “... холбогдох хуульд заасан хориглох заалтыг зөрчиж, удирдлагаас өгсөн үүргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй нь дотоод хяналт шалгалт болон байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2026 оны 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон” гэх үндэслэлээр 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон, төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ. /ХХ-2-ын 16 дахь тал/
2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... “хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарт маргаан бүхий акт гарсан гэх 3 үндэслэлийг тайлбарласан тул энэ хүрээнд хэргийг хэлэлцэх ёстой, хариу тайлбартаа өөр үндэслэлүүд бичсэн бол шүүх хуралдаанд уг тайлбарын хүрээнд бэлтгэж оролцох байсан учраас шүүх хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарт заасан үндэслэлийг хүрээнд мэтгэлцүүлэх, дүгнэлт өгөх” ёстой гэж шаардсан.
2.4.Шүүхээс маргаан бүхий актад бичигдсэн агуулгын хүрээнд актын хууль зүйн үндэслэл болон актаар тогтоосон үйл баримтыг хянах үүрэгтэй ба хариуцагчаас өөрийн гаргасан актын үндэслэлийг шүүхэд бичгээр гаргаж ирүүлэх нь шүүхээс маргаан бүхий актын гарсан зорилго, үндэслэлийг тогтоох, уг хүрээнд нотлох баримтыг шалгаж, цуглуулах зэрэг үр дагавар үүсгэдэг гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан нь мэдэх ёстой.
2.5.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагчийн хариу тайлбарын хүрээгээр акт гарсан үндэслэл гэдгийг ойлгож, мэтгэлцэнэ” гэх тайлбарыг буруутгах үндэслэл шүүхэд байхгүй байна.
2.6.Гэвч шүүх нь хэргийг бүх талаас нь хянаж, шинжлэн судалж, хууль зүйн дүгнэлт өгөх үүрэгтэй тул шүүх хуралдаанаар хариуцагчийн тайлбар, үндэслэлийг хэлэлцүүлсэн болно.
2.7.Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/214 дүгээр тушаалаар, маргаан бүхий захиргааны акт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалд нэмэлт оруулж, тушаалын үндэслэх хэсэгт “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсгийг нэмсэн байна./ХХ-2-ын 146 дахь тал/
2.8.Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан 2025 оны дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөнд мөн оны 3 дугаар улиралд аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хяналт шалгалт явуулахаар төлөвлөж /ХХ-1-ийн 53-54 дэх тал/, энэ талаар 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2/3492 дугаар албан бичгээр аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн газар, хэлтсүүдэд мэдэгджээ. /ХХ-1-ийн 55 дахь тал/
2.9.Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр А/202 дугаар “Албан томилолтоор ажиллуулах тухай” тушаал, хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг томилон, хавсралтаар Дотоод хяналт шалгалтын удирдамж баталсан байна./ ХХ-1-ийн 93-96 дахь тал/
2.10.Хяналт шалгалт явуулсан Ажлын хэсэг нь 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/440 дугаартай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дотоод хяналт шалгалт хийсэн тухай 54 хуудас бүхий илтгэх хуудсыг гаргасан.
2.11.Илтгэх хуудасны “Удирдлагын шийдвэр” хэсэгт М.О*******ыг 12 албан хаагчийн хамт гадаад улсад зорчих болсноо удирдлагадаа мэдэгдээгүй, нуусан, аялал зохион байгуулсан, Хяналтын улсын байцаагчийн 2385 дугаар дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтанд танилцуулаагүй зөрчлийг Ёс зүйн хороонд шилжүүлж дүгнэлт гаргуулах, ёс зүйн зөрчил гаргасан эсэх тухай Ёс зүйн дэд хорооны дүгнэлт, “бусад” сахилгын шийтгэлийг нэгтгэн хариуцлага тооцох тухай саналаа гаргах” гэж тэмдэглэжээ. /ХХ-1-ийн 151 дэх тал/
2.12.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо /цаашид “Ёс зүйн дэд хороо” гэх/-ны Танилцуулгад “... М.О******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл бичиж чөлөө хүсэхдээ 12 албан хаагчийг хамт гадаад улсад зорчих болсон мэдээ, мэдээллийг нуун, аялал зохион байгуулсан, Хяналтын улсын байцаагч Б.Шын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2585 дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтанд танилцуулаагүй зөрчлийг Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн” гэснээс үзвэл тус Ёс зүйн дэд хороо нь эдгээр зөрчлийг хянаж, дүгнэлт гаргасан, дотоод хяналт шалгалтаар илэрсэн гэх бусад зөрчилд нь дүгнэлт гаргаагүй болох нь тогтоогдлоо. /ХХ-2-ын 20 дахь тал/
2.13.Ийнхүү Ёс зүйн дэд хороо нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр “М.О*******ыг ёс зүйн зөрчил гаргасан” гэж үзжээ. /ХХ-2-ын 24-33 дахь тал/
2.14.Дээрх ажиллагаа явагдсаны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Даргын зөвлөл /цаашид “Даргын зөвлөл” гэх/-ийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар М.О*******ыг байлцуулан, Илтгэх хуудсыг хэлэлцүүлсэн болох нь уг хурлын тэмдэглэлээр тогтоогдлоо. /ХХ-1-ийн 92-152, 154-204 дэх тал/
2.15.Энэ Даргын зөвлөлийн хуралдаанаар аймгийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан хяналт шалгалтаар илэрсэн гэх зөрчил, дүгнэлтийг нэг бүрчлэн хэлэлцээд, М.О*******ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах санал гаргахаар тогтжээ.
2.16.Ингээд 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонсох ажиллагааг утсаар санал авах аргаар явуулжээ. /ХХ-2-ын 12-15 дахь тал/
2.17.Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаал гарсан байна.
2.18.Нэхэмжлэгч нь дээрх ажиллагаагаар яригдсан үйлдлүүдийг өөрөө гаргаагүй, зөрчил биш гэж маргасан.
2.19.Тухайлбал, нэхэмжлэгч М.О******* нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод хувийн чөлөө авч эмчилгээ шинжилгээнд явах хүсэлтээ 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бичгээр бичиж гаргасан /ХХ-2-ын 39 дэх тал/ боловч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1716 дугаар тушаалаар баталсан “Чөлөө хүсэх” маягтыг өөрөө бөглөж гаргаагүй болох нь М.О*******ын өмнөөс Ж.П гэгч гарын үсэг зурж бөглөсөн, уг Чөлөөний хуудасны маягтад хүсэлт гаргасан огноо бүрэн биш, нэхэмжлэгч энэ баримтыг би бичээгүй гэж тайлбарласнаар тус тус тогтоогдсон ба энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн баримт болно. /ХХ-2-ын 40 дэх тал/
2.20.Ийнхүү М.О******* нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод хувийн чөлөө авч эмчилгээ шинжилгээнд явах өргөдөл, хүсэлтээ дүрэмд заасан маягтаар бөглөж гаргаагүй боловч бусад 12 албан хаагч бөглөсөн болох нь тэдгээрийн Чөлөө хүссэн маягтын хуудсаар тогтоогдлоо. /ХХ-1-ийн 16,18, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36 дахь талууд/
2.21.Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/1171 дугаар тушаалаар “Нэгжийн нууц хамгаалах ажилтнаар томилогдож” ажилласан гэдгийг дээрх Илтгэх хуудсанд бичсэн байгаа ба М.О******* энэ талаар маргаагүй тул тэрээр “нууцыг хамгаалах ажилтан мөн” байжээ.
2.22.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалаар албан хаагчийн түр эзгүйд түүний албан үүргийг орлон гүйцэтгэх албан хаагчийн нэрсийн жагсаалтыг баталж, уг жагсаалтаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргыг Иргэний бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч О.Ү орлохоор тогтоосон байна. /ХХ-1-ийн 205-206 дахь тал/
2.23.Нэхэмжлэгч М.О******* нь гадаад улсад зорчихдоо өөрийн үүргийг орлон гүйцэтгэгчээр Ө.Гийг орлуулахаар протокол үйлдсэн /ХХ-2-ын 38 дахь тал/, дээрх тушаалд заасан О.Ү нь нэхэмжлэгчтэй хамт гадаад улсад зорчсон нь тогтоогдлоо.
2.24. аймгийн Иргэний бүртгэлийн тасгийн Улсын бүртгэгч А.Г иргэний гадаад паспортын бүртгэлийг хийхдээ өөр иргэний зурган мэдээллийг оруулан бүртгэл хөтөлсөн зөрчлийг Хяналтын улсын байцаагч Б.Ш илрүүлэн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2585 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож, улсын бүртгэгч А.Гт албан үүрэгтээ хайнга хандсан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах саналыг гаргаж шийдвэрлэсэн байсан болох нь мөн Илтгэх хуудас /ХХ-1-ийн 150 дахь тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /ХХ-1-ийн 117-118 дахь тал/ зэргээр нотлогдсон.
2.25.Энэ Хяналтын улсын байцаагчийн илрүүлсэн зөрчил болон түүнийгээ үндэслэж гаргасан 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2585 дугаар дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн “би энэ зөрчлийн талаар мэдээгүй, мэдсэн бол арга хэмжээ авах байсан” гэх тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын явцад Хяналтын улсын байцаагч Б.Шын гаргасан “би ажлын ачааллаас болоод мартсан байсан” гэх тайлбаруудаар нотлогдсон байжээ.
2.26.Нэхэмжлэгч дээрх үйл баримтын талаар маргаагүй ба Улсын бүртгэгч А.Гийг өөрийн төрсөн ахын охин гэдгийг хүлээн зөвшөөрсөн болно.
2.27.Улсын бүртгэлийн ерөнхий газрын аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан дотоод хяналт шалгалтаар тус байгууллагын албан хаагчид холбогдох хөдөлмөрийн харилцааны болон санхүүгийн талаарх зөрчлийг тогтоосон байгаа боловч хариуцагч энэ талаар хариу тайлбартаа үндэслэл гэж тайлбарлаагүй боловч, маргаан бүхий актад “бусад сахилгын шийтгэлийг нэгтгэ” гэснээс үзвэл эдгээр зөрчлийг сахилгын зөрчилд хамааруулсан гэж ойлгохоор үйл баримтууд шүүхэд тогтоогдов.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “захирах, захирагдах ёсыг баримтлах” нь төрийн албаны зарчим байхаар, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т улсын бүртгэлийн үйл ажиллагаа “нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх” гэж, мөн зүйлийн 4.1.2-т “төвлөрсөн удирдлагатай байх” зарчимтай байхаар тус тус заажээ.
3.2.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай байна” гэж, 17 дугаар зүйлийн 17.1-т Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхийг тогтоосны дотор, мөн зүйлийн 17.1.1-т “улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах” гэж, 17.1.6.улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэжээ.
3.3.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ” гэжээ.
3.4.Ийнхүү дээрх хуулиудад зааснаар улсын бүртгэлийн байгууллага нэгдмэл тогтолцоотой байх, төрийн захиргааны төв байгууллагын дарга нь байгууллагынхаа үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах бүрэн эрхтэй учраас Улсын бүртгэлийн ерөнхий газар нь дэргэдээ ганц Ёс зүйн дэд хороог байгуулж, улс, орон нутгийн хүрээний улсын бүртгэлийн албан хаагчийн үйл ажиллагаа болон ёс зүйн хяналтыг хэрэгжүүлэхээр зохион байгуулалтыг хийсэн нь хууль зүйн зөрчил биш болно.
3.5.Өөрөөр хэлбэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт нь төрийн анхан, дунд, дээд шатны бүх байгууллагын тогтолцоо, бүтцэд буюу төрийн бүх шатны байгууллагын газар, хэлтэс, салбар болгон Ёс зүйн дэд хороо байгуулах, эсхүл нэгдмэл тогтолцоотой байгууллага нь өөрийн бүх шатны албан хаагчдаас сонгож Ёс зүйн дэд хороог байгуулах шаардлага тогтоосон хууль зүйн зохицуулалт гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газар нь зөвхөн ерөнхий газарт ажилладаг албан хаагчаас сонгож Ёс зүйн дэд хороо байгуулсан илт хууль бус гэж маргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
3.6.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1716 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.8-д “Албан хаагч чөлөө авах хүсэлтээ бичгээр болон хүний нөөцийн нэгдсэн системээр дамжуулан гарган” гэж, 8.9-д “Албан хаагч хувийн чөлөө хүссэн шалтгаан нөхцөлийг харгалзан ажлын 5 хүртэл өдрийн чөлөөг нэгжийн дарга “Чөлөөний хуудас”-аар, 6-аас дээш өдрийн чөлөөг нэгжийн даргын болон Тамгын газрын даргын саналыг үндэслэн байгууллагын даргын тушаалаар олгоно” гэжээ.
3.7.Дээр тогтоогдсоноор М.О*******ын чөлөө хүссэн баримт нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр гараар бичиж гаргасан хүсэлт байгаа ба журамд заасан Чөлөөний хуудсаар хүсэлтээ гаргаагүй байх боловч энэ нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохуйц зөрчил биш гэж үзсэн.
3.8.Мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олны хурлын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар О.Сээс “Хөх хотод очиж эмнэлэгт үзүүлэх санал”-аа илэрхийлж, үүнийгээ хамт олноороо шийдвэрлүүлэх асуудлыг дэвшүүлсэн, бусад ажилтнууд бүгд зөвшөөрсөн хурлын тэмдэглэлээр уг асуудлыг энэ өдөр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул М.О******* чөлөө хүссэн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хүсэлтдээ 12 албан хаагчид хамт явах талаар бичиж, мэдэгдэх боломжгүй болох нь нотлогдлоо. /ХХ-2-ын 36-37 дахь тал/
3.9.Иймд М.О*******ын 12 албан хаагчийн хамт гадаад улсад зорчих болсноо нуусан, аялал зохион байгуулсан гэдэг нь нотлогдоогүй, хариуцагчийн гаргасан энэ тайлбар үндэслэлгүй боловч тэрээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдын хамтын шийдвэрийн дагуу олон албан хаагч гадаад улсад зорчих болсноо тухайн шийдвэр гарснаас хойш хугацаанд дээд шатны удирдлагадаа мэдэгдэх боломжит хугацаа байсан, мэдэгдэх ёстой тул ийнхүү мэдэгдээгүй нь төрийн үйл ажиллагааны нэгдмэл байх зарчим, удирдах, удирдуулах ёсонд нийцээгүй байна.
3.10.Тус байгууллагын ажилтнууд гадаад улсад зорчихдоо дарга М.О*******аас Чөлөө хүсэх хуудсаар ажлын 5 өдрийн чөлөө хүссэн хүсэлтээ гаргасан, М.О******* эдгээр ажилтнуудад чөлөө олгосон нь холбогдох журмыг зөрчөөгүй байна. /ХХ-1-ийн 16, 18, 20, 22, 24, 26, 28-30, 32, 34, 36 дахь талууд/
3.11.Нэхэмжлэгчээс албан хаагчдынхаа Хөх хотод эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдсан гэдгийг нотлох баримтаар эмнэлгийн шинжилгээний гэх хуудсыг өгсөн боловч эдгээр нь гадаад хэл дээр байгаа тул шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
3.12.Улсын бүртгэлийн байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.4.19-д “Гадаад улсад богино, урт хугацаагаар /албан ажлын болон хувийн хэргээр/ зорчих тохиолдолд нэгжийн дарга, байгууллагын нууц хамгаалах ажилтанд урьдчилан мэдэгдэх” гэж заажээ.
3.13.Нэхэмжлэгч нь нууцыг хамгаалах ажилтны хувьд гадаад улсад зорчихдоо аймгийн тагнуулын газрын зохих албан тушаалтанд мэдэгдэх үүргээ өөрийн биеэр хэрэгжүүлээгүй, үүнийгээ доод албан тушаалтнаар хэлүүлсэн, улмаар гадаад улсаас буцаж ирснийхээ талаар Тайлангаа гаргаж өгөөгүй гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаагаар түүнийг төрийн нууцад холбогдох ажил, албан тушаал эрхэлдэг атлаа нууцыг хамгаалах, хадгалах журмыг мөрдөөгүй буруутай нь тогтоогдож байх тул энэ талаар дүгнэсэн хариуцагчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
3.14.Улсын бүртгэлийн үйл ажиллагаа нэгдмэл байх зарчмын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалыг мөрдөж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргыг Улсын ахлах бүртгэгч О.Ү орлох шийдвэртэй байхад уг шийдвэрийг зөрчин, өөр этгээдээр орлуулан аймгийн Улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулсныг зөвтгөх хууль зүйн үндэслэл шүүхэд тогтоогдсонгүй.
3.15.Нэхэмжлэгч нь дээрх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалыг мэдээгүй гэж шүүхэд тайлбарласан, уг тушаал нь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ирсэн гэдэг нь шүүхийн үзлэгээр нотлогдохгүй байгаа боловч дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг М.О******* нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын хувьд мэдэх ёстой, мэдэх үүрэгтэй, ийнхүү мэдээгүй гэх тайлбар нь төрийн албаны “захирах, захирагдах ёсыг баримтлах”, улсын бүртгэлийн байгууллага “нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх”, “төвлөрсөн удирдлагатай байх” зарчмуудыг алдагдуулсан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж шүүх дүгнэлээ.
3.16.Ийнхүү М.О******* нь гадаад улсад зорчихдоо өөрийн үүргийг Ө.Гоор орлуулж, О.Үг дагуулж явсан үйл баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй” гэж маргасан ч нэхэмжлэгч “аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргыг түр эзгүйд орлох этгээдийг дээд албан тушаалтнаас томилж шийдвэрлэснийг мэдэх ёстой буюу үүрэгтэй учраас уг шийдвэрийг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйн зэрэгцээ төрийн нууцыг хадгалах, хамгаалах онцгой чиг үүрэгтэй албан тушаалыг тэрээр дурын этгээдээр орлуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно.
3.17.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д “Улсын байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заасан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэжээ.
3.18.Нэхэмжлэгч өөрийн удирдлагад байгаа, төвлөрсөн удирдлагаар хангах ёстой Улсын бүртгэгч А.Гийн гаргасан зөрчил, Хяналтын улсын байцаагч Б.Шын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2585 дугаар дүгнэлтийн талаар мэдээгүй гэж тайлбарлаж байгаа шүүх хүлээн авах үндэслэлгүй.
3.19.Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д зааснаар улсын бүртгэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмын дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь иргэний улсын бүртгэлийг алдаатай хийсэн Улсын бүртгэгчийнхээ гаргасан зөрчлийг мэдээгүй, илрүүлсэн зөрчилд холбогдох Улсын байцаагчийн шийдвэрийг ч сонсоогүй, мэдээгүй гэдэг нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл биш бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д заасныг зөрчсөн зөрчил мөн.
3.20.Ийнхүү аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь 2 албан тушаалтныхаа иргэний улсын бүртгэлтэй холбоотой дараалсан хоёр үйлдлийг огт мэдээгүй нь түүнийг албан тушаалын үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болно.
3.21.Иймд хариуцагчийн энэ талаарх дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
3.22.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “сахилгын шийтгэл нь гаргасан зөрчилд нь тохироогүй” гэх тайлбарыг шүүх хүлээн авахгүй.
3.23.Учир нь Төрийн албан хаагчийн ёс зүй тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй” гэж, 12.1.5-д “энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтэд үндэслэж, зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх” гэж заасны дагуу төрийн албан хаагчийн томилох чөлөөлөх эрх бүхий этгээд нь ажилтны гаргасан зөрчилд нь аль тохирсон гэж үзсэн ёс зүйн хариуцлага тооцох, сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээтэй учраас шүүх нь ёс зүйн болон сахилгын шийтгэл тохирсон эсэхэд дүгнэлт өгч, өөрчлөх эрхгүй.
3.24.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь М.О*******т ёс зүйн хариуцлага тооцох ёстой, сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу гэж маргаж байгааг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
3.25.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд, мөн зүйлийн 48.1.4-т “төрийн албанаас халах” гэжээ.
3.26.Төрийн албан хаагчийн ёс зүй тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх” 16 дугаар зүйлийн 16.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна” гээд мөн хэсгийн 16.1.4-т “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” гэжээ.
3.27.Хуулийн дээрх заалтуудаас харвал, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл, түүнийг ногдуулах /оногдуулах/ гэсэн ойлголт дотор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан ёс зүйн ойлголт, түүнд тооцох хариуцлага, шийтгэл хүлээлгэх гэсэн ойлголтууд багтаж байгаа ба төрийн албан хаагчийн ёс зүйн болон дүрэм, журмаар тогтоосон сахилга бат, дэг журам зөрчсөн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн зөрчил биш болно.
3.28.Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас тогтоосон дүрэм, журамд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болох нь дээрх үйл баримт, нотлох баримтаар шүүхэд нотлогдсон тул хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь нэхэмжлэлийг хангахгүй байх хангалттай үндэслэл гэж үзлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 18 дугаар зүйлийн 18.9, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4 дэх хэсэг, заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О*******ын “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн М.О*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* тоот тушаалыг хууль бус тул хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч М.О*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ