| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0499/э |
| Дугаар | 466 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч А.Нямсүрэн, өсвөр насны шүүгдэгч Т.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхзул, өмгөөлөгч О.Мөнгөнчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Тамирын Төгөлдөрт холбогдох эрүүгийн “181101622031” дугаартай, 186/2018/0499/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 6 сар 28 хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 12А ангийн сурагч ам бүл 3, эцэг, эмээ нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, 23А байрны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй Боржигин овогт Тамирын Төгөлдөр /РД:УП00310381/,
Холбогдсон хэргийн талаар;
Өсвөр насны шүүгдэгч Т.Төгөлдөр нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Элбэг бууз” цайны газрын гадна насанд хүрээгүй хохирогч Б.Хүслэнгийн гар утсаар зурвас бичээд өгнө гэж хуурч, Самсунг галакси эс-7 загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Өсвөр насны шүүгдэгч Т.Төгөлдөр нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч Б.Хүслэнгийн:....би 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 14 цагт хичээлээ тараад барилгачдын талбай дээр аав ээжтэйгээ уулзчихаад аав ээжээсээ түрүүлээд гэртээ харих гээд Ардын автобусны буудлын “Элбэг бууз” гээд цайны газрын урд зогсож байсан чинь нэг танихгүй өндөр бор ах буюу одоо нэрийг нь мэдэх болсон Төгөлдөр хүрч ирээд ахын дүү ахдаа утсаараа ганц яриулчихаач гэсэн. Би нэгж байхгүй шүү дээ ахаа гэсэн чинь тэгвэл ганц мэссэж бичүүлчихээч ах нь мөнгийг нь өгчихье гэсэн. Тэгэхээр нь би мөнгө төгрөг хэрэггүй ахаа дансанд 60 нэгж байгаа байх та мэссэж биччих гээд өөрийнхөө Саарал өнгийн самсунг галакси эс-7 загварын гар утсаа гаргаад өгсөн. Тэр ах миний утсыг аваад мэссэж бичиж байгаа юм шиг оролдож зогсож байснаа гэнэт баруун тийшээ миний утсыг барьсан чигээрээ зугтаагаад явчихсан.Тэгэхээр нь би миний утсыг хулгайч авчихлаа гээд хашгираад хойноос нь гүйсэн ба булан эргэсэн чинь ойролцоо байсан нэг ах түлхэж унагаагаад барьж авсан. Тэгээд нөгөө ах миний утсыг Төгөлдөр гэдэг ахаас буцааж аваад надад миний утсыг өгсөн чинь миний гар утас булан хэсгээсээ дээшээ дэлгэц нь хагарчихсан байсан. Тэгээд би аавыг дуудаад аав ойрхон байсан болохоор хурдан ирээд миний утсыг авч зугтсан ахыг дагуулаад цагдаа дээр авчирсан гэх мэдүүлэг. /хх 10-11/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Т.Төгөлдөрийн:....2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хичээлээ тарчихаад яаж мөнгө олох вэ гэж бодоод ардын автобусны буудал дээр зогсож байхад нэг бага ангийн эрэгтэй хүүхэд гар утсаа оролдоод зогсож байхаар нь би тэр хүүхэд дээр очоод утсаараа яриулчих гэсэн чинь нэгжгүй гэж хэлэхээр нь би тэгвэл мэссэж бичээд өгье гэж хэлээд утсыг нь авсан ба мэссэж бичиж байгаа юм шиг дүр үзүүлж байгаад гар утсыг нь аваад зугтаачихсан. Тэгээд зугтаад гүйж байхад нэг ах миний араас хөгөөд намайг барьж авч унагаагаад утсаа алдсан хүүхэд дээр аваачсан ба удалгүй тэр хүүхдийн аав нь дуудаад цагдаа дээр дагуулж ирсэн гэх мэдүүлэг /хх 14-15/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Мөнхзулын:...миний төрсөн ах Тамирын том хүү болох Т.Төгөлдөр нь 2000 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа аав, ээж, эмээгийн хамтаар өнгөрүүлж, цэцэрлэгт хүмүүжсэн. 10 жилээ 36 дугаар сургуульд элсэн орж 3 дугаар анги хүртлээ сураад 5 шарын "23 дугаар сургуульд элсэн орж суралцаж байгаад 8 дугаар ангиас нь Өсвөрийн зохион бүтээгчдиин ахлах сургуульд оруулж одоо төгсөж байгаа. Аав Тамир, ээж Ц.Анхтуяа нар 2013 оны үед салчихсан бөгөөд одоо эмээ Эрдэнэцэцэг, аавтайгаа цуг амьдарч байгаа. Ер нь багаасаа л эмээ дээрээ өссөн бөгөөд аав ээж хоёр нь Сэлэнгэд амьдардаг байсан. Эхнэрээсээ салаад хотод ирчихээд байгаа. Миний дүү зан аашийн хувьд аягүй даруухан аймхай, ажилсаг их гарын дүйтэй хүүхэд байгаа. Янз бүрийн техникийн олимпиадад их ордог гэх мэдүүлэг. /хх-16/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Баярсайханы:....би 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр эхнэр хүүхэдтэйгээ Барилгачдын талбай дээр цэцгийн үр худалдаж авахаар явж байсан. Том хүү Хүслэн рүү залгасан чинь хичээлээ тарж байна гэхээр нь барилгачдын талбай дээр хүрээд ир гэсэн ба тэнд хүүтэйгээ уулзчихаад гэртээ хариад байж бай гээд явуулсан. Тэгээд жаахан байж байгаад мөд очихгүй юм чинь хамт хоол идчихээд явуулъя гэж бодоод утасруу нь залгасан чинь нэлээн дуудуулж байгаад утсаа аваад миний утсыг хүн аваад зугтаачихлаа. Энд нэг ах миний утсыг авч зугтаасан хүнийг барьчихсан байна гэж хэлсэн. Тэгээд байгаа газрыг нь заалгаад ойрхон байсан болохоор гүйгээд очсон чинь нэг танихгүй эрэгтэй 20 орчим насны бор царайтай одоо нэрийг нь мэдэхгүй байна. Төгөлдөрийг барьчихсан зогсож байсан. Төгөлдөрийг барьж байсан залуу утас аваад зугтаачихлаа гэхээр нь барьж авлаа гэчихсэн зогсож байсан. Тэгээд би Төгөлдөрийг дагуулаад цагдаа дээр авчирч өгсөн. Ийм л асуудал болсон гэх мэдүүлэг. /хх-17/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, өсвөр насны шүүгдэгч Т.Төгөлдөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, хохирогч Б.Хүслэн болон хууль ёсны төлөөлөгч П.Баярсайхан нарын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-40/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Өсвөр насны шүүгдэгч Т.Төгөлдөр нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Элбэг бууз” цайны газрын гадна насанд хүрээгүй хохирогч Б.Хүслэнгийн гар утсаар зурвас бичээд өгнө гэж хуурч, Самсунг галакси эс-7 загварын гар утсыг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Хүслэн, гэрч П.Баярсайхан нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Т.Төгөлдөрийг бусдыг хуурч, эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Хүслэн, түүний хууль ёсны төлөөлөгч П.Баярсайхан нар нь өсвөр насны шүүгдэгч Т.Төгөлдөрөөс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхзул нарын гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Т.Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдыг хуурч, эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насы шүүгдэгч Т.Төгөлдөрийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Төгөлдөрт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгуулагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Төгөлдөрт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Т.Төгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Төгөлдөрт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ