Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Зориг |
Хэргийн индекс | 2308020831876 |
Дугаар | 2024/ДШМ/1098 |
Огноо | 2024-09-26 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/1098
2024 09 26 2024/ДШМ/1098
Д.Н-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Ч.М,
шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.А,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/864 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Н-т холбогдох эрүүгийн 2308020831876 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн Д.Н, 1999 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, охины хамт Баянзүрх дүүргийн … дугаар хороо, Х, толгойн … дүгээр гудамж … тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД: ……………./;
Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо, Зээлийн … тоот хашаанд байрлах Ч.М-ийн эзэмшлийн багаж хийдэг амбаараас түүний эзэмшлийн нийт 410,000 төгрөгийн үнэлгээ бүхий япон ком шат, цахилгааны кабель, цахилгааны шитийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг "тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
үргэлжилсэн үйлдлээр тухайн өдрөө Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо, Зээлийн …. тоот хашаанд байрлах Ч.М-ийн эзэмшлийн багаж хийдэг амбаараас түүний эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий арматур матагчийг 14-... ...улсын дугаартай, “Hyundai Porter 2” загварын автомашиныг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг "тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч", “машин механизм ашиглаж" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, бусдад нийт 3,410,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Н-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцсон 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 5 жил, 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Н-ын цагдан хоригдсон 38 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Н-аас нийт 3,410,000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.М-д олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-аас 14,000,000 төгрөгийг хураан авч, хохирол төлүүлэх болон улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлдсэн гэмт хэрэгт хэргийн ээдрээ төвөгтэй байдал үүсээгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өөрийн өмчлөлд байсан тохиолдолд хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэсэн байдаг. Гэтэл уг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч н Б.Б гэж хүнийх тул улсын орлого болгох боломжгүй юм. Хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд миний аваагүй эд зүйлсийг авсан мэтээр оруулж, миний ялыг хүндрүүлж байсан. Миний бие хохирлоо завал төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ухаарч байна. Би 3 настай хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг юм. Иймд миний ар гэрийн байдал болон эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн журамлан боломжит хэмжээгээр ялаас хасаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/864 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Д.Н нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр анх удаа мэдүүлэг өгөхдөө: “Би 2023 оны 06 дугаар сарын 11-нд танил ах М-ийн хамт Дарь-Эхэд барилга дээр арматур боож ажилсан орой ажлаасаа буугаад М ахын гэр болох Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо зээлийн … тоотод очиж хоноод 2023 оны 06 дугаар сарын 12-ны өглөө М ах ажилдаа яваад би ахын гэрт ганцаараа үлдсэн мөнгө хэрэгтэй болоод фэйсбүүкээр зар хайж байгаад Япон угсардаг шат авна гэсэн зар байсны дагуу нэг дугаар луу залгаад шат зарахаар болоод М ахын гадаа crown унасан хүн ирээд би М ахын хашаанд байх амбаарыг түлхүүрээр онгойлгоод 4 ширхэг ком угсардаг япон шат, 3 тооны тайл зэргийг 390.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тухайн өдрөө ахин зар харж байгаад барилгын багаж авдаг ломбард олоод холбогдох дугаар руу залгаад арматур матагч авах талаар асуухад авна гэж хэлсэн би амбаараас арматур матагч авч яваад 3, 4 дүгээр хорооллын Говь сауны замын эсрэг талд байх багажийн ломбарданд 350.000 төгрөгөөр ломбардсан. ... 4 ширхэг япон ком япон шат, арматур матагч 3 тооны тайл гэх зүйлийг авсан...” /хх 20/ гэх үйлдлээ өөрөө илчлэн мэдүүлдэг бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 5-д зааснаар “өөрийгөө илчилсэн, ...” гэх шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зарчимтай бөгөөд шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлбөр төлж барагдуулах асуудлыг шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд нийцнэ хэмээн үзэж байна. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрч Э.А-ээс авсан мэдүүлэгт 14-… … гэх цагаан өнгийн porter автомашин нь миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 14,000,000 төгрөгөөр авч байсан.” /хх 23/ гэж гэрчээр мэдүүлэг авсан хэдий ч иргэний хариуцагчаар тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан ажиллагааг хийгээгүй байна. Уг тогтоолыг гаргахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн саналд хохирол нөхөн төлөгдөөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, яллагдагч Д.Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, мөн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтын 5 дахь хэсэгт хэрэгт эд мөрийн баримтаар тогтоогдсон зүйл болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй... гэсэн атлаа 14-… …гэх машиныг улсын орлого болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Учир нь, уг машины өмчлөгч нь Э.А гэх хүн байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэх хуулийн зохицуулалттай. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 14-... ... гэх тээврийн хэрэгсэл нь Д.Н-ын өмч биш гэдэг нь тогтоогдож байна. Өмчлөгч нь Э.А гэх хүн байх учир эд хөрөнгийг улсын орлого болгох үндэслэлгүй байна. Мөн хохирогч портер машиныг буцааж өгөх санал гаргасан байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Д.Н нь Н.Э гэх 3 настай охинтойгоо хамт амьдардаг гэдэг нь хавтаст хэргийн 161, 162, 163 дугаар хуудаст авагдсан нотлох баримт байна. Иймд Д.Н-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийидвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны дагуу Д.Н-ын ялыг хөнгөрүүлэн, 14-... ...гэх тэзврийн хэрэгслийг улсын орлого болгохоос чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/864 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ч.М тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын хяналтын шатанд яллагдагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаагүй. Мөн машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн гэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг буруу ойлгосон юм шиг байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болохоор шийдвэрлээгүй. Тухайн тээврийн хэрэгслийг үнэлүүлээд гарсан үнийн дүнг гэм буруутай этгээдээс гаргуулан хохирол нөхөн төлүүлж шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Д.Н нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч ялаа эдлээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн энэ хэргийн хохирол төлбөрийг төлөөгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад анхан шатны шүүхээс үндсэн гэмт хэрэгт нь 5 жилийн хорих ял оногдуулж, өмнөх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 1а-80в тоот хашаанд байрлах Ч.М-ийн эзэмшлийн багаж хийдэг амбаараас түүний эзэмшлийн нийт 410,000 төгрөгийн үнэлгээ бүхий япон ком шат, цахилгааны кабель, цахилгааны шитийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг "тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
үргэлжилсэн үйлдлээр тухайн өдрөө Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо, Зээлийн … тоот хашаанд байрлах Ч.М-ийн эзэмшлийн багаж хийдэг амбаараас түүний эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий арматур матагчийг 14-... ...улсын дугаартай, “Hyundai Porter 2” загварын автомашиныг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг "тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч", “машин механизм ашиглаж" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, бусдад нийт 3,410,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч Ч.М-ийн “...2023 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо, Зээлийн … тоотод байрлах гэртээ байх үед хашаанд байсан амбаарт япон угсардаг барилгын төмөр шат 5 ком, арматур матагч /380 цахилгаанаар ажилладаг/, цахилгааны ком шит /380 цахилганаар ажилладаг/, цахилгааны утас 30 метр зэрэг барилгын багаж хийгээд үлдээсэн. Тэгээд өнөөдөр уг амбаартаа орж үзсэн чинь дээрх багаж хэрэгсэл байхгүй байхаар нь манай хашаанд тусдаа байдаг Оээс энд байсан багаж яасан юм бэ гэсэн чинь Н-ыг микротой ирээд ачаад аваад явсан. О-т хэлэхдээ намайг аваад ир гэж хэлэхээр нь О цуг ачилцаж өгсөн гэж хэлсэн...” /хх 11/,
гэрч Д.О-ийн “...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо Зээлийн … тоотод байж байсан. Өдөр болж байхад цагаан өнгийн Портер машин ирсэн хэн бэ гээд гарсан чинь Н гээд М-ийн гэрт 7 хоног хамт байсан залуу байсан, хашаанд Портер машин оруулж ирээд арматур матагч М аваад ир гэж хэлсэн, манай ачигчид завгүй байна гээд Портер машины жолооч бид гурав өргөөд машинд ачилцаад явуулсан. Арматур матагч гээд том дөрвөлжин багаж ачаад явсан. Намайг амбаараас гараад ирэхэд амбаар /багаж хийдэг/ онгойлгосон, багаж аваад буцаагаад цоожилсон байсан. Эхлээд хашаанд орж ирээд М аваад ир гэж хэлсэн, офицерын барилга дээр аваачиж ажиллана гэж байсан ...” /хх 13/,
гэрч Т.Б-ын “...Би Д.Н гэх хүнийг танихгүй. Нэгдсэн бүртгэлээс АЮ………. дугаарыг үзэхэд 2023 оны 06 дугаар сарын 12-нд цахилгаан гэр ахуй арматур матагч 350,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаалан зээл авсан. Тухайн эд зүйлийг 14 хоногийн хугацаатай дуусаад би 20 хоног байлгаж байгаад зарагдсан. Тухайн залуу портер машинтай ирсэн, би зураг дарж авсан...” /хх 15/,
гэрч Б.Б-ын “...Тухайн авто машиныг би 2019 оны зун худалдан авч байсан. Тэр өдрөөс хойш би ойр зуур фейсбүүк хуудсаар зараар ачаа ачиж байгаад 2023 оны 08 дугаар сард A гэх хүнд худалдсан. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 14… … улсын дугаартай Hyundai Porter 2 машинаар манай дүү Б.С зараар ачаанд явж байсан. Би өөрөө Сэлэнгэ аймагт ажилтай байсан. Н гэх хүнийг танихгүй. Өмнө харж байгаагүй...” /хх 39/,
гэрч Б.С-ийн “...Д.Н гэх хүнийг танихгүй. Би 2023 оны 7 дугаар сарын 12-нд аавын төрсөн дүү болох Б.Б ахын 14-... ...Hyundai Porter 2 авто машинаар зараар ачаанд явж байсан. Тухайн өдөр манай ах Б.Б над руу залгаад Баруун салаанаас ачаа авна гэж байна гээд би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн … дугаар хороо, Яргайт … тоотоос ахын 14-... ...улсын дугаартай Hyundai Porter 2 авто машинаар ачаанд явахаар Баянхошууны Баруун салаанд ирээд нэг дугаар луу залгаж холбогдсон, одоо ямар дугаар байсныг санахгүй байна. Тэр үед /надад харуулсан зураг дээрх залуу/ барилга дээр ажиллаж байгаад ирсэн юм уу гэмээр нэг залуу ирээд надад зам зааж өгөөд уул руу өгсөөд нэг хашааны гадаа зогсоод нөгөө залуу хашааны хаалга онгойлгож дотогш ороод гараш онгойлгоод дотроос дөрвөлжин том хэмжээтэй хүнд багаж машин дээр ачих гээд өргөж дийлэхгүй байсан учир би туслаад өргөж өгсөн. Тухайн хашаанд байсан эмэгтэй бас хамт өргөлцөөд машин дээр ачсан. Тухайн залуу ломбард орно гээд 3,4 дүгээр хороололд аваачиж нэг ломбардад тавьсан. Ломбардын хүн асааж үзнэ гэхэд тухайн залуу асааж мэдэхгүй байсан, би ачааны хөлс 80,000-100,000 төгрөг авсан байх. Би хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна. Би асууж тодруулаагүй, тухайн залуу ломбард дээр очоод би аавтайгаа хамт барилга дээр ажилладаг, манай аавынх байгаа юм гэж хэлсэн. Би хулгайн эд зүйл гэж огт мэдээгүй. Надад хэлээгүй. Би зараар ачаа ачиж байхдаа ямар эд зүйл яах гэж байгаа талаар асуудаггүй, тухайн үед асуугаагүй...” /хх 41/ гэсэн мэдүүлгүүд,
“Б” барьцаат зээлийн гэрээ /хх 17/, Hyundai Porter 2 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 25/,
“М" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23/024 дугаартай: “...Hyundai Porter загварын автомашиныг 14,000,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 45-46/,
“М” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 23/009 дугаартай: “...япон шат 1,000,000 төгрөг, арматур матагч 2,000,000 төгрөг, цахилгааны кабель 210,000 төгрөг, цахилгааны шит 200,000 төгрөг, нийт 3,410,000” гэх тайлан /хх 45-46/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.
Прокуророос Д.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дах заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Н-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Тодруулбал, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл юм.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчилэхээр хуульчилсан. Хүн амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно.
Бусдын орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлээ хөнгөвчилж, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориудаар ашигласан бол мөн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулж үздэг.
Шүүгдэгч Д.Н-ын хувьд Ч.М-ийн эзэмшлийн багаж хийдэг амбаарт зөвшөөрөлгүй нэвтэрч, түүний эзэмшлийн багаж, хэрэгслийг авч, хүнд оврын арматур матагчийг зөөвөрлөхөөр портер түрээслэж, тухайн тээврийн хэрэгсэл дээр ачиж авч явж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Н-аас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ялыг боломжит хэмжээгээр багасгаж өгнө үү. ...”,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А-ээс “...Д.Н-ын ялыг хөнгөрүүлэн, 14-... ...гэх тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоос чөлөөлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.
Д.Н-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14-... ...улсын дугаартай, Hyundai Porter 2 загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Н-ын өмчлөлийнх биш, тэрээр тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах зорилгоор түрээслэсэн болох нь гэрч Б.Б/хх 39/, Б.С/хх 41/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, хохирол төлүүлэх, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Харин шүүхээс шүүгдэгч Д.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохироогүй, ял хүндэдсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын санкцитай.
Хэдийгээр шүүгдэгч Д.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй боловч хохирлын хэмжээ нь 3,410,000 төгрөг байхад түүнийг 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэсэн эрх хэмжээний хүрээнд Д.Н оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/864 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаас заримыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Н-ын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/864 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцсон 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 5 жил, 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцсон 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 3 жил, 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг” хүлээн авч, бусад үндэслэлээр гаргасныг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ын цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ