Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Зориг |
Хэргийн индекс | 2406018921232 |
Дугаар | 2024/ДШМ/1078 |
Огноо | 2024-09-19 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ДШМ/1078
2024 09 19 2024/ДШМ/1078
Д.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Д.Т,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/809 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2406018921232 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн Д.Т, 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн ……. суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа Баянгол дүүргийн … дугаар хороо, … дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны … дүгээр байрны … тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Х хотхоны … тоотод оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: …………………/;
Шүүгдэгч Д.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн Ж.У-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн 2 толийг хөлөөрөө өшиглөж, гэмтээн бусдад 986.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-д 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-r хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч Ж.У-ийн автомашинд учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд өөрийн буруутай үйлдлийг ухамсарлан ойлгож, цаашид алдаа дутагдал гаргахгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн багаар торгож өгөхийг хичээнгүйлэн гуйж байна. Учир нь, би одоогоор ажилгүй, шинэ ажилд орох гэж дагалдан 4 сар хийх юм. Дагалдах хугацаанд цалин бага тул миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. ...” гэв.
Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Гэмт хэрэг үйдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, нөхөн төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж, шүүхээс торгуулийн ял оногдуулсан. Прокуророос 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Д.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн Ж.У-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн 2 толийг өшиглөж, гэмтээн бусдад 986.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ж.У-ийн “...Би Т гэх хүнтэй 2023 оны 02 дугаар сараас хойш уулздаг болсон юм. 2024 оны 02 дугаар сараас хойш уулзахаа больё, харилцаа тасалъя гэж хэлдэг байсан. Т нь харилцаагаа таслахгүй байнгын холбоо бариад байдаг байсан. Т-ийн утас, facebook зэргийг блок хийчихсэн юм. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр над руу танихгүй дугаараас залгахаар нь аваагүй. Тэгээд би ажлаасаа найзтайгаа хамт 12 цаг өнгөрөөд гарч ирэхэд зогсоол дээр байх машины маань хажууд байж байсан. Тэгээд намайг дагаад машинаа нээ гээд байсан. Тэгэхээр нь айгаад найзынхаа машинд суучихсан. Тэгээд машинд сууж байхад Т нь намайг буугаад ир гээд манай найзын машины цонхыг цохиод байсан. Тэгээд Т нь миний машины баруун талын толийг хугалахад нь манай найз Оюуннаран машинаасаа бууж Т-тэй маргалдсан. Би тэр үед найзынхаа машинд сууж байсан. Манай найзтай маргалдаж байхдаа зүүн талынх нь толийг нэмж хугалсан. Миний автомашины 2 толь хугарсан. Өшиглөж хугалахдаа урд талын 2 хаалгыг сэвтүүлсэн байсан...” /хх 12/,
гэрч Б.О-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр У-той ажил дээр байж байгаад гадуур ажилтай болоод ажлаас гарахад Угийн найз залуу Т гадаа байсан юм байна лээ. Ажлаас гарч ирээд У миний машинд суугаад хаалгаа хурдан түгж гээд байсан. Тэгтэл Т миний машин дээр ирээд цонх цохиод хаалгаа тайлахгүй бол машиныг чинь эвдлээ шүү гээд байсан. Тэгээд би уурлаад бууж ирээд тэр залуутай хэрэлдсэн. Т миний өөдөөс чи өөрийгөө хичээ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд У-ийн машины толийг очоод хөлөөрөө өшиглөөд жийгээд хугалчихсан. Намайг машинаас бууж ирэхэд 1 талын толийг нь хугалчихсан байсан. Тэгээд 2 толийг нь хугалчихаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн юм...” /хх 16-17/,
Д.Т-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Х хотхоноос буюу гэрээсээ гарч У-ийн ажлын гадаа алхаж ирсэн. У-той холбоо барих боломжгүй байсан учраас ажил дээр нь очсон. Ажлынх нь гадаа ирээд хүлээж байтал У нь найз О-тай хамт гарч ирсэн. Тэгээд би Уг дуудтал найзынхаа машинд очиж суугаад хаалгаа түгжчихсэн. Тэгээд цонхоо буулгаачээ гээд цонхыг нь хэсэг тогшиход ерөөсөө бууж ирэхгүй, цонхоо ч онгойлгохгүй байхаар нь машиных нь хоёр толийг нь өшиглөж хугалсан...” /хх 62-63/ гэсэн мэдүүлгүүд,
“Д” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн БЗД2-... дугаартай “...Шинжилгээний обьектын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 986,200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 30-32/,
гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18- 24/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25-26/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Т-ийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-д 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Д.Т-өөс “… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн багаар торгож өгнө үү. …” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх ялын төрөл, хэмжээтэй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Т-д ял оногдуулахдаа тухайн зүйл, хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, хэмжээг гурван мянган нэгжээр тогтоож, уг торгуулийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасныг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/809 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/809 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ