Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/47 

 

 

Г.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Т.Солонго /цахимаар/

Хохирогч: Д.******* /цахимаар/

Иргэний хариуцагч: “******* ******* ложистикс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунгэрэл /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч Г. нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 218 дахь километрт “******* *******” ХХК-ийн эзэмшлийн ******* ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 15.12-т заасан “дарааллын тэмдэггүй уулзварыг нэвтрэхийн өмнө жолооч уг уулзварт нийлсэн зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгааг тодорхойлох боломжгүйгээс (харанхуй, манатай, цас орсон, бохирдсон зэргээс) нэвтрэх дараалал тогтооход хүндрэлтэй байвал өөрийгөө туслах замаар яваад тооцно” гэх заалтуудыг тус тус зөрчин, тус замаар хөдөлгөөнд оролцсон ******* УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар ******* УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох Д.*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

          Шүүгдэгч ******* овогт *******гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

          Шүүгдэгч Г. нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

          Хохирогч Д.*******ийн нэхэмжилсэн хохиролд 75.000.000 төгрөг гаргуулах болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

          Хохирогч Д.******* нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.гаас эд хөрөнгө /тээврийн хэрэгсэл/-д учирсан хохиролд 18.963.000 төгрөгийг, иргэний хариуцагч “******* ******* ложистикс” ХХК-иас эд хөрөнгө /тээврийн хэрэгсэл/-д учирсан хохиролд 18.963.000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Чамбай зам" ХХК-д олгож,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  10.1,10.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь: 1. Г.г тээврийн прокуророос Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9, 15.12 дах заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх уг яллаж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй.

Шүүх Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Балдандоржийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 106 дугаартай магадалгаа, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Содномбаярын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1173 дугаартай магадалгааг хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтан, хэргийн мөрдөгч нар гаргасан байгаа нь уг хэрэгт хамааралгүй, хувийн сонирхолгүй, хөндлөнгийн, хараат бус байх этгээд шинжээчийн дүгнэлт гаргах зарчим зөрчигдсөн гэж үзэж, мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн газрын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонбатын 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаартай "хүсэлтийг хангах тухай" тогтоолоор: "...хэлтсийн зохицуулах цагдаа нь " шинжээчийн дүгнэлт" гаргах эрхгүй тул дээрх 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, улмаар эрх зүйн үр дагавар үүсэхгүй болно" гэж дүгнэсэн байсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 14 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тус тус үнэлээгүй, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй болно... гэж дүгнэсэн атлаа шүүх Г.г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  10.1, 10.3-дахь заалтуудаар буруутгаж гэм буруутайд тооцсон. Хэрэгт авагдсан аль нотлох баримтыг үндэслэж шийдвэрээ гаргасан нь тодорхойгүй буюу шүүх Г.г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  10.1, 10,3 дахь заалтуудыг зөрчсөн гэж өөрчилж дүгнэхдээ ямар нотлох баримтыг аль мөрдөгчийн магадалгааг, эсвэл аль шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь тодорхойгүй ямар нэг нотлох баримтгүйгээр дүр мэдэн өөрчилж буруутгаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэтэрхий яллах талыг барьж байгаа нь илэрхий харагдаж байна гэж үзэж байна.

Мөн шүүх дүгнэхдээ дээрх ЗХД-н заалтуудыг зөрчсөн гэж дүгнэхээс гадна ...ММ54598:2020 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартын 5.8.1.2-н 2 дугаар хүснэгтийн 4 дэх баганад заасан "ачааны автомашин ба чиргүүлээс бүрдсэн авто угсраа нь 18.75 метрээс ихгүй байна" гэсэн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 14.7 метр урт, хэт овортой тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь хохирогч ч мөн адил том оврын зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт овортой хэмжээтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг, хохирогч, шүүгдэгч, иргэний 4 ч нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог энэ байдал нь хохирогчийн буруутай байдал ч харагддаг мөн хохирогч нь замын хөдөлгөөнд оролцож байсан, эсвэл зогсож байсан байдлыг тогтоогоогүй.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр 17-ны өдрийн 1110 дугаартай шинжээчийн "...2. ******* УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ухарсан 30 см мөртэй байгаа нь тухайн тээврийн хэрэгсэл нь осол аваарыг зайлуулах арга хэмжээ авсан гэх дүгнэх үндэслэл болж байна... гэж шинжээч жолоочийн үйлдэл, санаа зорилгыг тааж дүгнэсэн нь шүүх шийдвэрээ гаргахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хэрэгт хяналт тавьсан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь Г.г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9,15.12 дахь заалтуудыг тус тус зөрчсөн буруутай гэж яллах дүгнэлт үйлдсэн. Ингэж буруутгах нотлох баримт хэрэгт мөн л байхгүй мөрдөгчийн магадалгаа болон шинжээчийн дүгнэлт байхгүй байхад прокурор дур мэдэн нотлох баримтгүйгээр яллаж байгаа нь хэтэрхий яллах талыг барьж хүний эрхийг зөрчиж хэлмэгдүүлж байгаа үйлдэл гэж үзэж байна. Анхнаасаа хэргийн газрын үзлэг хангалтгүй, хууль бус хийгдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаас харагддаг. Гэтэл шүүх энэхүү баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

Хэрэгт шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар 21-ний өдрийн 3252 дугаартай шинжээчийн дүгнэлт байдаг ба уг дүгнэлтээр: 1.1290 УЕВ улсын дугаартай чиргүүлтэй тээрийн хэрэгсэл зорчих хэсгийн уулзвараас хэр хэмжээтэй зогсож байсан эсэх нь тодорхойгүй, хавтаст хэргийн материалд тээврийн хэрэгслийн урд дугуйн ухарсан мөр 30 см гэж тэмдэглэгдсэн, хавтаст хэргийн хуудас 15-д гэрэл зургийн үзүүлэлтэд "дугуйн мөрийг харуулав" гэсэн тэмдэглэгээтэй зурагт мөрийг нарийвчлан харуулаагүй, тухайн мөр нь тухайн автомашины мөр мөн эсэхийг тогтоох боломжгүй тул 1290 УЕВ дугаартай тээврийн хэрэгсэл ослын дараа ямар үйлдэл хийсэн эсэх ослын шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй байна.

2. ******* ӨМЭ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн уулзварт орохдоо аль хэсгээс тухайн уулзварт орсон эсэх тодорхойгүй тул зогсож байсан гэх 1290 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чиргүүлийн хэсгээрээ мөргөхгүй байх боломжтой байсан эсэхийг тогтоох боломжгүй тул ослын шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй байна.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй байна..." гэх дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлт хэрэгт хүчин төгөлдөр хэвээр байдаг. Гэтэл энэ дүгнэлтийг прокурор болон шүүх үгүйсгэж няцаагаагүй мөртлөө үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5-д заасан ..." Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ..." гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шинжээч нарын дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг. Гэтэл хэргийн газар ажилласан эрх бүхий албан тушаалтан нь дээрх хууль ёсны зарчмыг хангаж ажиллаагүй. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтууд чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гарган ажиллах үүрэгтэй. Мөн энэхүү зорилтын үүднээс хийгдэх шүүхийн үйл ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, түүнд ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад мөн адил чиглэгдэх ёстой болохыг анхаарч уг ажиллагааны үр дүнд цугларсан бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гэм буруутай болох нь хөтөлбөргүй нотлогдоогүй, энэ талаар эргэлзээ үүсвэл хэрэгт холбогдсон тухайн хүнд ашигтай байдлаар шийдвэрлэх нийтлэг үндэслэлийг баримтлах чиг үүргийг шүүх хүлээдэг. Иймд дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Г.г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь хөтөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн 2024/ШЦ/86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

          Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн байдалтай нийцсэн байна. Анхан шатны шүүхээс ямар нотлох баримтыг нотлох баримтаар үнэлсэн талаараа шийтгэх тогтоолдоо тодорхой дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтын эх сурвалжийг магадлах, шалгах аргаар анхан шатны шүүх шалгаж магадалж, хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нараас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Хохирогч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үйл явдал 05 дугаар сарын 18-ны өдөр болсон. Цагдаа нар ирээд хэмжилт хийгээд зураг дараад явсан. Би тухайн үед замаа чөлөөлөөд зогсчихсон байсан. Г. туслах замаар орж ирэхдээ чиргүүлээрээ хамаад ойртоод ирэхээр нь би дуут дохио өгөөд ухарсан. Би тэр үед зогсчихсон байсан. Ард машин байсан учраас ухрах боломжгүй болж, хамсан. Анх 10.1, 10.3 гэж гарсан юм. 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш надтай нэг ч яриагүй. Би тэр компани дээр 1-3 удаа очиж уулзсан. Тэрнээс хойш надтай холбогдоогүй. Ханбогд руу шүүх хуралдаандаа очиж байтал та ирэхгүй байж болно гээд би Дундговь аймгаас буцаад явсан юм. Би гомдолтой байна. Зүгээр ажлаа хийгээд, замаа чөлөөлөөд зогсчихсон байхад ирж хамж явчихаад одоо намайг буруутгаад байгаа мэтээр тайлбарлаад байгаад би үнэхээр гомдолтой байна гэв.

             Иргэний хариуцагч “******* ******* ложистикс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай өмгөөлөгч Н.Нарангаравын өнөөдрийн шүүх хуралдаан давхацсан байгаа. Тэгэхээр шүүх хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна гэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Яллах дүгнэлтээр Г.г Замын хөдөлгөөний дүрмийн 15.9, 15.12 дахь заалтуудыг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг. Прокурорын яллах дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрмийн 15.9, 15.12 дахь заалтуудыг зөрчсөн нь ямар баримтуудаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байдаг. Тухайлбал, мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт гэх мэт ямар ч нотлох баримт байхгүй байхад прокурор Замын хөдөлгөөний дүрмийн 15.9, 15.12 дахь заалтуудыг зөрчсөн гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй. Энэ байдлыг би анхан шатны шүүхийн дүгнэлт дээр хэлсэн. Нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр буруутгаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм гэсэн дүгнэлтийг хэлэхэд анхан шатны шүүх Г.г буруутгахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.3 дахь заалтуудыг зөрчсөн байна гэж буруутгаж дүгнэлтээ гаргасан. Тэгэхээр Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.3 дахь заалтуудыг зөрчсөн болох нь мөн хэрэгт авагдсан ямар баримтуудаар нотлогдох вэ гэдэг дүгнэлтүүдээ хийгээгүй. Тухайлбал, 10.1, 10.3 дахь заалтаар буруутгасан мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт байхгүй байгаа. Улсын яллагч энэ шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгааг үнэлэх боломжгүй юм гэсэн шийдвэрийг өөрөө гаргачихсан. Тэгээд энэ баримтыг үнэлэхгүй гээд үнэлээгүй. Гэтэл анхан шатны шүүх улсын яллагчийн Замын хөдөлгөөний дүрмийн 15.9, 15.12 дахь заалтуудыг яаж үгүйсгэж байгаа нь тодорхойгүйгээр шууд Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлт хийсэн нь өөрөө хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Нотлох баримтгүй, үндэслэлгүй байна гэсэн гомдлыг гаргасан байгаа.

Хоёрдугаарт, хэргийн газрын үзлэг анхнаасаа хууль бус явагдсан, үндэслэл журмын дагуу явагдаагүй болохыг өмгөөлөгч миний бие болон Г. нар удаа дараа мөрдөн байцаалтын шатад хүсэлт гомдол гаргасан. Хэргийн газар очиж хийсэн зураглал нь өөрөө хуульд нийцэхгүй байна гэдэг хүсэлтийг Балдандоржид гаргасан. Гэтэл би буруу зурсан бол дахиад зурчихъя гэсэн хуульд нийцэхгүй тайлбар хийж байсан. Энэ байдлыг ч гэсэн өөрт нь хэлсэн. Дахиад зурчхаж болох юм уу, өөрчлөөд зурчхаж болдог юм уу гэж асуусан. Иймэрхүү байдлаар хэргийн газрын үзлэг анхнаасаа үндэс журмын дагуу явагдаагүй. Энэ хэргийг хийсэн хүн нь хохирогч болоод, хэрэг үйлдээгүй мөрөөрөө явж байсан хүн өнөөдөр гэм буруутайд тооцогдож байгаа нь энэ хүнийг хэлмэгдүүлэх нөхцөл байдал үүссэн шийдвэр боллоо гэж гомдол гаргаад байгаа юм. Хэрэгт авагдсан мөрдөгч нарын магадалгаа, шинжээч нарын дүгнэлтүүд, өөр хоорондоо бүгд зөрөөтэй болохыг би гомдолдоо дэлгэрэнгүй бичсэн байгаа. Мөн хамгийн эхний шинжээчийн дүгнэлтийг дүгнэлт гаргах эрхгүй этгээд гаргасан. Дараагийнх нь энэ хэргийн материалаар дүгнэлт гаргах боломжгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.3, 15.9 гэх заалтуудыг зөрчсөн гэх дүгнэлт гараагүй. Зөвхөн зөрчлийн шинжтэй том оврын тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Гэтэл хохирогч мөн адил том оврын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан. Гэтэл Д.*******ийн тээврийн хэрэгсэл дээр яагаад дүгнэлт гарахгүй байгаа юм. Хэтэрхий нэг талыг барьсан тогтоол болсон учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.г цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд ямар тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагчийн гэм буруутай эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг болно.

2.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг сэргээн тогтоох зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаартай магадалгаа /1хх-23-24/, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1173 дугаартай магадалгаа /1хх-172/, томилсон шинжээч нар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай /1хх-130-131/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3252 дугаартай /1хх-164-166/, 2024 оны 04 дүгээр 17-ны өдрийн 1110 дугаартай /2хх-60-63/ шинжээчийн дүгнэлт тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх “...Шүүх Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Балдандоржийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 106 дугаартай магадалгаа, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Содномбаярын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1173 дугаартай магадалгааг хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтан, хэргийн мөрдөгч нар гаргасан байгаа нь уг хэрэгт хамааралгүй, хувийн сонирхолгүй, хөндлөнгийн, хараат бус байх этгээд шинжээчийн дүгнэлт гаргах зарчим зөрчигдсөн гэж үзэж, мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн газрын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонбатын 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаартай "хүсэлтийг хангах тухай" тогтоолоор: "...хэлтсийн зохицуулах цагдаа нь " шинжээчийн дүгнэлт" гаргах эрхгүй тул дээрх 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, улмаар эрх зүйн үр дагавар үүсэхгүй болно" гэж дүгнэсэн байсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 14 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тус тус үнэлээгүй, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй болно...” гэх дүгнэлт хийсэн байна.

3. Шүүх шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрвөл шүүхийн шатанд нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх замаар шинжилгээний байгууллагаар эсхүл шинжилгээ хийх эрх бүхий тусгай мэдлэгтэй этгээдийг шинжээчээр томилох эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  хэрэгжүүлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Г.г хэрэгт авагдсан аль нотлох баримтыг үндэслэж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  10.1, 10.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж, гэм буруутайд тооцсон нь тодорхойгүй атлаа “ ...Шүүх шүүгдэгч Г.г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.3-т заасан “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан, MNS34598:2020 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартын 5.8,1.2-н 2 дугаар хүснэгтийн 4 дэх баганад заасан “ачааны автомашин ба чиргүүлээс бүрдсэн авто угсраа нь 18.75 метрээс ихгүй байна” гэсэн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 14.7 метр урт, хэт овортой тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй төдийгүй шүүх тусгай мэдлэгийн шинжээчийн үүрэг гүйцэтгэх эрхгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгчийг цагаатгах агуулга бүхий давж заалдах гомдолд эрхзүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.6, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Г.д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ГЭРЭЛМАА

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Т.ДЭЛГЭРМАА

 

 

                                                                                         Л.УГТАХБАЯР