Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Зориг |
Хэргийн индекс | 2408008250605 |
Дугаар | 2024/ДШМ/1077 |
Огноо | 2024-09-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ДШМ/1077
2024 09 19 2024/ДШМ/1077
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
яллагдагч Б.Б,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1865 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Халиунаагийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2408008250605 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б.Б, 1968 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн … дугаар хороо, Б-ийн … дугаар гудамжны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ……………………/;
Яллагдагч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны уулзвар дээр иргэн Б.Х-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь “зүүн чихний цэцэгний урд доод хэсэгт шарх, зулгаралт, чихний дэлбээнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус тус зааснаар яллагдагч Б.Б-д холбогдох хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэжээ. 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.5 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл"-г нотолбол зохино гэж заасан. Дээрх ажиллагааны хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхой заасан. Хэрэгт авагдсан дуудлагын лавлагааны хуудаст “хоёр машин мөргөлдсөн чинь жолооч нь бууж ирээд намайг зодсон. ...шийдвэрлэлтийн мэдээлэл: ...энгэрийн камераар бичлэг хийж ажиллав...” гэж, 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр илтгэх хуудаст энгэрийн камераар бичлэг хийж ажиллав...” гэж тус тус бичигдсэн байна. Иймд цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллийн дагуу шалгах ажиллагаа явуулсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Л.Лхагвасүрэн илтгэх хуудсанд дурдсан энгэрийн камерын бичлэг байгаа эсэх, бичлэг байгаа бол үзлэг хийж хэрэгт хавсаргах шаардлага. 2. Хавтаст хэргийн 15-16, 21-22 дахь талуудад зөрчил шалгах шийдвэрлэх журмаар хохирогч Б.Х-аас холбогдогчоор, яллагдагч Б.Б-аас хохирогчоор тус тус мэдүүлэг авсан байна. Гэвч хохирогч Б.Х-аас холбогдогчоор мэдүүлэг авсан зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа хэрхэн шийдвэрлэгдсэн тодорхойгүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан. Хавтаст хэргийн 116 дахь талд авагдсан “яллах дүгнэлт гардуулан өгсөн тухайн тэмдэглэл”-д “гарын үсэг зурахгүй яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж бичигдсэн боловч хэн, хэзээ бичсэн нь тодорхойгүй, прокурорын зүгээс яллагдагч яллах дүгнэлтийг гардан авахаас татгалзсан эсэх талаар ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй байгааг анхаарвал зохино. 4. Яллагдагч Б.Б-аас шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ гэмт хэрэг гарах үед өөрт учирсан гэмтлийн зургийг хавсаргасан, тухайн үеийн камерын бичлэг байгаа гэх боловч тухайн зураг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эх сурвалж нь тодорхойгүй байна. Харин шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул яллагдагч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтээ хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд гаргах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Дээр дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Халиунаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Прокурор шүүгчийн захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1. 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Б.Х-аас ’’Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Зүүн салааны уулзвар дээр 2 машин мөргөлдсөн чинь жолооч нь бууж ирээд намайг зодсон” гэх агуулга бүхий дуудлага мэдээлэл гаргасны дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очсон буюу тухайн үед хохирогч, яллагдагч нарын маргаанаас үүдсэн зодоон дууссан байсныг цагдаагийн алба хаагч Л.Лхагвасүрэн мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч Л.Лхагвасүрэнгийн мэдүүлгээр хэргийн үйл баримтыг тогтоохгүй бөгөөд харин дээрх мэдүүлэг хэрэг явдал болсны дараах нөхцөл байдлыг харуулах бөгөөд тодруулбал хохирогч Б.Х-г яллагдагч Б.Б биед нь халдаж зодсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх байдлаар нотолж тогтоодог. 2. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгаас Б.Х-аас “2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Зүүн салааны уулзвар дээр 2 машин мөргөлдсөн чинь жолооч нь бууж ирээд намайг зодсон” гэх зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, холбогдогч, гэрч нарын мэдүүлэг, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, шинжээчийн дүгнэлт, асап сангийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар иргэн Б.Х нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Зүүн салааны уулзвар дээр бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн баицаалтын шатанд Б.Б-аас мэдүүлэг авахдаа шүүх эмнэлэгт үзүүлэх талаар удаа дараа асуухад шүүх эмнэлэгт үзүүлэхгүй талаараа хэлж байсан боловч хэрэг болсон өдрөөс хойш даруй 2 сарын дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтэст үзүүлсэн нь Б.Б тухайн баруун сарвууны алганы ар хэсэгт сорви гэмтлийг хэрэг болсон гэх өдрөөс өмнө эсхүл хойш авсан эсэх тогтоогдохгүй буюу дээрх гэмтлийг үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байна. 3. Яллагдагч Б.Б-д эрүүгийн 2408008250605 дугаартай хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 630 дугаартай яллах дүгнэлтийг гардуулж өгөхөөр 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дуудан ирүүлсэн байх боловч яллагдагч Б.Б нь “гарын үсэг зурахгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж яллах дүгнэлт гардуулан өгсөн тухай тэмдэглэлд өөрийн гараар бичжээ. Энэ нь яллагдагч Б.Б нь хэдийгээр прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гарын үсэг зурахгүй гэдгээ гараар бичиж илэрхийлсэн байх боловч тухайн өдөр гомдол гаргахгүйгээр прокурорын яллах дүгнэлтийг гардаж авснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Яллагдагч нэгэнт яллах дүгнэлтийг гардаж авсан бөгөөд шүүгчийн захирамжид тусгагдсан прокурорын тэмдэглэл үйлдэх шаардлагагүй болно. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийи 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Миний бие уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хяналтын прокурор Н.Халиунаа анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцсон. Эсэргүүцэл дээр нэмж хэлэхэд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хавтаст хэргийн хэмжээ хязгаарын дотор хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримтуудтай харьцуулан шүүгдэгч, хохирогч нарыг оролцуулан хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг буцаах шаардлагагүй. Хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.5 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл"-г нотолбол зохино гэж заасан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Л.Лхагвасүрэн илтгэх хуудсанд дурдсан энгэрийн камерын бичлэг байгаа эсэх, бичлэг байгаа бол үзлэг хийж хэрэгт хавсаргах,
Б.Х-аас холбогдогчоор мэдүүлэг авсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэрхэн шийдвэрлэгдсэн тодорхойгүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй,
яллагдагч Б.Б яллах дүгнэлтийг гардан авахаас татгалзсан эсэх талаар ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй,
яллагдагч Б.Б шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ гэмт хэрэг гарах үед өөрт учирсан гэмтлийн зургийг хавсаргасан, тухайн үеийн камерын бичлэг байгаа гэх боловч тухайн зураг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эх сурвалж нь тодорхойгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй ба дээрх ажиллагааг хийх нь хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой биш гэж үзлээ.
Прокуророос Б.Б-ыг 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн салааны уулзвар дээр иргэн Б.Х-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь “зүүн чихний цэцэгний урд доод хэсэгт шарх, зулгаралт, чихний дэлбээнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.Б-д холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлуудыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүсээс мэдүүлэг авсан, мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1865 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Х-ийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1865 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ