Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2015/0030/З |
Дугаар | 00026 |
Огноо | 2016-11-17 |
Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 00026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э” ТББ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох
“Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 дугаартай захирамжийн “иргэн Т.Ж-д холбогдох хэсгийг”, “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ыг тус тус хүчингүй болгуулах, “үйлчилгээний барилга барих архитекторын төлөвлөлтийн даалгаврыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ТББ нь төрийн зохих байгууллагаас олгогдсон зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа Орхон аймагт явуулсаар 10 гаруй жил болж байна.
Анх манай байгууллага Орхон аймгийн Баян-Өндөр сум ....... багийн нутаг дэвсгэрт байрлах 2000 м2 газрыг эзэмших хүсэлтээ Засаг даргад гаргасны дагуу хотын ерөнхий төлөвлөгөөнд иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлж ашиглуулахаар тусгагдсан газрыг Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот захирамжаар манай байгууллагад эзэмшүүлсэн.
Уг газрыг хууль ёсоор эзэмшсэнээс хойш газрын албатай гэрээ байгуулан газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлж ирсэн төдийгүй уг газар дээр зөвшөөрөгдсөн зураг төслийн дагуу с-ийн барилга барьж ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа явуулсаар ирэх явцад байгууллагын онцлог буюу ядарсан зовсон амьдралын боломж хомс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах дэмжих үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд өөрийн с-ийн байрны зэргэлдээ орших хэн нэгний эзэмшил бус газрыг 2006 оноос хойш өөрсдын хөрөнгөөр хана босгон зохих ёсоор эзэмших хүсэлтээ 2010 оны 05 дугаар сарын 20-нд газрын албаар уламжлан Засаг даргад гаргасан ч хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй хуулийн дагуу хариу өгөөгүй атлаа манай байгууллага 2006 оноос хойш зохих ёсоор эзэмшиж байсан газрыг иргэн Т.Ж-д эзэмшүүлсэн нь шударга ёсны болон газрын тухай хууль тогтоомжоор хуульчлагдсан олон заалтыг зөрчсөн төдийгүй тухайн хуулийн этгээд нь манай с-ийн эд хөрөнгийг эвдлэн сүйтгэн хашааг нураан “Барилгын тухай” хууль болон Засгийн газрын олон хууль тогтоомжийг зөрчин манай с-ийн барилгад 3 метр хүрэхгүй зайд өөрийн барилгыг барьж эхэлсэн бөгөөд барилгын ажил 2 давхартаа явж байна.
...Иймд 1. Орхон аймгийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 тоот захирамжаар иргэн Т.Ж-д газар эзэмших эрх олгохдоо газрын тухай хууль тогтоомж зөрчсөн тул уг захирамжийг хүчингүй болгуулах
2. Уг захирамжид үндэслэн баригдахаар төлөвлөгдсөн үйлчилгээний барилгын төлөвлөлт нь МУ-ын барилгын норм ба дүрмийг зөрчсөн тул архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах
3. Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Манлайбаатар нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...”Б” ТББ нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ....... багийн нутагт байрлах 2000 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон байна. Б-ийн эзэмшил газрын баруун талд орших газарт аймгийн Засаг даргын 2014 оны А/623 дугаар захирамжаар 900 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Захирамжийн дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд уг дуудлага худалдаанд ялагч болсон иргэнд аймгийн Засаг даргын 2014 оны А/683 дугаар захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн.
Газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд ялагч болсон иргэнд 900 м2 газрыг эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын шийдвэр нь Б-ийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй бөгөөд бусдын эзэмшил газартай байршлын хувьд ямар нэг хэмжээгээр давхцал гаргаагүй болно. Аймгийн Засаг даргын хууль ёсны шийдвэрийг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон байх тул Б ТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 тоот захирамжаар иргэн Т.Ж-д газар эзэмших эрх олгохдоо газрын тухай хууль тогтоомж зөрчсөн тул уг захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжид үндэслэн барилга барихаар төлөвлөгдсөн үйлчилгээний барилгын төлөвлөлт нь Монгол улсын барилгын норм ба дүрмийг зөрчсөн тул архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах, барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2010 онд “Э” ТББ 2000 метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн. 2014 онд аймгийн Засаг дарга “Кувейт” гудамж төслийн хүрээнд дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэхдээ хууль тогтоомж зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, тухайн дуудлага худалдаанд иргэн Т.Ж ялагчаар шалгарч 900 метр газрыг эзэмшихээр болсон. Мөн шинжээч нарын дүгнэлтээр барилга барих норм, дүрэм, журам зөрчөөгүй болох нь тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч хохирол гэж 25 000 000 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна. Орхон аймгийн зүгээс тохижилтын ажил хийлгэх, “Э” ТББ-ыг тухайн газарт хашаа барьж, зүлэг мод тариулах тухай үүрэг даалгавар өгөөгүй. Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотын нийт аж ахуйн нэгжийн хүрээнд эзэмшиж байгаа газраа тохижуулах боломжтой бол тохижуул гэсэн ерөнхий албан бичиг гарсан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.
Гуравдагч этгээд Т.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Т-ын Ж миний бие Эрдэнэт хотод бизнесийн үйл ажиллагаа явуулахаар Орхон аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан ба Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний А/683 тоот захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, ....... багийн нутаг дэвсгэрт “....... баг, Х-ийн с-ийн баруун талд” худалдаа, үйлчилгээний зориулалтаар 900 м.кв газар олгосон. Энэ захирамжийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 27-нд 000556700 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан.
Энэ газартаа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас манай газарт барилга, байгууламжийн газрын улаан шугам тавьж баталгаажуулж өгсөн. Мөн МХГ-аар дамжуулан ГХБХБГ-аас барилга эхлүүлэх зөвшөөрөл өгсөн. Энэ дагуу бид барилгын ажлаа 2015 оны 9 дүгээр сард зохих зөвшөөрлийн дагуу эхлүүлсэн. Манай барилга мэргэжлийн байгууллагаар хийгдэж, эксперт хийлгэсэн зураг төсөвтэй юм. Энэ ажлууд эхлэх үед хил залгаа газар эзэмшигч Э-ийн О.Ц өөрөө байсан бөгөөд бид ч ийм барилга барина гэдгээ хэлж ярьж байсан. Энэ үед нэхэмжлэгч тал өөрийнх нь эрх зөрчигдөж байгаа талаар ямар ч зүйл ярьж байгаагүй. Гэтэл сүүлд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан, энэ нь манай эзэмшил газартай холбогдож байгааг мэдээд О.Ц-тай уулзахад “Би нарийн мэдэхгүй, ийм шийдвэр гаргасан хүмүүс цаана нь байгаа” гэсэн хариулт өгч байсан. Манай барилга зураг төслийн дагуу баригдаж дуусахад сийн байгалийн гэрэлтүүлэг, барилга хоорондын зайн талаар тогтоосон Барилгын норм ба дүрмийг зөрчих ямар ч зүйл байхгүй гэж үзэж байна.
Харин эцэстээ нэхэмжлэл үндэслэлгүй байвал бид шүүхэд хүсэлт гарган барилгын ажлыг зогсоосон хугацаанд хамаарах, уг барилгаа энэ оны 8 дугаар сард ашиглалтад оруулж бизнесийн үйл ажиллагаа явуулж олох орлогоо алдсан хохирлоо с-ээс нэхэмжлэх болно.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 04 дүгээр сард газар эзэмших гэрчилгээ авснаасаа хойш, анх барилгын ажил эхлэх үед би нэхэмжлэгч О.Ц-тай уулзаж байсан. Тэгэхдээ аймгийн Засаг даргын захирамж, барилга барих зураг төсөл бүгдийг нь үзүүлсэн. Тэгээд 2015 оны 07 дугаар сард ажлаа эхлүүлэхдээ нэхэмжлэгч талтай нийлээд л газар дээр байсан модыг зөөж, хашааг нь буулгаж байсан. Нэхэмжлэгч тал 2013 онд аймгийн захиргаанд өгсөн зураг дээр 2-3 метр ургасан модны зураг байсан. Бид нарыг зөөж байхад тийм мод байгаагүй. 2 суулгац байсан. Бид нарыг бараг хүчээр хашааг нь буулгасан мэтээр яриад байна. Тийм зүйл байхгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л өөрөө модоо зөөгөөд эвтэй найртай барилга барьж эхэлсэн. Тэгэхэд өнөөдөр ийм асуудал үүссэнд гайхаж байна. Манай ажил их удаан хугацаагаар зогсож байгаад гомдолтой байна. Үүнийг зөв талаас нь шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ нэхэмжлэлээс болоод иргэн Т.Ж-ны эрх ашиг маш их хөндөгдөж байгаа. 2015 оноос эхлээд 2016 он дундаа ортол барилгын ажил хийж байсан. Үүнийг нь зогсоосон байгаа. Иргэн Т.Ж дуудлага худалдаанд ялж барилга байгууламжаа барихаас гадна, барилга барих шалтгаан нь нийтийн эрх ашиг байгаа юм. “Кувейт”-ын гудамжийг тохижуулж, иргэдэд тав тухтай үйлчилдэг орчин үеийн соёлтой худалдаа, үйлчилгээний төвтэй болох энэ эрх ашиг давхар хохирч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үзэхээр манай байгууллагын хүсэж байсан газрыг өөр хүнд өглөө, одоо баригдаж байгаа барилга нь манай барилгатай хэтэрхий ойрхон барилгын норм, дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлүүд заасан байгаа. Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 тоот захирамжаар иргэн Т.Ж-д газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн тул уг захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжид үндэслэн барихдаа төлөвлөгдсөн үйлчилгээний барилгын төлөвлөлт нь Монгол улсын барилгын норм ба дүрмийг зөрчсөн тул архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах, барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасан байдаг. Иргэн Т.Ж-д газар олгохдоо хууль тогтоомжийг зөрчсөн юм уу гэдэг асуудлыг нэхэмжлэгч тал хөндөж байгаа. О.Ц гэдэг хүн өөрөө газар эзэмших дуудлага худалдаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй этгээд байж зөвхөн өөртөө хамааралтайгаас бусад Засаг даргын үйл ажиллагааны талаар маргах эрх байгаа юм уу. Барилга байгууламжийн хууль тогтоомж, Газрын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудын дагуу Засаг даргын захирамжийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгаж үзэх тусгай субъектэд хамаарсан Газрын алба, Улсын байцаагчид хамаарсан шаардлага байгаа. Иргэн Т.Ж-д газар олгохдоо газрын хууль тогтоомж зөрчсөн, энэ захирамжийг хүчингүй болгуулна гэсэн шаардлага гаргах эрх “Э” ТББ-д байхгүй. Барилгын норм, дүрэм зөрчигдсөнөөр эрх ашиг нь хөндөгдөөд байна гэвэл энэ байж болох шаардлага. Нэгэнт иргэн Т.Ж-д газар олгохдоо Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байгаа болохоор газар олголтын тухай авч үзэх болж байгаа. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2014 оны газрын харилцааны талаархи бодлого гаргасан байдаг. Энэ бодлогын 3.3.6-д “Кувейт”-ын гудамжны барилгажилтын төслийг иргэдтэй хамтарч зохион байгуулж хэрэгжүүлэх гээд иргэдийн Төлөөлөгчийн Хуралд хэлэлцэгдсэн. Газрын тухай хуулинд газар эзэмших, газар төлөвлөлтийн эрхийг хэрэгжүүлдэг газар нь аймгийн иргэдийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Өмнөх шүүх хуралдаанд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгийн тайлбараар “Кувейт”-ын гудамжны талаар иргэдтэй хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Тэгээд энд хоёр тохилог худалдааны төв байх нь зүйтэй юм гэж шийдэлд хүрсэн гэж хэлдэг. Хавтаст хэрэгт “Кувейт”-ын гудамжны 1:1000 зураг ирсэн байгаа. Энэ зурагт зааснаар “Кувейт”-ын гудамжинд нийт 31 барилга байгууламж байна гэж төлөвлөгдсөн. Шинээр 9 объектыг төлөвлөсөн байгаа. Үүний нэг нь иргэн Т.Ж-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газарт барих худалдаа үйлчилгээний төвийн барилга юм. Тэгэхээр газар эзэмшүүлэх асуудал яригдана. Газар эзэмшүүлэхэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт гэсэн хоёр арга байдаг. 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дуудлага худалдаа явуулах Засаг даргын захирамж гарч, дуудлага худалдаа явуулах зарыг “Тэнгэрийн ауруг” буюу “ЛХА” телевизээр явуулж, нэхэмжлэлийн дагуу төлбөрөө төлсөн байдаг. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Т.Ж, Д.О гэдэг хоёр хүн дуудлага худалдаанд оролцох материалаа ирүүлсэн. 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуудлага худалдаа болж иргэн Т.Ж ялагч болсон. Газрын тухай хуулийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Үүний дараа барилга барих асуудал эхэлсэн. Мэргэжлийн хяналтын газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл авсан. Тэгэхэд цэвэр бохирын шугам хоолой бүх асуудал тусгагдсан байсан. Шүүхээс гурван удаа шинжээч томилон дүгнэлт гаргуулсан байгаа. Эдгээр шинжээч нарын дүгнэлтээс үзэхэд барилга хоорондын зай хангаж байна, шугам сүлжээ давхардсан зүйл байхгүй, нарны тусгал инженерийн тооцооллоор 4 цаг нар туссан, орох гарах гарц хаасан зүйл байхгүй гэсэн зүйлүүд тогтоогдсон. Нэхэмжлэгч тал хохирлын талаар яриад байдаг. Хохирол учирсан талаархи нотлох баримтаа гаргаж өгдөггүй. Тэгээд Х.Л, Ж.Т, өмгөөлөгч Ө.Э нартай уулзсан. Анх 50 000 000 төгрөг өгвөл нэхэмжлэлээ татаж авъя гэсэн зүйл хэлсэн байдаг. Тэгээд зэргэлдээ барилга барьж байгаа байгууллагаас орлого олох замаар гаргасан нэхэмжлэл болохоос биш эрх ашиг нь хөндөгдсөн асуудал байхгүй юм байна гэдгийг би ойлгосон. Одоогоор “Э” ТББ-д хохирсон асуудал байхгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг О.Ц-ыг гаргасан гэж үзэхгүй байна. О.Ц нэг бол гарын үсгээ зураад бүтэн нэрээ бичсэн байдаг. Би энэ нэхэмжлэлийг О.Ц бичсэн гэж үзэхгүй байна. Нэгэнт шүүх хүлээгээд авсан учраас нэхэмжлэлийг буцаахаас илүү энэ нэхэмжлэлд үнэлэлт дүгнэлт өгөх байх. Тиймээс анхны нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ТББ нь “Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 дугаартай захирамжийн “иргэн Т.Ж-д холбогдох хэсэг”-ийг, “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ыг тус тус хүчингүй болгуулах, “үйлчилгээний барилга барих архитектурын төлөвлөлтийн даалгаврыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах”-ыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, “эвдэрч сүйдсэн хашаа, зам, талбай, зүлэг, модны 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн бодит хохирол гаргуулах” тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
Нэхэмжлэгч байгууллага нь “иргэн Т.Ж-д эзэмшүүлсэн газрыг өмнө нь манай байгууллага эзэмших тухай хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргаж байсан боловч шийдвэрлээгүй, манай байгууллага 2006 оноос хойш зохих ёсоор эзэмшиж байсан, дуудлага худалдаа явуулах зарыг нийтэд мэдэгдэж, зарлаагүйгээс газар эзэмших дуудлага худалдаанд оролцож чадаагүй.” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:
Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар захирамжийг үндэслэн “Э” ТББ-д 2000 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. /1 дүгээр ХХ-5, 105 хуудас/
Нэхэмжлэгч газрын хэмжээгээ нэмэгдүүлэх тухай Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 11/23 албан тоотоор гаргасан хүсэлт нь /1 дүгээр ХХ-63 хуудас/ газар эзэмшүүлэх тухай хүсэлт биш харин эзэмшил газрын хэмжээгээ зөвшөөрөлгүйгээр 1м сунгаж хашаа барьсан, зөвшөөрөл авалгүйгээр тохижилтын ажил хийсэн талаарх баримт болох нь нотлогдож байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д аймгийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр зохицуулсан байдаг. Иймээс газар эзэмших тухай хүсэлтийг өмнө нь өгч байсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших давуу эрх үүсэхгүй.
Мөн “Э” ТББ нь зөвшөөрөлтэй газрын хэмжээнээс илүү 252 м2 газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, хашаа барьсан болох нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/270 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-192 хуудас/, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна.
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Бодлого батлах тухай” 03 дугаартай тогтоолоор /2 дугаар ХХ-89-91 хуудас/ “Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого”-ыг баталжээ. Бодлогын 3.3.6-д Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулахаар шийдвэрлэж, Кувейтын гудамжны тохижилтын схем зураглалыг хийсэн байна. / 2 дугаар ХХ-92 хуудас/
Орхон аймгийн Засаг дарга дээрхи 3 дугаар тогтоолын дагуу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/623 дугаартай “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гаргасан байна. Захирамжийн хавсралтад 6-н багт газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулахаар батлагдсан ба ....... багийн Х-ийн с-ийн баруун талд 900 м2 газрыг үйлчилгээний төв барих зориулалтаар дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын дагуу” дуудлага худалдааг явуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дүгээр ХХ-64-74 хуудас/ нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дуудлага худалдаа явуулах зарыг нээлттэй, ил тод явуулаагүйгээс дуудлага худалдаанд оролцож чадаагүй гэсэн боловч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Тэнгэрийн Ауруг” ХХКомпанид зар сурталчилгаа явуулсан төлбөр төлсөн баримтаас үзэхэд дуудлага худалдаа явуулах тухай зарыг нийтэд мэдээлсэн нь нотлогдож байна. /2 дугаар ХХ-92 хуудас/
Иймээс аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...”, 34 дүгээр зүйлийн 34.1 “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/623 дугаартай захирамж гарган уг захирамжийн дагуу дуудлага худалдаа явагдаж, дуудлага худалдаанд ялагч болсон иргэн Т.Ж-д ....... багийн Х-ийн с-ийн баруун талд үйлчилгээний төвийн барилга барих 900 м2 газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А/683 дугаартай захирамж нь хууль зөрчөөгүй, энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгч “Э” ТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага гуравдагч этгээдийн барьж буй үйлчилгээний төвийн барилга нь барилгын тухай хууль, дүрэм, норм зөрчиж орох, гарах гарц болон нарны тусгал хаасан, барилга хоорондын зай алдагдсан, төвийн дулаан, бохир, цэвэр усны төв болон салбар шугам дээр баригдсан гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:
Гуравдагч этгээд Т.Ж нь Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн дагуу худалдаа, үйлчилгээний 4 давхар барилга барихаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хийлгэж, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ийг гаргуулсан байна.
Гуравдагч этгээд Т.Ж-ны баригдаж буй худалдаа, үйлчилгээний төвийн барилга нь нэхэмжлэгч “Э” ТББ-ын барилгад нөлөөлж, барилгын тухай хууль, дүрэм, норм зөрчөөгүй болох нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/270 дугаартай Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлт /1 дүгээр ХХ-192-193 хуудас/, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/2166 дугаартай Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр /2 дугаар ХХ 59-66 хуудас/ тогтоогдож байна. Шинжээчийн 01/270 дугаартай дүгнэлтээр “иргэн Т.Ж-ны баригдаж буй барилга нь “Э” ТББ-ын барилгад хойд булангаараа 8.12 м, урд булангаараа 8.66 м байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.04-ийн “Заавал мөрдөх 4 дүгээр хавсралт”-ын “Галын аюулаас хамгаалах шаардлага”-ын 1 дүгээр хүснэгтийн гал тэсвэрлэлтийн III зэргийн зай хэмжээг хангаж байна.” гэжээ. Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр “Э” ТББ-ын барилгын зургийг 2010 онд “IDG” барилгын зураг төслийн .. ХХК боловсруулж батлан, Орхон аймгийн Ерөнхий архитектор баталгаажуулсан байна. Уг барилгын зураг төсөлд Б-ийн авто машины ил зогсоол нь зураг төслийн дагуу төлөвлөгдсөн байршилд байгаа боловч зоорийн давхарт байрлах авто машины дулаан гаражийн орц, гарц нь батлагдсан зураг төсөлд заасан байршлын дагуу баригдаагүй байна...”, “...Иргэн Т.Ж-ны барилгын батлагдсан зураг төслийн дагуу “Э” ТББ-ын авто машины гражийн орох, гарах гарцыг хаахгүй байхаар төлөвлөгдсөн байна.”, “...Эрдэнэт хот нь хойд өргөргийн 49002-т байрлах тул нормын 3.6-ын дагуу нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа нь 2.5 цагаас багагүй байна. Ингэхдээ 4.5-ын дагуу нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг барилгын доод давхрын цонхнуудын төв цэгээр тооцно, 4.6-д зааснаар нар мандсаны дараах нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг компьютер программ хангамжийн тусламжтайгаар тодорхойлоход 4 цаг нарны шууд тусгал үзэхээр байгаа нь энэхүү барилгын норматив баримт бичгийг зөрчихгүй байна.” гэж тус тус дүгнэжээ.
Дээрхи шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд гуравдагч этгээд Т.Ж-ны баригдаж буй барилга нь барилгын норм ба дүрмийг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.
Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтийн b хэсэгт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын барилга хоорондын зайнаас хамааруулж нарны тусгал нь “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж” БНбД 23-04-07-ийн 3.6-д заасан шаардлагыг хангахгүй байгаа нь хүний үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй төлөвлөлт гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч барилга хоорондын зайгаар нарны тусгалыг тооцсон нь эргэлзээтэй, нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг программ хангамжийн тусламжтайгаар Барилгын хөгжлийн төв тооцдог гэж тайлбарласан учраас шүүх энэ талаар дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Барилгын хөгжлийн төв шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа бодит байдал дээр, программ хангамжийн тусламжтайгаар нарны тусгалын үргэлжлэх хугацааг тодорхойлсон учраас уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүх гуравдагч этгээд Т.Ж-ны барилга нэхэмжлэгч “Э” ТББ-ын барилгад тусах нарны тусгалыг хаасан гэж үзээгүй болно.
Гуравдагч этгээдийн баригдаж буй барилга нь төвийн дулаан, бохир, цэвэр усны төв болон салбар шугам дээр баригдаагүй болох нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 500 дугаартай албан бичиг, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15/А/048 дугаартай “Усан хангамж, ариутгах татуургын техникийн нөхцөл”, ....... багийн “Э” ТББ, иргэн Т.Ж-ны барилгын орчмын инженерийн шугам сүлжээний схем зураг /2 дугаар ХХ-9-11 хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдлоо.
Дээрхи байдлуудаас дүгнэхэд хариуцагч Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 дугаартай захирамжийн “иргэн Т.Ж-д холбогдох хэсэг”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”, “Үйлчилгээний барилга барих архитектурын төлөвлөлтийн даалгавар”-ууд нь барилгын тухай хууль, норм ба дүрмийг зөрчин нэхэмжлэгч “Э” ТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн үйлдэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэгэнт захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраа тэлж хашаа барьж зүлэгжүүлэн, мод суулгасан зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь хохиролтой холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хохирсон болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн эвдэрч сүйдсэн хашаа, зам, талбай, зүлэг, модны хохирол 25.000.000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу шүүх хуралдааны товыг албан ёсоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л-д 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр /2 дугаар ХХ-99 хуудас/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон нарт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус тус мэдэгдсэн боловч /2 дугаар ХХ-101 / хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусч хэтэрсэн, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн /өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийнхөө хүсэлтийг уламжилсны дагуу шүүх хуралдааны товыг тогтоосон/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д заасны дагуу хариуцагч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилон дүгнэлт гаргуулан 2.357.955 /хоёр сая гурван зуун тавин долоон мянга есөн зуун тавин тав/ төгрөгийн шүүхийн зардал гарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон учраас шүүхийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 60 дугаар зүйлийн 60.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ТББ-ын “Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 дугаартай захирамжийн “иргэн Т.Ж-д холбогдох хэсэг”, “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ыг тус тус хүчингүй болгуулах, “үйлчилгээний барилга барих архитектурын төлөвлөлтийн даалгаврыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах” үндсэн шаардлага, “эвдэрч сүйдсэн хашаа, зам, талбай, зүлэг, модны 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн бодит хохирол гаргуулах” тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шүүхийн зардал нийт 2.357.955 /хоёр сая гурван зуун тавин долоон мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг нэхэмжлэгч “Э” ТББ-аас гаргуулж, 176.000 /нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийг “ГМОМОН” ХХК-д, 2.181.955 /хоёр сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг Барилгын хөгжлийн төвд тус тус олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан “Э” ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА