| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/07046/И |
| Дугаар | 191/ШШ2025/08033 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/08033
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Камисхан овогтой ******* миний бие 1970 онд Баян-Өлгий аймагт төрж өсөөд 1977 онд Улаанбаатар хотод эцэг эхтэйгээ хамт нүүж ирээд 1979 онд Улаанбаатар хотын 10 жилийн 48-р сургуульд 1-р ангид элсэж орсон. 1989 онд тус сургуулийн 10-р анги төгсөөд, 1989 оны 09 сарын 21-нд трестийн даргын, 1989 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 61 тоот тогтоолоор 5-р гуанзанд угаагчаар түр авч ажиллуулж байгаад 1990 оны 01 сарын 09-ний өдрийн трестийн даргын тушаалаар түр ажиллаж байсан тул ажлаас чөлөөлсөн.
Цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 01 сарын 12-ны өдрийн 02 тоот тушаалаар 131 дугаар цэцэрлэгийн хүмүүжүүлэгчийн туслахаар авч ажиллуулсан. 1993 оны 05 сарын 13-ны өдрийн А-86 тоот Нийслэлийн засаг даргын захирамжаар татан буугдсан тул Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлийг үндэслэн жилийн чөлөөнд оруулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 05 сарын 31-ны өдрийн 76 тоот тушаалаар ажиллаж байсан баримтыг шүүлгэн үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жил тогтоолгох шаардлагатай байна. Нийслэлийн архив, Улсын архивд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.
Иймд 1989 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 61 тоот тушаалаар 5-р гуанзанд угаагчаар түр ажиллаж байсан, цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 01 сарын 02-ны өдрийн 02 тоот тушаалаар хүмүүжүүлэгчийн туслахаар 1993 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 131-р цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...К.******* нь ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон бөгөөд ажилласан хугацааны баримтууд гарч ирж тэтгэврээ тогтоолгох боломжтой болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад К.******* нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч К.*******ийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.25-нд төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч К.*******д олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ