| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2026/0213/З |
| Дугаар | 128/ШШ2026/0425 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2026/0425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С*******ын Ц******* /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Л нарын хоорондын төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нарийн бичгийн дарга: Б.Баатарзориг
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч С.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн , 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тоот, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот тушаалуудыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж тодорхойлжээ.
1.2. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Нэхэмжлэгч С.Ц******* нь 2024 онд мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дахин сонгогдож 2 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан.
2.2.С.Ц*******ын өөрийнх нь санаачилгаар шинэ хорооны цогцолбор байртай болж, архив, бичиг хэргийн тусгай өрөөтэй, дүүргийн хэмжээний 20 хорооноос 5 хорооны нэг болсон. Хорооны ажлын албанд зохион байгуулагч байхгүй нэг жил 10 сар, нийгмийн ажилтан байхгүй 2 жил болсон талаар дүүргийн Засаг дарга, төрийн удирдлагын хэлтсийн даргад удаа дараа санал тавьж байж нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарыг улсын үзлэг явагдахаас 3-6 сарын өмнө томилуулсан.
2.3.С.Ц*******ын ажлаас халагдсан гол үндэслэл нь 2025 оны 3 дугаар улирлын ажлын цаг, үзлэгийн тайлангаар 10 өдөр 320 минут хоцорсон, 117 цаг бүртгэл хийсэн, цаг ашиглалт дутуу, хангалтгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан.
2.4.Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 27 дугаар зүйлд заасныг мөрдөж, эрх нь зөрчигдсөн албан хаагчид хандаж тус зүйл, заалтыг хангаж ажилласан бол С.Ц******* уг сонсох ажиллагаанд доорх нотлох баримтуудыг баталгаатай гаргаж өгч чадах байсан.
2.5.Тухайлбал, ажил тасалсан гэх 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зохиогдсон, бүх хорооны дарга нар оролцсон ахмадын тэмцээний ажиллагааг зохион байгуулж оролцсон. 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны хурал бүтэн өдөр болсон. Тэмдэглэл нь дүүргийн Тамгын газарт байгаа. 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал болсон бөгөөд энэ өдөр 8 цаг биш, 16 цагаас дээш цаг хуралдаж байсан. Энэ өдрийг ажил тасалсанд тооцжээ. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, нөхцөл байдлын мэдээллийг сонсох ажиллагаанд оролцсон. 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн 31 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагчдад мэргэжил сонголтын сургалт, хэлэлцүүлгийг 09:00-17:00 цагт зохион байгуулж, өөрийн хип хоп хамтлагийн уран бүтээлээр тоглолтоор үйлчилсэн байна.
2.6.Ажил тасалсан гэх хоногийн үлдсэн 5 хоногийн тухайд, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.2, 99.3, 99.8-д зааснаар С.Ц******* нь жилд 16 хоногийн амралт эдлэх эрхээр хангагдсан. Ээлжийн амралтыг 2 хуваан энэ улиралд багтааж олгоно. Бид хууль хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагчийн хууль ёсны амралтыг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 2 хуваан өгнө, өөрийн хүссэн 10 өдрийг өөрөө сунган амраарай" гэж тохирсон байна. Амралт нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөөс 08 дугаар сарын 08-ны өдөр дуусаагүй, 2 хоног үлдэж байхад мөн дүүргийн Засаг дарга өөрөө утасдаад сургууль, цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл, судалгаа, мэдээллийн ажилд шинэ хичээлийн жилд бэлтгэх үүрэг даалгавар өгснөөр амралтаа дутуу эдэлж ажилдаа орсон.
2.7.Гэтэл тухайн өдрүүдийг ажил тасалсанд тооцон цагийн бүртгэлээс санаатайгаар орхигдуулсан. 10 хоногийн цалинг бүрэн олгосон. Гэтэл ажил тасалсан гэжээ.
2.8.Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд захиргааны шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар санал гаргах боломж олгоно" гэж заасан. Мөн энэ хуулийн 26-д заасан оролцогчоор тайлбар, санал гаргах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заагаад, 27 дугаар зүйлийн 27.5-д сонсох ажиллагаа явуулах хугацаа, шийдвэр гаргах тухай агуулга, үндэслэл, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус зааснаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахын өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд өөрийн байр суурь, тайлбар гаргах боломжийг олгох үүрэгтэй энэ эрхийг эдлүүлээгүй гэжээ.
2.9.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
2.10.“... С.Ц******* нь жилд 16 хоногийн амралт эдлэх эрхээр хангагдсан. Ээлжийн амралтыг 2 хуваан энэ улиралд багтааж олгоно. Бид хууль хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагчийн хууль ёсны амралтыг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 2 хуваан өгнө, өөрийн хүссэн 10 өдрийг өөрөө сунган амраарай" гэсэн атлаа ажил тасалсан гэж сахилгын шийтгэл ногдуулсан. Сонсох ажиллагааг хангаж, эрх ашигт нь нөлөөлж болзошгүй шийдвэрийн талаар урьдчилан мэдэж, байр сууриа илэрхийлэх боломжийг олгох бөгөөд сонсох ажиллагаа явуулах хугацаа нь тайлбар, санал гаргах боломжийг олгохуйц байх ёстой...” гэх зэргээр тайлбарлан,
2.11.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... С.Ц******* уг сахилгын шийтгэлд ямар нэгэн байдлаар маргаж, хариу тайлбар гаргаж, дээд шатны Засаг даргад хандсан эсхүл шүүхэд хандсан зүйл байхгүй, 09 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулсанд мөн адил маргаагүй. Үүний үндсэн дээр 3 дугаар улирлын 10 хоногийн цагийн таслалт болон архив, албан хэрэг хөтлөлтийн дүнгээр С.Ц*******ыг ажлаас чөлөөлсөн. 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан ажлаас халах тухай захирамжийг гарахын өмнө сонсох ажиллагааг 11 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн, Тамгын газрын дотоод журмын дагуу гадуур ажилтай бол дээд шатны албан хаагчид мэдэгдэх, боломжгүй бол “ERP” цахим системээр мэдэгдэх, бүр боломжгүй бол хороон дээрээ буюу ажлын албандаа гадуур ажлын дэвтэр хөтлөх журмаар үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч С.Ц******* уг дотоод журмыг биелүүлээгүй. Сахилгын шийтгэлийн дараа алдаа, зөрчлөө арилгах ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй. Гадуур ажлын дэвтэр ашигладаггүй байсан...” гэж тайлбарлан маргаж байна.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 онд мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дахин сонгогдож 2 дугаар хорооны Засаг даргаар ажилласан. Өдөр бүр иргэддээ цахим хуудсан дээр хийсэн ажлаа тайлагнадаг. Цахим хэлбэрт байршуулан төлөвлөгөөтэй ажиллаж, 2024 оны орон нутгийн сонгуулиар нийслэл Улаанбаатар хотын бүх хороо, дүүрэгтэй харьцуулахад хамгийн өндөр хувьтай саналын дүнтэйгээр дахин сонгогдсон нь түүний урлаг, соёлын үйл ажиллагаатай холбоотой, олон түмэнд танигдсан албан хаагч учраас сонгогдсон. Иргэдийн идэвхтэй дэмжлэгийн үр дүнд С.Ц*******ын өөрийнх нь санаачилгаар шинэ хорооны цогцолбор байртай болж, архив, бичиг хэргийн тусгай өрөөтэй, дүүргийн хэмжээний 20 хорооноос 5 хорооны нэг болсон. Хорооны ажлын албанд зохион байгуулагч байхгүй нэг жил 10 сар, нийгмийн ажилтан байхгүй 2 жил болсон талаар дүүргийн Засаг дарга, төрийн удирдлагын хэлтсийн даргад удаа дараа санал тавьж байж нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарыг улсын үзлэг явагдахаас 3-6 сарын өмнө томилуулж чадсан. С.Ц*******ын ажлаас халагдсан гол үндэслэл нь 2025 оны 3 дугаар улирлын ажлын цаг, үзлэгийн тайлангаар 10 өдөр 320 минут хоцорсон, 117 цаг бүртгэл хийсэн, цаг ашиглалт дутуу, хангалтгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Хэрэв сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 27 дугаар зүйлд заасныг мөрдөж, эрх нь зөрчигдсөн албан хаагчид хандаж тус зүйл, заалтыг хангаж ажилласан бол С.Ц******* уг сонсох ажиллагаанд доорх нотлох баримтуудыг баталгаатай гаргаж өгч чадах байсан. Тухайлбал, ажил тасалсан гэх 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зохиогдсон, бүх хорооны дарга нар оролцсон ахмадын тэмцээний ажиллагааг зохион байгуулж оролцсон. 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны хурал бүтэн өдөр болсон. Тэмдэглэл нь дүүргийн Тамгын газарт байгаа. 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал болсон бөгөөд энэ өдөр 8 цаг биш, 16 цагаас дээш цаг хуралдаж байсан. Энэ өдрийг ажил тасалсанд тооцжээ. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, нөхцөл байдлын мэдээллийг сонсох ажиллагаанд оролцсон. Нотлох баримтыг хавтаст хэрэгт авхуулсан. 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн 31 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагчдад мэргэжил сонголтын сургалт, хэлэлцүүлгийг 09:00-17:00 цагт зохион байгуулж, өөрийн хип хоп хамтлагийн уран бүтээлээр тоглолтоор үйлчилсэн байна. Ажил тасалсан гэх хоногийн үлдсэн 5 хоногийн тухайд, С.Ц******* нь 2023 оноос 2026 онуудад Хөдөлмөрийн хуулиар олгогдсон ээлжийн амралтаа эдлээгүй бөгөөд эдлээгүй шалтгаан нь Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгууль, дүүргийн хэмжээний улс төр, олон нийтийн ажлуудад оролцож, дүүргийн Засаг даргын өөрийн санал хүсэлтээрээ оролцсон явдал юм. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулиар 3 жил дараалан ээлжийн амралт эдлээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.2, 99.3, 99.8-д зааснаар С.Ц******* нь жилд 16 хоногийн амралт эдлэх эрхээр хангагдсан. Гэтэл дүүргийн хэмжээний ажилд оролцоод амралтаа эдэлж чадаагүй байна. Хөдөлмөрийн хуульд заасан ээлжийн амралтаа 3 жил дараалан эдлээгүй талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлт гаргахад "Чи урлаг, соёлын авьяастай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, бусад хороо, дүүргийн Засаг дарга нараас албан хэрэг хөтлөлт илүү чадвартай, чамайг зайлшгүй ажиллуулах шаардлагатай байна”. Тэгээд ч чиний ажиллаж байгаа 2 дугаар хороо нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр амьжиргааны түвшинтэй байшин, хороолол байдаг, ачаалал харьцангуй бага, бусад дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс гадуур дүүргийн хэмжээний ажилд чамайг зайлшгүй татан оролцох шаардлагатай байна. Ээлжийн амралтыг 2 хуваан энэ улиралд багтааж олгоно. Бид хууль хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагчийн хууль ёсны амралтыг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 2 хуваан өгнө, өөрийн хүссэн 10 өдрийг өөрөө сунган амраарай" гэж тохирсон байна. Амралт нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөөс 08 дугаар сарын 08-ны өдөр дуусаагүй, 2 хоног үлдэж байхад мөн дүүргийн Засаг дарга өөрөө утасдаад сургууль, цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл, судалгаа, мэдээллийн ажилд шинэ хичээлийн жилд бэлтгэх үүрэг даалгавар өгснөөр амралтаа дутуу эдэлж ажилдаа орсон. Гэтэл тухайн өдрүүдийг ажил тасалсанд тооцон цагийн бүртгэлээс санаатайгаар орхигдуулсан. 10 хоногийн цалинг бүрэн олгосон. Гэтэл ажил тасалсан гэж нэрлэгдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн нотлох баримтаар 10 хоногийн цалинг бүрэн олгосон нь уг хүн ажлаа хийж байсныг нотолж байна. Цагийн бүртгэлд тоог санаатайгаар оруулаагүй гаргасан.
Сонсох ажиллагааг хангаж, эрх ашигт нь нөлөөлж болзошгүй шийдвэрийн талаар урьдчилан мэдэж, байр сууриа илэрхийлэх боломжийг олгох бөгөөд сонсох ажиллагаа явуулах хугацаа нь тайлбар, санал гаргах боломжийг олгохуйц байх ёстой. Хариуцагч нэхэмжлэгчид 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий актыг гаргасан. Энэ нь хэлбэрийн шаардлага хангасан боловч нэхэмжлэгчид тайлбар өгөх боломжит хугацаа, нотлох баримт цуглуулах зорилгоор олон төрийн байгууллагад хандах боломжийг олгохгүйгээр шууд захиргааны шийдвэр гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27.1.3-д заасан захиргааны шийдвэр гаргахдаа баримтлах хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл заалтыг тусгаагүй. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн өөрийгөө хамгаалах, өөрийнхөө талаарх нотлох баримтыг цуглуулж захиргааны байгууллагад танилцуулж, харилцан ярилцаж шийдвэрлэх боломжийг олгоогүй. Хэлбэр төдий сонсох ажиллагаа явуулж дээрх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д “энэ хуулийн 65.3-д заасан үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулахаар”, мөн хуулийн 65.1.3-д “Засаг даргын шийдвэр болон дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй хүлээсэн” гэж тус тус заажээ. Гэтэл Засаг даргад дээд шатны Засаг даргаас удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй асуудал огт байхгүй. Харин Улаанбаатар хотын хамгийн төв хэсэгт байдаг хорооны архив, бичиг баримтыг хөтөлдөг нийгмийн ажилтан, хорооны ажилтнуудыг зориуд санаатай үйлдлээр 2 жил гаруй томилохгүй байж байгаад, томилдог, чөлөөлдөг эрх нь Засаг дарга өөрт нь байхад, архивын өрөөтэй байхад томилогдоогүй байснаас шалтгаалан энэ нь хорооны Засаг даргын өөрийн буруу биш. Дүүргийн Засаг даргын буруутай үйлдэл мөн. Дүүргийн Засаг даргын буруутай үйлдэл нь Иргэний хуулийн 498.1-д "Бусдын эд хөрөнгө, амь нас, ажил, мэргэжлийн нэр хүндэд хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг ажил олгогч хариуцна" гэж заасан бөгөөд гэм хор учруулсан нь тогтоогдвол ажил олгогч хариуцлага хүлээнэ. Энэ нь дотоод аудитад тавигдаад дотоод аудитаас С.Ц*******ын үйлдлээс ийм хор учирсан эсэхийг, томилогдоогүй байдлаас шалтгаалсан эсэхийг тогтоон, Иргэний хуулийн 498.1-д заасныг хэрэглэх бололцоотой. Архив, бичиг баримтын хөтлөлтийн ажилтныг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд буюу Засаг дарга өөрөө хариуцах ёстой. Дээрх зохицуулалтаас харвал Засаг дарга дээд удирдлагын даалгаврыг хийлгэх үүрэгтэй, энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл дээд шатны Засаг дарга түүнийг огцруулах хуулийн үндэслэлтэй байна. Үүнээс гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.2-т хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтойгоор зөрчсөн бол Засаг даргыг огцруулахаар заасан. Ноцтой зөрчсөн гэдгийг нотлохын тулд цаг ашиглалт хангалтгүй. 3 сарын зайтай дүр эсгэн шийтгэл оногдуулаад, мэдэгдэл явуулаад “ноцтой зөрчсөн, удаа дараа” гэх шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх заалтад нийцүүлэх гэж дүр эсгэн удаа дараа халсан боловч тухайн халалтуудын үндэслэл бүгд хууль бус. Сүүлийн шийтгэлийн актуудыг сонсох ажиллагааны мэдэгдэлд тусгаагүй. Бүх оногдуулсан шийтгэлийг оролцогчид мэдэгдэх хуудсуудыг бүгдийг нь нөхөж бэлдэж оруулж ирсэн. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 27 дугаар зүйлийн 27.1, Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийг тус тус баримтлан С.Ц*******аас дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тухайн ажлын жилдээ ээлжийн амралтаа аваагүй бол хөдөлмөрийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж, биеэр эдлэхгүйгээр мөнгөн дүнгээр авдаг хуулийн зохицуулалт бий. Тухайн жил бүр энэхүү зохицуулалт үйлчилсэн байсан байх ёстой. 2025 оны тухайд хамгийн анхны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гарсан С.Ц*******д сахилгын шийтгэл оногдуулах тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын дугаар захирамжаар С.Ц*******ын эхний хагас жилийн ирцийн цагийн бүртгэл болон 2025 оны цэрэг татлагаар оролцоогүй гэх зэрэг шалтгаанууд байгаа. Цэрэг татлагаар оролцоогүй тухайд цэргийн штабаас илтгэх хуудас бичиж, хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн үедээ С.Ц******* уг сахилгын шийтгэлд ямар нэгэн байдлаар маргаж, хариу тайлбар гаргаж, дээд шатны Засаг даргад хандсан эсхүл шүүхэд хандсан зүйл байхгүй. Тэгэхээр хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна.
Хоёрдугаарт, 09 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулсанд мөн адил маргаагүй. Үүний үндсэн дээр 3 дугаар улирлын 10 хоногийн цагийн таслалт болон архив, албан хэрэг хөтлөлтийн дүнгээр С.Ц*******ыг ажлаас чөлөөлсөн. 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан ажлаас халах тухай захирамжийг гарахын өмнө сонсох ажиллагааг 11 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн. 11 дүгээр сарын 18-ны өдөр хийхдээ С.Ц*******ын 9******* дугаарт утасдан мэдэгдэж, уншиж танилцуулсан. 11 дүгээр сарын 18-ны өдөр нэг дэх өдөр, 11 дүгээр сарын 20-ны өдөр 4 дэх өдөр буюу ажлын өдрүүд байсан. Нэхэмжлэгч талаас нотлох баримт цуглуулах хугацаа байсангүй гэлээ. Эхний ээлжид нотлох баримт цуглуулах хугацаа хүссэн хүсэлт, хариу тайлбараа ирүүлсэн байх ёстой боловч тийм хариу тайлбар ирүүлээгүй. Нэхэмжлэгч талаас 2025 оны Иргэдийн нийтийн хурлаас С.Ц******* сонгогдсон гэж байна. С.Ц******* 2021 оноос хойш Засаг даргаар ажиллахдаа ганцхан 2025 онд Иргэдийн нийтийн хурал зарласан байдаг. 2021 онд яагаад зарлаагүй вэ гэвэл Ковидын тухай хууль хэрэгжиж байсантай холбоотой. Гэхдээ Ковидын тухай хууль 2022 оноос үйлчлэхээ больсон. 2023, 2024 онд 3 жилийн хугацаанд Иргэдийн нийтийн хурлыг зарлаж, томилогдоогүй байна. 2025 онд Иргэдийн нийтийн хурал зарлаж, 7 дугаар хурлын тэмдэглэл, хурлын тогтоолоор дүүргийн Засаг даргад ирүүлсэн. Дүүргийн Засаг даргаас 1 дүгээр шаардлагаар тухайн Иргэдийн нийтийн хурлыг хорооны иргэдэд хэрхэн зарлан мэдээлсэн талаарх нотлох баримт, тухайн хуралд нийт хэчнээн хүн оролцсон тухай ирцийн нотлох баримт шаардсан боловч ирүүлээгүй. Ийм учраас тухайн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэдэг хариуг илгээсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хорооны Засаг даргыг Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлж, дүүргийн Засаг дарга батламжлан дүүргийн Засаг даргын захирамжаар томилогддог. Харин С.Ц*******ын тухайд тухайн Иргэдийн нийтийн хурал зохион байгуулсан талаарх нотлох баримтыг дүүргийн Засаг даргад ирүүлээгүй. Тэгэхээр дүүргийн Засаг дарга үүнийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Иргэдийн нийтийн хурал нь тухайн нутаг дэвсгэрийн тодорхой хэмжээний өрх тутамд нэг хүн гэсэн шаардлага байдаг. Энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй учраас тухайн албан хаагчийг дүүргийн Засаг даргаар томилогдсон гэж үзэх боломжгүй. Тийм учраас дүүргийн Засаг даргын захирамж гарахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар биш Төрийн албаны тухай хуулийн дагуу гарсан. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албаны сахилгын шийтгэлийг шат дараатай авна. Эхний ээлжид 6 дугаар сард сануулах арга хэмжээ авсан. Сануулах арга хэмжээ авахдаа 1 дүгээр улирлын цагийн бүртгэлийг тусгасан. Засаг даргын Тамгын газрын дотоод журмын дагуу гадуур ажилтай бол дээд шатны албан хаагчид мэдэгдэх, боломжгүй бол “ERP” цахим системээр мэдэгдэх, бүр боломжгүй бол хороон дээрээ буюу ажлын албандаа гадуур ажлын дэвтэр хөтлөх журмаар үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч С.Ц******* уг дотоод журмыг биелүүлээгүй. Сахилгын шийтгэлийн дараа алдаа, зөрчлөө арилгах ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй. Гадуур ажлын дэвтэр ашигладаггүй байсан. “ERP” цахим системээр ашигладаг байсан гэвэл Сүхбаатар дүүргийн 20 хорооны зарим нь хотын төвд, зарим нь зуслангийн бүсэд байдаг. Зуслангийн бүсийн зарим хороонууд цаг бүртгэлийг интернэт сүлжээний гэмтлээс шалтгаалдаг гэдэг. 2 дугаар хороо нь хотын төвийн шинэ байр, шинэ тоног төхөөрөмжтэй тул технологийн алдаа дутагдлаас бүртгүүлж чадахгүй байх боломж байхгүй. 2025 онд цахилгааны хязгаарлалтаас шалтгаалаад ийм нөхцөл байдал илэрсэн ч гэсэн гадуур ажлын дэвтэр хөтлөөд явж байх хангалттай боломж байсан. Архив, албан хэргийн үзлэгийн хувьд хорооны ажлын албаны 2 гэрчийн мэдүүлэгт бид нарын оноо алдсан зүйл бол 2025 оны бүртгэл хийгдээгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч талаас нийгмийн ажилтангүй тэдэн сар, зохион байгуулагчгүй тэдэн сар гэж архивын хангалтгүй байсан шалтгааныг тайлбарлаж байгаа. Гэвч тухайн албан хаагч нар оноо алдсан шалтгаанаа өмнөх онуудад биш, өөрсдийнх нь ажилласан тухайн оны албан хэрэг хөтлөлт дээр оноо алдсан гэж тайлбарласан. Мөн гэрчийн мэдүүлэгт нэхэмжлэгч тухайн архив, албан хэрэг хөтлөлтийг хэн хариуцах ёстой юм бэ гэдэг асуулт гэрчүүдээс асууж байсан. Хорооны зохион байгуулагч албан бичгийг хариуцах ёстой гэсэн хандлагатай байсан. Нийгмийн ажилтан архивыг хариуцах ёстой гэсэн хандлагатай байсан. Гэвч тухайн хорооноос гарч байгаа албан бичиг, дээд шатны байгууллага руу явж байгаа тайлан, төлөвлөгөө, тухайн архивд орж байгаа бүх баримт бичгийг нийгмийн ажилтан, зохион байгуулагч нар боловсруулаад Засаг дарга хянаад, гарын үсэг зурж, баталгаажуулаад гаргаж байгаа. 2021 оноос 2025 он хүртэл нэг ч ширхэг зохион байгуулагч эсхүл нийгмийн ажилтны гарын үсэгтэй баталгаажсан баримт байхгүй. Бүгдээрээ Засаг даргын баримтууд байгаа. Засаг дарга нь тухайн хорооны ажлын албыг гүйцэтгэх явцдаа архив, албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу хуулийг дагаж мөрдөн, тухайн хорооны ажлын албанаас гарч байгаа баримт материал архивын шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаад, гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Үүнийг тухайн Засаг дарга өөрөө хариуцах ёстой.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараас тогтоогдож буй үйл баримтуудад дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч С.Ц******* нь Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын ажлын албанд мэргэжилтнээр 2017-2021 онд, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргаар 2021-2023 онд, 2024 онд мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дахин сонгогдож 2 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан.
2.Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Ц*******ыг Сүх баатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргаар сонгогдсонд тооцож, Сүхбаатар дүүргийн Засаг даргад уламжлахыг Иргэдийн хурлын хуралдааны даргад даалгажээ.
3.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн “С.Ц*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаартай захирамжаар тус дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Ц******* нь 2025 оны эхний хагас жилийн ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 33 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй ажил тасалсан, нийт 1******* минутын хоцролттой ажлын цаг ашиглалт хангалтгүй ажилласан, мөн 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татах ажлыг зохион байгуулахад 2025 оны 04 дүгээр сарын 28, 05 дугаар сарын 01-ний өдрийн хорооны Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн эмч нарын сургалт, үүрэг чиглэл өгөх хуралд оролцоогүй, цэрэг татлагын байранд ирж үүргээ биелүүлээгүй цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэдэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээ үзүүлээгүй зэрэг зөрчил гаргасан нь холбогдох баримтаар нотлогдож байна гэж үзэж, нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулж, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг 2025 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн байна.
4.Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр арын 15-ны өдрийн “С.Ц*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаартай захирамжаар тус дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Ц******* нь нийслэл, дүүргээс 2025 оны 8 дугаар сард өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй тул үндсэн цалинг 20 хувиар нэг сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулж, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдлийг С.Ц*******д 2025 оны 09 дүгээр арын 15-ны өдөр хүргүүлж хариу тайлбарыг өгчээ.
5.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудсаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд зохион байгуулсан цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзлэг, 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татах ажлыг зохион байгуулахад 2 дугаар хорооны Засаг дарга С.Ц******* ирээгүй болохыг, мөн цаг бүртгэлийн системд нэхэмжлэгч С.Ц*******ыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 10 хоног тасалж, 312 цаг хоцорсон гэж бүртгэгдсэн байна.
6.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооны 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай албан бичигт “...2025 оны 08 дугаар сарын 25-28-ний өдөр болон 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохиогдсон 9 дүгээр их наадамд, гранд гольфийн нээлттэй тэмцээнд дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Ц******* нь өөрийн биеэр очиж дэмжлэг үзүүлсэн” гэж, Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичигт “...хорооны дарга С.Ц******* нь зам тээврийн ослын нөхцөл байдлыг сонсох ажиллагаанд /2025 оны 9 дүгээр сарын 24/ оролцсон”, Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/155 дугаартай албан бичигт “...дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Ц******* нь 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хуль зүй, төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хуралд оролцсон” гэдгийг тодорхойлж, бусад өдрүүдийн тухайд нотлох баримтгүй байна.
7.Хариуцагчаас “... дүүргийн Засаг даргаас хороодын дарга нарыг гадуур ажилтай байхдаа гадуур ажлын дэвтэрт бичиж хэвшихийг удаа дараа сануулан тэмдэглэл хөтлөөгүй тохиолдолд ажилд тасалсанд тооцож сахилгын арга хэмжээ тооцож байхад энэ зөрчлөө дахин гаргасан...”, нэхэмжлэгчээс “...ажил таслаагүй, ээлжийн амралтаа биеэр эдлээгүй амаар тохирч явсан...” гэх зэргээр маргаж байгаа хэдий ч ээлжийн амралтын болон гадуур ажлын дэвтэрт тэмдэглэгдсэн талаарх аливаа баримтгүй байна.
8.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч Э.Ттэй байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлтийг 2024 онд 85, 2025 оны эхний хагас жилийн биелэлтийг 80 оноогоор тус тус үнэлжээ.
9.Нэхэмжлэгч нийслэлийн Засаг даргад 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий актуудын талаар гомдол гаргасан байх бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05-04/666 дугаартай албан бичгээр хариуг авч шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх боловч С.Ц******* нь дээрх дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн “С.Ц*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаартай, 2025 оны 09 дүгээр арын 15-ны өдрийн “С.Ц*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаартай захирамжуудыг тухайн үед нь мэдсэн хэдий ч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “С.Ц*******ыг төрийн албанаас халах” ******* дугаартай захирамжтай маргах үедээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14.6-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
10.Нөгөөтэйгүүр хариуцагчийн гаргасан 2025 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн “С.Ц*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаартай, 2025 оны 09 дүгээр арын 15-ны өдрийн “С.Ц*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаартай захирамжууд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.12-д “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.2-д “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах”, 48.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн гэх үзэхээргүй байна.
11.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “С.Ц*******ыг төрийн албанаас халах” ******* дугаартай захирамжаар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Ц*******ыг улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн дүнгээр 57.5 оноо авч, хангалтгүй ажилласан нь Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг дүүргийн хэмжээнд зохион байгуулах салбар комиссын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлээр, 2025 оны 3 дугаар улирлын ажлын цагийн бүртгэлийн тайлангаар 10 өдөр ажил тасалсан, 312 минут хоцорсон, 17 удаа бүртгэл дутуу, гадуур ажлын тэмдэглэл хөтлөөгүй, цаг ашиглалт хангалтгүй ажилласан нь цагийн бүртгэлийн тайлангаар тус тус нотлогдож, сахилгын зөрчил удаа дараа давтан гаргасан тул 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах шийтгэл ногдуулж, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна.
12.Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг дүүргийн хэмжээнд зохион байгуулах салбар комиссын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлээр үзэхэд “...манай ажлын хэсэг 2,... дугаар хороод хангалтгүй дүгнэгдсэн. 2 дугаар хороон дээр Засаг дарга болон зохион байгуулагч хоёулаа хангалтгүй байсан,...2 дугаар хороон дээр Засаг дарга, зохион байгуулагч 2 дээр хоёуланд нь арга хэмжээ авах саналтай” гээд “2,... дугаар хорооны Засаг даргад арга хэмжээ авах саналыг Засаг даргад танилцуулж арга хэмжээ тооцох”-оор шийдвэрлэжээ.
13.Сүхбаатар дүүргийн салбар комисс нь Байгууллагын архивын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт, аргачлалаар тус дүүргийн 2 дугаар хороог 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дүгнэхэд нийт 1000 онооноос 579 оноо, Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт, аргачлалаар дүгнэхэд нийт 1000 оноо авахаас 560 оноо авсан болох нь тогтоогдож байгаа нь шалгалтын комиссын гишүүний үзэмжээр дүгнээгүй шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэгдсэн болох нь тогтоогдож байна.
14.Гэрч Г.Н*******ы “...Архивын улсын үзлэг манай хороонд 2025 оны 10 дугаар сарын 20-нд ирж шалгуулж хангалтгүй үнэлгээ авсан. 7 хоногийн дараа дахин засаж үзүүлээд дарга С.Ц******* үнэлгээтэй танилцаад 90-с дээш үнэлэгдлээ гэсэн...”, гэрч Я.Д*******гийн “...Архивын улсын үзлэг 5 жилд 1 удаа зохион байгуулагддаг. 2025 оны урчилсан үзлэгээр 57.5 оноо авсан. 7 хоногийн дараа нөхөн үзүүлсэн...”, Гэрч Р.Б*******ийн “...хуваарийн дагуу архивын үзлэг хийхэд 2 дугаар хороо 57.5 оноо авсан, ..10-аад үзүүлэлт дээр үзүүлэх баримт байхгүй байсан тул оноо тавих боломжгүй байсан,...давтан үзлэгээр байхгүй байсан баримтуудаа бүрдүүлээд би харандаагаар 900 буюу 90 оноо тавьсан,...энэ оноо нь ажлын хэсгийн бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажих ёстой. Ажлын хэсгийн даргад танилцуулж амжаагүй, давтан үзлэг дээр оноо тавихгүй зүгээр ажил сайжруулсан, дутуу байсан баримтууд нөхөн үзүүлэх үүрэг өгөх болохоос оноо тавихгүй гээд баталгаажуулаагүй тул өмнөх оноогоор дүгнэгдсэн...” гэх, Гэрч Т.Д*******гийн “...эхний оноогоор бид дүгнэсэн,...дахин үзэхдээ шалгуур үзүүлэлтийн дагуу сайжруулсан эсэхийг л хэлээд явуулсан,...57.7 оноо авсан нь хангалтгүй шүү гэж байгаа юм...” гэх мэдүүлгүүдээр Сүхбаатар дүүргийн салбар комисс 1 дүгээр ажлын хэсгийн улсын үзлэгийн нэгдсэн дүнгээр тус дүүргийн 2 дугаар хороо “Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа”56 оноо, “Байгууллагын архивын үйл ажиллагаа” 58,9 оноо, нийт 57.5 оноо авсан болох нь тогтоогдож байхаас гадна даван үзлэгээр ажил сайжруулах үүргийн биелэлтийг шалгаж, тус дүүргийн бүх хороонд нэмэлт үнэлгээ өгөлгүй бүгд эхний үзлэгийн оноогоор дүгнэгдсэн болох нь тогтоогдож байна.
15.Сүхбаатар дүүргийн салбар комиссын 1 дүгээр ажлын хэсгийн улсын үзлэгийн нэгдсэн дүнгээр тус дүүргийн 2 дугаар хороо 57.5 оноо авч “хангалтгүй” үнэлгээ авсан тул хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна”, 64.2.5-д “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр”, 65 дугаар зүйлийн 65.1.3-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэж зааснаар тус дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга С.Ц*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна.
16.Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан дээрх маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагч нь сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчөөгүй, нэхэмжлэгч С.Ц******* нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх” 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах; нийтлэг үүрэг”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах нийтлэг үүрэг”-ээ биелүүлээгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар бүх шатны Засаг дарга нь улс төрийн албан тушаалын ангилалд хамаарах ба хорооны Засаг дарга нь дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлж ажиллаагүй, ажлын хариуцлага алдсан тохиолдолд дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах, огцруулах бүрэн эрхтэй байна.
17.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн “С.Ц*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаартай, 2025 оны 09 дүгээр арын 15-ны өдрийн “С.Ц*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “С.Ц*******ыг төрийн албанаас халах” ******* дугаартай захирамжууд нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байна.
18.Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”,48.1.4-д “төрийн албанаас халах”, 48.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц*******ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тоот, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот тушаалуудыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ