Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 775

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Б.Сэнгэдорж,

Шинжээч Я.Ганхүү, Г.Нарантуяа,

Шүүгдэгч Ө.Б, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Уранчимэг, өмгөөлөгч А.Туул /ҮД:0234/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах саналтай ирүүлсэн Ө.Бд холбогдох 1803 00001 0041 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Б аимгиин Б суманд 19 оны 0 дугаар сарын 0-ний өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, тусгай дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Өлгийн  дугаар гудамжны  тоотод оршин суух, Ө.Б /РД:

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ө.Б нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хонхорын Эмийн ургамалын замд ММС Делика маркийн 54-14 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин иргэн Б.Сэнгэдоржийн жолоодож явсан Тоёота Кроун маркийн 03-34 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд 12.465.000 төгрөг шууд, 13.455.400 төгрөгийн нийт хохирол, зорчигч Б.Сувд-Эрдэниин эрүүл мэндэд хөнгөн хохирол, жолооч Б.Сэнгэдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Бын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би өөрөө тэр осол болсон үеийг сайн санахгүй байгаа. 2 сарын хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, Одоо биеийн байдал хамаагүй сайжирч байгаа. Тархины гэмтэлтэй, ой санамжаа мартсан гэсэн. Сайжрах талын тархины эм ууж байгаа…” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Сэнгэдоржийн өгсөн: “Би Налайхаас Хонхорын зам өнгөрөөд ахыгаа буулгачихаад хот руу гэрлүүгээ харьж байтал орой замын хөдөлгөөн нилээн удаашралтай байсан. Гэтэл урд талд нэг машин гэнэт урсгал сөрөөд ороод ирсэн. Би тэр үед тоормос гишгэсэн. Миний дунд чөмөг хугарсан, удаан явахаар хөл өвдөөд байгаа. Би одоо магистарт сурдаг. Манай гэрийхэн Шведэд байдаг удахгүй тийшээ явж хөлөө үзүүлэх гэж байгаа. Машины зардал болон эмчилгээний зардалд нийтдээ би 16.674.594 төгрөг болсон. Би машинаа 23 сая төгрөгөөр авж байсан. Өөрөө зүгээр явж байсан болохоор би одоо 11 сард хагалгаанд орно. Бас Шведэд очиж үзүүлнэ миний хувьд бас эрүүл мэнд бие махбодиороо хохирсон болохоор хэцүү байна…” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Уранчимэгийн өгсөн: “Тухайн өдөр би бол хэрэг болоход байгаагүй. Тэр өдөр гэгээтэй байсан. Миний хүү Баасанжаргал нь их тайван дөлгөөн, өөрөө бүгдийг бүтээдэг хүүхэд байсан. Тэр өдөр гадагшаа явах гээд байхаар нь би явуулаагүй юм. Одоо бол мэдрэлийн болон 2 талаас нь эмчилгээ хийлгэж байгаа. Одоо бол бид нар хохирол төлөхөд их хэцүү байгаа. Гэхдээ би хохирогчид хохирол төлнө гэж бодож байгаа. Бид нар одоо бүх анхаарлаа хүүдээ зориулж байгаа. Бид нар хүүгээ байнга харж байгаа, эмээ үргэлж уудаг. Би бол хөдөө хүүхдээ аваад явж байгаа. 2 талаас нь эмчилгээг нь хийлгээд гэрт нь байлгавал илүү дээр байх. Би одоо тайван байлгавал гайгүй эдгэх байх …” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Я.Ганхүүгийн өгсөн: “Тархины гэмтэл авсан хүн ууртай болно. Янз янзаар илэрч болно. Мөн дэмийрлийн хам шинж явагдсан гэдэг нь огт болоогүй үйл явдалыг өөртөө болсон мэтээр ярих. Ойгүүдэл явагдсан. Тухайн өвчинийхөө шинж байдлаас хамаараад асран хамгаалагч хэр сайн байна гэдгээс шалтгаална. Гэхдээ урьдчилан мэдэх боломжгүй байгаа. Тархины гэмтэлээс болоод сэтгэцийн эмчилгээ эхлээд хийгдэнэ. Цаашдаа мэдрэл талаасаа эмчилгээ хийж байж эдгэрэх боломжтой. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг ар гэрт нь асран хамгаалуулна гэсэн зүйл байдаг тул дүүргийн сэтгэцийн эмчдээ үзүүлээд байх боломжтой. Тухайн өвчтөн өөрөө тархины гэмтэлээс шалтгаалаад дэмийрлийн байдал буюу уур уцаар бухимдал гэх шинж илэрвэл манайд иргэний журмаар  эмчлэх боломжтой...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Г.Нарантуяагийн өгсөн: “Миний хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд эмчлэгч эмчээр оролцож байна. Баасанжаргалын хувьд бол тархиндаа хүнд гэмтэл авсан. Баасанжаргал нь 10 хоног ухаангүй байсан. Хий үзэгдэл хардаг, солоиролтой, хэсэгчилсэн ойгүүдэлтэй, зан төрхийн өөрчлөлт ихтэй, эмчилгээний явцад солиорлын эсрэг эмчилгээ хийхэд энэ бүх байдлууд дарагдаж энэ байдлаас гарсан. Ар гэр нь мэдрэлийн эмчилгээ хавсарсаны үндсэн дээр нилээн гайгүй болсон.  Тархины шимэгдүүлэх эмчилгээ нилээн их хийсэн урчаас санах ой сайжирч эхэлсэн. Байнга миний хяналтанд байдаг. Тархины гэмтэлийн улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлтүүд их хүнд байдаг. Цаашдаа сэтгэцийн өөрчлөлтүүд их гүнзгий илэрдэг тул эмийг байнга уух шаардлагатай. Өнөөдрийн байдлаар харьцангуй сайжирсан хэдий ч хэл ярианд өөрчлөлт бол байна. Тархины гэмтэлтэй хүний хэл нь зуунга, ээрч, гацах, оносон хариулт өгөх эсэх нь муудаад ойгүйдэл явагддаг. Хурц үедээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ. Эмээ уугаад ар гэрийнхээ асрамжинд байж болно. Тархины гэмтэлтэй хүн огцом уурладаг. Уурласан үедээ ойр дотныхоо хүмүүст уурлах гэх мэт шинж ажилагддаг. Ар гэрийн анхаарал халамж сайн. Тэгэхээр заавал албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ” гэх мэдүүлэг,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “Уг осол хэрэг нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын Эмийн ургамалын урд, бетон, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, тогтуун цаг агаартай, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замгүй, хашлагаггүй, хайсгүй замд ...” гэх тэмдэглэл /хх.7-8/,

Ослын бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн үеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.8-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сэнгэдоржийн өгсөн: “... би өөрийн эзэмшлийн Тоёота Кроун маркийн 03-34 УНЯ улсын дугаартай автомашинаа бариад Налайхаас Улаанхуаран орохоор явж байсан. Налайхын замаар /Эмийн ургамалын хойд талын замд/ зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа баруун талыг бариад 40-50 км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд явж байсан суудлын машины араас гэнэт бор өнгийн машин урсгал сөрж гарч ирэнгүүт нь шууд тоормозоо гишгээд тэр машины урдаас нь мөргөсөн... би эсрэг урсгалаас машин урсгал сөрж гарч ирэхийг 20-30 метрийн зайнаас анх харсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ө.Сувд-Эрдэнийн өгсөн: “... би ах Баасанжаргалын хамт ММС Делика маркийн 54-14 дугаартай автомашинтай Ургах наран хорооллоос гэр лүүгээ харих гэж явж байсан. Машиныг манай ах Баасанжаргал барьж явсан. Харин би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, манай машин Налайхын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй явж байгаад зүүн гар тийш эргэх шиг болтол гадаа “тас” гэсэн хүчтэй дуу чимээ гарсан тэрнээс цааш юу болсоныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Билгүүнжаргалын өгсөн: “... би Сэнгэдоржийн эзэмшлийн Тоёота Кроун маркийн 03-34 УНЯ улсын дугаартай автомашинтай Налайхаас Улаанхуаран орохоор явж байсан. Машиныг манай найз Сэнгэдорж барьж явсан ба би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Манай машин Налайхын замаар /Эмийн ургамлын хойд талын замд/ зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа баруун гар талыг бариад явж байтал гэнэт эсрэг урсгалаас нэг машин урсгал сөрж гарч ирээд миний сууж явсан машины эгц урдаас мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12587 дугаартай дүгнэлтэд: “... Б.Сэнгэдоржийн биед баруун хөлийн дунд чөмөгт ясны далд хугарал, дух, шанаа, хацарт зулгалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12775 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Ө.Сувд-Эрдэнийн биед тархи доргилт, баруун гуя, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.120/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчдийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1085 дугаартай дүгнэлтэд: “... Ө.Б нь Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, Органик дэмийрлийн хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. Ө.Б нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Ө.Б нь хэрэг бүртгэлийн ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг зөв тусган ойлгох чадваргүй байна. Ө.Бын Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, Органик дэмийрлийн хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэг нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Ө.Б нь хэрэг харицах чадваргүй байна” гэх дүгнэлт /хх.129-136/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 169 дугаартай нэмэлт дүгнэлтэд: “Ө.Б нь Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, Органик дэмийрлийн хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй байна. Ө.Бын өөрт болон бусдад аюул учруулах эсэх нь ар гэр, асран хамгаалагч болон харьяа дүүргийн мэдрэл, сэтгэцийн эмчийн байнгын хяналт болон эмчилгээ, дэглэмээс хамаарна” гэх дүгнэлт /хх.138-146/,

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 699 дугаартай дүгнэлтэд: “ММС Делика маркийн 54-14 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ө.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Кроун маркийн 03-34 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Сэнгэдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” гэх дүгнэлт /хх.151/,

Вендо ХХК-ний автомашин техникийн үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08586400 дугаартай тайлан: “... Б.Сэнгэдоржийн эзэмшлийн Тоёота Кроун маркийн 03-34 УНЯ улсын дугаартай автомашинд 12.465.000 төгрөг шууд, 13.455.400 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх тайлан /хх.148-149/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Уранчимэгийн өгсөн мэдүүлэг /хх.215/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өнөрбаярын өгсөн мэдүүлэг /хх.216/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Я.Ганхүүгийн өгсөн мэдүүлэг /хх.217-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Нарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх.219-220/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Өнөрийн өгсөн мэдүүлэг /хх.220-221/,

Хохирлын баримтууд /хх.23-27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ө.Б нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хонхорын Эмийн ургамалын замд ММС Делика маркийн 54-14 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин иргэн Б.Сэнгэдоржийн жолоодож явсан Тоёота Кроун маркийн 03-34 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд 12.465.000 төгрөг шууд, 13.455.400 төгрөгийн нийт хохирол, жолооч Б.Сэнгэдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.7-8/,

Ослын бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн үеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.8-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сэнгэдоржийн өгсөн: “... Налайхын замаар /Эмийн ургамалын хойд талын замд/ зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа баруун талыг бариад 40-50 км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд явж байсан суудлын машины араас гэнэт бор өнгийн машин урсгал сөрж гарч ирэнгүүт нь шууд тоормозоо гишгээд тэр машины урдаас нь мөргөсөн... би эсрэг урсгалаас машин урсгал сөрж гарч ирэхийг 20-30 метрийн зайнаас анх харсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ө.Сувд-Эрдэнийн өгсөн: “... Машиныг манай ах Баасанжаргал барьж явсан. Харин би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, манай машин Налайхын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй явж байгаад зүүн гар тийш эргэх шиг болтол гадаа “тас” гэсэн хүчтэй дуу чимээ гарсан тэрнээс цааш юу болсоныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Билгүүнжаргалын өгсөн: “... Машиныг манай найз Сэнгэдорж барьж явсан ба би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Манай машин Налайхын замаар /Эмийн ургамлын хойд талын замд/ зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа баруун гар талыг бариад явж байтал гэнэт эсрэг урсгалаас нэг машин урсгал сөрж гарч ирээд миний сууж явсан машины эгц урдаас мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12587 дугаартай дүгнэлт /хх.53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12775 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.120/,

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 699 дугаартай дүгнэлт /хх.151/,

Вендо ХХК-ний автомашин техникийн үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08586400 дугаартай тайлан /хх.148-149/,

Шүүгдэгч Ө.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Ө.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Быг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ө.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Б.Сэнгэдорж нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигт тээврийн хэрэгсэлийн эвдрэл гэмтэлийн 13,455,400 төгрөг, эмчилгээний зардалын 3,219,194 төгрөг, нийт 16,674,594 төгрөг нэхэмжилсэн боловч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 21 хоногийн төлбөр 420,000 төгрөг, 10 хоногийн сувиллын 560,000 төгрөг, эмийн бэлдмэлийн 250,000 төгрөг, автомашины хучлагын үнэ 200,000 төгрөг, нийт 1,430,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ө.Бын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Уранчимэгээс нийт 15,244,594 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч Б.Сэнгэдорж нь цаашид гарах эмчилгээний бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.Бын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Уранчимэгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ө.Бын “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Гэвч 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зам тээврийн осол гарсан уг гэмт хэргийн улмаас Ө.Бын биед хүнд гэмтэл учирч, тус гэмтлийн улмаас тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, органик дэмийрлийн хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй буюу хэрэг хариуцах чадваргүй болсон нь Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчдийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1085 дугаартай дүгнэлт /хх.129-136/ болон 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 169 дугаартай нэмэлт дүгнэлт /хх.138-146/ зэргээр тогтоогдсон бөгөөд түүний сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахаар байж болзошгүй тул шүүгдэгчийг хэрэг хариуцах чадваргүйд тооцож, ар гэрийнхээ асаргаанд эмээ уугаад, эмнэлэгт заавал хэвтэх шаардлагагүй гэсэн өвчтөний эмчлэгч эмчийн санал болон асран хамгаалагчийн хүсэлт зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийг сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид нь халамжлуулахаар шилжүүлэх нь зүйтэй.

 

Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирүүлсэн В ангиллын 628619 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Уранчимэгт олговол зохино.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Ө.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Ө.Быг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд эмчлүүлэх, түүний асран хамгаалагч эцэг Б.Өнөрбаяр, хууль ёсны төлөөлөгч эх Г.Уранчимэг нарт халамжлуулахаар шилжүүлсүгэй.

3. Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хэрэгт хураагдаж ирүүлсэн Ө.Бын В ангиллын 628619 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Уранчимэгт олгосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Бын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Уранчимэгээс 15,244,594 төгрөг гаргуулж хохирогч Б.Сэнгэдоржид олгосугай.

6. Хохирогч Б.Сэнгэдорж нь цаашид гарах эмчилгээний бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.Бын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Уранчимэгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР