| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00576/И |
| Дугаар | 302/ШШ2025/00777 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 302/ШШ2025/00777
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймаг, Б сум, 4 дүгээр багт оршин суух,О ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймаг, Өлгий сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Х банкны Б салбар -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Андуурсан гүйлгээ болох 1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О ,
Хариуцагч Х банкны Б салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А ,
Орчуулагч Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч О аас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... миний бие өөрийнхөө Х банкны 00 тоот данснаас бусдад мөнгө шилжүүлэхдээ андуурч 00 тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Тухайн үед дансны дугаарыг цуглуулахдаа тоог нь буруу цуглуулснаас болж өөр хүний данс руу буруу шилжүүлсэн байна. Уг асуудлын талаар Цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч миний буруу шилжүүлсэн данс У.Ж гэгчийн данс байсан байна. Харин Х банкны Б салбар нь данснаас түүний зээлд суутгаж авсан байна. Тус аймгийн прокурорын газрын прокурорын тогтоолоор Х банкны Б салбарын холбогдох албан тушаалтанд тухайн мөнгийг буцаан олгохыг даалгаж шийдвэрлэсэн боловч тус салбар нь буцаан олгохоос татгалзсан тул шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.
3.Хариуцагч Х банкны Б салбарын захирал Ө , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... хариуцагч буюу манай банкны харилцагч О нь 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өөрийнхөө 00 тоот харилцах данснаас 00 тоот данс руу 1,000,000 төгрөгийн шилжүүлгийг интернэт банкаар хийсэн байна. Тус мөнгө хүлээн авсан данс нь У.Ж ийн цалингийн зээлийн данс байсан тул тухайн гүйлгээ зээлд автоматаар төлөгдсөн байна. У.Ж одоо Х а байгаа нь тодорхойгүй зээл нь олон хоногоор хугацаа хэтэрсэн, банкны зүгээс холбоо барьж чадахгүй байгаа зээлдэгч болно. Дээрх шилжүүлгийг банкны зүгээс суутгаж төлөөгүй ба мөнгө хүлээн авах данс зээлийн данс байсан учир суутгагдсан байна. Зээлдэгч өөрөө байхгүй тул банкны зүгээс харилцагчийн зөвшөөрөлгүйгээр зээлийн төлөлтийг буцаах боломжгүй гэж маргажээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Нэхэмжлэгч О нь 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Х банкны цахим буюу интернэт банкаар өөрийнхөө Х банкны 00 тоот данснаас 1,000,000 төгрөгийг 00 тоот данс руу андуурч шилжүүлсэн байх ба уг данс У.Ж гэх хүний Х банкны зээлийн данс байсан байх бөгөөд улмаар тухайн мөнгийг түүний зээлийн төлөлтөд автоматаар суутгасан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, түүнд талууд маргаагүй байна.
4.2 Х банкны 00 тоот дансны эзэмшигч У.Ж нь тус аймгийн Улаанхус сумын 8-р багийн оршин суугч боловч тус багт оршин сууж амьдардаггүй, байхгүй болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.
4.3 Нэхэмжлэгч О аас тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаад Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар тогтоолоор: ... 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч О нь Х банкны өөрийнхөө эзэмшлийн 00 тоот данснаас 00 тоот данс руу андуурч 1,000,000 төгрөг шилжүүлж, уг шилжүүлсэн мөнгө нь У.Ж ийн зээлийн дансанд орж улмаар автоматаар түүний зээлийн төлөлт хийгдсэн байна. Иргэн У.Ж болон Х банкны ажилтны зүгээс О ы андуурсан гүйлгээ болох 1,000,000 төгрөгийг буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр иргэн О аас гаргасан бүртгэлийн ГМ-301 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байжээ.
5.Дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч О нь Х банкны интернэт банкаар өөрийнхөө Х банкны 00 тоот данснаас 1,000,000 төгрөгийг 00 тоот данс руу андуурч шилжүүлсэн, уг данс нь У.Ж гэх хүний Х банкны зээлийн данс байсан байх бөгөөд тухайн мөнгийг түүний зээлийн төлөлтөд автоматаар суутгасан зэрэг үйл баримт тогтоогдсон.
6.Харин хариуцагч Х банкны Б салбарыг нэхэмжлэгч О ы Х банкны цахим буюу интернэт банкаар өөрийнхөө Х банкны 00 тоот данснаас 1,000,000 төгрөгийг 00 тоот данс руу андуурч шилжүүлсэн үйлдэл, эс үйлдэлд шууд буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
7.Нэхэмжлэгчээс Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар тогтоолоор миний андуурч шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг надад буцааж олгохыг тус банкны холбогдох албан тушаалтанд даалгаж шийдвэрлэсэн боловч миний мөнгийг иргэн У.Ж ийн зээлийн төлөлтөд суутгаж үндэслэлгүй хөрөнгөжиж миний мөнгийг буцааж өгөхгүй, өгөхөөс татгалзаж байна гэж тайлбарлажээ.
8.Хэдийгээр Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад иргэн О ы андуурсан гүйлгээ болох 1,000,000 төгрөгийг түүнд буцаан олгохыг Х банкны Б салбарын холбогдох албан тушаалтанд даалгаж шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгчийн андуурч шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч Х банкны Б салбар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйл баримт болон хууль зүйн үндэслэл тус тус тогтоогдохгүй байна.
9.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж мөн 496.2-т хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч О нь иргэн У.Ж ээс андуурч шилжүүлсэн мөнгөө шаардах эрхтэй байна.
10.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч Х банкны Б салбар уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш байх тул нэхэмжлэгч О аас хариуцагч Х банкны Б салбарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
11.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,759 дүгээр зүйлийн 759.1, 752.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ы хариуцагч Х банкны Б салбараас андуурсан гүйлгээний үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ