Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 321/ШШ2025/00150

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 321/ШШ2025/00150

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махамата ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс плаза, ******* тоотод байрлах,******* ББСБ ХХК

Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багт оршин суух, Шарайд овогт*******ын*******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 5,651,737.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:*******

Хариуцагч:******* /цахимаар/

Хариуцагчийн өмгөөлөгч:Б.Төгсбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч******* нь манай байгууллагатай 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №МА-259650 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээг байгуулж, цахим зээл авах эрхтэй болсон. Ингээд 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 93001-37789 дугаартай цахим зээлийн гэрээгээр 750,000 төгрөгийг сарын 3,45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн төлбөрт 347,909 төгрөг, хүү 140,949 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,986 төгрөг нийт 509,846 төгрөгийг

2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 93001-37950 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, 4,250,000 төгрөгийг 3,45 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн төлбөрт 3,490,438 төгрөг, зээлийн хүү 1,540,057 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,393 төгрөг нийт 5,114,891 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь уг 2 зээлийг цахимаар авсан бөгөөд өөрөө зээлийг аваагүй, түүний эхнэр утсаар нь орж авсан гэх боловч Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 2.8.5-д Харилцагч нь PayOn аппликейшнийг ашиглах хугацаандаа хувийн мэдээлэл болон PayOn аппликейшнруу нэвтрэх нэр, нууц үг, нууц кодын аюулгүй байдлыг хангах, гуравдагч этгээдэд алдахаас урьдчилан сэргийлэх, хадгалах зөвхөн өөрөө ашиглах үүрэгтэй гэдгийг зохицуулсан, уг гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан атлаа одоо би зээлийг аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Тэгээд ч уг хариуцагч зээлийг аваад эргэн төлөх үүргээ биелүүлээд зээл төлж байгаа гэдгээ мэдсэн. Иймд хариуцагч*******аас талуудын хооронд байгуулсан МА-259650 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-37950 дугаартай гэрээ болон 93001-37789 дугаартай гэрээний үүрэгт нийт үндсэн зээлийн төлбөр 3,838,348 төгрөг, хүү 1,681,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,380 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 5,651,737.15 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулж өгнө үү.. гэв.

2.Хариуцагч******* шүүхэд хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .Би энэ зээлийг аваагүй, манай эхнэр Зандангарав цахимаар авсан байсан. Бид гэр бүлийн харилцаатай байж байгаад салсан. Би 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 750,000 төгрөгийг тус банк бус санхүүгийн байгууллага дээр очиж гарын үсэг зурж авсан нь үнэн, харин 4,250,000 төгрөгийг аваагүй, манай салсан эхнэр миний нууц үгийг ашиглан надаас нууцаар зээл авсан юм байна лээ. Иймд би зээлийг төлөх үндэслэлгүй.. гэв.  

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж ирүүлсэн байна. Үүнд:

3.1 Итгэмжлэл (хх-ийн 07-08 хуудас)

3.2 Хариуцагч*******тай 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №МА-259650 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ (хх-ийн 11-17 хуудас)

3.3 Зохигчийн хооронд байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 93001-37950 дугаартай зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (18-24 хуудас)

3.4 Зохигчийн хооронд байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 93001-37789 дугаартай зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (25-30 хуудас)

3.5 Нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн болон хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, бусад баримтууд (хх-ийн 32-38 хуудас)

4. Хариуцагч талаас*******ын нэр дээрх 5937048432 дугаартай дансны хуулга зэрэг баримтууд авагдсан байна.

  Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  1.Нэхэмжлэгч******* ББСБ ХХК-иас хариуцагч*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 3,838,348 төгрөг, хүү 1,681,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,380 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 5,651,737.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлэ: .. хариуцагч******* нь 2 удаагийн цахим зээлийн гэрээгээр 750,000 төгрөг болон 4,250,000 төгрөг авсан, цахим зээлийн гэрээгээр зээл авах эрх, буцаан төлөх үүрэг зөвхөн хариуцагчид байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 5,651,737.15 төгрөгийг гаргуулна .. гэж,

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ цахимаар 750,000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, 4,250,000 төгрөгийг миний салсан эхнэр Зандангарав миний цахим эрхээр орж авсан тул би нэхэмжлэлийн шаардлагаас №93001-37789 дугаартай гэрээний үүрэгт нийт 509,846 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх №93001-37950 гэрээний үүрэгт 5,114,891.15 төгрөгийг төлөхгүй Г.Зандангарав төлөх ёстой хэмээн маргаж байна.

3. Хариуцагч******* нь нэхэмжлэгч******* ББСБ ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №МА-259650 дугаартай Үйлчилгээ үзүүлэх Ерөнхий гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч байгууллагад харилцагчаар бүртгүүлж, цахим зээл авах эрх үүссэн байна.

Дээрх Үйлчилгээ үзүүлэх Ерөнхий гэрээний үндсэн дээр 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №93001-37789 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулж, 750,000, төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,45 хүүтэйгээр харилцагч буюу хариуцагч*******ын нэр дээрх 5937048432 дугаартай дансанд шилжүүлэн өгөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан,

Мөн 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №93001-37950 дугаартай Цахим зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж, 4,250,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар 3,45 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь баримтаар нотлогдож байна.

3.Зохигчийн хооронд үүссэн үүргийн харилцаа нь үндсэн шинж, зээл олгогчийн эрх зүйн байдал зэргээс хамааран Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан гэрээний харилцаанд хамаарч байна.

4.Зохигчийн хооронд байгуулагдсан цахим зээлийн гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх бөгөөд Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээгээр Цахим зээл авах эрхийг үүсгэж, уг гэрээний дагуу 2023 оны 6 дугаар сарын 14, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд цахим зээлийн гэрээ байгуулж, 750,000 төгрөг болон 4,250,000 төгрөгийг зээлж авсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх 2 төрлийн цахим зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч******* ББСБ ХХК-иас хариуцагч*******ын нэр дээрх 5037048432 тоот дансанд 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 750,000 төгрөгийг, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 4,250,000 төгрөгийг цахимаар олгож шилжүүлсэн (хх-ийн 38 хуудас) болох шүүх хуралдааны өмнө өгсөн шилжүүлэгийн баримт, хариуцагч*******ын дансны хуулга зэргээр нотлогдож байна.

5.Хариуцагч******* 4,250,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн тайлбар гаргах боловч Үйлчилгээ үзүүлэх Ерөнхий гэрээний 2.8.5-д Харилцагч нь PayOn аппликейшнийг ашиглах хугацаандаа хувийн мэдээлэл болон PayOn аппликейшнруу нэвтрэх нэр, нууц үг, нууц кодын аюулгүй байдлыг хангах, гуравдагч этгээдэд алдахаас урьдчилан сэргийлэх, хадгалах зөвхөн өөрөө ашиглах үүрэгтэй хэмээн зохицуулсантай танилцаж гарын үсэг зурсан, иргэний эрх үүрэг үүсгэх чадвар чадамжтай этгээд нь өөрийн цахим зээл авах эрх үүсгэх, аливаа эрсдлээс сэргийлэх нөхцөл байдлыг ухамсарласан, цахим зээлийн гэрээнээс үүсэх үр дагаварыг ойлгосон байх учиртай.

Хариуцагч талаас өөрийн эзэмшлийн 5037048432 тоот дансны хуулгыг гаргаж ирүүлсэн бөгөөд дансны хуулгаас үзвэл түүний эзэмшлийн дансанд 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 23 минутад PayOn зээл олгов гэсэн утга бүхий 4,250,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн буюу 4,250,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаас шилжүүлэн өгсөн гэдэг нь нотлогдох ба уг орлого тухайн өдрөө 005001068721 тоот дансанд 2,250,000 төгрөг 2,000,000 төгрөгөөр зарлагын гүйлгээ хийсэн нь хариуцагчийг уг зээлийг аваагүй гэх үндэслэл биш юм.

Өөрөөр хэлбэл тухайн хариуцагчийн нэр дээрх 5037048432 тоот дансны аюулгүй байдал, түүний орлого зарлагын гүйлгээг хянах үүрэг нь хариуцагч*******т хадгалагдах бөгөөд тус данснаас гарсан зарлагыг тухайн мөнгийг шилжүүлэн авсан этгээд хариуцах үндэслэлгүй, хариуцагч******* нь нэхэмжлэгч******* ББСБ ХХК-иас зээлсэн зээлийн төлбөрөө буцаан төлөх үүрэгтэй юм.

6.Харин хариуцагч******* нь 4,250,000 төгрөгтэй холбогдуулан тусдаа этгээдээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй.

7.Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх бөгөөд урт хугацаатай байгуулсан гэрээг цуцлахад баримтлах Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмыг хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд шүүхэд хандах үеийн байдлаар талуудын хооронд үүссэн үүргийн хэмжээг тодорхойлно.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,838,348 төгрөг, хүү 1,681,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,380 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 5,651,737.15 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч зээл авснаас хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 14, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийсэн боловч 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 93001-37950 дугаар гэрээний үүрэг биелүүлээгүй 371 хоног, 93001-37789 дугаартай гэрээний үүрэг биелүүлээгүй 340 хоногийн хугацаа хэтэрсэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарласан ба хариуцагч талаас зээлийн эргэн төлөлтийн тооцоолол дээр маргаагүй, гэрээний хавсралтаар тохирсон төлбөр төлөх хугацааг хариуцагч нь хэтрүүлж байснаас шалтгаалан түүний төлөөгүй үндсэн төлбөрт харгалзах хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр хийгдсэн төлөлтөөс зээлийн тооцооло бодогдсон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл төлсөн төлөлтийг гэрээний тохиролцооны дагуу үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

8.Түүнчлэн хариуцагч нь үндсэн зээл болон хүүгийн тооцооллын аль хэсгийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй болохоо илэрхийлээгүй, баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргаагүй, уг үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнд заасан хувь хэмжээгээр бодсон нь хэрэгт авагдсан гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж байна.

9.Зохигчийн байгуулсан үндсэн зээлийн гэрээний шаардсан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүү бодох үндэслэл, хувь хэмжээнд нийцсэн тул нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүг гаргуулах нь зүйтэй.

10.Мөн хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагад шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан зардал болох нотариатын төлбөр 27,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

11.Иймд хариуцагч үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан үндэслэл, хувь хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн, хийгдсэн төлөлтийг гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу суутгасан зэргийг харгалзан үндсэн төлбөр 3,838,348 төгрөг, хүү 1,681,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,380 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 5,651,737.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

12. Зохигчийн хооронд байгуулсан цахим зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8.-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэх хуульд заасан шаардлагыг хангасан байх тул зайлшгүй гарын үсэг зурсан байхыг шаардахгүй хүчин төгөлдөр гэрээ тул хуульд нийцсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй юм.

13. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 105,377 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 105,377 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 5,651,737.15 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,377 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 105,377 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч-д олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 07 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА