| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0351/э |
| Дугаар | 382 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэрэнжавын Наранболдод холбогдох эрүүгийн 1811002570239 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Ц.Н, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Шарын гол 2 дугаар баг, Дархан 15 байрны 56 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 73 дугаар байрны 19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТЯ85053033.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ц.Н нь Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр биеийн тамирын багшаар ажилд орохдоо МУБИС-ийг 2006 онд Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Я.Номинцэцэг мэдүүлэхдээ: “...Шалгалтын явцад биеийн тамирын багш Ц.Наранболдын МУБИС-ийг төгссөн гэх D200613472 дугаартай диплом нь Мэргэжлийн хяналтын байгууллагын төгсөгчдийн мэдээллийн санд бүртгэлгүй байсан тул МУБИС-руу сургууль төгссөн эсэх талаар албан бичиг хүргүүлсэн. Тэгтэл Ц.Наранболдыг тус сургуулийг төгссөн гэх мэдээлэл байхгүй тухай албан бичиг ирсэн тул Чингэлтэй дүүргийн прокурорын газарт мэдэгдэн байгаа...” гэжээ /хх-20/.
Гэрч Ч.Мөнхбат мэдүүлэхдээ: “...Наранболдоос энэ талаар асуухад МУБИС-д сурч байгаад 4-р курстэй төлбөр мөнгөний асуудалтай байсан болохоор үргэлжлүүлж сурч чадаагүй байж байгаад дээд курсийнх хүмүүс диплом гаргаж өгнө гэж ярихаар диплом гаргаж, түүнийг нь худалдан авсан юм байна лээ...” гэжээ /хх-22/.
Гэрч Г.Энхтуул мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сард манай сургуулийн биеийн тамирын багшаар ажилд орсон. Манай сургууль сонгон шалгаруулалт зарласан байсан үүний дагуу шалгалт өгч тэнцээд ажиллах болсон. Ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба өөрийгөө МУБИС-ийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэж хэлж байсан. Ажилд орохдоо дипломоо өгөөд багшлах эрхийн үнэмлэхээ өгөөгүй. Удаа дараа нэхсэн боловч авч ирж өгөөгүй байсан...” гэжээ /хх-23/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №1800 дугаар дүгнэлтэд:
“1. Шинжилгээнд ирүүлсэн D200613472 дугаартай Монгол улсын боловсролын их сургууль, Бакалаврын диплом, Цэрэнжавын Наранболд гэх баримтыг хавтгай хэвлэлийн аргаар хэвлэсэн байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн D200613472 дугаартай Монгол улсын боловсролын их сургууль, Бакалаврын диплом, Цэрэнжавын Наранболд гэх баримт дахь шинжилж буй тэмдгийн дардсыг хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна.
3. D200613472 дугаартай Бакалаврын дипломын хавсралт Цэрэнжавын Наранболд гэх баримтыг хар өнгийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн.
4. D200613472 дугаартай Бакалаврын дипломын хавсралт Цэрэнжавын Наранболд гэх баримт нь харьцуулах загварт ирүүлсэн D200612532 дугаартай Бакалаврын дипломын хавсралт Ядамсүрэнгийн Амартүвшин гэх баримттай тохирохгүй.
5. D200613472 дугаартай Бакалаврын дипломын хавсралт Цэрэнжавын Наранболд гэх баримт дахь шинжилж буй тэмдгийн дардсуудыг хуулбарлах аргаар хийсэн.
6. D200613472 дугаартай Бакалаврын дипломын хавсралт Цэрэнжавын Наранболд гэх баримт дахь шинжилж буй тэмдгийн дардсууд нь харьцуулах загварт ирүүлсэн D200612532 дугаартай Бакалаврын дипломын хавсралт Ядамсүрэнгийн Амартүвшин гэх баримт дахь тэмдгийн дардастай тохирохгүй…” /хх-25-30/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-15-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл /хх-18/, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн №3/23 дугаар тоот бичиг /хх-28/ зэргийг шинжлэн судлалаа.
Шүүгдэгч Ц.Ннь Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр биеийн тамирын багшаар ажилд орохдоо МУБИС-ийг 2006 онд Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэрч Я.Номинцэцэг, Ч.Мөнхбат, Г.Энхтуул нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №1800 дугаар дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ннь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хэрэгт баримтаар хураагдан ирсэн №D200613472 дугаартай Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг 2006 онд биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх бакалаврын хуурамч дипломыг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан торгох ял шийтгэх боломжтой гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.Н нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн №D200613472 дугаартай Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг 2006 онд биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх бакалаврын хуурамч дипломыг хэрэгт хавсаргасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Наранболдод хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН