| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0395/э |
| Дугаар | 450 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Т.Билгүүн, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тамирын Билгүүнд холбогдох эрүүгийн “181107380236” дугаартай, 186/2018/0395/э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хан-Уул дүүргийн 75 дугаар бүрэн дунд сургуульд суралцдаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаа 6 дугаар гудамж 30 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Тамирын Билгүүн /РД:УП99042430/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Т.Билгүүн нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-6-114 тоот хашааны гадна хохирогч О.Ганбархасыг зодож түүний биед зулайн заадас, зүүн нүдний ухархайн дээд хана, суурь ясны урд хонхорын шугаман хугарал, зүүн дух, чамархайн хатуу бүрхүүл дээрхи цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг: Шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Т.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би аавын хуурай ахынхаа гэрт амьдардаг. 2018 оны 3 дугаар сарын 3-ны орой намайг 00 ороод гараад ирэхэд гадаа машин цохиод байна чи гараад боль гээд хэлээдэх гэсэн. Би гараад хартал Болдбаатар гэдэг хүн машин цохиж байсан. Би та боль гэсэн чинь энэ машиныг цохьсон ч яадаг юм гээд нэмж цохьсон. Тэгтэл Ганбархас гэдэг ах намайг шууд цохьсон би цохиход бултаад миний хацарыг гар нь шүргээд өнгөрсөн тэгээд би баруун гараар зүүн хацарлуу нь цохиод хашаалуугаа гүйгээд орсон гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Ганбархасын:.. 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17 цаг 30 минутын үед ажлаасаа тараад ажлын найз Болдбаатар, Мөнгөнтулгатай хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах танил Анхбаатарын гэрт очоод 2 шил 0.5 граммтай архи уусан. Тэндээс 20 цаг 50 минутын орчим гараад такси барих гээд уруудаад явж байтал Болдбаатар гудамжинд байсан Жиип маркийн бараан өнгийн машиныг яасан гоё машин бэ гээд гараараа тулаад хажуугаар нь өнгөрөөд явж байтал хашааны гадна 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн гарч ирээд яагаад машин тэрэг цохиод байгаа юм бэ гээд ард явж байсан Болдбаатарыг машин тэрэг цохьлоо гээд байхаар нь би урд нь явж байхдаа уучлаарай гоё машин байна, манай найз согтуу болохоор нь хажуугаар нь шүргээд гарчихлаа гээд Болдбаатар ахыг авахаар очтол 2 эрэгтэйгийн малгайтай цамцтай өндөр залуу нь намайг нүүрлүү өшиглөхөд би хойшоо савж унасан, нэг мэдэхэд цагдаагийн байгууллага дээр ирэхэд хамарнаас цус гарчихсан, дотор муухай оргиод байхаар нь гэрлүүгээ харьсан, гэрээсээ эхнэртэйгээ гэмтлийн эмнэлэг дээр очсон юм байна лээ, би тэр хэсгийг санахгүй байна, маргааш нь гэмтлийн эмнэлэг дээр 13 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн гэх мэдүүлэг. /хх14-15/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнгөнтулгын:... 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хамт ажилладаг Ганбархас, Болдбаатар хоёрын хамт найз Анхаагийнд очоод архи ууж байгаад гурвуулаа 21 цаг 30 минутын орчим гараад дээшээ өгсөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны байр дөнгөж өнгөрөөд явж байхад замын хажууд саарал өнгийн "Пикап" машин зогсож байсан бөгөөд тэр машиныг нь Болдбаатар ийм машинтай ч болоосой гээд хажуу талаас нь гараараа цохиод өнгөрөөд цааш явж байтал замын эсрэг талынх нь хашаанаас цонхоо нээж нэг эмэгтэй хүн орилсон ба хашаанаас нь 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн гарч ирээд хөөе машин цохьлоо, нааш ир гээд дуудахад Ганбархас нэлээд согтсон байсан болохоор очих гээд зам гараад явахаар нь би хойноос нь очтол Ганбархасыг малгайтай хөх цамц өмссөн залуу шууд нүүрлүү нь өшиглөхөд Ганбархас саваад унасан. Тэгээд би найз дээрээ явж очоод түшээд өргөтөл миний нүүрлүү нь өөр нэг залуу нь мөн өшиглөсөн. Тэр үед манай найзын хамарнаас нь цус асгарсан ба миний доод уруул язарч мөн цус гарсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад байж байтал нөгөө залуу гарч ирээд машинаа хашаа руугаа оруулчихаад гарч ирснээ та нар хашааны үүднээс холд гээд манай найзыг босч чадахгүй, цус нь гоожоод хэвтэж байхад чирээд байсан. Би цагдаа дуудсан байна, хүлээж бай гэж хэлээд байж байтал цагдаа хүрч ирсэн. Ийм зүйл болсон. Цагдаа хүлээж байх хооронд Болдбаатар тэдний хашааны хаалгыг нь өшиглөсөн гэх мэдүүлэг. /хх17-18/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Энхжаргалын:...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 40 минутын орчим гэртээ цонхны хажуугаар юм хайгаад явж байтал зам руу харсан цонхны урд үл таних 3 эрэгтэй хоорондоо маргалдаад цонхны урд байрлуулсан манай ахын машиныг хамгийн намхан залуу нь гараараа цохиод байхаар нь наад машинаа битгий цохиод байгаа ч , машинаас холдооч ээ гээд орилсон чинь гичий минь энэ машин дээр сууж үзсэн юм уу, чиний машин биш бол дуугай бай гэж орилсон, ээж орон дээр хэвтэж байгаад юу болоод байгаа юм бэ гэж асуусан, энэ үед Билгүүн ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд сонсчихоод тэр гурван залууг та нар болиоч ээ, наад машин тэрэгнээс хол бай гэж хэлээд зогсож байсан, би гараад хашааны гадаа зогсож байтал арай 2 өндөр ах нь та нарын машин мөн ч юм уу биш ч юм уу, энэ машинд болохоо больчихсон юм уу, та нар энэ машинд бөгсөө тавиад үзчихсэн юм уу гээд хамгийн өндөр ах нь Билгүүн рүү дөхөж ирээд хашааны хаалга өшиглөөд, цохих гээд гараа далайхад Билгүүн бултаад цохиулаагүй, энэ үед Билгүүн сандраад зөрүүлээд нүүр хэсэгт нь цохиход хамраа дараад доошоо суусан, цус гарсан, энэ үед ээж дотроос гарч ирээд Энхцэцэгийг ахыгаа дууд гээд явуулсан, ах Батсайхан гарч ирэхэд хамгийн намхан ах Билгүүнрүү чи манай найзыг яаж байгаа юм бэ гээд уурлаад дөхөөд ирэхэд ах Батсайхан тэврээд өргөөд холдуулсан, энэ үед нөгөө өндөр залуу. цагдаа дууд гээд цагдаа удахгүй ирсэн гэх мэдүүлэг. /хх-21/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батнямын:.. 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21 цаг 30 минутын орчим гэртээ 3 хүүхэд болох Энхжаргал, Энхцэцэг, Урангоо /3 нас/, танил дүү Билгүүн нартай хамт байж байхад хашааны гадна цонхны доор байрлуулсан машины ард талд хүмүүс зодолдоод байхаар нь Энхжаргалыг цонхоор юу болоод байгаа юм хараадах гэтэл 3 эрэгтэй хүн хоорондоо зодолдож байна, та нар наад машинаасаа хол байгаа ч гэтэл нэг эрэгтэй хүн нь гичий минь чи энэ машиндаа сууж үзсэн юм уу, чамд ямар хамаатай юм бэ гээд цаанаас орилж байгаа нь надад сонсогдохоор нь цонхоо хаа гэж хэлээд хаалгуулсан энэ үед Билгүүн ариун цэврийн өрөөнд байж байгаад гэрт орж ирээд аниа гадаа юу болоод байгаа юм бэ гэхээр нь гадаа машины хажууд согтуу хүмүүс хоорондоо зодолдоод орилолдоод байна, Энхүүшийг юу болоод байгааг нь хараадах гэж хэлсэн чинь гадаа байгаа хүмүүс зодолдоод байгаа юм шиг байна гэж хэлээд сууж байтал гадаа хашааны хаалга пид пад гээд дуугараад байхаар нь Энхцэцэг, Билгүүн нартай гараад хартал хашааны хаалга гол хэсэгт цөмөрчихсөн байхаар нь та нар яагаад энд зодолдоод байгаа юм бэ, наана чинь машин тэрэг тавьчихсан байгаа биз дээ, би түрүүхэн хүүхдээр хэлүүлээ биз дээ гэтэл Билгүүн ахаа та нар наанаасаа холдчих гэтэл өндөрдүү залуу нь та нарт ямар хамаатай юм бэ, та нарын машин тэрэг гэж юу байдаг юм бэ, чам шиг чацагт ямар хамаатай юм бэ, чи муу бацаан юу юм бэ, чаддаг юм бол наашаа хүрээд ир гэхээр нь Энхцэцэгийг ах Батсайханыг нь дуудаа гэж хэлээд дуудуулсан, энэ үед Билгүүн рүү намхан 2 залуу нь хэл амаар доромжлоод зууралдаад авсан, Билгүүнийг нэг залуу нь цохьчихоор нь Билгүүн эргүүлээд гараараа зүүн талын шанаа хэсэгт цохиход цохиулсан залуу нь нүүрээ хаагаад доошоо явган суучихсан байхад Энхцэцэг ах Батсайханыг дагуулаад гараад ирэхээр нь хоорондоо бас зодоон цохион болчих байх гээд аятайхан учирлаад юм яриад байж байхад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /хх 22-23/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батсайханы:... 2018 оны 03 дугаар сарын 22 цагийн орчим гэртээ байж байхад дүү Энхцэцэг ах таны машиныг согтуу хүмүүс хаалга үүд рүү нь өшиглөөд цонх шил рүү нь цохиод байна гэхээр нь хувцсаа өмсөөд хашааны гадаа гараад та нар яагаад хүний машин тэрэг цохиод байгаа юм бэ, та нар явцгаа гэж хэлсэн, нэг залуу нь газар сөхрөөд хамарнаас нь цус гарчихсан доошоо хараад сууж байсан, дунд зэргийн нуруутай залуу нь тэр сөхрөөд суучихсан залууг сугадаад босгож байсан, хамгийн намхан хөх өнгийн куртиктэй залуу нь өөдөөс хэл амаар доромжлоод намайг цохих гээд хүрээд ирэхээр нь нэг гарыг нь бариад одоо боль хөгшөөн гэж хэлээд өөрөөсөө холдуулсан, тэгсэнээ 2 найзынхаа араар орсоноо эргэж буцаж ирээд их далдганасан нөхөр байсан, тэгээд машинааа хашаа руу оруулаад байж байхад удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /хх-25/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Болдбаатарын:...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчим ажлаасаа тараад найз Ганбархас, Мөнгөнтулга хоёртой манай найз Анхбаяртай уулзахаар гэрт нь очсон. тэдний гэрт 2 шил 0.5 граммтай архи бид 4 хамт уучихаад 21 цагийн орчим гэрээс нь гараад явж байтал цагаан өнгийн жийп маркийн машин зогсож байхаар нь ийм болчих юмсан гээд ачааны хэсэгт нь гараараа зөөлөн цохис хийгээд өнгөрөөд явж байтал хойноос хашаанаас хүн гарч ирээд дуудахаар нь яваад очсон, би тухайн үед хамгийн урд Мөнгөнтулга, дунд нь би, хамгийн ард Ганбархас такси барих гээд цувраад явж байсан, тэгээд яваад очтол Ганбархасыг цохиод газар унагачихсан байсан, хашааны гадна үл таних 2 эмэгтэй, 2 эрэгтэй байсан, тэгээд гэрлүүгээ яваад орчихоор нь хаалгыг нь хүн цохиж унагачихаад яваад орчихлоо гээд хаалгыг нь тогшсон чинь 2 эрэгтэй, 2 эмэгтэй гарч ирээд намхан залуу нь Ганбархасыг хаалганаас холд гээд татаад байсан, тэгтэл Мөнгөнтулга цагдаа дуудчихсан, наад байгаа газраа байж бай"* гээд цагдаа нар удалгүй ирсэн, цагдаагаас дуудвал ирээрэй гэсэн учраас ирсэн байна гэх мэдүүлэг. /хх 26-27/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цацралын:....Билгүүн нь манай том хүү, доороо 2 дүүтэй. Билгүүний аав бид хоёр 2 настай байхад нь гэрлэлтээ цуцлуулаад Билгүүн 7 дугаар анги хүртлээ надтай амьдарч байгаад түүнээс хойш аав болон ээжийнхээ аль алин дээр нь ирж очин амьдарч байсан юм. Сурлага сайтай, сэргэлэн хүүхэд байгаа. Хүн барьж аваад зодох хүүхэд биш. Урд нь өөрөө хүнд зодуулж гараа хугалуулж хагалгаанд орж байсан. Өдөр нь ажил хийгээд оройгоор 55 дугаар сургуульд суралцаж байгаа. 2017 оны өвлөөс эхэлж өдрөөр ажил хийж дүү, ээж нарыгаа тэжээх болсон, ганцаараа байр хөлсөлж амьдарч байгаа. Багаасаа биеэ даасан хүүхэд байгаа. Манай хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг мэдэхгүй. Энэ жил 12 дугаар анги төгсөнө. Математик, Англи хэлний хичээлдээ сайн, бүх төрлийн спортоор хичээллэдэг олон медаль, өргөмжлөл, шагнал авч байсан гэх мэдүүлэг. /хх-28/,
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Анхбаярын:...2018 оны 03 дугаар сарын эхээр, хэдний өдөр байсныг санахгүй байна, 18 цагийн орчим гэртээ байж байхад найз Болдбаатар надруу яриад танай руу явж байна, гараад ир гэхээр нь гэрээсээ Болдбаатарыг тосохоор гараад 100 метр орчим явж байтал өөдөөс найз Болдбаатар, Ганбархас, нэг танихгүй залуу хамт явж байсан, тэгээд уулзаад дэлгүүрээс 2 шил 0.5 граммтай архи аваад манай гэрийн хашаан дотор байдаг буйдан хийдэг ажлын жижиг байшинд дөрвүүлээ орж хамт архи ууж байгаад 20 цагийн орчим тэр 3 хамт гараад явсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Болдбаатар надруу яриад танайхаас гараад явж байгаад Ганбархасыг хүн өшиглөөд хамар, хүзүү нь гэмтчихсэн эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлсэн, би тухайн үедээ өө баларсан юм гэж хэлж байсан байх, энэ асуудлын талаар ярихаар ирсэн байна гэх мэдүүлэг. /хх-29/,
2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Эрдэнэцогтын:....би Билгүүнтэй 2012 онд найзалж эхлээд гэрт нь хамт очдог байхад Билгүүний аав таксинд явдаг, орой ирдэг байсан, Билгүүний төрсөн ээж нь ааваас нь салчихсан гээд хойд ээж нь гээд нэг эгч мөн Билгүүний охин дүү Анука /одоо 7-р анги/ хамт амьдардаг байсан, төрсөн ээж дээрээ хааяа очиж уулздаг гэж хэлдэг, би тэгэхдээ харж байгаагүй, аав нь одоо БНХАУ-д ажил хийдэг гэж хэлсэн. Билгүүний хойд ээж 2012 билүү 2013 онд бурхан болоод тэднийх гэрээсээ нүүж байсан, ээж нь өнгөрсөнөөс аав нь хөдөө гадаа ажил хийлээ гээд явдаг, дүү нь эмээ өвөө дээрээ байдаг, тэгээд манайхаар ирж очин байдаг, Билгүүний аав болон төрсөн ээж нь Билгүүнтэй утсаар ярьдаг, анхаарал халамж тавих нь муу гэж боддог, төрсөн ээж нь одоо хаана хэнтэй амьдардаг талаар мэдэхгүй байна, Билгүүний аав нь сард 1-2 удаа Билгүүн руу утсаар ярьдаг тогтсон дугааргүй юм шиг байна лээ, урагшаа яваад бараг жил болох гэж байна. Миний найз Билгүүн бол биеэ даасан, сурахын хажуугаар ажил хийдэг, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, хатуужилтай, тэвчээртэй, шударга, архи дарс хэрэглэдэггүй, бараг уурладаггүй, хааяа нэг уурлахаараа дуугай хураагаад чимээгүй болчихдог, соёл урлаг болон спортын төрөлд бүгдэд нь сайн, янз бүрийн тэмцээн уралдаанд ороод түрүүлж медаль, өргөмжлөл шагнал авч байсан, мөн хичээлдээ маш сайн, багш нар их сайн ханддаг. Би найзыгаа хүн амьтантай хэрэлдээд зодоон цохион хийгээд явж байхыг харж байгаагүй гэх мэдүүлэг. /хх-30/,
2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3288 тоот актын:
1. О.Ганбархасын биед зулайн заадас, зүүн нүдний ухархайн дээд хана, суурь ясны урд хонхорын шугаман хугарал, зүүн, дух, чамархайн хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт. /хх-37/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн, фото зураг /хх 8-9/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн мэдүүлэг /хх-40/, хохирлын баримтууд /хх 56-61/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-74/, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-75/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-76/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Т.Билгүүн нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-6-114 тоот хашааны гадна хохирогч О.Ганбархасыг зодож түүний биед зулайн заадас, зүүн нүдний ухархайн дээд хана, суурь ясны урд хонхорын шугаман хугарал, зүүн дух, чамархайн хатуу бүрхүүл дээрхи цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Ганбархасын:....Болдбаатар ахыг авахаар очтол 2 эрэгтэйгийн малгайтай цамцтай өндөр залуу нь намайг нүүрлүү өшиглөхөд би хойшоо савж унасан, нэг мэдэхэд цагдаагийн байгууллага дээр ирэхэд хамарнаас цус гарчихсан, дотор муухай оргиод байхаар нь гэрлүүгээ харьсан, гэрээсээ эхнэртэйгээ гэмтлийн эмнэлэг дээр очсон юм байна лээ, би тэр хэсгийг санахгүй байна, маргааш нь гэмтлийн эмнэлэг дээр 13 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн гэх мэдүүлэг. /хх14-15/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнгөнтулгын:... би хойноос нь очтол Ганбархасыг малгайтай хөх цамц өмссөн залуу шууд нүүрлүү нь өшиглөхөд Ганбархас саваад унасан….гэх мэдүүлэг. /хх17-18/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Энхжаргалын:... хамгийн өндөр ах нь Билгүүн рүү дөхөж ирээд хашааны хаалга өшиглөөд, цохих гээд гараа далайхад Билгүүн бултаад цохиулаагүй, энэ үед Билгүүн сандраад зөрүүлээд нүүр хэсэгт нь цохиход хамраа дараад доошоо суусан, цус гарсан…..гэх мэдүүлэг. /хх-21/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батнямын:.... Билгүүнийг нэг залуу нь цохьчихоор нь Билгүүн эргүүлээд гараараа зүүн талын шанаа хэсэгт цохиход цохиулсан залуу нь нүүрээ хаагаад доошоо явган суучихсан....гэх мэдүүлэг. /хх 22-23/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батсайханы:...нэг залуу нь газар сөхрөөд хамарнаас нь цус гарчихсан доошоо хараад сууж байсан, дунд зэргийн нуруутай залуу нь тэр сөхрөөд суучихсан залууг сугадаад босгож байсан, хамгийн намхан хөх өнгийн куртиктэй залуу нь өөдөөс хэл амаар доромжлоод намайг цохих гээд хүрээд ирэхээр нь нэг гарыг нь бариад одоо боль хөгшөөн гэж хэлээд өөрөөсөө холдуулсан, тэгсэнээ 2 найзынхаа араар орсоноо эргэж буцаж ирээд их далдганасан нөхөр байсан, тэгээд машинаа хашаа руу оруулаад байж байхад удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /хх-25/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Болдбаатарын:....тэгээд яваад очтол Ганбархасыг цохиод газар унагачихсан байсан, хашааны гадна үл таних 2 эмэгтэй, 2 эрэгтэй байсан, тэгээд гэрлүүгээ яваад орчихоор нь хаалгыг нь хүн цохиж унагачихаад яваад орчихлоо гээд хаалгыг нь тогшсон чинь 2 эрэгтэй, 2 эмэгтэй гарч ирээд намхан залуу нь Ганбархасыг хаалганаас холд гээд татаад байсан, тэгтэл Мөнгөнтулга цагдаа дуудчихсан, наад байгаа газраа байж бай"* гээд цагдаа нар удалгүй ирсэн, цагдаагаас дуудвал ирээрэй гэсэн учраас ирсэн байна гэх мэдүүлэг. /хх 26-27/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3288 тоот актын: О.Ганбархасын биед зулайн заадас, зүүн нүдний ухархайн дээд хана, суурь ясны урд хонхорын шугаман хугарал, зүүн, дух, чамархайн хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйхны цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Билгүүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч О.Ганбархас нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Тамирын Билгүүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Билгүүнийг 10.000.000 (арван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Билгүүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Билгүүн нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Билгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ