| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00096/И |
| Дугаар | 148/ШШ2018/00098 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 148/ШШ2018/00098
| 2018 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 148/ШШ2018/00098 | С******* аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
С******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М******* даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар С.******* нэхэмжлэлтэй Ажилласан байдал тогтоолгох-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 1963 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, С******* аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар оршин суух, Ирвэсийн хавцал ББН-ийн Таны дэргүүрт худалдагчаар ажилладаг
Б******* овгийн С******* Э*******
регистрийн дугаар *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие С******* аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Төв дэлгүүрт 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр худалдагчаар орж 1994 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд төв дэлгүүр хувьчлагдаж Эрдэнэ УҮГ нэртэй болж өөрчлөгдсөн бөгөөд 1994 онд ХАА-н бирж рүү шилжиж би өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, хөдөлмөрийн дэвтэрт халагдсан тушаал бичихэд ХАА-н бирж нэртэй тамга тэмдэг дарагдсан нь 1992 оны 02 дугаар сараас 1994 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны ажилласан жил тооцуулахад шаардлага хангахгүй болсон байна. Аймгийн архивт 1988 оноос хойшх Эрдэнэ УҮГ-ийн материал тушаал олдохгүй байгаа тул тухайн үед хамт ажиллаж байсан Д.Наранцэцэг, Н.Ханд, Л.Нэргүй нараар гэрч хийж 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд улсад ажилласныг тогтоож өгнө үү!
Нэхэмжлэгч: С.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би С******* аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Төв дэлгүүрт 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр худалдагчаар ажилд орсон. Намайг ажиллаж байх үед өмч хувьчлал явагдаж, манай дэлгүүр нь Эрдэнэ Улсын үйлдвэрийн газар болон өөрчлөгдсөн. Тухайн үед манай дэлгүүрийн ажилчдыг Эрдэнэ УҮГ-руу шилжүүлэн ажилд авсан тушаал гарч байсан. Тэгээд Эрдэнэ дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байгаад 1994 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тэгээд тухайн үедээ хөдөлмөрийн дэвтэр бичиг баримтаа аваагүй байж байгаад дараа нь очиж хөдөлмөрийн дэвтрээ авахад миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгээд Хөдөө аж ахуйн бирж гэсэн тамга дарсан байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт ХАА-н бирж нэртэй тамга тэмдэг дарагдсан нь 1992 оны 02 дугаар сараас 1994 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны ажилласан жил тооцуулахад шаардлага хангахгүй гэсэн тул энэ хугацааны ажилласан жилийг тогтоолгох гэж шүүхэд хандсан юм.
Мөн аймгийн архиваас бичиг баримтаа шүүлгэхэд 1988 оноос хойшх Эрдэнэ УҮГ-ын бичиг баримт тушаал нь архивт шилжиж ирээгүй гэсэн. Иймд тухайн үед хамт ажиллаж байсан Эрдэнэ УҮГ-ын дарга байсан Д.Улаанхүү, худалдагч байсан Д.Наранцэцэг, Н.Ханд, Л.Нэргүй нар нь намайг Эрдэнэ УҮГазарт ажиллаж байсан болохыг тодорхойлон тодорхойлолт гаргаж өгсөн. Иймд намайг 1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Эрдэнэ УҮГазарт худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү!....гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь :
С.Э******* нь 1992-1994 онд С******* аймгийн Сүхбаатар хотын Эрдэнэ Улсын үйлдвэрийн газарт худалдагчаар ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
С.Э******* нь С******* аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Төв дэлгүүрт 1987 онд худалдагчаар орж ажилласан ба 1992 онд бүтэц зохин байгуулалтын өөрчлөлтөнд орж уг трест нь Эрдэнэ УҮГ нэртэй болсноор С.Э******* нь 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус Эрдэнэ дэлгүүрийн даргын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 тоот ...дэлгүүрт худалдагчаар авч ажиллуулав гэх тушаалаар тус дэлгүүр худалдагчаар ажилд орж, 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад тухайн өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөхөд Хөдөө аж ахуйн биржийн тамга яагаад хөдөлмөрийн дэвтрийн ажлаас чөлөөлсөн бичилтэнд дарагдсан болох нь хэрэгт авагдсан 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ардын армийн 184 дүгээр ангийн боловсон хүчин гэж тамга тэмдэг дарж олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтүүд болон тухайн үед ажиллаж байсан байгууллагынхантайгаа хамт авахуулсан гэрэл зураг, мөн Эрдэнэ УҮГ-ын даргаар ажиллаж байсан Д.Улаанхүү, худалдагч байсан Д.Наранцэцэг, Н.Ханд, Л.Нэргүй нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан Д.Улаанхүүгийн ... Би С.Э*******ийг 1985 оноос хойш мэднэ. Би өөрөө 1982 оноос 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл С******* аймгийн Сүхбаатар сумын худалдаа бэлтгэлийн трестэд эдийн засагч боловсон хүчинээр ажиллаж байсан. Тухайн үед С.Э******* нь худалдагчаар ажиллаж байсан. 1991 онд трест өмч хувьчлалаар задрахад Хөдөө аж ахуйн бирж, Өгөөж Улсын үйлдвэрийн газар, Эрдэнэ Улсын үйлдвэрийн газар гэсэн 3 салбар болж хуваагдсан. Намайг Эрдэнэ УҮГазрын даргаар ажиллаж байхад С.Э******* нь 1992-1994 онд худалдагчаар ажиллаж байсан.
...Эрдэнэ УҮ Газар нь Хөдөө аж ахуйн биржийн нэр дор тусгай тамга тэмдэгтэй ажиллаж байсан ба Хөдөө аж ахуйн биржийн тамга тэмдгийг давхар хэрэглэдэг байсан учраас С.******* хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаалд нь Эрдэнэ УҮГ, ажлаас халагдсан тушаалд нь Хөдөө аж ахуйн бирж гэсэн тамга дарагдсан байгаа юм. Хөдөө аж ахуйн бирж нь Эрдэнэ Улсын үйлдвэрийн газрын толгой компани байсан учраас тамга тэгж дарагдсан юм... гэх, гэрч Л.Нэргүй, Н.Ханд нарын ... Бид С.Э*******той Өндөр довжоот гэж нэрлэгддэг хүнсний дэлгүүрт хамт ажиллаж байгаад 1990 оноос Эрдэнэ дэлгүүр рүү шилжин ажилласан... гэх мэдүүлэгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Иймд Б******* овгийн С******* Э*******ийг 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл С******* аймгийн Сүхбаатар хотын Эрдэнэ Улсын үйлдвэрийн газарт /Эрдэнэ дэлгүүрт/ худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б******* овгийн С******* Э*******ийг 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл С******* аймгийн Сүхбаатар хотын Эрдэнэ Улсын үйлдвэрийн газарт /Эрдэнэ дэлгүүрт/ худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор С******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ