Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 117/ШШ2026/0010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, шүүгч В.Цэрэнрагчаа,  Төв  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар /дарга *******/

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах   тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахим/, түүний өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, түүний өмгөөлөгч /цахим/, иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

1.2. Нэхэмжлэгч ******* 2026 оны 01 сарын 28-ны өдөр бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах ” гэж тодруулсан.  

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар *******ийг мөн өдрөөс эхлэн 3 сарын хугацаатайгаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтнээр”, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар уг албан тушаалд тус тус ажиллуулжээ.

2.2. Биеийн тамир, спортын Улсын хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дугаар албан бичгээр тус аймгийн Биеийн тамир, спортын газарт “Зөвлөмж” хүргүүлснээр Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга /албан үүргийн түр орлон гүйцэтгэгч *******/ нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5/43 дугаар тушаалаар “...хууль зүйн үндэслэл хангагдаагүй байхад томилогдсон...” гэх үндэслэлээр *******ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

2.3. Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 109 дугаартай албан бичгээр “2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаалаар өмнөх хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгасан тул таны гомдлын шаардлагыг хүлээн авах боломжгүй...” гэх хариуг өгчээ.

2.4. Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд анх гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 120/Ш32025/0007, 120/ШЗ2025/0021 дугаартай захирамжуудаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг тус тус тогтоосны дагуу нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 7-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

2.5. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 120/ШЗ2025/0035 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн болно.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:  

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 онд төрийн албаны тусгай шалгалт өгч, 2016 онд Төрийн албан хаагчийн тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч болж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр 2015-2022 он хүртэл ажилласан.

Аймгийн Засаг даргын 2019 оны 3 сарын 29-ний өдрийн А/282 захирамжаар төрийн албаны дөтгөөр зэрэг дэвтэй болсон. Биеийн тамир, спортын газраас Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр манайд ажиллаач, одоо ажиллаж байгаа цалингаас чинь илүү шатлалаар цалинжуулна гэж санал болгосныг хүлээж авч Биеийн тамир спортын газрын даргын 2022 оны 2 сарын 14-ний Б/05 тушаалаар анх туршилтын хугацаагаар ажиллуулахаар албан тушаалд томилогдсон.

Тухайн үед Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ” гэж заасны дагуу тусгай шалгалт өгөх боломжгүй байсан учраас ажил олгогчийн 2022 оны 5 сарын 15-ны өдрийн Б/08 тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон.

2023 оны Шүүр ажиллагааны хүрээнд Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* овогтой *******г зөрчилтэй томилгоотой гэж албан тушаалаас чөлөөлөх шийдвэр дээд газраас ирсэн, дараагийн шаардлага хангасан хүн нь ******* байна гэж үзэж Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс холбогдох материалуудыг авч Авлигатай тэмцэх газарт явуулж хянуулна, шаардлага хангасан хариу ирвэл үүрэг гүйцэтгэгчээр томилно гээд холбогдох материалуудыг гаргуулж авсан.

Ингээд Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны 1 сарын 23-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, мөн Засаг даргын 2023 оны 2 сарын 13-ны өдрийн Б/04 дугаар захирамжаар “*******ийг албан үүрэг орлон гүйцэтгэгчээр томилох тухай” шийдвэр гарч миний бие 2023 оны 9 сар дуустал үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.

Энэ  хугацаанд  салбарын  ажлыг  үр  дүнтэй  удирдаж  2023  оны хагас жилийн үнэлгээгээр 93% /А/ маш сайн үнэлүүлж байсан...

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 529 дүгээр тогтоолын дагуу Биеийн тамир, спортын улсын хорооноос бүтэц орон тоог шинэчлэх, ТЗ-ны албан хаагч ажиллуулах чиглэл ирсэн. Үүний дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 4 сарын 23-ны өдрийн А/574 захирамжаар Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан.

Орон тооны бүтэц батлагдсанаас хойш Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч ******* томилогдсон. Томилогдсон дараа нь батлагдсан бүтцийн дагуу орон тоогоо бүрдүүлье, ТЗ-ын албан тушаалуудаа зарлуулъя" гэж удаа дараа шаардсан боловч цалингийн сан хүрэхгүй гэх шалтгаанаар зарлуулаагүй. Улмаар үүрэг гүйцэтгэгч ******* нь 2024 оны 11 сарын 8-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх гэж байгаа мэдэгдэх хуудсыг бичиг хэргээр дамжуулж надад өгсөн өдөрт нь багтааж хариу тайлбар өгсөн. Тухайн үед ******* нь Улаанбаатар хотод байсан, эзгүй байсан тул хувь чатаар болох талаас нь шийдэхийг хүссэн боловч хүлээж аваагүй.

******* нь надад мэдэгдэх хуудас өгч тайлбар авсан боловч сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулсан зүйл байхгүй.

Төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллаж байгаа нөхцөл байдлыг дордуулахгүй шийдвэр гаргах байтал зохих хууль журмын дагуу Биеийн тамир, спортын газрын хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд томилогдон ажиллаж байсан намайг хууль зүйн үндэслэл хангагдахгүй байхад томилогдсон гэсэн үндэслэлээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн шийдвэр болсон.

Намайг албан тушаалаас чөлөөлөх тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг үндэслэсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ямар шаардлагыг хангаагүй талаар огт дурдаагүй болно.

Миний бие батлагдсан орон тоонд заасан Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа. Мэргэжил, боловсролын хувьд Бизнесийн удирдлагын бакалавр, Биеийн тамирын менежментийн бакалавр зэрэгтэй, Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр мэргэшсэн, мөн төрийн албан хаагчийн ур чадварыг сайжруулах урт богино хугацааны болон давтан сургалтуудад хамрагдаж бүрэн төгсөж гэрчилгээ сертификатаа авсан, төрийн албаны ажлын туршлагын хувьд 2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын газарт Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр ажиллахдаа спортын салбарыг мэднэ.. Эрүүл мэндийн газарт 2015 оноос Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үед аймгийн хэмжээнд агентлагуудаас хамгийн анх Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс байгуулж бусад байгууллагуудад тэргүүн туршлага нэвтрүүлж байсан, мөн Эрүүл мэндийн салбарын байгууллагын үйл ажиллагааг үнэлэх жишиг журам боловсруулан хэрэгжүүлж одоо ч эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсээр байгаа гэх мэт энэ салбарт нэр төртэй ажиллаж байгаад 2022 оноос Биеийн тамир, спортын газарт мэргэжилтнээр орж тайлан мэдээ, тогтоол шийдвэр зэрэг бүхий л ажлыг хийсээр ирсэн. Төрийн захиргааны албан тушаалын туслах түшмэлд 7 жил, дэс түшмэлд 3 жил ажилласан туршлагатай. Ур чадварын хувьд хаана ч шаардлага хангана гэдгийг төрийн албанд 10-аад жил мөр зэрэгцэн ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон салбарын хүмүүс, дээд байгууллагууд ч мэднэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж  өгнө үү.

3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 сарын 19-ний өдрийн ******* дугаартай “*******ийг албан тушаалаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2024 оны 11 сарын 19-ний өдрөөс 2026 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл ТЗ-8 шатлалаар 2,243,000 төгрөгөөр тооцож цалингаа нэхэмжилж байна гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийг Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч тал Биеийн тамир, спортын улсын хорооноос ирсэн “Зөвлөмж”-ийг биелүүлэх үүргийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан гэдэг. Гэвч “Зөвлөмж” гэдэг нь тухайн удирдлагын, байгууллагын аливаа үйл ажиллагааг сайжруулах, удирдлагын шийдвэрт тусгуулах санал үзэл баримтлалын хураангуй албан бичгийг хэлдэг. Хүний хөдөлмөрлөх эрхийг шууд хязгаарлаж, ажлаас чөлөөлөхийг даалгасан заавал биелүүлэх шинжтэй захиргааны акт биш юм. Дээд шатны байгууллагын зөвлөмжид тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах тухай дурдсан байхад хариуцагч нь сонгон шалгаруулалт явуулах замаар асуудлыг шийдвэрлэх байтал, нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан чиг үүрэг хоёр хуваагдсанаас “Хяналт-шинжилгээ, үнэлгээ” хариуцсан чиг үүргийг ******* гэх хүн гүйцэтгэн ажиллаж байгаа, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо одоогоор  сул, хүн томилогдоогүй нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Ажилгүй байсан хугацааны цалинд нийт 42,661,108 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг тооцохдоо “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3 дугаар зүйлийн 2.3.8-т заасан аргачлалыг баримталсан. Нэхэмжлэгч нь анх ТЗ-6 шатлалаар ажилд орсон боловч Засгийн газрын 2024 оны 3 сарын 27-ны өдрийн 128 дугаар тогтоолоор төрийн захиргааны зарим албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосноор  ТЗ-10-аас ТЗ-1-ээр өөрчлөгдөж шатлал урвуу болсон, энэ аргачлалаар ажлаас чөлөөлөгдөх үедээ ТЗ-8 шатлалаар цалинжиж байсан нь нотлогддог. Энэ нь Засаг даргын захирамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон байгууллагын цалингийн дэлгэрэнгүй тооцоололтой бүрэн нийцдэг. Иймд *******ийг ажлаас чөлөөлсөн ******* тоот  тушаалыг хүчингүй болгож,  урьд нь эрхэлж байсан Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газрын  "Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 42,661,108 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3.4. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  ... Миний бие 2021 оны 01 сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн засаг даргын Б/03 дугаартай захирамжаар Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар, даргын үүрэгт ажилд томилогдсон.

Тухайн цаг үед Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул төрийн албаны тухай хууль, холбогдох төрийн албаны шалгалт зохион байгуулах, сонгон шалгаруулалт зарлах боломжгүй нөхцөл байдал байсан.

Нөгөөтэйгөөр ******* нь төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 26.1 дүгээр хэсгийг баримтлан 2022 оны 2 сарын 14-ны өдөр Б/05 дугаартай тушаал гарган *******ийг тухайн өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай, Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн, Т3-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалин олгохыг зөвшөөрч томилсон, 2022 оны 5 сарын 15-ны өдөр Б/08 дугаартай тушаал гарган *******ийг 2022 оны 5 сарын 14-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн, Т3-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалин олгохыг зөвшөөрч тус тус томилсон.

Биеийн тамир, спортын Улсын хорооны ажлын хэсэг манай байгууллагад ажиллаад 2024 оны 9 сарын 27-ны өдрийн 01/1014 дугаартай, албан бичиг болон “зөвлөмж”-ийг ирүүлсэн...

Биеийн тамир, спортын Улсын хорооны 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 01/1014 дугаартай зөвлөмжид Төрийн албан тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах ..Зөвлөмжийн хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна, хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлж ажиллана уу гэж чиглэл ирснийг хэрэгжүүлсэн.

2024 оны 11 сарын 8-ны өдөр Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ, үнэлгээ тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн *******т “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотыг хүргүүлсэн. ******* нь 2024 оны 11 сарын 08-ны өдөр “Биеийн тамир, спортын газар, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн мэдэгдэлд хариу өгөх нь” өргөдлөөр хариуг ирүүлсэн.

2024 оны 11 сарын 19-ний өдрийн ******* дугаартай тушаалаар “*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргасан. Уг тушаалын хууль зүйн үндэслэл: Монгол Улсын Засаг захиргаа захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалт, Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дүгээр албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг тус тус үндэслэсэн.Тус газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаалаар өмнөх хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгасан байх тул таны гомдлын шаардлагыг хүлээн авах боломжгүй мэдэгдье” гэж хариу мэдэгдсэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийг 2022 онд “Ковидын хууль”-ийн үйлчлэлээр, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтгүйгээр томилсон. Тус хуулийн үйлчлэл дуусгавар болсноор нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27, 31 дүгээр зүйлд заасан “төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлага”-ыг хангахгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон тул түүнийг “төрийн жинхэнэ албан хаагч” гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэхгүй. Бид *******, ******* гэх хүмүүсийн албан тушаал, ажилдаа хандах хандлагыг дүгнэх гэж ирээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Зөвлөмж нь заавал биелүүлэх шинжгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэхүү зөвлөмжөөр байгууллагын үйл ажиллагаанд гарсан хууль бус шийдвэр, алдаа дутагдлыг засах чиглэлийг хариуцагч байгууллагад өгсөн. Хариуцагч байгууллага уг зөвлөмжийн дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгах зорилгоор өөрийн бүрэн эрхийн хүрээнд чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан, энэ талаар давахын магадлалд  заагаагүй, тушаал  хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эргүүлэн томилуулахыг хүсэж буй Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 болон Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн ТЗ-8 гэх албан тушаалууд нь өөрийн гэсэн тусгай шаардлага, мэргэжлийн индекстэй. Нэхэмжлэгч нь эдгээр албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, туршлагын шаардлагыг хангахгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Энэхүү маргаанд төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, бодит байдал дээрх хуулийн нийцэлд дүгнэлт өгөх нь оновчтой юм. Нэхэмжлэгчийг анх тухайн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж томилсон. Иймд ажил олгогч нь хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгах зарчмын хүрээнд тухайн тушаалыг гаргасан болно. Төрийн албанд нэхэмжлэгчийн ажиллах хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн үйлдэл биш юм. Иймд нэхэмжлэгчийн хүсэж буй  албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа, мөн чөлөөлөх процесс хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.6. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь анхан болон давж заалдах шатны шүүхэд яригдаж байгаагүй  нөхцөл байдлуудыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр дурдаж байна. Тухайлбал, “сонгон шалгаруулалт зарлахыг шаардаж байсан”, “удирдах албан тушаалтан бичиг баримт алга болгосон”, “шударга бус зүйлийн төлөө хавчигдсан”, “ажлын бус цагаар дарамт шахалт үзүүлдэг байсан” гэх тайлбарууд нь ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй юм. Мөн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "сонгон шалгаруулалт зарлах хүсэлт бичгээр гаргаагүй” гэж мэдүүлж байсан бол, Давж заалдах шатны шүүхэд “би бичгээр гаргаж байсан” гэх мэтээр тайлбар нь шүүх хуралдаан болгон дээр өөрчлөгдөж байгаа нь түүний тайлбар бодит нөхцөл байдалд нийцэхгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байгааг илтгэж байна. Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд энэхүү маргаантай ижил төстэй маргааныг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолуудыг анхаарч үзэхийг хүсэж байна. Уг тогтоолуудад Ковидын тухай хуулиар “олон нийтийг биечлэн хамарсан арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулалттай холбоотой хуулийн зохицуулалтыг түр зогсоосон нь Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг үл харгалзан төрийн албан хаагчийг төрийн албанд томилох агуулгагүй, хуулийн үйлчлэл дуусгавар болсноор сонгон шалгаруулалтгүй томилогдсон этгээдийг албан тушаалаас чөлөөлж, хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах үр дагавар үүснэ” гэдгийг тодорхойлсон. Нэхэмжлэгчийн эгүүлэн томилуулахыг хүсэж буй ТЗ-8 ангиллын тогтоол шийдвэрийн биелэлт хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн мерит зарчмын дагуу зөвхөн сонгон шалгаруулалтад тэнцсэн этгээд томилогдох ёстой. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтгүйгээр тухайн албан тушаалд эгүүлэн томилуулах хууль зүйн үндэслэл үүсэхгүй буюу байхгүй. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэвэл 40 гаруй сая төгрөгийн цалин хөлсийг хэнээс, хэрхэн гаргуулах вэ гэдэг хариуцлагын асуудал үүснэ. Хариуцагч байгууллага болон албан тушаалтны зүгээс тушаал шийдвэрийг гаргахдаа хуульд заасан үндэслэл, журмыг баримталж гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.7. Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Хэргийн нөхцөл байдлыг ажиглахад нэхэмжлэгч *******ийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хариуцагч тал холбогдох зөвлөмжийн дагуу тушаал шийдвэрээ гаргаж, ажлын байрны сонгон шалгаруулалтаа зарлах үүрэгтэй байсан. Иймд нэхэмжлэгчийн зөв байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх гомдлоор[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 9 сарын 23-ны өдрийн өдрийн магадлалаар[2]  анхан шатны шүүхийн шийдвэрийг[3] “шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж дүгнээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр  хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба тус шүүхэд  хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тул Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд[4] шилжүүлснээр шүүх бүрэлдэхүүнээр[5] хянан  хэлэлцэв.  

Шүүх нэхэмжлэл, үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, хариуцагч түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан  дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж   шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* “2026 оны 01 сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ “Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 сарын 19-ний өдрийн Б.43 тоот  тушаалыг хүчингүй болгуулж, Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хүрээнд хэлэлцэв.   

1. Маргаан бүхий 2024 оны 11 сарын 19-ний өдрийн ******* тоот  актыг хүчингүй болгуулах шаардлагын  тухайд:

1.1. Монгол Улсын Засаг захиргаа захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалт, Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дүгээр албан бичгээр[6] ирүүлсэн зөвлөмжийг тус тус үндэслэн сонсох ажиллагааг явуулж “...хууль зүйн үндэслэл хангагдаагүй байхад томилогдсон...” гэх үндэслэлээр *******ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ[7].

1.2. Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар[8] *******ийг мөн өдрөөс эхлэн 3 сарын хугацаатайгаар Хөдөлмөрийн гэрээ[9] байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтнээр”, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар[10] үндсэн ажилтнаар уг албан тушаалд ажиллуулсан.

1.3. Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлд гомдол[11] гаргасан, тус зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 109 дугаартай албан бичгээр[12] “2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалаар өмнөх хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгасан тул таны гомдлын шаардлагыг хүлээн авах боломжгүй...” гэх хариуг өгснөөр  урьдчилан  шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн.

1.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг тус шүүх хэрэгжүүлж холбогдох баримтыг[13] хэрэгт авч зохих  шаардлагыг хангасан, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар “магадлалд заасан шаардлагатай ажиллагаа хийгдсэн” гэж тус тус тайлбарлав[14].

1.5. Хариуцагчийн  “******* нь төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 26.1 дүгээр хэсгийг баримтлан 2022 оны 02 сарын 14-ний өдөр Б/05 дугаартай тушаал гарган *******ийг тухайн өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай, Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн, Т3-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалин олгохыг зөвшөөрч томилсон, 2022 оны 05 сарын 15-ны өдөр Б/08 дугаартай тушаал гарган *******ийг 2022 оны 05 сарын 14-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн, Т3-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалин олгохыг зөвшөөрч” тус тус томилсон гэх хариу тайлбарын  баримтууд хэрэгт авагдсан.

1.6. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасанчлан ажлаас чөлөөлөхдөө ажилтанд мэдэгдэх сонсгох  ажиллагааг хэрэгжүүлж баримтжуулсан[15] байх ба энэ талаар  давахын магадлалд  заагдаагүй. Нэхэмжлэгчээс 1 хоногт мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн гэдэг боловч энэ талаар тухайн үед маргалгүйгээр  тайлбараа өгсөн буюу 2024 оны 11 сарын 8-ны өдөр Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ, үнэлгээ тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн *******т “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотыг хүргүүлж, мэдэгдэлд өргөдлөөр хариуг ирүүлсэн.

1.7. Биеийн тамир, спортын Улсын хорооны ажлын хэсэг тус байгууллагад ажиллаад 2024 оны 9 сарын 27-ны өдрийн 01/1014 дугаартай, албан бичиг болон “зөвлөмж” ирүүлснийг хэрэгжүүлсэн, Биеийн тамир, спортын Улсын хорооны 2024 оны 9 сарын 27-ны өдрийн 01/1014 дугаартай зөвлөмжид Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах ... Зөвлөмжийн хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна, хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлж ажиллана уу” гэж үүрэг болгосон гэх боловч зөвлөмжийг зөв хэрэгжүүлээгүй.

1.8. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, 10.1.2-т “төрийн захиргааны албан тушаал”, мөн хуулийн 10.4 “Энэ хуулийн 10.1.2-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, мөн хуулийн 12.1.8-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” байхаар заасан.

1.9. Нэхэмжлэгч тухайн байгууллагад ТЗ-6 зэрэглэл,Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн гэх орон тоон дээр ажиллаж байсан ба  2024 оны 10 сарын 14-ний өдрийн бүтэц орон тоог  баталсан тушаалаар Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, Хяналт – шинжилгээ, үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн гэж салган 2 өөр албан тушаал болгон өөрчилсөн. Улмаар ТЗ-9  Хяналт – шинжилгээ, үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн гэх орон тоонд иргэн С.*******ийг  томилон ажиллуулж[16] буй,  тул ТЗ-8 Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн гэх албан тушаалд томилуулахыг нэхэмжлэгч хүссэн ба уг орон тоонд томилгоо  хийгдээгүй нь албан тушаалын тодорхойлолт[17], бүтэц орон тоо баталсан шийдвэр[18], нэхэмжлэгч хариуцагчийн “одоогоор уг орон тоонд хүн томилогдоогүй, сул орон тоо” гэх тайлбар, баримтаар тогтоогдож байна.

1.10. Мөн энэ шаардлагад буюу  нэхэмжлэгчийн томилуулахыг хүссэн тухайн орон тоонд томилгоо хийгдээгүй сул байх  тул гуравдагч этгээд татан оролцуулаагүй болно.

1.11. Түүнчлэн ковидын үед сонгон шалгаруулалтгүйгээр  шууд томилогдон ажилласан,  энэ хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон, Биеийн тамир, спортын газрын зөвлөмж ирсэн зэргээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн атлаа сонгон шалгаруулалт зарлан  сонгон шалгаруулалтад  мэргэжлийн индекс таараагүй шалтгаанаар  шалгалтын бүртгэлээс хасагдсан гэж тайлбарлан нотлох баримтаа нэрлэн заах боловч эдгээр нь  хоорондоо нийцэхгүй хийгээд энэ албан тушаалд 2024 оны 11 сарын 7-ны өдөр төрийн  албаны сул орон тооны сонгон шалгаруулалт зарлах  хүсэлтийг[19] Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн, улмаар бүртгэл хийгдэж салбар зөвлөлийн 2025 оны 02 сарын 6-ны өдрийн төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын хуралдааны тэмдэглэлээр[20] шалгалтын бүртгэлээс хасагдсан болох нь тогтоогдох[21] тул энэ үндэслэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй буюу томилгооны зөрчлийг арилгасан гэх үндэслэл нэхэмжлэгчид хамааралгүй болно.

 Ийнхүү Биеийн тамир спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаалаар өмнөх хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг  хангаагүй нь  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул  нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж хамгаалах нь хуулийн зорилгод нийцнэ.    

2. Өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд: 

2.1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, гэж заасан тул ******* нь төрийн албаны тусгай буюу сул орон тооны тухайн албан тушаалын шалгалтыг өгч байж томилогдох ёстой гэх ба нэхэмжлэгчээс би тухайн байгууллага дотор нь ажиллаж байгаа учраас уг ажлыг хамгийн сайн хийх тохирох хүн нь байтал миний ажил албыг шийдээгүй байхдаа С.*******ийг томилсон буруу,  алдаатай гэх тайлбарыг тус тус гаргаж маргана.

2.2. Аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2024 оны 10 сарын 14-ний өдрийн тушаалаар[22]  тус байгууллагын бүтэц  орон тоог баталж  нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан Хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний гэх албан тушаалын чиг  үүргийг Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн ТЗ-8, Хяналт – шинжилгээ, үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 гэж 2 салгаж тогтоосон болох нь  тогтоогдох тул  Төрийн албаны тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн  хувьд энэ 2 албан тушаалын  аль нэгийг  давуу эрхээр сонгон ажиллах эрх нь нээлттэй байх ба энэ хүрээнд захиргааны байгууллагаас зохих ажиллагааг буюу  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “... тогтвортой байх” , 3.1.3-т “чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, гэж заасныг хэрэгжүүлээгүй,  энэ талаарх саналыг асуугаагүй, харилцан тохиролцоогүй, өөр ажил албан тушаал санал болгоогүй зэрэг нь хариуцагчийн “өөр албан тушаалд санал тавиагүй, ийм боломжийг олгоогүй” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “өөр албан тушаалд санал тавиагүй”   гэх тайлбараар тус тус нотлогдож байна.

2.3. Түүнчлэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хэсгийн 3.3, 3.4, 4.1-т зааснаар хариуцагчаас холбогдох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй буюу удирдлагаас тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт ормогц алба хаагч нарын тушаал шийдвэрийг шинэчлэх, шинэчилсэн бүтэц тогтолцоонд хамааруулан алба хаагч бүрээр тушаал шийдвэр гаргаагүй нь шүүх хуралдаанд  нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нотлогдох бөгөөд ийнхүү  томилоогүй  атлаа *******ийг Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллуулж ТЗ-8  албан тушаалын тодорхойлолт[23] баталсан, цалин олгосон[24] зэрэг нь тус тус тогтоогдож байх тул Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн /ТЗ-8/ албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй.

2.4. Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс  нэхэмжлэгчийн  урьд эрхэлж байсан ажил албан тушаалын зарим хэсгээс чөлөөлсөн заримаас нь чөлөөлөөгүй байгаа гэж тайлбарлах ба нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын  баримтаас үзэхэд түүний анх томилогдсон Захиргаа санхүүгийн хэлтсийн Тогтоол шийдвэрийн биелэлт хяналт шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан  мэргэжилтний албан тушаалыг 2024 оны 4 сарын 23-ны өдрийн А/574 дугаар захирамжаар[25] Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн /ТЗ-8/  болон Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн /ТЗ-9/ гэж албан тушаалын чиг үүргийг 2 хуваасан  байх ба С.******* ТЗ-9, хяналт шинжилгээ үнэлгээ дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж[26] байгаа зэрэг нь нэхэмжлэгчийн “миний асуудлыг шийдээгүй атлаа С.*******ийг томилсон нь буруу, миний зарим ажил үүрэг надад хэвээр байсан тул би эхлээд томилогдох эрхтэй” гэх тайлбартай нийцнэ.  *******ийг 2022 оны 5 сарын 14-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнээр ажиллуулсан гэж хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарт, чөлөөлсөн тушаал зэрэгт тус тус заасан байдаг.

2.5. Хариуцагчийн төлөөлөгч “нэхэмжлэгчийн томилуулахыг хүссэн ТЗ-8 Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн гэх албан тушаалд хүн томилоогүй байгаа, сул орон тоо гэж үзнэ, гэхдээ төрийн албаны хуулийн  шалгалт өгөх шаардлагыг хангаагүй *******ийг мэргэжлийн индекс таарахгүй гэх үндэслэлээр шалгалтын бүртгэлээс хассан нь ажлаас чөлөөлөхөд нөлөөлсөн тиймээс сонгон шалгаруулалтгүйгээр томилох эрхгүйг  шүүх анхаараасай” гэж тайлбарлах ба тус аймгийн Төрийн албаны  салбар зөвлөлөөс сул орон тооны сонгон шалгаруулалт зарласан талаарх баримтыг[27] шүүхэд ирүүлсэн бөгөөд  хариуцагчийн дээрх тайлбар маргаж буй актын үндэслэлд  нийцэхгүй бөгөөд  энэ нь түүнийг  ажлаас чөлөөлснөөс даруй 3 сарын дараа болсон байх ба мөн сонгон шалгаруулалтыг тухайн хугацаанд зарлаагүйг гэрчүүд[28] мэдүүлдэг.  

3. Ажилгүй хугацааны цалин олговор гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулахыг даалгах шаардлагын тухайд:  

3.1. Нэхэмжлэгчээс ажилгүй хугацааны цалинд 42,166,108 төгрөг  гаргуулахыг шүүх хуралдаанд тайлбарлах боловч шаардлагын энэ хэсгийг бичгээр илэрхийлээгүй тул шүүхэд өмнө бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын[29] хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд нэгэнт анхдагч шаардлага болох ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хууль зүйн үндэслэл хангалттай бүрдээгүй  гэж дүгнэсэн  тохиолдолд  бусад  шаардлага  хангагдах үндэслэл үүснэ.  

3.2. ******* нь 2022 оны 5 сарын 15-ны өдрийн Б/08 тоот тушаалаар[30] тус байгууллагад Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд жинхэлж томилогдон ТЗ-6 шатлалаар цалин тогтоогдсон ч  2024 оны 10 сарын 15-ны өдрийн бүтцийн өөрчлөлтөөр ТЗ-8, Тогтоол шийдвэр, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж эхэлсэн байх тул ажилгүй хугацааны цалинг энэ шатлалаар, зохих ёсоор тооцож ажилгүй байсан хугацаанд буюу 2024 оны 11 сарын 19-ний өдрөөс  2026 оны 5 сарын 5-ны өдрийг  хүртэлх цалин олговрыг   хариуцагч байгууллагаас гаргуулж олгох нь зүйтэй.

3.3.Тодруулбал,  Аймгийн Биеийн тамир, спортын газраас *******тай байгуулсан 2022 оны 3 сарын 1-ний өдрийн 04 тоот  хөдөлмөрийн гэрээг[31]  үзэхэд “албан тушаалын нэр: Биеийн тамир, спортын газар Тогтоол шийдвэрийн биелэлт,  хяналт – шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн, албан тушаалыг бий болгосон огноо: 2022.03.01, хөдөлмөрийн хөлсний код, сүлжлийн түвшин: ТЗ,  хөдөлмөрийн гэрээний хугацаа: хугацаагүйгээр” гэж байгуулж холбогдох эрх үүргийг тогтоож талууд гарын үсгээр баталгаажуулсан байх ба энэ гэрээг  албан тушаалын тодорхойлолтоор давхар баталгаажуулахыг  заажээ.

3.4. Иймд 2024 оны 10 сарын 15-ны өдөр баталсан төрийн захиргааны албан тушаалын ТЗ-8 шатлалаар Тогтоол шийдвэрийн биелэлт, тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд албан тушаалын тодорхойлолтыг[32] үйлдэж, талууд гарын үсгээр баталгаажуулж, тамга тэмдэг  дарсан, энэ өдрөөс хойших хугацаанд цалинг ТЗ-8 шатлалаар тогтоож цалинжуулсан болох нь цалингийн тодорхойлолт[33], нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[34] зэрэг баримтаар тус тус  нотлогдож  байх тул ажилгүй хугацааны цалин гаргуулах,нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулах нь үндэслэлтэй.

4. Иргэдийн төлөөлөгч “хэргийн нөхцөл байдлыг ажиглахад нэхэмжлэгч *******ийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хариуцагч тал холбогдох зөвлөмжийн дагуу тушаал шийдвэрээ гаргаж, ажлын байрны сонгон шалгаруулалтаа зарлах үүрэгтэй байсан. Иймд нэхэмжлэгчийн зөв  гэж дүгнэснийг[35] шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан болно.

  Иймд Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2022 оны 5 сарын 15-ны өдрийн тушаалаар жинхлэн томилогдсон, тухайн ажлын байрны  шаардлагыг ханган ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч мөн хийгээд  хариуцагчийн  маргаан бүхий шийдвэрээр өмнөх зөрчлийг арилгасан гэж үзэхгүй буюу ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул  нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь хангав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн  албаны  тухай  4 дүгээр зүйлийн 4.4,  26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг тус тус баримтлан *******ийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар /дарга/-т хариуцагдах нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 сарын 19-ний өдрийн ******* тоот “*******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай”  тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Тогтоол, шийдвэр тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн  тогтоож, 2024 оны 11 сарын 19-ний өдрөөс 2026 оны 5 сарын 5-ны өдрийг хүртэлх ажилгүй хугацааны цалин олговрыг тус байгууллагаас зохих ёсоор тооцож гаргуулан *******т олгох, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулахыг хариуцагч  Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар /дарга *******/-т  даалгасугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 -т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч  нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.СУГИРЖАВ

ШҮҮГЧИД                             Д.ЗОРИГТБААТАР

                                                В.ЦЭРЭНРАГЧАА

 

 

 

 

 

 

 

 

[1] 2 хх-ийн 69 хуудас

[2] 2 хх-ийн 81-86 хуудас

[3] 2 хх-ийн 52-67 хуудас

[4] 2 хх-ийн 103-105 хуудас

[5] 2 хх-ийн 218 хуудас

[6] 1 хх-ийн 65-70 хуудас

[7] 1 хх-ийн 63 хуудас

[8] 1 хх-ийн 59 хуудас

[9] 1 хх-ийн 61-62 хуудас

[10] 1 хх-ийн 60 хуудас

[11] 1 хх-ийн 11-12 хуудас

[12] 1 хх-ийн 10 хуудас

[13] 2 хх-ийн 107-190 хуудас

[14] Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэх.

[15] 1 хх-ийн 16 хуудас

[16] 2 хх-ийн 114 хуудас

[17] 2 хх-ийн 126-130 хуудас

[18] 2 хх-ийн 109-112, 121-124 хуудас

[19] 2 хх-ийн 119-120 хуудас

[20] 2 хх-ийн 162-181 хуудас

[21] 2 хх-ийн 183-188 хуудас

[22] 2 хх-ийн 121-122 хуудас

[23] 2 хх-ийн 126-130 хуудас

[24] 1 хх-ийн 135-136 хуудас

[25] 1 хх-ийн 141-143 хуудас

[26] 2 хх-ийн 114 хуудас

[27] 2 хх-ийн 137-190 хуудас

[28] 2 хх-ийн 224-228 хуудас

[29] 2 хх-ийн 192 хуудас

[30] 2 хх-ийн 60 хуудас

[31] 1 хх-ийн 61-62 хуудас

[32] 2 хх-ийн 126-130 хуудас

[33] 1 хх-ийн135-136 хуудас

[34] 1 хх-ийн 18-19 хуудас

[35] 3 хх-ийн 8 хуудас