Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00612

 

Э.Т-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00237 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Т-ны нэхэмжлэлтэй хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 18 хороо, 67А байрны 402 тоот хаягт байршилтай, 68,94 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Т-ны нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга болон сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулга: Э.Т нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “О” ХХК-д барилгын материал нийлүүлэгч Д.М , Э.Х нартай харилцан тохиролцож, тэдний нийлүүлсэн бараа материалынхаа үнэд тооцон авсан “О” ХХК-ийн барьж байсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, хуучин нэрээр Модны-2 зам дагуу байрлах 67А тоот орон сууцны зориулалттай барилгаас 3 өрөө, 68,94 м.кв талбайтай, 402 тоот хаягт байршилтай орон сууцыг 97,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд “О” ХХК-ийн захиалгын ажилтан Т.Э-тэй уулзаж, дээрх нэр бүхий 2 хүнтэй орон сууц худалдан авах талаар ярилцаж байгаагаа хэлэхэд Т.Э нь ...уг 2 хүнийг өөрийн компанид барилгын материал нийлүүлж байгаа, бартерийн нөхцөлөөр уг орон сууц тэдний мэдэлд борлуулагдаж байгаа талаар хэлсэн. Үүний дараа нэхэмжлэгч нь тэдэнд мөнгө өгөх гэж байгаагаа хэлж, албан ёсны гэрээ хэнтэй хийх талаар асуухад Т.Э нь захиралтайгаа зөвлөлдөж байгаад орон сууц захиалгын гэрээг хийж, төлбөр тооцоо бүрэн дууссан талаар гэрээнд тусгайлан зааж, ...барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа шууд ирж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах бичиг баримтын бүрдлийг аваарай гэсэн учир Д.М ын Хаан банк дахь 5166537596 тоот дансанд нэхэмжлэгч нь 90,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 7,000,000 төгрөгийг орон сууцны өмчлөлийн гэрчилгээ гаргуулсны дараа өгөхөөр харилцан тохиролцсон. 2020 оны 8 дугаар сард тухайн орон сууц ашиглалтад орсны дараа орон сууцаа хүлээн авч, орон сууцны улсын бүртгэлийг хийлгэхээр “О” ХХК-д хандтал тухайн компани нь Д.М , Э.Х нартай маргаан гарсан гэсэн үндэслэлээр Э.Т д орон сууцыг өгөхөөс татгалзсан. Олон удаагийн уулзалт, учир байдлаа тайлбарласны эцэст орон сууцанд орохыг зөвшөөрсөн ч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаас татгалзсан. Э.Х нь 105,000,000 төгрөгийг “О” ХХК-аас авах авлагатай байсан байх бөгөөд түүнийхээ оронд маргааны зүйл болох орон сууцыг авч, зөрүү төлбөр болох 46,680,000 төгрөгийг өөрөө төлөхөөр тохиролцсон. Энэ нь Цагдаагийн байгууллагын шалгаж буй эрүүгийн хэргийн материалд авагдсан Э.Х гийн болон одоо маргааны зүйл болоод буй Баянгол дүүргийн 18 хороо, хуучин нэрээр Модны-2-ын зам дагуу байрлах 67А орон сууцны зориулалттай барилгыг барьсан “А” ХХК-ийн захирал Н.М-ийн мэдүүлгүүдээр нотлогдоно. Харин Э.Х нь Сонгинохайрхан дүүрэгт өөрөө энэ маргааны зүйлээс тусдаа өөр барилга барьж байгаа газраа 220,193,750 төгрөгийн арматур, бетон зуурмагийг Д.М аас хүлээж авсан байх ба Д.М д төлбөрт нь тооцож маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг нь олгосон нь хэргийн материалаас тодорхой харагдаж байна. Д.М нь уг орон сууцыг Э.Т д 97,000,000 төгрөгт тооцон худалдаж, 90,000,000 төгрөгийг нь өөрийн дансаар авч, үлдэх 7,000,000 төгрөгийг нь гэрчилгээ гаргахаар авахаар тохиролцож, өөрөө “О” ХХК руу ирж, орон сууц захиалгын гэрээг хийлгэж өгсөн нь ч тогтоогдож байна. “О” ХХК нь арилжааны журмаар худалдсан орон сууцаа ямар нэгэн төлбөр тооцоогүй талаараа гэрээнийхээ 2.2-т тусгайлан зааж, Э.Т д шилжүүлсэн. Маргаан бүхий орон сууцны төлбөр тооцооны асуудал нь Э.Х , Д.М нарын хоорондын маргаантай ямар нэгэн холбоогүй бөгөөд Д.М ын 220,193,750 төгрөгийн бараа материалаар энэ орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба хэлэлцэн тохиролцсон ёсоор үнийг төлсөн Э.Т гийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 315 дугаартай албан бичгээс үзвэл Э.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан болох нь нотлогдож байгаа ба уг гэрээнээс үдэх маргааны асуудал нь Э.Т г хохироох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Э.Т г Баянгол дүүргийн 18 хороо, 67А байрны 402 тоот хаягт байршилтай, 68,94 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Т-ны нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү.

          Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсны дагуу худалдан авсан өмчлөгч бөгөөд нэхэмжлэгч нь гэрчилгээ гармагц үлдэгдэл төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Маргаан бүхий орон сууцыг хариуцагч байгууллагын зүгээс Э.Х д 105,000,000 төгрөгийн бетон нийлүүлсэн төлбөрт нь тооцож өгөөд, үлдсэн 46,000,000 орчим төгрөгийг Э.Х нь хариуцагч байгууллагад төлөхөөр тохиролцсон. Тухайн үед хариуцагч байгууллага нь орон сууцыг 151,668,000 төгрөгөөр борлуулсан гэдэгтэй тусгайлан маргах зүйл байхгүй. Э.Х нь тухайн орон сууцыг өөрийн захиран зарцуулах эрхэндээ шилжүүлж авсныхаа дараа Д.М тай тодорхой төрлийн бартерын зүйлийг авахаар тохироод түүнийхээ төлбөрт тооцож Д.М д орон сууцыг шилжүүлсэн. Д.М нь цаашаа 97,000,000 төгрөгөөр Э.Т тай тохиролцсон. Нэхэмжлэгч нь Д.М тай тохиролцсон тохиролцооныхоо дагуу хариуцагч байгууллагатай орон сууц захиалгын гэрээ хийсэн. Хариуцагч байгууллага нь энэ орон сууцны үнэ 100 төлсөн буюу энэ орон сууцтай холбоотой Э.Т тай ямар ч төлбөрийн асуудал байхгүй гэдгийг гэрээний 2.2-т заасан. Д.М ын гэрчийн мэдүүлэгт Э.Х гийн өмнө тухайн орон сууцтай холбоотой хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу 220,193,750 төгрөгийн бараа материалаа өгчихсөн гэж хэлсэн. Э.Х нь “О” ХХК-ийн өмнө 46,668,000 төгрөгийн арматур нийлүүлэх үүрэг хүлээж байсан. Харин Д.М нь Э.Х гийн өмнө арматур нийлүүлэх гэрээнийхээ үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Одоо 7,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа, тухайн үлдэгдлийг улсын бүртгэлийн гэрчилгээ гарахаар өгнө гэж тохиролцсоны дагуу 7,000,000 төгрөг төлөхөд бэлэн байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

           2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “О” ХХК нь 2020 он 05 дугаар сарын 27-ны өдөр Д.М тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд тухайн гэрээний нийт төлбөр 151,668,000 төгрөг байна. Гэрээ байгуулсны дараа Д.М нь гэрээг Э.Т д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээг Э.Т тай харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Маргаан бүхий орон сууцны нийт төлбөр 151,668,000 төгрөг бөгөөд уг төлбөрөөс Э.Х д өгөх ёстой байсан өглөг болох 105,000,000 төгрөгийг хасч, үлдэх 46,668,000 төгрөгийг гэрээний захиалагч тал болох Э.Т нь төлөх үүрэгтэй байсан. Учир нь хариуцагчийн хувьд орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчид тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх, нөгөө талаас нэхэмжлэгч нь тухайн орон сууцны үнийг бүрэн төлөх үүргийг хүлээсэн. Орон сууц захиалгын гэрээний 1.3, 2.1, 4.1 дэх хэсгүүдэд зааснаар гэрээгээр орон сууцны үнийг бүрэн төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэн. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үлдэгдэл төлбөр болох 46,668,000 төгрөгийг хариуцагчид нэхэмжлэгч нь төлөөгүй. Тиймээс маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг “О” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          “О” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.М тай орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах, 67а байрны 4 давхарт 402 тоот 68,98 м.кв орон сууцыг нэг метр квадратын үнийг 2,200,000 төгрөгөөр тооцож, нийт орон сууцны төлбөрт 151,668,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дагуу урьдчилгаа төлбөрт 105,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 46,668,000 төгрөгт 1 тонн нь 1,750,000 төгрөгийн үнэ бүхий 27 тонн арматур өгч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Орон сууц захиалгын гэрээ байгуулсны дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Д.М нь манай компани дээр ирж орон сууц захиалгын гэрээг Э.Т руу шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Э.Т д тус орон сууц захиалгын гэрээг шилжүүлсэн бөгөөд тухайн өдөр 105,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр, 46,668,000 төгрөгийн үнэ бүхий 27 тонн арматур өгөхөөр тохиролцсон ч өнөөдрийг хүртэл манай компанид мөнгө болон арматур төмөр хүлээлгэн өгөөгүй байна. Нэгэнт манай компанид орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг шилжүүлээгүй байх тул тус орон сууцанд хууль бусаар оршин сууж буй Э.Т г албадан гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 67а байрны 402 тоот 68,94 м.кв талбайтай орон сууцыг Э.Т гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

          3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие хариуцагч байгууллагатай 2019 оноос 105,000,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх ажлаар анх холбогдож бетон зуурмаг нийлүүлснийхээ төлбөрт орон сууц авахаар тохиролцсон. Тохиролцсоны дагуу тухайн орон сууцыг авах үедээ Д.М гэх хүнтэй барилгын бараа материалыг бартераар авъя гэсэн тохиролцоо хийсэн. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.М болон хариуцагч байгууллагын захиралтай уулзаж, байраа шилжүүлж аваад бараа материал нийлүүлэх боломжтой гэдгээ хэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр миний зөвшөөрлөөр Д.М гэх хүнтэй “О” ХХК орон сууц захиалгын гэрээ хийсэн. Тухайн гэрээнд 105,000,000 төгрөгийн авлагыг хасаж, үлдэх 46,668,000 төгрөгт тооцож 27 тонн арматурыг “О” ХХК-д олгосноор тухайн орон сууцыг Д.М гэх хүнд 100 хувь шилжүүлж өгнө гэж тохиролцсон. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Д.М дахиж яриад би тохиролцсон ёсоор армартур өгнө, харин орон сууцны захиалгын гэрээг Э.Т гэдэг хүнд шилжүүлэх талаар ярьсан. Ингээд тухайн гэрээг Э.Т гэдэг хүнд шилжүүлсэн хэдий ч Д.М нь надад болон “О” ХХК-д арматурыг өгөөгүй, өгөх талаар удаа дараа шаардсан. Нэхэмжлэгчийн 220,193,750 төгрөгийн төлбөрийн асуудал нь төлөгдсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Учир нь миний бие Д.М д нийтдээ 3 ширхэг орон сууц, тодорхой хэмжээний бэлэн мөнгө зэргийг шилжүүлсэн. Гэхдээ 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр орон сууц шилжүүлснээс хойш Д.М аас юу ч аваагүй. Өмнө нь тухайн яриад байгаа үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний бараа материал авсан нь үнэн, маргахгүй. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээнд зааснаар 151,668,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг яагаад 97,000,000 төгрөгөөр авна гэж тухайн эд хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнээр авна гэж тохиролцсон талаар гайхаж байна. Э.Т нь Д.М аас мөнгөө буцааж авах боломжтой байсан. Мөнгөө буцааж аваад “О” ХХК-тай гэрээгээ байгуулах талаар санал тавихад саналыг хүлээж аваагүй. Д.М болон Э.Т нар нь үгсэн тохиролцож тухайн орон сууцны үнийг хямдруулаад авна гэж тохиролцсон зүйл байж болзошгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Т г Баянгол дүүргийн 18 хороо, 67А байрны 402 тоот хаягт байршилтай, 68.94 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч О ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүргийн 18 хороо, 67А байрны 402 тоот хаягт байршилтай, 68.94 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг Э.Т гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Т д олгож шийдвэрлэжээ.

 

          5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

          5.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. 151,668,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг Н.М нь Э.Т д хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч Э.Т нь орон сууцны үнэ гэж 90,000,000 төгрөгийг төлсөн байхад түүнийг 68,94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг төлсөн мэтээр дүгнэж өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Учир нь тухайн орон сууцны нийт үнээс гуравдагч этгээд Э.Х д өгөх 105,000,000 төгрөгийг хасч үлдэх 46,668,000 төгрөгийг “О” ХХК-д төлснөөр өмчлөх эрх үүсэхээр байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй “О” ХХК нь Э.Т тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан явдал, гэрээний 2.2-т “...Захиалагч нь гэрээ байгуулсан өдөр үнийн дүнг 100 хувь төлсөн болно” гэж заасан байдал, гэрч Д.М ын шүүхэд өгсөн мэдүүлэг, 2020 оны 8 дугаар сараас хойш нэхэмжлэгч Д.М маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч Э.Т нь үл хөдлөх эд хөрөнгийг 97,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж үзэхээр байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримтын талаар зөв дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг анхаарч үзэлгүй “нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дийлэнх хэсгийг хариуцагчийн заасан этгээдэд төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх үзсэн” гэж хуульд заасан шаардлагыг илт зөрчиж тайлбарласан ба орон сууцны үнэ бүрэн төлөгдөөгүй байхад өмчлөгч мөн болохыг тогтоож шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр илтэд үндэслэлгүй болсон. Мөн 151,668,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Д.М тай 97,000,000 төгрөгөөр буюу тухайн орон сууцны бодит үнээс хэт доогуур үнээр худалдан авахаар тохиролцсон талаар дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд хариуцагч “О” ХХК-ийг хохироосон хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

          5.2.Мөн анхан шатны шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч О.М-д мэдэгдэлгүй, хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсан.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

          7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Гомдлыг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

          1. Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 18 хороо, хуучин нэрээр Модны-2-ын зам дагуу байрлах 67А байрны 402 тоотод орших 68,94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Т д гаргуулахыг “О” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

          2. Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 04/02 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “О” ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд байршилтай, 68,94 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Т гийн өмчлөлд шилжүүлэх, Э.Т 151,668,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

 

          3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

          3.а. Худалдах-худалдан авах гэрээний үнэ төлөгдсөн эсэх асуудлаар талууд маргасан бөгөөд гэрээний 2.2-т “захиалагч нь гэрээ байгуулсан өдөр үнийн дүнг 100 хувь төлсөн болно”, 3.1-д “захиалагчаас гэрээний 2.2-д заасан хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөхийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

          Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зохицуулсан.

 

          3.б. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргээ бүрэн биелүүлж худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 151,668,000 төгрөгийг төлсөн гэх нөхцөл байдал болон үүргийг гүйцэтгэхдээ үүрэг гүйцэтгүүлэгч буюу худалдагч компанид мөнгийг бүрэн шилжүүлсэн эсхүл худалдагч компанийн заасан этгээдэд мөнгийг шилжүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

          3.в. Нэхэмжлэгч “Д.М нь Э.Х гээс авлагатай, Э.Х нь хариуцагч “О” ХХК-аас авлагадаа маргааны зүйл болох орон сууцыг бартераар авч зөрүү мөнгийг төлөх байсан,  уг бартерийн орон сууцны үнийг 97,000,000 төгрөгөөр Д.М гэх хүнтэй тохиролцсон” гэх нөхцөл байдлын талаар тайлбарласан. Гэвч хариуцагч “О” ХХК-ийн өмнөөс гэрээний үнийг тодорхойлох, үүргийг хүлээн авах эрхтэй этгээд нь Д.М байх талаар талууд тохиролцсон, гэрээндээ тусгасан гэх байдал нотлогдохгүй байна.

 

          Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт “худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй” гэж зохицуулсан. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхээс хариуцагч татгалзах эрхтэй.

 

          Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг шаардах нэхэмжлэгч Э.Т-ны эрх үгүйсгэгдэж байх тул түүний орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. /5.1/

 

          4. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг залруулах боломжтой.

 

          4.а. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт “Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.

 

          4.б. Нэхэмжлэгч нь тодорхой гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр хариуцагч компаниас авлага, өр төлбөрийн тооцоо бүхий этгээдүүдийн тодорхой мөнгөн хөрөнгө төлөх, мөнгөн хөрөнгийн үүргийг тооцуулах нөхцөлтэйгөөр орон сууцны эзэмшлийг өөртөө олж авсан байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг эзэмшилдээ авчээ.

 

          4.в. Хариуцагч “О” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Х , гэрч Д.М нарын хоорондын өр төлбөрийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч Э.Т ыг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж гэрээнээс татгалзаж, улмаар түүнийг хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж заасан.

 

          Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э.Т д холбогдох Баянгол дүүргийн 18 хороо, 67А байрны 402 тоот хаягт байршилтай, 68.94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Э.Т гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч “О” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

          5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2021/17054 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, өмгөөлүүлэх эрхийг хангасан байна.

                                                                                                                              /хх202-204, 207/

 

          5.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдээгүй, шинээр өмгөөлөгч н.Ж-г оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хариуцагч талд бусдаас хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг шүүхээс өмнө нь олгосон, хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээх тул хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдээгүй тул шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй. Иймд шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч О.М-д мэдэгдээгүй, хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /5.2/

 

          Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 18 хороо, хуучин нэрээр Модны-2-ын зам дагуу байрлах 67А байрны 402 тоотод орших 68,94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Т д гаргуулахыг “О” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэгч Э.Т-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэж,

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “үлдээж, хариуцагч “О” ХХК-аас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Т д олгосугай.” гэснийг “үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                          Д.БЯМБАСҮРЭН

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ