| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0358/э |
| Дугаар | 386 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Б.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Баярсайханы Энхбаатарт холбогдох эрүүгийн 18110047700422 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Б.Э, 1985 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хэт апартмент ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5-332 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧТ85011411.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийгмийн даатгалын хэлтсийн үүдэнд таксинаас буухдаа Б.Сүмбэрийн мартаад буусан буюу гээгдэл эд хөрөнгө болох Айфоне 7 плас загварын гар утсыг завшсаны улмаас 1.100.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 17-ны орой 10-11 цагийн хооронд 2 хүн миний машинд суусан. Тэгээд тэр хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн тэнд буулгасан. Цаашаа явж байхад хөгжим шиг дуу гараад байсан би машины хөгжим дуугарч байна гэж бодсон. Тэгээд утас гэдгийг нь мэдээд би өөрийн хайнга байдлаасаа болоод ашигласан. Хэд хоногийн дараа цагдаа залгаад та хүний утас ашиглаж байна гэж залгасан. Би тухайн утасыг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хороололд найзуудтайгаа явж байгаад алга болгосон...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Сүмбэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийгмийн даатгалын хэлтсийн үүдэнд таксинаас буугаад хэсэг хугацааны дараа гар утсаа мартаад бууснаа мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-18-19/.
Гэрч Ж.Оюунбаяр мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 22-ны орой манай дүү Энхбаатар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 92 дугаар байрны 99 тоотод орж ирсэн. Орж ирэхдээ Энхбаатар нь хар өнгийн Айфоне гар утас олсон гэж хэлээд манай нөхөрт үзүүлж байсан...” гэжээ /хх-24/.
Гэрч WANG YAUN YUAN (Ванг Яан Юан) мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Богд арын орчмоос найз залуу болох Сүмбэрийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах гэр рүүгээ явахаар такси барьсан юм. Тэгээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Нийгмийн даатгалын хэлтсийн урд талд таксинаас буун гэртээ орох гэтэл миний найз Сүмбэр гар утсаа автомашинд орхисон байна гэж хэлээд залгахад эхний удаа авахгүй байснаа дараагийн удаа дахин залгахад тэжээлээс салсан байсан гэж Сүмбэр хэлсэн...” гэжээ /хх-22/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-36/, эд зүйлийн үнэлгээ /хх-8/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийгмийн даатгалын хэлтсийн үүдэнд таксинаас буухдаа Б.Сүмбэрийн мартаад буусан буюу гээгдэл эд хөрөнгө болох Айфоне 7 плас загварын гар утсыг завшсаны улмаас 1.100.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Сүмбэрийн “...2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийгмийн даатгалын хэлтсийн үүдэнд таксинаас буугаад хэсэг хугацааны дараа гар утсаа мартаад бууснаа мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Эыг гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгч Б.Эт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.
Хохирогч Б.Сүмбэр нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН