Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00625

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.М ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 000 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.М ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Т , Э.Н нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Э.Т ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Э.Т ын өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: Э.Т , Э.Н нар нь нэхэмжлэгч Ц.М ээс 2014 оны 01 сараас 2014 оны 06 сарыг хүртэлх хугацаанд нийт 49,500,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд уг зээлийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 36,000,000 төгрөг, алданги 18,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М т олгож өгнө үү.

 

  1. Хариуцагч Э.Т ын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ц.М , хариуцагч Э.Т , Э.Н нарын хооронд 2015 оноос хойш 49,500,000 төгрөгтэй холбоотой маргаан цагдаагийн байгууллагаар шалгагдсан. 2017 оны 02 сарын 13-ны өдөр тооцоо нийлж, 36,000,000 төгрөгийг Э.Н , Э.Т нар хамтран төлөхөөр тохиролцож “Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр барагдуулах зээлийн гэрээ” нэртэй хэлцэл байгуулсан. Уг хэлцлийн дагуу 36,000,000 төгрөгийг Э.Н тэй хуваан төлөхөд татгалзах зүйлгүй.

 

  1. Хариуцагч Э.Н ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ц.М нь Э.Н ийг Э.Т д мөнгө өгсөн гэх шалтгаанаар гүтгэж, цагдаагийн байгууллагад шалгуулсан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар өнөөдрийг хүртэл мэдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М ийн хариуцагч Э.Т , Э.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.Т аас 36,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Н д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 473,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М т олгож шийдвэрлэсэн.

 

  1. Хариуцагч Э.Т ын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...харин хариуцагч Э.Н хариуцагч Э.Т ын өмнөөс нэхэмжлэгчид мөнгө төлөх тухай тохиролцоо нь бусдад буюу түүнд үүрэг ногдох үндэслэл болохгүй гэж үзэж, Э.Н д холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэж дүгнэсэн.

Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн 2017 оны 02 сарын 13-ны өдөр 420 тоот “Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр барагдуулах зээлийн гэрээ” нэртэй хэлцэл байгуулсан.

Хариуцагч Э.Н нь эрх зүйн үр дагаврыг ухамсарлаж, дээрх төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн ба Иргэний хуулийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 36,000,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хариуцагч Э.Н д үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

б. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...харин хариуцагч Э.Н ийн тухайд нэхэмжлэгч Ц.М ээс гэрээний үндсэн дээр 2017 оны 02 сарын 13-ны өдөр 36,000,000 төгрөг авсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, өмнө нь ч зээлийн гэрээний харилцаатай байсан нь нотлогдоогүй тул Э.Н , Ц.М нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон гэрээ гэгчид хариуцагч Э.Н гарын үсэг зурсан боловч 36,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал өгсөн үйл баримтаа нотлоогүй тул 36,000,000 төгрөгийн тал хувийг болон алдангийн хамт буцаан шаардах эрх үүсэх боломжгүй юм...” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч Ц.М нь 2015 оны 02 сарын 15-ны өдрийн 420 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу төлбөр нэхэмжлээгүй, Э.Н д дансаар болон бэлнээр өгсөн мөнгө, эд зүйлээ буцаан шаардаагүй. Харин 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 420 тоот “Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр барагдуулах зээлийн гэрээ” нэртэй төлбөр барагдуулах хэлцлийг үндэслэж төлбөр нэхэмжилсэн. Энэ агуулгаараа Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Э.Н нь 36,000,000 төгрөгийн тал хувь болох 18,000,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Э.Т аас гаргуулахаар шийдвэрлэсэн 36,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг хасч, хасч тооцсон 18,000,000 төгрөгийг хариуцагч Э.Н ээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

  1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  1. Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Э.Т , Э.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 36,000,000 төгрөг, алданги 18,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...хариуцагч нарт 49,500,000 төгрөг анх зээлдүүлсэн, улмаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч хариуцагч нар төлбөрөө барагдуулаагүй...” гэж тайлбарлажээ. /хх 1, 33, 88/

          Хариуцагч Э.Т нь дээрх шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгчтэй тооцоо нийлж, гэрээ байгуулан 36,000,000 төгрөгийг Э.Н тэй хамтран төлөхөөр тохиролцсон учир үндсэн зээлээс 18,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, гэрээнд тусгагдсан алдангийн зохицуулалт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй учир алдангийг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлажээ. /хх 89/

          Хариуцагч Э.Н нь “...нэхэмжлэгч надад мөнгө өгсөн гэдгээр намайг гүтгэж эрүүгийн журмаар шалгуулж байгаа, хэрэгсэхгүй болсныг нь мэдээгүй, Ц.М ээс Э.Н д хэзээ, хэдэн төгрөг, яаж өгсөн талаар нотлох баримтгүй, 420 дугаартай ямар зээлийн гэрээ байгаа нь тодорхойгүй, 36,000,000 төгрөгийг зээлдэгч нарт өгөөгүй байж гэрээнд гарын үсэг зурсан шалтгаанаас хариуцагчаар татаж, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй...” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 24, 127-арын нүүр-128/  

 

  1. Хэрэгт авагдсан Хаан банкны “Орлогын мэдүүлэг” /хх 4/, Голомт банкны “Орлогын мэдүүлэг” /хх 5/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 326 дугаар болон 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 000 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /хх 8-9, 10-13/, талуудын байгуулсан 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 000 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр барагдуулах зээлийн гэрээ” /хх 15/, “И ж а” ХХК-ийн “Хараат бус баталгаажуулах тайлан” /хх 58-60/, гэрч Б.Ц ы өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 112-113/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлбэл:

а. Нэхэмжлэгч Ц.М ээс 2014 оны 01 сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2014 оны 02 сарын 26-ны өдөр 6,400,000 төгрөг, 2014 оны 05 сарын 22-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 46,400,000 төгрөгийг хариуцагч Э.Т ын эзэмшдэг Хаан банкны 00000000 тоот данс руу шилжүүлсэн;

б. “Л Г ” гэх компанийн захирал Э.Н , “Л” гэх рестораны захирал Э.Т нар Ц.М ээс 2014 оны 01 сараас 2014 оны 06 сар хүртэлх хугацаанд 49,500,000 төгрөгийг зээлж авсан ба Э.Н хүүнд нь 13,500,000 төгрөг төлсөн болохыг прокурорын байгууллагаас тогтоож, залилах гэмт хэргийн шинжгүй, харин Иргэний хуулиар шийдвэрлүүлэх маргаан байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан;

в. Ц.М , Э.Н , Э.Т нар 2017 оны 02 сарын 13-ны өдөр тооцоо нийлж, 2017 оны 02 сарын 30-ны өдрөөс 2018 оны 02 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 36,000,000 төгрөгийг Э.Т , Э.Н нар Ц.М т төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцож, талуудын гарын үсгээр баталгаажуулсан үйл баримт тус тус тогтоогдсон.

 

  1. Дээр дурдсанаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хожим тооцоо нийлж, “420 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр барагдуулах зээлийн гэрээ”-г байгуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэлд хамаарч байна.

          Анхан шатны шүүх өмнө дурдсан 000тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр барагдуулах зээлийн гэрээ”-ний талаар дүгнэхдээ “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэн, гарын үсэг зурсан учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй” гэж зөв тодорхойлсон атлаа гэрээний нэг тал болох Э.Т д үүргийг бүхэлд нь хариуцуулж, Э.Н ийг үүргээс чөлөөлсөн нь ойлгомжгүй, үндэслэл муутай болжээ.

          Иймд хариуцагч Э.Т , Э.Н нар нэхэмжлэгч Ц.М ийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид болох ба мөн зүйлийн 242.11 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 36,000,000 төгрөгийг хариуцагч Э.Т , Э.Н нарт тэнцүү хэмжээгээр хариуцуулах нь зүйтэй. Энэ талаарх хариуцагч Э.Т ын өмгөөлөгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

  1. Харин алданги 18,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, “420 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр барагдуулах зээлийн гэрээ”-нд тусгагдсан алданги тооцох зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан “хоног тутам алданги тооцох” агуулгатай нийцэхгүй байх тул шүүхээс холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Э.Т ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 184/ШШ2022/00415 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Т аас 18,000,000 төгрөг, хариуцагч Э.Н ээс 18,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 473,018 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т аас 168,975 төгрөг, хариуцагч Э.Н ээс 168,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.М т буцаан олгосугай” гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Э.Т ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Т аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ                    

 

 

       ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

 

                                                                                     Д.НЯМБАЗАР