Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00613

 

Х.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00168 дугаартай Х.З-ын нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох 12,190,560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие “Т” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр тус компани Улаанбаатар хотын Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Шинэ Налайх хорооллын 4а байрны 11 тоотод байрлах 37,28 м.кв 2 өрөө орон сууцыг 40,635,200 төгрөгөөр 2014 оны 1-2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэрээний 2.1-д заасны дагуу гэрээ байгуулагдсан өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 30 хувь болох 12,190,650 төгрөгийг хариуцагчийн “Хаан банк” ХХК дахь 5749855392 тоот дансанд шилжүүлсэн. Тодруулбал, миний бие 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,500,000 төгрөг, 09 дүгээр сарын 27-ны өдөр 3,500,000 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн 10 дугаар сарын 08-ны өдөр 190,560 төгрөгийг хариуцагч талд төлж үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлсэн.

Гэтэл хариуцагч нь 2014 оны 1-2 дугаар улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж орон сууцыг 2015 оны сүүлээр ашиглалтад оруулсан. Тухайн үед намайг орон сууцны зээлэнд хамруулах боломжгүй байна гэж хэлсэн ба хариуцагч нь дээрх орон сууцыг өөрийнхөө ажилтанд шилжүүлсэн байсан.

Иймд бид цаашид гэрээний харилцааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзах талаар хариуцагчид хэлж, орон сууцны урьдчилгаанд төлсөн 12,190,560 төгрөгийг буцаан авахыг хүсэхэд Нийслэлийн худалдааны төв ашиглалтад орохоор өгнө гэх мэтээр элдэв шалтаг хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.

2021 оны 05 дугаар сард “Т” ХХК-ийн оффисд очиж захирал н.М-тай уулзахад “...миний мөнгийг өгнө, Нийслэлийн худалдааны төв ашиглалтад орохоор хурдан буцаан өгөх боломжтой” гэж хэлсэн хэдий ч Нийслэлийн худалдааны төв ашиглалтад орсон байхад урьдчилгаа төлбөрийг буцаан төлөхгүй зайлсхийсээр байна.

Миний бие Налайх дүүргийн цагдаагийн газар гомдол гаргасныг тус дүүргийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор иргэний хэрэг маргаан гэсэн үндэслэлээр шүүхэд хандан шийдвэрлүүлэх ёстой гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж аваад шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй үйлдэл нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох агуулгаар дүгнэгддэг.

Иймд талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 12,190,560 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч “Т” ХХК-аас 12,190,560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.З д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

а/ Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр аль нэг тал гэрээнээс татгалзсан бол 10 хувийн торгуулийг нөгөө талд төлөхөөр тохиролцсон. Х.З нь гэрээнээс түрүүлж татгалзсан тул “Т” ХХК-д 10 хувийн торгууль төлөх ёстой. Анхан шатны шүүх хариуцагч “Т” ХХК-аас 12,190,560 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.З д олгохоор шийдвэрлэхдээ 10 хувийн торгуулийг хасаж тооцоогүй.

б/ Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг үндэслэх байжээ. Шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Х.З нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 12,190,560 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Т” ХХК нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ Налайх” хорооллын 4а байрны 11 тоот 37.28 м.кв талбай 2 өрөө орон сууцыг 2014 оны 1-2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, Х.З нь 1 м.кв талбайг 1,090,000 төгрөгөөр тооцож, нийт 40,635,200 төгрөгийн 30 хувь болох 12,190,560 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэх 28,444,640 төгрөгийг орон сууц ашиглалтад ороход төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хх5-9/

4. Ажил гүйцэтгэгч “Т” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар маргаан бүхий орон сууцыг гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгэж Х.З д хүлээлгэн өгөх, захиалагч Х.З нь мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар орон сууцны үнийн урьдчилгаа 30 хувь болох 12,190,560 төгрөгийг гэрээгээр тохиролцсон журмын дагуу төлөх үүрэгтэй байна.

4.а. Хэргийн 11-14 дүгээр талд авагдсан “Хаан банк” ХХК-ийн орлогын мэдүүлгээр Х.З нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,500,000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 3,500,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 08-ны өдөр 190,560 төгрөг, нийт 12,190,560 төгрөгийг хариуцагч талд төлсөн болох нь тогтоогджээ. /хх11-14/

4.б. Хариуцагч “Т” ХХК нь гэрээний 1.5-д “гүйцэтгэгч тал нь захиалсан орон сууцыг 2014 оны 1-2 дугаар улиралд захиалагч талд хүлээлгэн өгнө” гэж заасан үүргээ биелүүлсэн болохоо нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

5. Хариуцагч “Т” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ  хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасан.

5.а. Нэхэмжлэгч Х.З “хариуцагч “Т” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, орон сууцыг өөр этгээдэд өгсөн” гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж байх ба энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 219.3 дахь хэсэгт тус тус заасанд нийцэж байх тул нэхэмжлэгч нь мөн  хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.  

5.б. Иргэний  хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт “гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, хариуцагчаас гэрээний үүрэгт шилжүүлсэн 12,190,560 төгрөгийг шаардах эрх үүссэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

6.а. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчид 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-д шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. /хх-23, 24, 39, 46, 48, 52/

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

6.б. Мөн анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй. /4б/

7. Хариуцагч “Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул түүнд торгууль шаардах эрх үүсээгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. /4а/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                        

                          ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ