Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2026/0475

 

                                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******” ХХК /РД:*******/

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У*******, Ж.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсан хууль бус актын улмаас учирсан хохирол 23,800,000 төгрөгийг гаргуулах,

 

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

 

2.1. Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/0083 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг” гэсэн хэсгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, мөн Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2024/0068 дугаар тогтоолоорБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******4 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ-ний Хавсралтын 1.Дархан цаазат газар гэсэн 1 дэх хүснэгтийн Ачааны тээврийн машин гэсэн баганад 50,000 төгрөг гэж заасныг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2.2. Үүний дараа нэхэмжлэгч “*******” ХХК-аас дээрх журмын дагуу 2023 оны 4-7 дугаар сард говийн бага дархан цаазат газраар нэвтрэн өнгөрсөн ачааны машины хураамжид төлсөн 23,800,000 төгрөгийг хохиролд тооцон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргуулахаар 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Нэхэмжлэгч "*******" ХХК нь Өмнөговь аймгийн Цагаан хаднаас Тавантолгой-Гашуунсухайт ганц мод хилийн боомтын чиглэлд улс хооронд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг ба тус тээврийн чиглэл дайран өнгөрдөг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр нь Говийн бага дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт "тусгай хамгаалалттай газарт нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоох бүрэн эрхийг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ" гэж заасан ба уг заалтыг үндэслэн тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (одоогийн Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамны сайд) нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дугаартай "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тушаалын хавсралтаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг хүснэгтэн хэлбэрээр баталсан ба тус хүснэгтийн 1 дэх хэсэгт "Дархан цаазат газарт 3.5 тонноос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэх хураамжийн хэмжээ нь 50,000 төгрөг байхаар тогтоосон.

3.2. Монгол улсын дээд шүүх 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/0083 дугаар тогтоолд дурдсан 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дугаартай "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" захиргааны хэм хэмжээний акт нь ямар зорилгоор батлагдсан, хэнд үйлчлэх нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-д заасан " акт нь тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх" гэсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй, үүний улмаас тус хураамжийг төлж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сөргөөр хөндөгдсөн, тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээ буюу ямар зорилгоор, хэнээс авах/авахгүй талаар (тухайлбал, улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг) тодорхой заах шаардлагатай гэх үндэслэлээр тус актын холбогдох заалтыг тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээг тодруулж заах хүртэл 3 сар хүртэл хугацаатай түдгэлзүүлсэн.

3.3. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээг тодруулж заахгүйгээр буюу шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******4 дугаар "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тушаалыг өмнөх тушаалтай адил агуулгаар баталсан бөгөөд хавсралт 1-д Дархан цаазат газар гэсэн 1 дэх хүснэгтийн ачааны тээврийн машин гэсэн баганад 50,000 төгрөг байна гэж хэвээр тогтоосон. Харин дээрх 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******4 дугаар "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тушаал буюу захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-д заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах эрх зүйн шаардлага болох тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй, зөрчиж гаргасныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/XT2025/0068 дугаар тогтоолоор тогтоож, улмаар тус тушаалын Хавсралтын "1. Дархан цаазат газар" гэсэн 1 дэх хүснэгтийн "Ачааны тээврийн машин" гэсэн баганад 50,000 төгрөг” гэж заасныг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

3.4. Тодруулбал, Улсын дээд шүүх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны *******4 дугаар тушаалаар "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ"-г шинэчлэн батлахдаа уг актын зорилго, хэнд, хэрхэн үйлчлэх хүрээг нарийвчлан тодорхойлоогүй буюу Улсын Дээд шүүхийн 2024 оны 01/ХТ2024/0083 дугаар тогтоолд дурдсан хууль зүйн үндэслэлийг хангасан гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2024 оны 001/ХТ2024/0083 дугаар тогтоолд "тухайн хураамж нь аялал жуулчлалын зорилгогүй буюу улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг тодорхойлон заах шаардлагатай" талаар тусгасан байхад хариуцагчаас нөлөөллийн шинжилгээ хийхдээ ачаа авто замын тээврийн бодит нөхцөл, хураамжийн зорилго, үндэслэлийг тодорхой уялдаатайгаар тусгаагүй, нэхэмжлэгч хуулийн этгээдүүд (тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хүн, хуулийн этгээдүүд) Цагаан хаднаас Гашуун сухайт чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг байх бөгөөд уг маршрут нь Говийн бага дархан цаазат газраар дамжин өнгөрөхөөс өөр сонголтгүй буюу тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрч буй нь аялал жуулчлалын зорилгогүй нь илэрхий, мөн тус олон улсын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд нь төрөөс тогтоосон маршрутын дагуу тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрөхдөө хууль тогтоомжид заасан аливаа үйлчилгээг тухайн бүс нутгийн төрийн захиргааны байгууллагаас аваагүй болох нь тогтоогдож байна" гэж тус тус дүгнэсэн.

3.5. Харин хяналтын шатны шүүхээс нэгэнт хууль бус акт байсан болохыг тогтоон, хүчингүй болгосон хууль бус заалтыг үндэслэн хариуцагчийн харьяа газар болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Цагаан хаднаас Гашуун сухайт чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг тээврийн компаниудаас тээвэр тутамд 50,000 төгрөгийг хууль бусаар төлүүлж байсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд зогсохгүй хохирол учруулсан байх тул Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй" гэж заасныг баримтлан захиргааны байгууллагын хууль бус үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирлоо хариуцагчаас гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

3.6. Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна" гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" гэж тус тус заасан байх тул дээрх тушаалыг батлан гаргасан хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь нэхэмжлэгч "*******" ХХК-д учруулсан хохирлыг хариуцан арилгах нь үндэслэлтэй байна. Учир нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 болон 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******4 дугаартай "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тушаалуудыг тус тус батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-д заасныг зөрчсөн үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана" гэж заасныг зөрчсөн үйлдэл гаргасан ба уг үйл баримтыг Улсын Дээд шүүхээс нэгэнт тогтоосон.

3.7. Гэтэл хариуцагчийн баталсан хууль бус захиргааны актын дагуу хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам буюу түүний харьяа байгууллага болох Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэгч "*******" ХХК-аас 2023 оны 8 дугаар сарын нэхэмжлэхээр 04-07 сарын нэвтрэх тасалбар хураамжид 330 ширхэг машин тус бүрийг 50,000 төгрөгөөр тооцон 16,500,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сард 08 дугаар сарын нэхэмжлэхээр нэвтрэх тасалбарын хураамжид 146 ширхэг машиныг тус бүрийг 50,000 төгрөгөөр тооцон 7,300,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн. Тухайн хоёр нэхэмжлэхийн дагуу нэхэмжлэгч "*******" ХХК нь өөрийн Худалдаа хөгжлийн банкин дахь тоот данснаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам буюу түүний харьяа байгууллага болох Говийн бага дархан цаазат газрын Төрийн сангийн 100111013001 тоот данс руу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16,500,000 төгрөг, 7,300,00 төгрөгийг тус тус буюу нийт 23,800,000 төгрөг шилжүүлсэн.

3.8. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******4 дугаар "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тушаалд заасны дагуу "*******" ХХК-аас тээвэр тутамд 50,000 төгрөг буюу 146 ширхэг машины тээвэрт нийт 23,800,000 төгрөгийг төлүүлсэн нь хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж, 498 дугаар зүйлийн 498.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" гэж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т "Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна", 101.2-т "Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна" гэж тус тус заасан,

3.9. Хуулийн уг зохицуулалтын дагуу гэм хорыг арилгах үүрэг үүссэн эсэхийг тогтоохын тулд нэхэмжлэгчид гэм хор учирсан байдал, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой байдаг ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоох тухай тушаал гаргахдаа холбогдох хууль болон дүрэм, журмын заалтыг баримтлахгүйгээр захиргааны хэм хэмжээний акт гаргаж, хууль бус үйлдэл гаргасан, улмаар тус хууль бус захиргааны актын дагуу нэхэмжлэгч нь 23,800,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлж, тус хэмжээгээр нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан нөхцөл байдал нь хоорондоо шалтгаант холбоотой. Хэрэв хариуцагч нь захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчиж буюу хууль бус үйлдлээр батлаагүй байсан бол нэхэмжлэгчид тус хохирол учрахгүй байсан. Монгол улсын Дээд шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолын 5.2 дахь хэсэгт "Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй", 101 дүгээр зүйлийн 101.2-т "Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна" гэж тус тус заасан.

3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т "хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх"-ээр заасан байна. Иймд хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо захиргааны журмаар шаардах эрхтэй бөгөөд энэ нь бие даасан нэхэмжлэлийн төрөлд хамаарна" гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 228 дугаар зүйлийн 228.1-т "Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно", мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д "үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн, өөрт учирсан хохирол 23,800,000 төгрөгийг Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хууль бус буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч "*******" ХХК-д учирсан хохирол болох тээврийн хураамжид төлсөн 23,800,000 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргуулж өгнө үү...” гэжээ.                     

4. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Өмнөговь аймгийн Цагаан хаднаас Тавантолгой-Гашуунсухайт-Ганц мод хилийн боомтын чиглэлд улс хооронд нүүрс тээврийн үйл ажиллагаа Говийн их бага дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд явуулдаг.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.", 8 дахь заалтад "тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлого гэж", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт "энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ... 8-д заасан ... хураамжийн хэмжээг тогтоох" бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ"-г тогтоосон. Тушаалын хавсралтын "дархан цаазат газар 3,5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин 50,000 төгрөг" төлөхөөр зохицуулсан. Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 39 тоот албан бичгээр "нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа машин нэвтрэх тутмаас 50,000 төгрөг төлөх"-ыг мэдэгдсэн.

4.2. “*******” ХХК 2023 оны 04, 05, 06, 07 сард 330 машин нэвтэрч 16,500,000 төгрөг, 08 сард 146 автомашин нэвтэрч 7,300,000 төгрөг, нийт 23,800,000 төгрөг төлсөн байна. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 001/XT2024/0083 дугаар тогтоолоор "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ"-г тогтоосон. Тушаалын хавсралтын “дархан цаазат газар 3,5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин 50,000 төгрөг хураахаар заасан хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл буюу тушаалын хавсралт хэсэгт тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээг тодруулж заах хүртэл 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол уг хэм хэмжээний актын холбогдох хэсгийг хүчингүй болгох"-оор шийдвэрлэсэн. Ингэхдээ уг захиргааны хэм хэмжээний акт ямар зорилгоор батлагдсан, хэнд үйлчлэх нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй, ... тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээ буюу ямар зорилгоор, хэнээс авах/авахгүй талаар /тухайлбал улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж, буй этгээдэд үйлчлэхгүй болохыг тодорхой заах шаардлагатай гэсэн үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

4.3. Ингэхдээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол сөргөөр хөндөгдсөн гэж үзээд тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хийх зорилгоор нэвтэрч буй этгээдийн хувьд ямар автотээврийн хэрэгсэл ашиглаж байгаагаас хамааран үйлчлэх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаан бүхий заалтыг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэсэн. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******4 дугаар тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож, 3 дахь хавсралтаар 2023 оны А/71 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 7013 дугаарт бүртгүүлсэн. Ингэхдээ “дархан цаазат газарт ачаа тээврийн машин 50,000 төгрөг" гэж өөрчлөн тогтоосон. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/XT2025/0068 дугаар тогтоолоор "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******4 дугаар тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо уг актын зорилго, хэнд хэрхэн үйлчлэх хүрээг нарийвчлан тодорхойлоогүй буюу Улсын дээд шүүх 2024 оны 001/ХТ2024/0083 дугаар тогтоолд дурдсан хууль зүйн үндэслэлийг хангасан гэж үзэхээргүй байна." гэж дүгнэсэн.

4.4. Өөрөөр хэлбэл "нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг дархан цаазат газар дээр дамжин өнгөрөхөд захиргааны хэм хэмжээний актад ялгамжтай байдлаар зохицуулаагүй" гэж дүгнээд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******4 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг хавсралтын "дархан цаазат газар гэсэн 1 дэх хүснэгтийн ачааны тээврийн машин гэсэн баганад 50,000 төгрөг" гэж заасныг хүчингүй болгосон. “*******” ХХК 2023 оны 09 сард 104 машин 5,200,000, 10 сард 171 машин 8,550,000, 11 сард 146 машин 7,300,000, 12 сард 119 машин 5,950,000 төгрөг, 2024 онд 751 машин 37, 550,000 төгрөг, 2025 оны 18 сард 236 машин 11,800,000 төгрөг, нийт 76,350,000 төгрөг төлөөгүй, үлдэгдэлтэй байна. Захиргааны акт 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 0068 дугаартай Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны тогтоолоор хүчингүй болсон байхад нэхэмжлэгч 2023 онд буюу маргаан бүхий акт хүчин төгөлдөр үед төлсөн 23,800,000 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7 дахь заалтад "Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах" гэсэн заалтыг үндэслэн нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь захиргааны байгууллагын хууль бус актын талаар маргаагүй тул хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь заалтад "Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ." гэж заасныг зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1 дэх заалтад "Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гээд 54.1.1 дахь заалтад "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус бол 54.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд,

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 3 дугаар сары 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г шинэчлэн баталж, дархан цаазат газраар нэвтрэн өнгөрөх 3.5 тонноос дээш бодит жинтэй автомашин тутмаас авах хураамжийн хэмжээг 50,000 төгрөгөөр тогтоосон, тус журмын хэрэгжилтийг хангуулж, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “*******” ХХК-д “2023 оны 04-07 дугаар сард дархан цаазат газраар нэвтэрсэн 330 тооны автомашины хураамжид 16,500,000 төгрөг, 08 дугаар сард нэвтэрсэн 146 тооны автомашины хураамжид 7,300,000 төгрөг, нийт 23,800,000 төгрөгийн хураамж төлөх” нэхэмжлэхийг хүргүүлснээр 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрийн сангийн дансанд хураамжийг төлсөн байна.

3. Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/0083 дугаар тогтоолоор “...маргаж буй заалт (хураамж) нь тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зорилгоор нэвтэрч байгаа хүн, ачааны машин, нисдэг тэрэг зэрэгт хамаарахаас бус тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрч буй ачааны машинтай этгээдэд буюу аялал жуулчлал хийхгүй, тухайлбал, нэхэмжлэгч нүүрс тээврийн компанийн жолооч нарт үйлчлэхгүй ..., тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээ буюу ямар зорилгоор, хэнээс авах/авахгүй талаар (тухайлбал, улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг) тодорхой заах шаардлагатай...” үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын хавсралт 1-ийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар заасан хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл буюу уг хавсралтын Тайлбар хэсэгт тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээг тодруулж заах хүртэл 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан.

4. Үүний дараа, “...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******4 дүгээр тушаалаар тус хураамжийн хэмжээг шинэчлэн батлахдаа уг актын зорилго, хэнд хэрхэн үйлчлэх хүрээг нарийвчлан тодорхойлоогүй, Улсын дээд шүүхийн 2024 оны 001/ХТ2024/0083 дугаар тогтоолд дурдсан хууль зүйн үндэслэлийг хангаагүй, аялал жуулчлалын зорилгогүй буюу улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг тодорхойлон заах шаардлагатай талаар тусгасан байхад хариуцагчаас нөлөөллийн шинжилгээ хийхдээ ачаа авто замын тээврийн бодит нөхцөл, хураамжийн зорилго, үндэслэлийг тодорхой уялдаатайгаар тусгаагүй ...” гэсэн үндэслэлээр Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2024/0068 дугаар тогтоолоор “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******4 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ-ний Хавсралтын 1.Дархан цаазат газар гэсэн 1 дэх хүснэгтийн Ачааны тээврийн машин гэсэн баганад 50,000 төгрөг гэж заасныг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

5. Ийнхүү нэхэмжлэгч “*******” ХХК-аас Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан үндэслэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан хууль бус захиргааны хэм хэмжээний акт баталж, мөрдүүлсний улмаас учирсан хохирол болох 2023 оны 04-08 дугаар сард тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрсний хураамжид төлсөн нийт 23,800,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд,

6. Шүүхээс тус маргааныг шийдвэрлэхэд дүгнэлт өгөх асуудал нь, шүүхийн шийдвэрээр захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн эрх зүйн үр дагаврыг тодорхойлох асуудал байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, үүний тулд захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон байхыг шаардана.

8. Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2024/0068 дугаар тогтоолоор “...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *******4 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний Хавсралтын 1. “Дархан цаазат газар” гэсэн 1 дэх хүснэгтийн “Ачааны тээврийн машин” гэсэн баганад 50,000 төгрөг гэж заасан нь хууль бус болохыг тогтоосон дүгнэлт хийн хүчингүй болгож...” шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “...Улсын дээд шүүхээс хууль бус болохыг тогтоосон тул тухайн хэм хэмжээний акт анхнаасаа хүчингүй байсанд тооцогдох ёстой...” гэж маргаж байна.

9. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8.-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох;”, 127 дугаар зүйлийн 127.4.-т “Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар шүүхээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тухайн захиргааны хэм хэмжээний актын эрх зүйн үйлчлэл зогсоно, үүнээс өмнөх цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзнэ.

10. Учир нь, захиргааны хэм хэмжээний акт нь нийтэд чиглэсэн шинжтэй, түүнийг хүчингүй болгуулахаар хэн нэгэн этгээд шүүхэд маргаж, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж, нийгмийн харилцааг зохицуулсан үйлчлэл хэвээр хадгалагддаг, ийнхүү тодорхой хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хэм хэмжээний актыг шүүхээс хүчингүй болгосноор тухайн хэм хэмжээний актын зохицуулсан харилцааг бүхлээр нь үгүйсгэх, анх гарсан цагаас нь эхэлж хүчингүй болгох боломжгүй, эрх зүйн тогтвортой байдлын зарчим зөрчигдөнө.

11. Иймд, шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш үйлчлэх, хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний акт шүүхийн шийдвэр гарснаар эрх зүйн үйлчлэл зогсох үр дагавартай тул нэхэмжлэгчийн “...анхнаасаа хүчингүйд тооцогдох ёстой...” гэдэг тайлбар үндэслэлгүй.

12. Маргаан бүхий энэ тохиолдолд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалыг үндэслэн Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүргүүлсэн нэхэмжлэхийн дагуу “*******” ХХК нь 23,800,000 төгрөгийн хураамжийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн, тухайн цаг хугацаанд дээрх хэм хэмжээний акт хүчин төгөлдөр үйлчилж байсан тул дархан цаазат газраар дайран өнгөрсөн ачаа тээврийн автомашин тутмаас 50,000 төгрөгийн хураамж төлүүлснийг хууль бус, эрх зүйн үндэслэлгүй байсан гэж үзэх боломжгүй, энэ агуулгаар нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй.

13. Өөрөөр хэлбэл, шүүхээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хэм хэмжээний актын үндсэн дээр “*******” ХХК хураамжийг төлсөн байх тул захиргааны хууль бус үйл ажиллагаа байгаа гэж үзэхгүй, нэгэнт төлөгдсөн хураамжийг хэм хэмжээний акт хүчингүй болсон гэдэг үндэслэлээр буцаан шаардах эрхгүй.

14. Харин шүүхээс захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон бол захиргаа тэрхүү эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг хэрэглэн дахин шинэ акт гаргах эрхгүй, өөрөөр хэлбэл нэгэнт хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг өмнөх цаг хугацаанд буцаан хэрэглэж, төлөгдөөгүй төлбөр /2023 оны 4 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сар/-ийг нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй[1] болохыг тэмдэглэх нь зүйтэй.

15. Хариуцагчийн тухайд, нэхэмжлэгчээс “...Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хураамж төлүүлсэн үйл ажиллагааг биш, хууль бус хэм хэмжээний акт баталж мөрдүүлсэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол учирсан... тул буруутай этгээдээс хохирлыг гаргуулна” гэдэг үндэслэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлана.

16. Нэхэмжлэгч “*******” ХХК-д учирсан хохирол гэх 23,800,000 төгрөгийн хураамж нь Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүргүүлсэн нэхэмжлэхийн үндсэн дээр төлөгдсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчиж, шүүхээс хураамж төлүүлсэн захиргааны үйл ажиллагаанд тухайлан дүгнэлт хийх боломжгүй.

17. Түүнчлэн, нэхэмжлэгчийн шаардаж буй 23,800,000 төгрөгийн хураамж нь захиргааны хэм хэмжээний актын улмаас гэхээс илүүтэй тус хэм хэмжээний актыг үндэслэн Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүргүүлсэн нэхэмжлэхийн дагуу төлөгдсөн болохыг нэхэмжлэгчээс анхаараагүй, гэвч нэгэнт нэхэмжлэгчээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан “*******” ХХК-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсан хууль бус актын улмаас учирсан хохирол 23,800,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ГАНГЭРЭЛ

 

 

[1] Хураамж төлсөн харилцаа нь тухайн хэм хэмжээний акт хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд дуусгавар болсон бол шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлөгдөөгүй байсан хураамжийг цаашид төлүүлэх ажиллагаа нь шинээр үүсэх харилцаа болохыг ялгамжтай авч үзэх шаардлагатай.