Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Д.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

хохирогч Б.Эрболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх овгийн Доржпаламын Батаад холбогдох эрүүгийн 1811009040293 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Д.Б, 1966 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж 19 дүгээр байрны 43 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ66080915.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Peace building барилгад дуу бичлэгийн үйл ажиллагаа явуулдаг Б.Эрболдын 202 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, элгэн гутал, савхин бээлийг нууцаар хууль бусаар авч Б.Эрболдод 358.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр явж байгаад энэ байгууллагын нойлийн өрөөнд орсон гэдгээ санаж байгаа боловч 202 тоот өрөөнд орсон гэдгээ сайн санахгүй байна. Би тэр байгууллагын хаалгыг эвдэж ороогүй надад тийм суурь хүмүүжил байхгүй миний хальт санаж байгаагаар тэр өрөөнд ороод ширээн дээр байсан дуусч байсан архийг уусан гэдгээ санаж байна. Би тэр элгэн гутал, савхин бээлийг авсан гэдгээ санахгүй байгаа…” гэв.

Хохирогч Б.Эрболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Манай өрөө яг нойлийн хажууд байдаг. Би энэ хүнийг тухайн үед андуураад орчихсон байх гэж бодож байгаа. Манай өрөөний цоож маш муу, татахад л онгойдог. Бид нар 19-ний орой өрөөндөө найз нартайгаа сууж жаахан юм уусан. Хохирлыг маань барагдуулсан учраас гомдол, саналгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Б.Эрболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр надтай хамт Peace building төвийн 202 тоотод дуу бичлэгийн студи ажилуулдаг Оюунбат залгаад студийн хаалга онгорхой цоож нь эвдэрсэн байна. Би цоожийг нь торгоочихоод явлаа шүү, найдваргүй болчихсон байна ирж янзлаарай гэсэн. Тэгэхээр нь би өдөр 13 цагийн үед ажил дээрээ ирж үзэхэд 202 тоот өрөөний хоёр тийшээ дэлгэгддэг хаалганы жижиг дээшээ доошоо түжигддэг замган түгжээний дээд талын түгжээ нь хугарсан байдалтай доод талын түгжээ нь сулраад мултарчихсан байсан. Би ажлын өрөөнд ороод эд зүйлээ бүртгэхэд эхнэр нада цэргийн баярын бэлэг болгон өгсөн хар өнгийн элгэн гутал, мөн хар өнгийн савхин бээлий зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэжээ /хх-13-14/.  

              Гэрч Х.Аюурзана мэдүүлэхдээ: “...Би суман зэв ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан. Peace building барилга дээр 2018 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-ны хооронд би үүдэнд харуулын үүрэг гүйцэтгэсэн. 3 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг дөнгөж өнгөрч байх үед гаднаас халамцуу өндөр бор царайтай 40-50 насны хар өнгийн савхин хүрэмтэй цэнхэр яктай эрэгтэй хүн орж ирээд “би ариун цэврийн өрөө ороод бие засчхаад нүүр гараа угаая тэгэх үү” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд манай байрны 2 давхарт байрлах 00 өрөөг зааж өгөөд явуулсан...” гэжээ /хх-17/.

              Гэрч Г.Рагчаасүрэн мэдүүлэхдээ: “...Би хяналтын камераа шүүж үзэхэд өглөө эрт согтуу байрын хар өнгийн савхин хүрэмтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй бор царайтай ах 2 давхарт гараад 202 тоот өрөөнд ороод гарч байгаа харагдсан. Гарахдаа хувцасны дотуур энгэртэй ямар нэгэн юм хийгээд гарч байгаа юм шиг харагдсан. Тухайн үед царайг нь сайн тогтоож авсан авсан байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би ажлаас гараад явж байхад нөгөө 202 тоот өрөөнд ороод гарсан ахтай төстэй хүн зогсож байсан ба хувцас нь ижилхэн байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг ажил дээр авч ирээд харуулд харуулахад мөн байна гэсэн...” гэжээ /хх-18/.

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-11/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26/, эд зүйлийн үнэлгээ /хх-35/ зэргийг шинжлэн судлалаа.

              Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Peace building барилгад дуу бичлэгийн үйл ажиллагаа явуулдаг Б.Эрболдын 202 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, элгэн гутал, савхин бээлийг нууцаар хууль бусаар авч Б.Эрболдод 358.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэрч Х.Аюурзанын “...Би суман зэв ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан. Peace building барилга дээр 2018 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-ны хооронд би үүдэнд харуулын үүрэг гүйцэтгэсэн. 3 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг дөнгөж өнгөрч байх үед гаднаас халамцуу өндөр бор царайтай 40-50 насны хар өнгийн савхин хүрэмтэй цэнхэр яктай эрэгтэй хүн орж ирээд “би ариун цэврийн өрөө ороод бие засчхаад нүүр гараа угаая тэгэх үү” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд манай байрны 2 давхарт байрлах 00 өрөөг зааж өгөөд явуулсан...”/хх-17/, гэрч Г.Рагчаасүрэнгийн “...Би хяналтын камераа шүүж үзэхэд өглөө эрт согтуу байрын хар өнгийн савхин хүрэмтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй бор царайтай ах 2 давхарт гараад 202 тоот өрөөнд ороод гарч байгаа харагдсан. Гарахдаа хувцасны дотуур энгэртэй ямар нэгэн юм хийгээд гарч байгаа юм шиг харагдсан. Тухайн үед царайг нь сайн тогтоож авсан авсан байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би ажлаас гараад явж байхад нөгөө 202 тоот өрөөнд ороод гарсан ахтай төстэй хүн зогсож байсан ба хувцас нь ижилхэн байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг ажил дээр авч ирээд харуулд харуулахад мөн байна гэсэн...”/хх-18/ гэх мэдүүлэг, хохирогч Б.Эрболдын мэдүүлэг, Хяналтын камерын бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26/, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх-27-11/,  илтгэх хуудас/хх-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

              Иймд түүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Эрболд нь “...Хохирол барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ мөрдөн байцаалтын шатанд Д.Бд эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан, тухайн дуу бичлэгийн студи хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн, байнга үйл ажиллагаа явуулдаг байсан эсэх, мөн хэний эзэмшлийнх гэдгийг тогтоох шаардлагатай гэжээ. Гэвч Д.Б нь Peace building барилгын хамгаалалтын албаны ажилтнаас бие засах өрөөнд орох зөвшөөрөл авч, тухайн барилгад орсон боловч 202 тоот албан тасалгаанд түгжээг эвдэж, зөвшөөрөлгүйгээр орж, эд зүйлийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хууль бусаар авсан гэх хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна. Үүнээс гадна мөрдөн байцаалтын шатанд Д.Бд эрүү шүүлт тулгаж байцаалт, мэдүүлэг авсан гэх баримтгүй, энэ талаар зохих албан тушаалтанд гаргасан гомдол, хүсэлт хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх хүсэлтүүдийг хүлээн авах шаардлаггүй гэж үзэв.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Х овгийн Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН