| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/00143/и |
| Дугаар | 210/МА2022/00614 |
| Огноо | 2022-04-01 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2022/00614
Т.А , Д.А нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/00422 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.А , Д.А нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ү.Г-д холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ү.Г-ын ажил, амьдрал, санхүүгийн байдал хүнд байсан тул зээл авахад нь туслах зорилгоор Т.А , Д.А нар худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээг байгуулсан. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой 16 цаг 17 минутанд нэхэмжлэгч нарын дансанд 20,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 80,000,000 төгрөг орж ирснийг Ү.Г-ын дансанд шилжүүлсэн. Зээлийн хугацаанд хариуцагч зээлээ төлөхгүй, орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Бэлэглэлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нар орон сууцыг Ү.Г-д шилжүүлэн өгсөн бөгөөд Ү.Г худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцыг “Хаан” банкны барьцаанд тавьж, 80,000,000 төгрөгийн зээл авсан боловч зээлээ төлөөгүйн улмаас маргаан үүсэх шалтгаан болсон. Худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан. Ү.Г бэлэглэлийн гэрээгээр орон сууцны өмчлөлийг шилжүүлж, худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч “Х” ХХК-тай зээлийн гэрээ хийж зээл авсан. Зээлээ төлөөгүй учир бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцыг буцаан нэхэмжлэгч нарт буцаан өгөх нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар маргаан бүхий орон сууцыг барьцаалж “Т ББСБ” ХХК-аас зээл авсан. Тухайн үед зээлийн хүү өндөр байсан тул бага хүүтэй зээл авмаар байна гэж нэхэмжлэгч нар хэлсэн байдаг. Зээл олгогдохгүй байгаа учир орон сууцыг Ү.Г-д шилжүүлж, орон сууцыг “Х” ХХК-д барьцаалж, зээл авсан. Тухайн үед худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн бөгөөд татвар бага төлөх зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан. Тухайн үед худалдах болон гуравдагч этгээдээс зээл авах санаа зорилго нэхэмжлэгч нарт байсан. Х банкнаас авсан мөнгөө хариуцагч орон сууцыг худалдаж авч байгаа гээд нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн. Дээрх мөнгийг Ү.Г орон сууцны төлбөрт бүрэн төлсөн. Хариуцагч зээл авснаа хүлээн зөвшөөрч, зээлээ төлнө гэдгээ Х банкинд илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 онд Ү.Г орон сууцны зориулалтаар маргаан бүхий орон сууцыг “Х” ХХК-д барьцаалж, худалдах-худалдан авах гэрээний дагуу тухайн орон сууцыг шилжүүлж авч байгаа тул бидэнд зээл олгооч гэх хүсэлт гаргасан. Үүний дагуу банк өмчлөх эрхээ шилжүүл гэх шаардлага тавьсан. Орон сууцны өмчлөгчөөр Ү.Г бүртгэгдэж ирснийг үндэслэж, зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлийг олгосон. Д.А , Т.А , Ү.Г нарын хооронд бэлэглэлийг гэрээ байгуулсан эсэхийг банк мэдэхгүй, заавал шалгах шаардлагагүй. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн барьцааны гэрээ хүчингүй гэрээ. “Х” ХХК-ийн барьцааны гэрээний үндэслэл зээлийн гэрээ учраас бид өмчлөх эрх ямар гэрээгээр шилжиж байгааг шалгах шаардлагагүй. Барьцааны эрх гэдэг тухайн барьцаа хөрөнгөд ногдуулсан байдаг тул өмчлөгч өөрчлөгдсөн гээд барьцааны хөрөнгө чөлөөлөгдөх боломжгүй. Зээлийг төлөх үүрэг, барьцаа хөрөнгө мөн адил хэвээр байна. Хэрэв зээлийг төлөхгүй бол гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрх ч хэвээр байна. Банкныхаа зээлийг хурдан хаахгүй бол орон сууц барьцаанаас чөлөөлөгдөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бэлэглэгчийг ноцтой гомдоосон учир хүчингүй болгуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон. Өмнө нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага яригдаж байсан боловч одоо бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийг төлж дуусгаж байж, банкнаас барьцаа хөрөнгийн гэрчилгээг авч, бүртгэлийг өөрчлөх ёстой гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.А , Д.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.Г-д холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728,150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн материалд 100,000,000 төгрөгөөр худалдсан гэж үзэж байгаа орон сууцны үнийн дийлэнх хэсэг 80,000,000 төгрөгийг хариуцагчийн нэр заасан түүний ах Гансүхийн данс руу нэхэмжлэгч буцаан шилжүүлсэн үйл баримтанд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Зөвхөн энэ баримтыг л нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй уялдуулж дүгнэсэн бол шүүх ийм дүгнэлтэнд хүрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах боломж гарахгүй байсан гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийг худалдсан ч бай, бэлэглэсэн ч бай зээлээр орж ирсэн мөнгөнөөс 8 биш наян саяыг буцааж худалдан авагчид шилжүүлсэн гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүй. Энэ нь бэлэглэх болон бэлэг хүлээн авах хүсэл зоригийн илэрхийлэл, бэлэглэх шалтгаан байсан эсэхийг тодорхойлох гол нөхцөл байгаа эсэхийг харуулах үйл баримт гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэртэй хэргийг бүхэлд хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шаны шүүх энэхүү бэлэглэлийн үйлдэлд дүгнэлт хийдэг. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч эдгээр асуултанд хариулахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт бичсэн байдлаар, шүүхийн дүгнэсэн байдлаар хариулсан учраас шүүх үүнд дүгнэлт хийсэн. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу ажиллагаа бүрэн хийгдсэн. Ийм учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. Тухайн бэлэглэлийн гэрээг хэзээ шаардах эрхтэй байсан гэдэгт дүгнэлт өгөөд шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн байна, ийм учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож болохгүй байхаар хуульчилсан. 80,000,000 төгрөгийг Ү.Г-д өгсөн гэдгээ нотолж чадаагүй. Ү.Г 80,000,000 төгрөгийг банкнаас авсан гэдгээ хэлдэг. Гэхдээ энэ хүмүүс буцаагаад Ү.Г-д өгсөн гэх тайлбараа огт нотолж чадахгүй үйл баримт хэрэгт байгаа тул давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
дурьдсан үндэслэлээр хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Т.А , Д.А нар хариуцагч Ү.Г-д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлөх, буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.
3. Д.А , Т.А болон Ү.Г нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Д.А , Т.А нар нь Баянгол дүүрэг, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар хороо, 6-Б дугаар байрны 29 тоот, 50 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр Ү.Г-д худалдаж, төлбөрийг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн төлөхдөө урьдчилгаа төлбөрийг банкинд байршуулан, үлдэгдэл төлбөрийг Хаан банкнаас орон сууцны зээл авч төлөхөөр тохиролцсон байна. /хх140/
3.а. Мөн Д.А , Т.А , Ү.Г нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Д.А нь дээрх орон сууцыг хариу төлбөргүйгээр Ү.Г-д бэлэглэхээр тохиролцжээ. /хх96/
3.б. Дээрх орон сууц бэлэглэлийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж, хариуцагч Ү.Г 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр уг орон сууцны өмчлөгч болсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 96-99 дэх талд авагдсан эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Төрийн банкны орлогын мэдүүлэг, орон сууц бэлэглэлийн гэрээ, Д.А , Т.А , Ү.Г нарын иргэний үнэмлэхний хуулбар, мөн улсын бүртгэлийн Ү-2205015954 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд зэрэг баримтаар тогтоогдсон байна.
3.в. Үүний дараа маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн Ү.Г нь “Х” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, “Х” ХХК нь Ү.Г-д 80,000,000 төгрөгийн зээл олгосон болох нь хэргийн 33-43 дахь талд авагдсан зээл болон барьцааны гэрээгээр тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
3.г. Хариуцагч Ү.Г нь нэхэмжлэгч Т.А гийн Хаан банкны 5113051779 тоот дансанд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “урьдчилгаа” гүйлгээний утгаар 20,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “байрны үнэ шилжүүлэв” гүйлгээний утгаар 80,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн 7, 18 дахь талд авагдсан Т.А гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.
3.д.Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилгаанд шилжүүлсэн гэх 20,000,000 төгрөгийг мөн өдөр бэлнээр буцаан өгсөн гэсэн тайлбар гаргасан боловч нотолсон баримтгүй, мөн нэхэмжлэгч нь байрны үнэд шилжүүлсэн гэх 80,000,000 төгрөгийг хариуцагчид бус түүний ах Ү.Г-д шилжүүлснийг Ү.Г-д буцаан өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
4. Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь хэргийн 2 дугаар хавтасны 63 дахь талд авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичгээр тогтоогдсон. Харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг эрхийн бүртгэлийн газар бүртгүүлснээр Ү.Г-д өмчлөх эрх шинээр үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх эрх зүйн үр дагаврыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5, 56.6 дахь хэсэгт заасан.
Талууд бэлэглэхээр орон сууц худалдах-худалдан авах гэрээг халхавчилсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хариу төлбөрийн үнийн дүнг халхавчилсан агуулгатай гэрээ талуудын хооронд байгуулагдсан тохиолдолд бэлэглэлийн буюу хариу төлбөргүй гэх хэсгээр уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
5.а. Халхавчлагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх болон мөнгөн хөрөнгө харилцан шилжсэн байх тул орон сууцыг улсын бүртгэлээр шилжүүлж үүрэг дуусгавар болсон байна. Ү.Г-аас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар орон сууцыг буцаан шаардах эрх үүсэхгүй.
5.б. Учир нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зохицуулсан. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн хувьд дээрх орон сууцыг улсын бүртгэлд Ү.Г-ын нэр дээр бүртгэснийг үнэн зөв гэж үзэж түүнд зээл олгосныг буруутгахгүй.
5.в. Нэхэмжлэгч Т.А , Д.А нар нь хариуцагч Ү.Г-ыг зээлээ төлөхгүй бэлэглэгчийг гомдоосон тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 17-ны байгуулагдсан бэлэглэлийн гэрээг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн тул энэ хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрх үүсэхгүй.
Хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн бэлэглэлийг хүчингүй болгох тохиолдолд хуулийн уг заалт хамаарна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж нэхэмжлэгчид шилжүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль хэрэглээний талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ