Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2026/0520

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ө.... Ж... Э....” ХХК, /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Г,

Хариуцагч: Дотоодын цэргийн 805 дугаар анги,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* Н.Б*******,О.Д

Маргааны төрөл: газар эзэмших эрхтэй холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нарийн бичгийн дарга: Б.Хүслэн,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* Н.Б******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 

1.1. Нэхэмжлэгч  “Ө.. Ж... Э...” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Хашаа бариулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоолгож,хашаа барихад саад болох аливаа үйлдэл хийхгүй байхыг хариуцагчид даалгах” гэж тодруулсан байна.

1.2. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэв.

Хоёр. Хэргийн нөхцөл байдал:

2.1.“...Манай компани Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар арын 07-ны өдрийн дугаар захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Хар усан тохой /13221/ бүсчлэлд Гачууртын замын урд талд нэгж талбарын 13 дугаар бүхий 23010 м.кв газрыг Амины орон сууц барих зориулалтаар эзэмших эрхийг авсан,

2.2.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр  сарын 15-ны өдрийн ******* дугаартай захирамжаар дээрх газрыг 4 ба түүнээс доош давхар нийтийн орон суу барих зориулалтаар 15 жилийн хугацаатай олгож, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 00******* дугаартай,  гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн 202******* дугаартай даалгаврыг батлуулсан,

2.3.Ингээд дээрх газартаа хашаа барихаар очиход Дотоодын цэргийн 805 дугаар анги эсэргүүцэн хашааг бариулахгүй газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

2.4.Нийслэлийн Байгаль орчны газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1090 дугаартай Худаг гаргах зөвшөөрөл,  Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/00-158 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Загвар зураг буюу Ерөнхий төлөвлөгөөний зураг гэх мэт баримтуудыг  цуглуулснаас гадна жил бүр газрын төлбөрийг цаг тухайд нь төлж, гэрээний хэрэгжилтийг дүгнүүлж ирсэн,

2.5.Гэтэл 2025 оны 5 дугаар сард эзэмшил газар дээрээ хагаа барих гэсэн боловч Дотоодын цэргийн 805 дугаар ангийн цэргүүд ирж газар дээр хашаа барьж байсныг албадан зогсоож, газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруулсан” гэжээ.

2.6.Нэхэмжлэгчээс “…нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөл шаардлагагүй хашаагаа барь гэсэн байхад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг хашаа барих эрхтэй, эрхгүй гэдгийг тогтоох чиг үүрэгтэй байгууллага биш бөгөөд яг ямар хэмжээтэй газар, объектыг хариуцан хамгаалдаг болох нь мэдэгдэхгүй байна...”гэх зэргээр маргаж байна.

2.7.Хариуцагчаас “…Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хувьд ямар ч тохи************** хууль тогтоомжийг зөрчиж барилга бариулах, худаг гаргуулах зэрэг усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн зааг, дэглэм тогтоох эрх хуулиар олгогдоогүй...”гэх зэргээр тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэгч компанид 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын ******* дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх олгогдсон. 2025 оны 05 дугаар сараас эхлэн тус газарт хашаа барих гэсэн боловч хариуцагч тал бариулаагүй. Манайх хариуцагч талд танай байгууллага хашаа барих эсэхийг шийддэг байгууллага биш гэж хэлэхэд 2025 оны 06 дугаар сард бидэнд танай газар хязгаарлалтын бүстэй давхцалтай гэх агуулгатай хариу өгсөн. Гэтэл манайх тус газарт үйл ажиллагаа явуулж барилга барихгүй бол 2 жил болоод газар эзэмших эрх цуцлагдах эрсдэл үүсээд байсан. Иймд манайх Дотоодын цэргийн 805-р ангийн эрх бүхий албан тушаалтнуудад хандаад хариу авсныхаа дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Ус сувгийн удирдах газарт тус тус хандсан. Гэхдээ хандаагүй газар байхгүй. Холбогдох газруудад бүгдэд нь хандсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас манайд гэрээний дагуу хашаагаа барьж, үйл ажиллагаагаа явуулах эрхтэй гэх хариу өгсөн. Тус хариуг хариуцагч талд өгөөд хашаагаа баръя гэсэн боловч бариулаагүй.

Нэхэмжлэгч компани өөрсдийн эзэмших, ашиглах эрхтэй газартаа үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байна. Сая хариуцагч тал тэжээгдлийн мужтай давхцалтай гэдэг байдлаар тайлбарлалаа. Гэхдээ маргаан бүхий газар бүхэлдээ тэжээгдлийн мужтай давхцалтай. Тэгэхээр  тэжээгдлийн мужтай давхцалтай бүх газрыг хамгаалах хэрэгтэй гэж бодож байна. Мөн Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д Улсын онц чухал объектыг заасан. Тэгэхээр Дотоодын цэргийн хамгаалах ёстой зүйл нь барилга байгууламж гэж үзэж байна. Гэхдээ тус барилга байгууламжийн хэмжээг яаж тодорхойлсон гэдэг нь тодорхойгүй. Түүнчлэн хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ямар эрх, үүргийг хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал өөрсдийн хэрэгжүүлэх ёсгүй үүргийг хэрэгжүүлж манай хууль ёсны дагуу эзэмшсэн газар хашаа, барилга барих эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Тус газарт хашаа барих асуудлыг хариуцагч тал шийдвэрлэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны ******* дүгээр тогтоолоор Дотоодын цэргийн 805-р ангид Улаанбаатар хотын ус хангамжийн бүс, барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах үүргийг заасан. Үүний дагуу манайх тус газрыг 2003 оноос хойш хамгаалж байна. Мөн манайх Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тухайн эрүүл ахуйн хориглолтын бүсийг тэмдэгжүүлэх үүрэг хүлээсэн. Тус газарт 2009 онд хашаа барьсан байсан. Үүнээс хойш манайх тус хашааг харж хамгаалж байгаа. Мөн тус хашаа манай байгууллагын өмч биш. Ус сувгийн удирдах газрын өмч. Түүнчлэн тус газарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын тушаалаар эрүүл ахуйн ахуйн бүс тогтоосон. Тухайлбал, 2015 оны ******* болон ******* дугаар тушаалаар усан сан бүхий усны газрын онцгой болон эрүү хамгаалалтын бүсийн мөрдөх журмыг тогтоосон. Энэ бүсийн 60 хувьд нь нэхэмжлэгч компанийн газар хамаарч байгаа учраас хашаа, орон сууц барихыг хориглосон. Мөн тус газарт хашаа барих боломжгүй талаар холбогдох байгууллагуудаас тодруулга авсан албан бичгүүд хавтаст хэрэгт авагдсан.

Тус газрын 60 хувь нь эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй давхцалтай байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч компани Нийслэлийн засаг даргын захирамжаар тус газрын 60 хувийг хасуулаад 40 хувьд нь дахин гэрчилгээ авбал манай зүгээс хашаа, барилга байгууламж барих асуудалтай холбоотой татгалзах зүйл байхгүй.

Манайх хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүх Нийслэлийн Засаг даргад тэмдэгжүүлэлт хийхийг даалгаж өгөөсэй гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбараас тогтоогдож буй үйл баримтуудад дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Ө... Ж... Э...” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай захирамжаар олгосон газрын баталгаажуулахаар нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот захирамжийг үндэслэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Хар усан тохой” /13221/ бүсчлэлд Гачууртын замын урд талд нэгж талбарын 13 дугаар бүхий 23010 м.кв газрын 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц барих зориулалтаар 15 жилийн хугацаатай олгож, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 00******* дугаартай,  гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн 202******* дугаартай даалгаврыг батлуулсан үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй харин өөрийн эзэмшлийн газартаа хашаа барихаар очиход Дотоодын цэргийн 805 дугаар анги хашаа бариулахгүй байгаа үйлдэлтэй холбогдуулан,

2.Нэхэмжлэгч “Ө... Ж... Э...” ХХК-аас “...газраа зориулалтын дагуу ашиглахаар хашаа барих гэсэн боловч хариуцагчийн зүгээс эсэргүүцэн хашаа бариулахгүй байгаа нь газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна...”, хариуцагчаас “...Дотоодын цэргийн 805 дугаар анги хуулийн дагуу  улсын онц чухал объектыг хамгаалах үүргийн дагуу Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг хамгаалдаг учраас ямар ч тохи************** хууль тогтоомжийг зөрчиж барилга байгууламж хашаа бариулах эрх зүйн үндэслэлгүй...” гэх зэргээр тайлбарлан маргажээ.

3.Дотоодын цэргийн 805 дугаар ангиас 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 4/532 дугаартай “...  танай эзэмшлийн газар нь эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа талаарх...” мэдэгдлийг,  Туул голын сав газрын захиргааны 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01/284 дугаартай  “...танай газар Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагтай бүтэн давхцалтай...” гэх лавлагааг нэхэмжлэгч “Ө... Ж.... Э....” ХХК-д хүргүүлсэн байна.

            4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тэмдэглэлээр нэхэмжлэгч компанийн газрын эрх баталгаажуулах  хүсэлтийг зөвшөөрсөн байх бөгөөд дүүргийн Засаг даргын захирамжаар уг газрын зориулалт “амины орон сууц”-ны зориулалттай байсан бол нийслэлийн Засаг даргын захирамжаар “4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц”-ны зориулалттайгаар өөрчлөгджээ.

            5.Мөн  Усны газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/332 дугаартай албан бичигт “...тус талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол болон нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай   хурлын 2024 оны 69 дүгээр тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалгүй, харин  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны А-02/01 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан Улаанбаатар хотын ус хангамжийн төвийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужтай бүтэн давхцалтай байна” гэжээ.

6.Дотоодын цэргийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31 -т “Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн”, 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “”улсын онц чухал обьект” гэж Монгол Улсын Засгийн газраас /цаашид "Засгийн газар" гэх/ тогтоосон онцгой ач холбогдол бүхий байгууллага, үйлдвэр, барилга байгууламжийг”, 4.1.4-д “обьектын хамгаалалт” гэж обьектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалж байгаа обьектод нэвтрэх хүн, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, хамгаалалтын бүсэд тогтоосон дэглэм, журмыг сахиулах цогц үйл ажиллагааг”  хэлэхээр заасан байх бөгөөд  мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “улсын онц чухал обьектыг хамгаалах” үндсэн чиг үүрэгтэй, 12 дугар зүйлийн 12.2-д “Хамгаалж байгаа обьектын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, зөрчил илэрсэн үед обьектын захиргаа, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага болон бусад анги, салбартай мэдээлэл солилцох, тэдгээрийн хүч хэрэгслийг ашиглах, обьектын онцлогт тохирсон шалган нэвтрүүлэх журмыг анги, салбарын захирагч холбогдох байгууллагатай зөвшилцөн тогтоох”-оор заажээ.

            7.Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах”, 12 дугаар зүйлийн 12.1.4-д “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах”, 13 дугаар зүйлийн 13.1.6-д “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх” гэж зааснаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хамгаалалтын бүсийг Дотоодын цэргийн 805 дугаар анги  нь “онц чухал обьект”-ыг хамгаалах тусгайлсан чиг үүргийн хүрээнд хамгаалалтын цогц үйл ажиллагаа явуулахаар байна.

8.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3 дугаар зүйлийн 3.8.4-д “ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн эргэн тойрныг хашиж хамгаалан байнгын харуул хамгаалалттай байлгах бөгөөд худаг, усан сангийн таг, сахивчийг битүүмжлэн хялбар нээх эвдэх боломжгүй болгоно”, 3.9.11-д “ орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга  байгууламж барьж ашиглах”, 3.9.12-д “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох”-ыг хориглосон байна.

9.Иймд дээрх үндэслэлүүдээр Дотоодын цэргийн 805 дугаар ангийн нэхэмжлэгч “Ө... Ж... Э...” ХХК-ийг  эзэмшил газар дээрээ хашаа бариулахгүй  байгаа үйлдэл нь хууль бус гэж үзэхээргүй хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд явуулсан үйл ажиллагаа байх тул нэхэмжлэгчийг хашаа барихад саад болох аливаа үйлдэл хийхгүй байхыг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дотоод цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугар зүйлийн 12.2,  Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.4  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ө... Ж... Э...” ХХК-аас Дотоодын цэргийн 805 дугаар ангид холбогдуулан гаргасан “Хашаа бариулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хашаа барихад саад болох аливаа үйлдэл хийхгүй байхыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ