Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/1106

 

 

 

 

    2024          10             01                                        2024/ДШМ/1106

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ууганзаяа,

яллагдагч Б.А,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/1931 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Ууганзаяагийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.А-д холбогдох эрүүгийн 2408018831075 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б.А, 1993 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, О тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, …. байрны тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 308 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил хорих ялаар шийтгүүлснээс ялтан Б.Агийн эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих ялаар шийтгүүлсэн ялтан Б.А-ийн эдлээгүй үлдсэн 03 жил 03 сар 26 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 702 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, /РД: …………../;

Яллагдагч Б.А нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт, тээврийн хэрэгслийн явах чиглэлээс болж маргаан үүсгэн, улмаар 34-… … улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хохирогч Л.Б-г зодож, эрүүл мэндэд баруун гуянд зулгаралт, хүзүү, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдсон болно. Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан асуудлыг бүрэн тогтоох шаардлагатай байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтаас харахад, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 240801883 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, улмаар Б.А-г “хохирогч Л.Б-г зодож, эрүүл мэндэд баруун гуянд зулгаралт, хүзүү, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж мэдүүлэг авсан. Харин иргэн Л.Б-г “Б.А-ийн жолоодож явсан Т.Л-ийн эзэмшлийн 18-… … улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэний улмаас бусдын эд хөрөнгийг устгаж 600,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж мэдүүлэг авсан. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 25 дугаартай “зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Л.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэтэл тус хэрэгт дараах хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн байх бөгөөд тухайлбал, гэрч Б.М “...2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед цонх онгорхой, би ажил дээрээ ажлаа хийгээд сууж байтал гадаа хүмүүс чанга дуугаар “чи ухар, би ухар” гээд хэрүүл хийгээд дуу нь чангараад байхаар нь би цонхоор харсан чинь манай урд замаас төв зам руу орох гэж байгаа бололтой цагаан өнгийн верна машин зогсчихсон, төв зам дээр урдаасаа хойшоо чиглэлд өмнө нь цагаан өнгийн приус 30 машин тулаад зогсчихсон, ард нь ногоон машин бас зогсчихсон түгжрэл үүсгээд хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би аяга кофе найруулчихаад эргээд харахад приусын жолооч нь газраас чулуу аваад нөгөө залуугийн араас шидсэн чинь машиныг нь оносон бололтой ногоон машины жолооч шууд уурлаад приусын жолооч болох цагаан малгайтай ах дээр очоод хоорондоо заамдалцаад барилцаж байснаа нөгөө ногоон машины жолооч залуу нөгөө ахыг түлхсэн чинь тэр ах бага зэрэг гуйваад босож ирээд тэр залуу руу дайраад эхэлсэн, тэгэхэд тэр хавийн хүмүүс салгасан”, гэрч Э.Г “...өндөр залуу нь цагаан малгайтай ахад “чи одоо холдоод өгчихөөч, яасан сүртэй юм бэ” гэсэн чинь “би дүрмээрээ явж байна, чи дуугүй бай гэсэн утгатай үг хэлээд өндөр залууг заамдах гээд ойртсон чинь гарыг нь түлхэж харагдсан. Тэгээд манай аав залгахаар нь утсаар ярьчихаад эргээд харахад өндөр залуу нь цагаан малгайтыг заамдаж авахаар нь гараараа түлхэхэд цагаан малгайтай ах ард нь байсан ногоон төмөр хашаанд тээглээд саваад унаснаа өндөр залууг цаашаа хараад явж байхад нь газраас чулуу аваад араас нь шидсэн чинь зам дээр байсан машиных нь арын хаалганы цонх хагарсан юм. Тэр үед өндөр залуу “энэ хаанахын п... вэ, ямар ч байсан манай эндэхийнх биш гээд уурлаад тэр цагаан малгайтыг бариад авсан чинь тэнд байсан хүмүүс салгасан”, гэрч Т.О “...нөгөө хар машины жолооч явж тааралдаад манай нөхрийг машинаа холдуулаач, хаачих гээд байгаа п... вэ гээд манай нөхөртэй зууралдаад авахаар нь би дундуур нь ороод салгахад нөгөө залуу цааш алхсанаа цонхны шил хагарсан байна шүү дээ п.. минь эргэж ирээд манай нөхөртэй зууралдаад авсан” гэж тус тус мэдүүлжээ. Мөн Б.А нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... би хажуугаар нь гарах үедээ “та жоохон ухраад наад өвчин зовлонтой үнэнээ хэлээд гуйгаад байгаа хүнээ явуулчихаач” гээд хэлчихсэн чинь тэр приус 30 машины жолооч “чамд хамаагүй цаашаа зайл гэхээр нь би “балай хар п... вэ” гэж хэлээд эргээд машин руугаа алхаж байгаад эргээд харсан чинь нөгөө приусын залуу газраас жижгэвтэр чулуу аваад над руу шидэхээр нь би бултсан чинь миний машины арын цонх руу оноод шил хагараад нөгөөх нь багажийн бариулын хажууд оноод бага зэрэг халцарчихсан юм” гэж мэдүүлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйл “Эд хөрөнгө устгах, гэмтээх” нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэсэн шинжээр үйлдэгдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Гэтэл прокурор нь яллагдагч Л.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо дээрх гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэж няцаагаагүй төдийгүй түүний үйлдлийг шалгахдаа зөвхөн “бусдын эд хөрөнгийг устгах” гэсэн шинжээр шалгаснаа тогтоолдоо дурдаж, яллагдагч Л.Б-ийн үйлдэлд “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэх санаа зорилго агуулаагүй” байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийг бүрэн дүүрэн шалгаж шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. Иймд яллагдагч Л.Б-д холбогдох хэргийг дахин нягталж шалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Дээрх асуудлуудыг тодруулах, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хамт буцаан хүргүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Ууганзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...захирамжид заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Прокуророос яллагдагч Б.Ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээр яллагдагч Б.А-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар зарлан хэлэлцүүлсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн хохирогч Л.Б-ийн бусдын эд хөрөнгөд халдсан үйлдлийг хэлэлцэж, дахин хэргийг шалгуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан заалтуудыг зөрчихөөс гадна, прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд тухайн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр сэргээн дүрсэлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагчийн гэм буруутай эсэхэд урьдчилсан байдлаар дүгнэлт хийж, прокуророос тогтоосон хэргийн үйл баримт, хүрээ хязгаарын дотор бус хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна. Тодруулбал шүүх яллагдагч Б.А-ийн шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авснаас хойш хуульд заасан үндэслэлээр л урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хуралдаанаар хуульд заасан хэлэлцэх асуудлуудыг л хэлэлцэж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Прокуророос Б.А-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ хэрэгт Л.Б-ийн бусдын эд хөрөнгөд халдсан үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалган, прокуророос хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, дотоод итгэлийг удирдлага болгон түүнийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 25 дугаартай прокурорын “зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор шийдвэр гаргасан бөгөөд хэргийн оролцогч нараас прокурорын шийдвэрт хэн аль нь гомдол гаргаагүй тул яллагдагч Б.А-ийн гэм бурууг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Дээрх нөхцөл байдалд хэргийн оролцогч нарын хэн нэгний эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй, хуульд заасан тухай шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн шийдвэрлэлтэнд сөргөөр нөлөөлөхгүй, цаашлаад эрүүгийн болон зөрчлийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийгдэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолтой байгаа. Ядаж байтал хүний машин унаж явсан. Тээврийн хэрэгслийг засуулаагүй байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Б.А-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Прокуророос Б.А-г тээврийн хэрэгслийн явах чиглэлээс болж маргаан үүсгэн, улмаар 34-… … улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б-г зодож эрүүл мэндэд баруун гуянд зулгаралт, хүзүү, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэж үзэхэд, Б.А, Л.Б нарын хооронд тээврийн хэрэгслийн явах чиглэлээс болж маргаан үүсэж, Б.А нь Л.Б-г зодсон, Л.Б нь Б.А-ийн унаж явсан тээврийн хэрэгслийн цонхыг хагалсан нөхцөл байдал гэрч Б.М, Э.Г Т.О, иргэний нэхэмжлэгч Т.Л нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Т үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудад тусгагджээ.

Тухайлбал, Б.А-ийн үйлдлийн улмаас Л.Б-ийн биед хөнгөн хохирол, Л.Б-ийн үйлдлийн улмаас Б.А-ийн унаж явсан, Т.Л-ийн тээврийн хэрэгсэлд 600.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад "бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тус тус хуульчилсан.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх ба Ү.Б-ийн хувьд бусад руу чулуу шидэж байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай шинжийг агуулах бөгөөд чулуу шидснээр бусдад гэмтэл учруулах, эд хөрөнгө гэмтээх зэрэг үр дагавар үүсэж болохыг эрх зүйн бүрэн чадамжтай хүний хувьд мэдэх учиртай.

Гэтэл 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Л.Б-ийн үйлдэлд “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэх санаа зорилго агуулаагүй” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн шаардлага хангахгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/1931 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.У-ийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Яллагдагч Б.А-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/1931 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.У-ийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ