Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2022/00041

 

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00375 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь  Цагдаагийн газрын хүсэлттэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ц.........т холбогдох,

 “Ц.........ыг албадан эмчилгээнд хамруулах” тухай хүсэлттэй, иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.........ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц......... /цахимаар/, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Орхон Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 66-3 тоотод оршин суух Цэдэндашийн ........ /УЮ66062052/ нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль-ийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц......... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Би бие муутай, группд байдаг. Мөн ач, зээгээ хардаг учраас намайг албадан эмчилгээнд явуулахгүй байж өгөөч гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00356 дугаар шийдвэрээр:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Цэдэндашийн ........ /РД:УЮ66062052/-г архины албадан эмчилгээнд явуулж,  Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ц.........ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймаг дахь ........ нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц......... шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Миний бие нь 2012 оноос хойш унаж татдаг өвчтэй болж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон. Иймд Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-т заасан хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно. Мөн Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтад уналт өвчтэй хүнийг албадан эмчлэхийг хориглосон гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Хүсэлт гаргагч Орхон аймгийн ........ нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.........т холбогдуулан түүнийг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Цэдэндашийн ........ыг архины албадан эмчилгээнд явуулж шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

             

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ .

 

Ц......... нь 2011 оноос эхлэн эрүүлжүүлэх байранд 28 удаа эрүүлжүүлэгдэж, баривчлах байранд 21 удаа баривчлагдаж удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн,  бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан агсам согтуу тавьж нийтийн хэв журам зөрчиж, архины хамааралтай, архидан согтуурах өвчтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Ц.........ыг албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн хуульд нийцжээ.

 

Гуравдагч этгээд Ц......... нь миний бие нь 2012 оноос хойш унаж татдаг өвчтэй болж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон гэсэн давж заалдсан гомдол гаргасан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй  байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.........ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

 

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Бөх-Очир нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн байх тул буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.........ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 зүйлийн 59.3.-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.........ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР