| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00084/И |
| Дугаар | 302/ШШ2025/00791 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 302/ШШ2025/00791
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ш . Хаяг:Б аймаг, У сум, 6 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У сумын А нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ,
Гэрч Х , М , Е ,
Орчуулагч Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж д утсаар мэдэгдэхэд өөрийн эзгүй хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтад зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш нь тус аймгийн У сумын А нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Ш гэдэг хүн У сумын А нэгдэлд 1981 оноос 1992 он дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлтээ гаргаж байгаа. Ш гийн хувьд 1985 онд 15 настай байхад 8-р ангийг төгсөж, мал дээр гарсан байдаг. Ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй, дунд боловсролтой. Одоо хүртэл мал маллаж, У суманд амьдардаг байгаа. С сумын Д багт зуслан байдаг. Эцэг, эх нь мөн адил У сумд байдаг. Өнөөдөр гэрчээр ирсэн байгаа. Мөн хамт малчнаар ажиллаж байсан Е гэдэг хүнийг гэрчээр асуулгахаар болсон байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар У сумын А нэгдлийн тухайн үеийн баримт нь устгагдсан байна. Архиваас харандаагаар бичсэн зарим нэг баримтууд гарч ирсэн байгаа. Тухайн баримтууд нь үл танигдах байдалтай, устгагдах гэж байсан учраас түүвэрлэж, хүсэлт гаргагчийн цалингийн баримтыг архиваас тухайн үед бичүүлж авсан. Тухайн баримтыг үндэслэн шүүхэд хүсэлтээ гаргасан байгаа. Дээрээс нь хамт ажиллаж байсан бусад холбогдох гэрчүүдийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байгаа. Дээрээс нь ХААТР маягтад хүсэлт гаргагч Ш малчин байсан гэх бүртгэл хийгдсэн байдаг. Цалингийн зарим нэг баримтууд нь гарсан. Зарим баримтууд нь гараагүй байгаа.
1.2 Хүсэлт гаргагч Ш 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөр нь бичигдэж байгаа. Гэхдээ мал маллаж, малчны туслахаар гарсан хугацаа нь 1985 оноос эхлэн ажиллаж байсан. Тухайн хугацаанд насанд хүрээгүй хүүхэд байсан учраас хөдөлмөр бичигдээгүй гэж үзэж, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу А нэгдэл таарах хүртэл хугацаанд малчин байсан байдлыг тогтоож өгнө үү. Шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш гэдэг өөр хүний ажилласан байдалтай холбоотой асуудал давхцаж байгаа. Тэр нь театр дээр ажиллаж байсан урлагийн хүн байсан. Тухайн хүн нас барчихсан. У сумаас аймагт шилжиж ирээд аймгийн театрт ажиллаж байсан хүн байгаа. Одоо Ш гэдэг хүний үр хүүхдүүд Казахстан улсад урлагийн салбарт ажилладаг юм байна. Гэхдээ хүсэлт гаргагч Ш гаас өөр хүн байгаа. Тухайн хүн нь аль эрт нас барсан.
1.3 Хүсэлт гаргагч Ш гийн хувьд төрснөөс хойш малчнаас өөр ажил хийж байгаагүй. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Хүүхдийн төрсний ХААТР маягт зэрэг баримтуудыг шалгаж үзэхэд эцэг, эх нь малчин гэж бичигдсэн байдаг. Ш 1992 онд гэр бүл болж байсан. Тэр хугацаанд эцэгтэйгээ хамт мал, маллаж байсан. Тийм учраас зарим мал тооллого нь эцгийн нэр дээр гарсан байж магадгүй. Ш нь малчин айлд төрж өссөн ба 1987 оны 01 дүгээр сараас эхлэн туслах малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан юм. Архиваас холбогдох цалингийн цэс бүхий материалууд олдсон боловч ажилласан байдлыг шүүхээр давхар нотлоод ир гэж аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс шаардлага гаргасан. Үүний дагуу дээрх хугацаанд төрд ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.
1.4 Иймд Ш гийн У сумын А нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж гийн шүүхэд гаргасан тайлбартаа:
2.1 Хүсэлт гаргагч Ш Б аймгийн У сумын А нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Б аймгийн У сумын А нэгдэл гэдэг нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар ямар ч лавлагаа гараагүй. 1991 онд хүсэлт гаргагч нь түрээсээр ажиллаж байсан гэдэгт бас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан. 1988 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тушаалд ажилладаг байгууллага гэдэгт театр гэж явж байсан. 1988 онд малчнаар ажиллаж байсан хүн театрт ажилладаг гэж үзэхгүй байна. 1991 оны бас нэг баримтад 16-д байгаа Ш хүний овог нь байхгүй бөгөөд нэрийн эхний үсэг нь засвартай байсан. Тус нэгдэл 1991 оны сүүлээр таарсан байгаа. Тийм учраас өөр хүний баримтыг авчирсан болов уу гэж үзэж байна. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол ажилласан жилд тооцохгүй.
2.2 Иймд хүсэлт гаргагч Ш н шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас 2025.01.23-ны өдөр өмгөөлөгч Н т олгосон 0177 дугаар бүртгэлд бүртгэж олгосон итгэмжлэл, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын албаны 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 433 дугаартай лавлагаа, Е , Б , Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.
4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 2 дугар сарын 25-ны өдрийн 302/ШЗ2025/00651 дугаартай шүүгчийн захирамжаар Б аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2025.02.27-ны өдрийн 232 дугаар албан бичгээр тус газрын Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Ж д олгосон итгэмжлэл, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тодорхойлолт олгосон Б , Е нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 231, 232 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12/198 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР маягтууд, Б аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн У сумын А нэгдлийн даргын 1988 оны дугаар сарын 22-ны комисс томилох тухай 22 дугаар тушаал, түүний хавсралт, тус нэгдлийн Х хэсгийн 1988, 1992 оны, А хэсгийн 1991 оны цалин хөлсний баримт, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай архивын лавлагаа, тус шүүхээс архивын хэлтэст очиж хуулбарлаж авсан У сумын А нэгдлийн байнга хадгалах баримтын бүртгэл 2 хуудас, БНМАУ Б аймгийн У сумын А нэгдлийн даргын 1988.03.22-ны өдрийн комисс томилох тухай 22 дугаар тушаал, түүний хавсралт, тус нэгдлийн Х хэсгийн 1988, 1992 оны, А хэсгийн 1991 оны цалин хөлсний баримт, тус шүүхээс 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, уг тэмдэглэлд хуулбарлаж хавсаргасан БНМАУ Б аймгийн У сумын А нэгдлийн даргын 1986.02.05-ны өдрийн ардын театрын уран сайханчдыг томилох тухай 15/2 дугаар тушаал мөн нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 60 дугаар тушаал, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ариун цэврийн комисс байгуулах тухай 60 дугаар тушаал, түүний хавсралт тус нэгдлийн Х хэсгийн 1987 болон 1988 оны, А хэсгийн 1989 оны, А хэсгийн 1992 оны цалин хөлсний баримтууд, томилолтын хуудас, мэдэгдэх хуудас, тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 936 дугаар албан бичгээр тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 12/872 дугаар албан бичгээр ирүүлсэн Ш н ХААТР маягтууд, 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Х ыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн хэлтсийн архивд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсэг болох түүний Б аймгийн У сумын А нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: ... хүсэлт гаргагч Ш нь өндөр насны тэтгэвэрт гарах гэж архиваас холбогдох цалингийн цэс бүхий материалууд олдсон боловч ажилласан байдлаа шүүхээр давхар нотлоод ир гэж аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс шаардлага гаргасан. Иймд түүний тус аймгийн У сумын А нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоож өгнө үү гэж тодорхойлжээ.
7.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлийг нотлохоор Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын албаны 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 433 дугаартай лавлагаа, Е , Б , Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
8.Харин шүүхийн санаачилгаар 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хамт ажилласан гэх Б , Е нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12/198 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР маягтууд, Б аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн У сумын А нэгдлийн даргын 1988 оны комисс томилох тухай 22 дугаар тушаал, түүний хавсралт, тус нэгдлийн Х хэсгийн 1988, 1992 оны, А хэсгийн 1991 оны цалин хөлсний баримт, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай архивын лавлагаа, тус шүүхээс 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, уг тэмдэглэлд хуулбарлаж хавсаргасан БНМАУ Б аймгийн У сумын А нэгдлийн даргын 1986.02.05-ны өдрийн ардын театрын уран сайханчдыг томилох тухай 15/2 дугаар тушаал, мөн нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 60 дугаар тушаал, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ариун цэврийн комисс байгуулах тухай 60 дугаар тушаал, түүний хавсралт тус нэгдлийн Х хэсгийн 1987 болон 1988 оны, А хэсгийн 1989 он болон 1992 оны цалин хөлсний баримтууд, томилолтын хуудас, мэдэгдэх хуудас, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 12/872 дугаар албан бичгээр ирүүлсэн Ш ХААТР маягтууд, 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Х ыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд үзлэг хийсэн тэмдэглэл, хүсэлт гаргагчийн хүсэлтээр хүсэлт гаргагчийн эцэг, эхийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн болно.
9.Хүсэлт гаргагчид Б аймгийн У сумын А нэгдэлд малчны ажилд томилж, чөлөөлсөн мөн ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийгдсэн ажил олгогч буюу тус нэгдлийн даргаас олгосон Хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй байгаа боловч дээрх хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад, хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
9.1 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12/198 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн ХААТР-15 дугаар буюу гэрлэснийг бүртгэх анкетад хүсэлт гаргагч Ш н нь М тай 1994 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 1994 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн болох нь тогтоогдсон.
9.2 Тус шүүхээс аймгийн архивын хэлтэст хадгалагдаж буй У сумын А нэгдлийн даргын тушаал болон цалин хөлсний 70 дугаар дансны баримтад үзлэг хийхэд цалин хөлсний баримтын А хэсгийн 1991 оны баримтын нэрсийн жагсаалтын 33-рт түүний эцэг Х , 34-рт Ш гэж, мөн хэсгийн 1989 оны цалин хөлсний баримтад хүсэлт гаргагчийн эцэг Х , эх нь М нарын нэр дээр тус тус цалин хөлс бичигдсэн байна.
9.3 У сумын А нэгдлийн цалин хөлсний 1989 оны баримтаас хүсэлт гаргагчийн нэрээр цалин хөлсний баримт гаргаагүй байгаа хэдий боловч хүсэлт гаргагчийн эцэг, эхийн нэр дээр цалин хөлс гарсан бөгөөд тэрээр тухайн үед гэр бүл болж, өрх тусгаарлаагүй байгаа тул түүний эцэг, эхийн нэр дээр гарсан цалин хөлсний баримтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэв.
9.4 Аймгийн архивын тасгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаар албан бичгээр ирүүлсэн У сумын А нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтын А хэсгийн 1991 оны цалин хөлсний баримтын хүмүүсийн нэрсийн жагсаалтын 46-рт түүний эцэг Х , 47-рт Ш нарын цалин хөлс нь тус тус бичигдсэн байна.
9.5 Мөн хүсэлт гаргагчийн эцэг, эх Х , М нар болон хамт ажилласан гэх Е , Б , Б нарын гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримттай харьцуулан үнэлж хүсэлт гаргагч Ш гийн Б аймгийн У сумын А нэгдлийн А хэсэгт малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
10.Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай архивын лавлагаанд тус газрын архивд У сумын А нэгдэл нь 1992 онд шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар нийгмийн даатгалын хэлтэст ирүүлж тооцоо хийгээгүй болох нь нотлогдож байгаа боловч хүсэлт гаргагч тус нэгдэлд 1992 онд эцэгтэй хамт малчнаар ажиллаж цалин хөлс авсан нь хэрэгт авагдсан баримттаар тогтоогдсон тул тухайн хугацаанд ажил олгогчоос Нийгмийн даатгалын шимтгэл төлж эрх бүхий байгууллагад тооцоо хийгээгүй асуудалд иргэн хүн буруугүй гэж шүүхээс дүгнэлээ.
11.Харин хүсэлт гаргагчийн Б аймгийн У сумын А нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
12.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12/198 дугаар, 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 12/872 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, ХААТР-11 дүгээр маягтад тус нэгдлийн А хэсэгт 1988 оноос эхэлж хоньчин байсан гэж бичигдсэн байгаа боловч тэрээр хүсэлт гаргагч нь 1972 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн 1988 оны 01 дүгээр сард 15 нас 3 сартай буюу хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй байна.
Энэ нь түүний эцэг Х гийн ...нэгдлийн үед хөдөлмөр эрхлэх нас 16 нас байсан бөгөөд 1988 онд түүнд цалин хөлс бичигдээгүй байх гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.
13.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 433 дугаар архивын лавлагаагаар олгосон Ш гэх цалингийн тодорхойлолтод 1988-1989 оны цалин хөлс бичигдсэн байх боловч энэ нь тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгээр 1988 оны цалин хөлсөнд 1987 оны, 1989 оны цалин хөлсөнд 1988 оны тус нэгдлийн Х хэсгийн Ш нэртэй хүний цалин хөлсийг бичсэн болох нь тогтоогдсон.
14.Тус аймгийн архивын тасгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаар албан бичиг болон тус шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр баталгаажуулж авсан У сумын А нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтын 1987 болон 1988 оны Ш нэртэй гарсан цалин хөлс нь хүсэлт гаргагчийн ажилласан тус нэгдлийн А хэсэг бус Х хэсгийн цалин хөлс байсан, мөн уг цалин хөлсний баримтуудад хүсэлт гаргагчийн эцэгтэй хамт бус М.С гэдэг хүний дараа Ш гэдэг хүний цалин хөлс бичигдсэн байх тул шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.
15.Хэдийгээр У сумын бүх багт Х, Б, М үсгээр эхэлсэн Ш нэртэй хүсэлт гаргагчаас өөр хүн байхгүй байгаа боловч тус аймгийн У сумын А нэгдлийн театрт хүсэлт гаргагчийн нэр болон эцгийн нэртэй адилхан Ш нэртэй хүн 1986 оноос эхлэн ажиллаж улмаар театрын эрхлэгчээр ажилласан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
16.Тус аймгийн архивын тасгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн БНМАУ Б аймгийн У сумын А нэгдлийн даргын 1988 он 3 дугаар сарын 22-ны өдрийн комисс томилох тухай 22 дугаар тушаалын хавсралтын эд хариуцагч нэр гэсний нэрсний жагсаалтын 5-рт С , хариуцсан ажил гуанз, 6-рт Ш , хариуцсан ажил театр гэж бичигдсэн бөгөөд харин тус нэгдлийн цалин хөлсний 1987-1988 оны баримтад С гэх хүний дараа Ш гэх хүний цалин хөлс нь бичигдсэн байх тул уг цалин хөлсийг театрт ажилладаг хүсэлт гаргагчийн нэр болон эцгийн нэртэй адилхан Ш н цалин хөлс гэж үзнэ.
17.Хүсэлт гаргагчийн эцэг, эх Х , М нар нь Ш нь бид нартай хамт тус нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан гэж мэдүүлдэг боловч тус аймгийн архивын тасагт хадгалагдаж буй цалин хөлсний 70 дугаар дансны 1990 оны баримтаас түүний нэр дээр болон, эцэг, эхийн нэр дээр цалин хөлс гаргаагүй тул дан ганц гэрч нарын мэдүүлгийг үндэслэн тухайн хугацаандаа нэгдэлд малчнаар ажилласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
18.Гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч хамт малчнаар ажилласан гэх түүний эцэг, эх болон Е , Б , Б нарын бичгээр олгосон тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй буюу гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотолгооны бусад хэрэгслүүдээр тогтоогдохгүй байгаа тул гагцхүү гэрчийн мэдүүлгээр хүсэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ш н Б аймгийн У сумын А нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа тул хүсэлтийн уг шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
20.Хүсэлт гаргагч Ш нь Б аймгийн У сумын А нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
21.Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш гийн Б аймгийн У сумын А нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ