Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 470

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч О.Нямдулам, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт Оюунцэцэгийн Нямдуламд холбогдох эрүүгийн “1811014500468” дугаартай, 186/2018/0432/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхөрийн хамт Баянгол дүүрэг 22 дугаар хороо, Зүүн наран 12 дугаар гудамжны 151 тоотод оршин суух бүртгэлтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан. Боржигон овогт Оюунцэцэгийн Нямдулам /РД:ХЙ84041968/,

 

Холбогдсон хэргийн талаар;

            О.Нямдулам нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс малл худалдааны төвийн 3 давхарын 3 тоот лангууны худалдагч  Г.Жавхланбаярын хувцасны халааснаас хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар Ай   фоне-8 плас маркийн гар утсыг хулгайлан авч 1.100.000  төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч О.Нямдулам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв өгсөн гэв.

 

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Жавхланбаярын:...миний бие Реасе MaII худалдааны төвийн 3 давхарын 306  тоот хүүхдийн хувцасны лангууг 2018 оны 10 дугаар сараас хойш түрээсэлж байгаа бөгөөд  өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг өнгөрч байхад гаднаас эхнэр, нөхөр болон нэг настай эмэгтэй мөн бага насны эрэгтэй хүүхэд дагуулан ирсэн. Орж ирээд хүүхэддээ гутал үзсэн бөгөөд манай лангуун дээр уг хүүхдэд нь таарах размертай гутал ил байгаагүй. Тэгээд би уг хүүхдэд нь таарах 30 размерийн гутал лангуун доороосоо хайгаад тонгойгоод 1 минут орчим болсон бөгөөд босч ирээд нөгөө хүмүүстээ гутлаа зараад явуулсан. Тэгээд тухайн хүмүүс яваад 2 минут орчмын дараа нь гар утсаа ашиглах шаардлага гараад гар утсаа өмсөж байсан хүрэмнийхээ зүүн талын халаасанд үзэхэд байхгүй болсон байсан. Ингээд тухайн үедээ манай лангуугаар үйлчлүүлж байсан эмэгтэй хүний утсаар гар утасруугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь лангуун дотор байдаг хяналтын камераа шүүж үзэхэд намайг тонгойгоод 30 размерийн гутал хайж байх хооронд гаднааас үл таних эмэгтэй хүн орж ирээд миний хүрэмний зүүн талын халааснаас миний гар утсыг аваад гарсан байсан гэх мэдүүлэг. /хх 18-19/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Энхдалайгийн:....би өөрөө Баялах атлас гэдэг барилгын пассат хийдэг компанид барилгын гадна талын пассатчин ажил хийдэг. 2018 оны 04 дүгээр сард ажлаа тараад өөрийнхөө Приус 20 маркийн  69-05 УНБ улсын дугаартай машинтай явж байгаад гараа өргөхөөр нь авахад нэг эмэгтэй хүн байсан бөгөөд сая нэрийг нь мэдэж авлаа Нямдулам байсан юм. Нямдуламыг Баянбүрд дээр хүргэж өгчөөд гэрлүүгээ явсан бөгөөд тухайн үед бид хоёр танилцаад салсан. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр худалдааны төв орж хүүхдүүддээ юм авчаад гэрлүүгээ алхаж явахдаа “Хийт 1” гээд барааны дэлгүүрийн үүдэнд Нямдуламтай тааралдсан. Нямдулам намайг таниад сайн уу юу байна энэ гар утсыг газраас олсон юм гэхээр нь ямар гар утас вэ гэхэд Айфоне 7 маркийн  гар утсаа гэж хэлсэн бөгөөд  би, эгчдээ аваад өгчихдөг юм уу гэхэд 130.000 төгрөгөөр ав гэж хэлэхээр нь өөрт бэлэн байсан 130.000 төгрөгийг гаргаж ирж тоолж өгөөд шууд утсаа аваад гэрлүүгээ явсан. Нямдуламаас авахад хайрцаг сав нь байхгүй байсан бөгөөд газраас олсон юм аа л гэж хэлж байсан. Би орой Нямдуламаас авсан утсаа үзүүлээд дэлгэц нь таарах нь уу гэж асуухад миний гар утас биш байна таарахгүй юм байна гэж хэлсэн. Ингээд би тэр гар утсыг өөртөө байлгаж байхад өглөө нь Нямдуламын нөхөр нь гээд нэг хүн залгаснаа өчигдрийн  Айфоне 7 гэсэн гар утас нь айфоне 8 маркийн гар утас байсан юм байна манай эхнэрийг цагдаа нар хүрч ирээд аваад явчихлаа тэр утсаа авъя гэхээр нь хүнсний 1 дүгээр дэлгүүрийн урд ирж уулзаад гар утсыг буцаагаад аваад явсан гэх мэдүүлэг. /хх-22/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, фото зураг /7-8/, шинжээчийн дүгнэлт /хх-31/, эд зүйлийн үнэлгээ /хх-46/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/,  зэрэг нотлох баримтууыг шинжлэн судлуулав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч О.Нямдулам нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс малл худалдааны төвийн 3 давхарын 3 тоот лангууны худалдагч Г.Жавхланбаярын хувцасны халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “Айфоне-8” плас маркийн гар утсыг хулгайлан авч 1.100.000  төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Жавхланбаярын:...миний бие Реасе MaII худалдааны төвийн 3 давхарын 306  тоот хүүхдийн хувцасны лангууг 2018 оны 10 дугаар сараас хойш түрээсэлж байгаа бөгөөд  өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг өнгөрч байхад гаднаас эхнэр, нөхөр болон нэг настай эмэгтэй мөн бага насны эрэгтэй хүүхэд дагуулан ирсэн. Орж ирээд хүүхэддээ гутал үзсэн бөгөөд манай лангуун дээр уг хүүхдэд нь таарах размертай гутал ил байгаагүй. Тэгээд би уг хүүхдэд нь таарах 30 размерийн гутал лангуун доороосоо хайгаад тонгойгоод 1 минут орчим болсон бөгөөд босч ирээд нөгөө хүмүүстээ гутлаа зараад явуулсан. Тэгээд тухайн хүмүүс яваад 2 минут орчмын дараа нь гар утсаа ашиглах шаардлага гараад гар утсаа өмсөж байсан хүрэмнийхээ зүүн талын халаасанд үзэхэд байхгүй болсон байсан. Ингээд тухайн үедээ манай лангуугаар үйлчлүүлж байсан эмэгтэй хүний утсаар гар утасруугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь лангуун дотор байдаг хяналтын камераа шүүж үзэхэд намайг тонгойгоод 30 размерийн гутал хайж байх хооронд гаднааас үл таних эмэгтэй хүн орж ирээд миний хүрэмний зүүн талын халааснаас миний гар утсыг аваад гарсан байсан гэх мэдүүлэг, гэрч П.Энхдалайгийн:....2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр худалдааны төв орж хүүхдүүддээ юм авчаад гэрлүүгээ алхаж явахдаа “Хийт 1” гээд барааны дэлгүүрийн үүдэнд Нямдуламтай тааралдсан. Нямдулам намайг таниад сайн уу юу байна энэ гар утсыг газраас олсон юм гэхээр нь ямар гар утас вэ гэхэд Айфоне 7 маркийн  гар утсаа гэж хэлсэн бөгөөд  би, эгчдээ аваад өгчихдөг юм уу гэхэд 130.000 төгрөгөөр ав гэж хэлэхээр нь өөрт бэлэн байсан 130.000 төгрөгийг гаргаж ирж тоолж өгөөд шууд утсаа аваад гэрлүүгээ явсан. Нямдуламаас авахад хайрцаг сав нь байхгүй байсан бөгөөд газраас олсон юм аа л гэж хэлж байсан. Би орой Нямдуламаас авсан утсаа үзүүлээд дэлгэц нь таарах нь уу гэж асуухад миний гар утас биш байна таарахгүй юм байна гэж хэлсэн. Ингээд би тэр гар утсыг өөртөө байлгаж байхад өглөө нь Нямдуламын нөхөр нь гээд нэг хүн залгаснаа өчигдрийн  Айфоне 7 гэсэн гар утас нь айфоне 8 маркийн гар утас байсан юм байна манай эхнэрийг цагдаа нар хүрч ирээд аваад явчихлаа тэр утсаа авъя гэхээр нь хүнсний 1 дүгээр дэлгүүрийн урд ирж уулзаад гар утсыг буцаагаад аваад явсан гэх мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Нямдуламыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Жавхланбаяр нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны  явцад мэдүүлсэн байх тул  шүүгдэгчийг  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй  гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 33 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч Г.Жавхланбаяр нь алдсан эд зүйлээ биетээр авсан тул хохирол нэхэмжлээгүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Нямдуламыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Жаргалсайханыг 500 цаг /таван зуун цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.Нямдуламд оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагаар тооцож  хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар О.Нямдулам  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.Нямдуламын цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоног буюу 264 /хоёр зуун жаран дөрөв/ цагийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч О.Нямдуламын биечлэн эдлэх ялыг 236 /хоёр зуун гучин зургаан/ цагаар  тооцсугай.

 

6. Шүүгдэгч О.Нямдуламын хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Г.Жавхланбаяр нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нямдуламд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнд  хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ