Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 302/ШШ2025/00793

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б . Хаяг: Д аймаг, Д сум, 14 дүгээр баг, Н 45б, 4 тоотод оршин суух,

Хариуцагч: Ө ХХК /захирал Ж /. Хаяг: Б аймаг, Ө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилчдын хоолны үнийн үлдэгдэл 12,275,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЦ (цахимаар),

Хариуцагчийн өмгөөлөгч С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өмгөөлөгч оролцоно гэснийг илэрхийлсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан ажилчдын хоолны үнийн үлдэгдэлд 12,275,000 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Б ийн нэхэмжлэлийн шаардлага нь Ө ХХК-ийн ажилчдын хоолны тооцооны үлдэгдэл 12,275,000 төгрөгийг Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн Жана ауыл 01 тоотод үйл ажиллагаа явуулах Ө ХХК-аас нэхэмжилж байгаа. Тус компанийн захирал нь Ж байгаа. Бичгээр байгуулсан гэрээ нь нэртэй, тооцоог заасан бичгээр байгуулсан гэрээ өөрт нь байсан. Энэ нь албан ёсны нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байгаа. Гэхдээ гарын үсэг зурж, тамга дарсан гэрээ хариуцагч Ж т байгаа гэдэг боловч аль, аль талууд уг гэрээг гаргаж өгөөгүй. Ингээд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тус компанийн ажилчдыг хоолоор хангаж эхэлсэн. Ингэхдээ эхлээд 11 ажилчин байсан, сүүлдээ ажилчдын тоо нэмэгдсэнээр 39 болсон. Эдгээр хүмүүст өглөө, өдөр, орой хоол ундаагаар байнга хангаж байсан. Б Ө аймгийн Х багийн нутаг дэвсгэр дээр Г боомтод зам талбайн ажил гүйцэтгэж байсан.

1.2 Нэг хүнд өдрийн 27,000 төгрөгөөр тооцож байсан юм байна. Ө ХХК-ийн захирал энэ хэлцэл гэрээнийхээ дагуу эхлээд тооцсон хүнийхээ тоогоор тооцоо хийж байсан. Сүүлдээ сар болоход нэхүүлсээр байгаад мөнгөө дутуу, хагас шилжүүлдэг болсон. Энэ компанитай гэрээ хийж ажиллахдаа 2 тогооч цалинжуулж, 40 тонны контейнер аваачиж тавьж, дотор нь нойл, дууш, угаалтуур, гал тогооны хэсэг гаргаж, тохь тухтай үйлчилгээ үзүүлж байсан гэдэг. Гал тогооны иж бүрэн хэрэгсэл, аяга, таваг сандал, ширээнээс эхлээд бүх зүйлээр хангаж, юугаар ч дутагдаж гачигдуулж байгаагүй. Хоол ундны амт чанараа ч гэсэн байнга сайн байлгаж байсан. Ажилчид ч гэсэн сэтгэл ханамжтай үйлчилгээ авч байсан. Гэвч Ө ХХК сүүлдээ хоолны мөнгөө хугацаандаа өгөхгүй, удааж, хагас, дутуу өгсөөр байгаад бидний хооронд тооцооны үлдэгдэл гарч эхэлсэн. Дээрх ажлыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж, тооцоо нийлэх үед Ө ХХК манайд 34,274,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Үүнийг компанийн гүйцэтгэх захирал хүлээн зөвшөөрч, цувуулж өгч байсан. Одоо 12,275,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

1.3 Энэ мөнгөө авахыг удаа дараа нэхсэн боловч боломжгүй байна, мөнгө хүрэхгүй байна гээд ярьсаар байгаа жил болж, нэхэмжлэгчийн утсыг авахаа больж, сүүлдээ блоклочихсон. Сүүлд мессенжерээр харьцахад шүүхэд өг гэдэг болсон. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүхэд гаргаж өгсөн материалд тогооч нь хар дэвтэр дээр эхлээд 11 хүн байсан. Дараа нь 39 болсон гэсэн хүний тоог хар дэвтрээс хуулж бичсэн нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэтэл үндсэн эх хувь нь олдохгүй байгаа. Гэрээний тухайд бичиг, тасалбар, гарын үсэг байсан ч гэсэн нотлох баримт болно гэж үзэж байгаа. Энэ компанид үйлчилгээгээ үзүүлэхдээ өөрөө хүнсний материалаа гаргаж, усаа үнэ төлбөртэйгөөр зөөвөрлөж, 2 тогоочоо цалинжуулах зэргээр зардал их гаргасан. Сүүлдээ бусдаас мөнгө зээлж хэрэглэсээр алдагдалд орсон. Талуудын хооронд ямар нэгэн аман хэлцэл, бичгээр байгуулсан гэрээ ч бай ямар нэгэн хэлцэл явагдаж, тус хэлцэл нь биелэгдэж Б Ө ХХК-ийн ажилчдыг хоолоор хангаж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Нөгөө талаас Ж Ө ХХК-иас хоолны мөнгө гэж нэхэмжлэгчийн данс руу удаа дараа шилжүүлсэн байдаг.

1.4 Энэ нь ямар нэгэн байдлаар хоолны үлдэгдэл тооцоотой байсан байна, энийгээ төлж байсан байна гэдгийг нотолж байгаа. Түүнээс гадна Ж , Б хоёр хоорондоо харьцахдаа утсан дахь мессенжерээр би удахгүй өгнө, төдийд өгнө, одоо мөнгө дутуу байна, хүлээж байгаарай гэсэн мессенжер харилцаа байдаг. Үүнийг шүүхээр албажуулж, баталгаажуулж нотлох баримтаар хавсаргуулахын тулд Ө аймгийн сум дундын шүүхэд Б аймгийн шүүхээс даалгавар бичиж, утсанд үзлэг хийлгэсэн. Тэрэн дээр байгаа баримтад шүүхээс үзлэг хийсэн учраас албан ёсны нотлох баримт гэж би үзэж байгаа. Шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл нь хавтаст хэрэгт байгаа. Тэгэхээр хоолны үлдэгдэл тооцоо байсан байна. Ж өнөө, маргааш өгнө гээд байсан нь үнэн байна гэдэг нь нотлогдож байгаа. 2 тогооч ажиллуулж байсан гэж байгаа. 2 тогоочийн 1 тогооч нь би ажиллаж байсан, сүүлдээ мөнгө төгрөгөө өгөхгүй болсон. Би ч гэсэн Б ээс цалингаа авч чадахаа байсан. Өөрөөр хэлбэл Ө ХХК-ийн ажилчдыг хооллоод компани нь мөнгөө өгөхгүй байсан учраас бид нар цалин авч чадахаа байсан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг юм.

1.5 Ө ХХК болон Б нарын хооронд ямар нэгэн байдлаар үйл ажиллагааны харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Ажилчдыг хооллож байсан нь үнэн байна. Тооцооны үлдэгдэл 12,275,000 мянган төгрөг гэж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ж ийм юм байхгүй, тийм юм байхгүй, тэгээгүй гэж яриад байгаа болохоос биш өөрийнхөө нэртэй утаснаас төдийд өгнө гээд мессеж явуулж байсан нь тодорхой харагдаж байгаа.

1.6.Иймд Ө ХХК-аас хоолны үлдэгдэл тооцооны мөнгө 12,275,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Ө ХХК-ийн захирал Ж ийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт: Иргэн Б ээс Ө ХХК-д холбогдуулан 12,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Тус компани 2023 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Ө аймгийн Г боомт дээр С ХХК-тай шууд гэрээгээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын талбайн бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

2.2 Уг ажлыг манай компани иргэн А ын санал болгосноор хамтран хийж хэрэгжүүлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд ажилчдын хоол ундны асуудлыг А зохион байгуулж байсан. Хариуцагч Б тэй уг асуудлаар сүүлд нь ярилцаж эхэлсэн болохоос биш эхэндээ А Б ийн эхнэр гэх С ХХК-д ажилладаг У гэдэг хүнтэй ярилцаж, өөрсдөө хоорондоо шийдэж явдаг байсан болно.

2.3 А ын надад өгсөн мэдээллээр ажилчдыг хоолоор хангах үүргийг С ХХК-ийн ажилтан У болон тэдний ажилчид биднийг явах хүртэл хийнэ гэдэг байсан ч хүн цөөрсөн гэдэг шалтгаанаар ганцхан өдөр ирээд хоолны газраа буулгаад аваад явсан байдаг.

2.4 Өөрөөр хэлбэл тус компани иргэн Б тэй хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй. Энэ төслөөс манай компани алдагдалтай гарсны дээр С гэх компаниас үлдэгдэл 65 гаруй сая төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ө ХХК-ийн 2023.08.07-2023.10.31 хүртэлх хоолны тооцоо гэх баримт, хувийн тэмдэглэлийн дэвтрийн холбогдох хуудасны хуулбар, мессежээр харилцсан чатын хуулбар, У ийн Х банкны депозит дансны хуулга, нэхэмжлэгчээсЦ д өгсөн итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025.08.13-ны өдөр гаргасан хүсэлт, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025.08.20-ны өдөр гаргасан тайлбар, Б ийн Х банкнаас хуулбарлаж олгосон түүний 00 тоот дансны хуулга, 2025.08.20-ны өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас тус компанийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр Ө т олгосон итгэмжлэлийн хуулбар, мөн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай албан бичгээр С ыг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

5.Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утасны фото зураг, Г ыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ө ХХК-аас ажилчдын хоолны үнийн үлдэгдэл 12,080,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, илүү нэхэмжилсэн 194,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие Ө аймгийн Х багийн нутаг дэвсгэр дэх Г боомтод зам талбайн ажил гүйцэтгэж байсан Ө ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж тэй тохиролцон компанийн ажилчдыг өөрийн материалаар хоолоор хангах үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулан 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тус компанийн ажилчдыг хоолоор хангаж эхэлсэн. Эхэндээ 11 ажилчин байсан ба сүүлдээ ажилчдын тоо нэмэгдсээр 39 болсон ба өглөө, өдөр, оройн хоол ундаар хангаж байсан бөгөөд нэг хүнд 27,000 төгрөгөөр бодож тооцож байсан. Би дээрх ажлыг Ө ХХК-тай тооцоо нийлэхэд манайд 34,275,000 төгрөгийн өртэй гарсан. Үүнийг компанийн захирал Ж хүлээн зөвшөөрч цувуулан өгч байсан бөгөөд одоо 12,275,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Ө ХХК-аас хоолны тооцооны үлдэгдэл 12,275,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

8.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...тус компани 2023 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Ө аймгийн Г боомт дээр С ХХК-тай шууд гэрээгээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын талбайн бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Уг ажлыг манай компани иргэн А ын санал болгосноор хамтран хэрэгжүүлсэн тул ажилчдын хоол ундны асуудлыг А зохион байгуулж байсан. Б тэй хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй. Энэ төслөөс манай компани алдагдалтай гарсны дээр С гэх компаниас үлдэгдэл 65 сая гаруй төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

9.1 Нэхэмжлэгч Б болон У нар нь эрх бүхий байгууллагад 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн хууль ёсны эхнэр, нөхөр болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

9.2 Нэхэмжлэгч Б нь Х банкны 00 тоот, түүний эхнэр У нь Х банкны 00 тоот дансны эзэмшигч болох нь Х банкнаас хуулбарлаж олгосон эдгээр дансны депозит дансны хуулгаар тогтоогдсон.

9.3 Хариуцагч Ө ХХК-ийн захирал Ж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажилчдын хоол ундны асуудлыг А зохион байгуулж байсан. Б тэй хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй. А нь Б ийн эхнэр гэх С ХХК-д ажилладаг У гэдэг хүнтэй ярилцаж, өөрсдөө хоорондоо шийдэж явдаг байсан гэж тайлбарлажээ.

9.4 Гэтэл нэхэмжлэгч Б ийн Х банкны 00 тоот дансанд 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 18,800,000 төгрөг, утга гэдэг дээр Ө ХХК, 0, 000 гэж, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, утга гэдэг дээр хоолны төлбөр Ө -ээс гэж тус тус нийт 22,800,000 төгрөг шилжүүлсэн.

-Түүний эхнэр У ийн Х банкны 00 тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр тус бүр 4,900,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18,000,000 төгрөгийг тус тус утга дээр, хоолны төлбөр Ө ХХК-аас гэж нийт 27,800,000 төгрөг, бүгд 50,600,000 /22,800,000+27,800,00/ төгрөгийг шилжүүлсэн байна.

Эдгээр мөнгийг шилжүүлэхдээ утга гэдэг дээр бичсэн 0 тоо нь хариуцагч Ө ХХК-ний регистрийн дугаар, 000 дугаар нь хариуцагчийн утсаны дугаар, мөн хариуцагчаас дээрх мөнгөө нэг л данс болох 00 тоот дансаар шилжүүлж байсан үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

9.5 Хариуцагчаас А нь нэхэмжлэгчийн эхнэр У тэй ажилчдын хоолны ундааны асуудлыг ярилцаж тэр бэлдэж өгсөн, нэхэмжлэгч Б тэй сүүлд ярьсан болохоос биш танихгүй гэж тайлбарладаг боловч хоолны төлбөр гэж 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр анх нэхэмжлэгчийн данс руу хариуцагчаас 18,800,000 төгрөгийг шилжүүлсэн мөн нэхэмжлэгч Б ээс хариуцагчийн 000 дугаар утас руу нь 2023 оны 10 дугар сарын 31-ний өдөр РД00 данс Х банк, 00 У гэж эхнэрийн дансыг явуулж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус мөнгө шилжүүлж байсан нь дансны хуулга болон нэхэмжлэгч Б ийн гэх 00 , 00 дугаартай х pro маркийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

9.6 Мөн Ж гэх ф messenger хаягаар: ...2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2:04 минут Даваа гараг Б ээс Ж руу 00

2:04 минутад Б ээс Ж руу Мөнгө шилжүүлээд өгөөрэй

2:06 минутад Б ээс Ж руу Одоо нийт 14 сая 200 мянга байгаа юм байна шүү

2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 12:45 минут Даваа гараг данс явуулаарай, одоо 2 сая хийх гэж байна.

12:45 минутад Б ээс Ж руу Байгаагаа ингэж хийж л бай

12:46 минутад Б ээс Ж руу 00 Б ,

12:47 минутад Б ээс Ж руу Ингээд ч хамаагүй өгсөн бол дуусгачихсан байгаа.

3:05 минутад Б ээс Ж руу Мөнгө чинь ороогүй байна шүү гэх мэт зурваас болон нэхэмжлэгч Б ийн гэх 00 , 00 дугаартай х pro маркийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Б болон хариуцагч Ө ХХК-ний гүйцэтгэх захирал Ж нар хоорондоо хоолны үлдэгдэл үнийн талаар болон хоолны үлдэгдэл үнийг шилжүүлэх гэж байгаа талаар тус тус чатаар харилцаж байсан болох нь талуудын нэг нэгэндээ илгээсэн зурвасаар тогтоогдож байна.

9.7 Хэдийгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээр нотлохоор гаргаж өгсөн хэргийн 4-10 дугаар хуудсанд байгаа бичгийн нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа хуулбар нотлох баримт байгаа хэдий боловч нэхэмжлэгч Б нь хариуцагч Ө ХХК-ний ажилчдыг хоол ундаагаар нийлүүлж хангаж байсан нь гэрч Г оос Б ийг 2023 оны 7 дугаар сараас, Женисбекийг 2023 оны 8 дугаар сараас таних болсон. ... Би 2023 оны 8-р сараас Б ийн удирдлага дор тогоочоор ажилладаг байсан. Б гээд хүний ажиллуулж байсан хоолны газар тогоочоор ажилласан нь үнэн. ... Ө компанийн 35-40 хүнийг хоол хүнсээр хангадаг байсан. ...Ө ХХК-ийн захирал Ж , иргэн Б нарын хооронд үлдэгдэл тооцоо байгаа талаар Б надад удаа дараа ярьж байсан. Ж ээс мөнгө орж ирэхгүй байгаа учраас чиний цалинг хугацаанд өгч чадахгүй байна шүү. Тэгээд миний цалин хугацаанд ордоггүй байсан гэх мэдүүлэг болон хариуцагчаас Ө ХХК-иас хоолны төлбөр гэж 50,600,000 төгрөг шилжүүлсэн мөн хариуцагчийн нэхэмжлэгчтэй ф messenger хаягаар болон утсаар холбогдож харилцаж байсан үйл баримт тогтоогдсон тул уг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар шүүхээс үнэлсэн болно.

10.Хариуцагчаас Б тэй хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй гэж тайлбарлажээ. Гэтэл хэлцлийг хуульд заасан бол хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол амаар буюу бичгээр хийнэ. Хөлсөөр ажиллах гэрээ хийх хэлбэрийг хуульд заагаагүй байх тул амаар буюу бичгээр хийж болохоор засан.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заажээ.

11.Дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Б нь хариуцагч Ө ХХК-ийн ажилчдыг хоол ундаагаар ханган бэлтгэн нийлүүлж байсан болох нь тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ... бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

12.Иймд нэхэмжлэгчийн ULGII VIID ХХК-ний 2023.08.07-с 2023.30.31 хүртэлх тооцоо нийт дүн 62,680,500 төгрөг, 2023.10.14 шилжүүлсэн 18,800,000 төгрөг гэж бичсэн нотлох баримтыг хариуцагчаас үгүйсгээгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид 18,800,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч Б болон түүний эхнэр У нарын Х банкны дансанд хариуцагч Ө ХХК-аас хоолны төлбөр гэж шилжүүлсэн 50,600,000 төгрөгийг нийт дүнгээс хасаж тооцоход хоолны тооцооны үлдэгдэл 12,080,500 /62,680,500-50,600,000/ төгрөг байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 194,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

13.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,350 төгрөгийг улсын орлого, болгож хариуцагч Ө ХХК-аас 12,080,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 208,238 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө ХХК-аас хоолны тооцооны үлдэгдэл 12,080,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, илүү нэхэмжилсэн 194,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 208,238. төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ