Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 458

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Г.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Урианхай овогт Гантулгын Жаргалсайханд холбогдох эрүүгийн “18110000476” дугаартай, 186/2018/0417/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймаг, Тариат суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-780А тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Урианхай  овогт Гантулгын Жаргалсайхан /РД:АЗ97070417/,

 

Холбогдсон хэргийн талаар;

            Г.Жаргалсайхан нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-780А тоотод суух Д.Шүрэн-Эрдэнийн байшингаас нууцаар 8 ширхэг мөнгөн аяга, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлж бусдад 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Г.Жаргалсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...надад хэлэх зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Шүрэн-Эрдэнийн:....би нөхөр Эрдэнэсүх, хүү Амарбаясгалан 2 настай, охин Цэлмүүн 8 настай хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-780А тоот  хашаанд оршин суудаг. Манай хашаанд хадам аав Гантулга, ээж Дэлгэрзаяа, дүү Жаргалсайхан нар тусдаа Монгол гэрт амьдардаг. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр охин Цэлмүүний төрсний гэрчилгээг далд хийх гээд авдраа онгойлгосон чинь хойд талын паниар мод нь байхгүй байсан. Тэгэхээр нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ингээд цагдаа дээр ирээд мэдүүлэг  өгөөд болсон асуудлын талаар хэлээд сэжиглэж байгаа хүн байна уу гээд надаас асуухаар нь дүү Жаргалсайхан гэж хүнийг сэжиглэж байна гэдгээ хэлсэн чинь дүүтэй уулзахад  хулгайлаад ломбарданд тавьсан гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би дүү Жаргалсайханаас асуухаар манай гэрээс хоёр ширхэг мөнгөн аяга, цаг авсан гэдгээ хэлсэн. Манай гэрээс 8 ширхэг мөнгөн аяга аваагүй гээд байгаа юм. Манай гэрийн авдаранд нийт 8 ширхэг мөнгөн аягыг дээр дээрээс нь давхарлаад "тавьсан байдалтай байсан. Жаргалсайхан гэж хүнээс өөр хүн дээрх аягануудыг авах боломж байхгүй. Учир нь манай хашаа байнга хүнтэй байдаг учраас гаднаас танихгүй хулгайч орох боломж байхгүй. Манай хашаанд хадам ээж Дэлгэрзаяа байнга байдаг. Дүү Жаргалсайхан надад хэлэхдээ хоёр мөнгөн аягыг ломбарданд барьцаанд тавьсан гэсэн. Энэ мөнгөн аягыг ээж Дэлгэрзаяа чөлөөлж өгсөн гэсэн гэх мэдүүлэг./хх 10-12/,

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Дэлгэрзаяагийн:....миний хүү Г.Жаргалсайхан нь 1997 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Эцэг эхээс хоёулаа доороо нэг ахтай. Багадаа Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 2005 онд Баянгол дүүргийн 10 жилийн 28 дугаар дунд сургуульд ороод 2013 онд 9 дүгээр ангиа төгссөн. Ингээд сургуулиа төгсөөд тодорхой эрхэлсэн ажилгүй байж байгаад 2015 онд Дорнод аймгийн Матад сумын хилийн цэргийн 303 дугаар ангид алба хаагаад 2016 оны 11 сард цэргээс халагдаж ирсэн. Үүнээс хойш цэргийн сургалтанд хамрагдаад цэргийн байгууллагад ажиллах сонирхолтой хүүхэд байгаа юм. Зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, юмыг хүлээж авахдаа жоохон дургүй хүүхэд байгаа юм. Хичээл номондоо сайн суралцдаг хүүхэд. Архи, тамхи хэрэглээд байдаггүй. Гэрээс нэг их гараад байдаггүй, хонууд өнжүүдээр яваад байдаггүй гэх мэдүүлэг. /хх 23-24/,

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Жаргалсайхан нь гэрчээр мэдүүлэхдээ:....

Би ах Эрдэнэсүхийн гэрээс 8 ширхэг мөнгөн аяга, хар өнгийн бугуйн цаг хулгайлсан. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ах Эрдэнэсүхийн гэрт хүн байхгүй хаалгаа түгжээгүй байхаар нь ороод  авдарнаас нь хулгайлсан ....гэх мэдүүлэг / хх-20/

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:    3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, фото зураг /7-8/, шинжээчийн дүгнэлт /хх-31/, эд зүйлийн үнэлгээ /хх-46/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/,  зэрэг нотлох баримтууыг шинжлэн судлуулав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Г.Жаргалсайхан нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-780-А тоотод оршин суух                     Д.Шүрэн-Эрдэнийн байшингаас нууцаар 8 ширхэг мөнгөн аяга, бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Шүр-Эрдэнэ, гэрч Б.Бадамханд, Т.Ариунцэцэг, Г.Эрдэнэсүх, шүүгдэгч Г.Жаргалсайханы 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Жаргалсайханыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй  гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Шүрэн-Эрдэнэ нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Гантулгын Жаргалсайханыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Жаргалсайханыг 300 цаг / гурван зуун цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Жаргалсайханд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож  хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар Г.Жаргалсайхан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Д.Шүрэн-Эрдэнэ нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жаргалсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ